Улаанбаатар 1c

Д.Энхцэцэг: Мандатын тоогоор санал өгөх заалтаар Цэцэд маргаан үүсэх боломжтой

УИХ-ын ээлжит сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулахаар болсон. Мөн ирэх хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байгаа юм. Эдгээр сэдвийг тойрсон асуудлаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцэд дуудагдах зөрчилтэй заалтууд орсон уу. Ер нь хэр хууль болсон бэ?
-Өнөөг хүртэл чимээгүй байхыг бодоход Цэцэд хэн нэг нь гомдол гаргахгүй бололтой. Сонгуулийн тухай хуульд саналуудын жин дарах байдал тэнцвэртэй байх ёстой. Манайд тэгш сонгуулийн зарчим маш чухал. Энэ зарчим өнгөрсөн хугацаанд нэлээд алдагдсан. Алдагдаж байгаа гол шалтгаан шийдвэр хэн гаргаж байна вэ гэдэгт байгаа юм. УИХ буюу эрх баригчид зөвшилцөлгүйгээр өөрсдөдөө ашигтай байдлаар шийддэгийг болиулах хэрэгтэй. Ардчилсан улсад сонгууль маргаангүй, ил тод явагддаг, хууль нь байн байн солигддоггүй тогтвортой байдаг систем шаардлагатай байгаа. Сонгуулийн хуульд байсхийгээд солигдож байгаа нь хариуцлага тооцоход хэцүү болно. Тойрог, саналын жин нь өөрчлөгдөж байгаа нь сонгуулиар дамжуулж хариуцлагаас бултах явдал их байгааг харуулдаг.

-Ирэх хаврын чуулганаар Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлахаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан байна лээ. Энэ удаагийн парламент эдгээр хуулийг баталж амжих уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой УИХ-аас дагалдан гарах 40 гаруй хууль бий. Эхний ээлжинд орон нутаг, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй холбоотой дагалдаж гарах хуулиудыг өөрчилж байна гэж ойлгосон. Үүний дараа Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх болов уу. Гэхдээ амжих, эсэх нь эргэлзээтэй. Энэ хуулийг нэлээд удаан ярьсан. Судалгаа ч хангалттай хийсэн. Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Манайх дэд ажлын хэсэгт нь бий. Ажлын хэсэгт орсон ч одоогоор уулзалт хийгээгүй байна. Судлаачдын хувьд маргаантай байгаа асуудлаар байнга хэлэлцүүлэг хийдэг. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намтай холбоотой чухал заалтууд орсон. Энэ талаар тодруулж ярьвал?
-Гурван чухал заалт  орсон. Бүртгэлтэй сонгогчийн нэг хувь нь эвлэлдэн нэгдэж нам байгуулах заалт 2028 оноос хэрэгжинэ. Үлдсэн хоёр заалт болох намыг төрөөс санхүүжүүлнэ, ил тод байна, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд нийцсэн байна гэдэг нь одоо хэрэгжээд явах ёстой. Үүнийг дагаад Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг батлах хэрэгцээ шаардлага бий. 

-Анх удаа Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болохоор уг нь хэлэлцэх асуудлын дараалалд тусгасан байсан?
-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж гаргаж байгаа нь улс төрийн намын сонгуулийн бус үеийн санхүүжилтийг сонгуулийн үеийнхтэй уялдуулж хуульчлах зорилго агуулж байгаа болов уу. Энэ уг нь зөв. Уг харилцааг салгахаар хэн хяналт тавих вэ гэдгээс эхлээд ярвигтай байсан. Уялдаагүй олон асуудал байсан л даа. Сонгуулийн үеийн зардал гэхээр хандив цуглуулж ажиллах юм шиг төсөөлөлтэй. Гэтэл нам гэдэг байнгын үйл ажиллагаатай, сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчидтойгоо ойр ажиллаж, дэмжлэгийг нь олж авдаг, сөрөг хүчин нь  бодлогоо тайлбарладаг  гэх мэт үйл ажиллагаа нь тасралтгүй явж байх ёстой. Энэ нь явсаар сонгуулийн үеэр бодитой, хөрсөн дээр буусан байдлаар өрсөлддөг байх хэрэгтэй. Үүнийг салгачихаар нэлээд ярвигтай. Зардал гэдэг энэ бүх үйл ажиллагааг хэлээд байгаа юм. Гэхдээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалтууд багагүй орсон нь авууштай. Тухайлбал, намууд авч байгаа хандиваа аудитаар хянуулаад ил болгох, зардлын тайланг олон нийт хянах боломжтой болсон. Одоо Аудитын ерөнхий газар журам гаргана. Тэр журам аль болох хурдан гарч байж сонгуульд оролцох гэж байгаа талуудад зардлын тайланг ямар шалгуураар гаргах нь тодорхой болно. 

-Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар болсон. Нэг байсан хуулийг гурван салангид болгох нь хэр оновчтой байсан юм бэ?
-Эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг. Үүгээр голлох өөрчлөлтүүдийг хийчихээр түүнийг Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн тухай хуульд тусгахгүй орхих тохиолдол гардаг байсан. Үүнийг арилгах зорилгоор гурван хуулийг нэгтгэж нэг болгосон юм. Филиппин зэрэг улсад нэгдсэн сонгуулийн хуулиар явдаг. Сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах, саналын хуудсыг хэвлэхтэй холбоотой асуудлыг зохицуулах үүднээс нэг хуулиар явуулдаг юм. Энэ улсуудын жишээг харж байгаад манайх авч хэрэгжүүлсэн. Анх удаа нэгтгэсэн учраас ойлгомжгүй харилцаа гарсан. Үүнээс үүдээд эргээд гурван тусад нь салгаж байгаа юм. Гурван шатны сонгуулийн хуулийн салгачихаар ойлгомжтой болно гэж байгаа ч бид нийлүүлсэн шалтгаанаа мартахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан заалтуудыг ч оруулах ёстой. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд тухайн сонгуулийн тойргийн хорооны ирц 50-иас дээш хувьтай бол хүчинтэй тооцогдох заалт байсан. Саяын хуулиар энэ заалтыг авах гэж оролдож байв. Үүнийг эсэргүүцсэний дүнд болиулсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ч энэ заалтыг авах талаар яригдаж байсан. Монгол Улсад зохион байгуулж байгаа төрийн сонгууль учраас бүгд жигд зарчим үйлчлэх ёстой. Ингэж чадаж байна уу үгүй юу гэдгийг ирэх сонгуулиар харна даа.

-Гурван шатны сонгуулийг нэгтгэсэн хуулийг илүү чамбайруулаад явах боломж байсан гэдгийг зарим судлаач хэлж байсан. Энэ тухайд?
-Манайх аливаа хуулийн өөрчлөлтийг бүрэн гүйцэд ашиглахгүй байгаа. Жишээлбэл, 2012 оны сонгуулийн тогтолцоо хамгийн боломжит хувилбар байсан. Тэгэнгүүт дараагийн сонгуулиар тогтолцоогоо сольсон. Тухайн эрх баригчдад өөрсдөд нь таалагдахгүй, ашиггүй байвал дур зоргоороо сольдог болчихлоо. Тэр хэмжээгээр сонгогчдод хохиролтой. Сонгуулийн соёл төлөвшиж тогтоход ч хүндрэлтэй.

-Олон мандаттай томсгосон тойргийн давуу, сул талыг тайлбарлаж байгаа ч хуудуутай заалтууд олон байсан. Нам дотроо өрсөлддөг байдал нь эргээд засаглалын хямрал руу хөтлөх вий гэх болгоомжлол байна?
-Нам дотор өрсөлдөөн бий болно, болохгүй гэх маргаан бий. Энэ удаагийн хуульд мандатын тоогоор санал авах заалтыг давхар хийсэн гэдэг тайлбарыг хэлж байгаа. Уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх боломжтой. Тухайн тойрогт мандатын тоогоор саналын хуудсыг дугуйлахгүй бол хүчингүйд тооцогдоно гэж байгаа. Нэг ёсондоо, мандатын тооноос илүү, дутуу дугуйлбал саналын хуудас хүчингүй гэх заалт орсон гэсэн үг. Гурван мандаттай тойрогт гурван хүнийг л дугуйлна. 2008 онд энэ тогтолцоогоор сонгууль явуулахад гурав, дөрвөн мандаттай тойрог байлаа гэхэд нэг, хоёрыг дугуйлаад санал нь хүчинтэйд тооцогдоод явдаг байсан. Таван мандаттай тойрог байлаа гэхэд хоёр нэр дэвшигчийг дэмжиж дугуйлмаар санагдаж болно шүү дээ. Одоо энэ боломжийг хаачихсан. Энэ тогтолцоогоор санал гээгдэнэ. Нэг тойрогт 10 намаас 30 хүн нэр дэвшүүллээ гэж бодъё. Тэндээс гурван хүн нь л УИХ-ын гишүүн болно. Үлдсэн 27 хүнд өгсөн сонгогчийн санал гээгдэнэ гэсэн үг. Хамгийн олон санал авсан нь сонгогдох учраас мандатын тоогоор дугуйлж байгаа тохиолдолд санал гээгдэхгүй байна гэж байхгүй. Пропорцианаль тогтолцоогоор санал гээгдэхгүй. Хувь тэнцүүлсэн зарчмаар явдаг учраас ийм боломж байхгүй гэсэн үг. Мажоритар тогтолцоонд томсгосон, жижиг ямар ч тохиолдолд сонгогчдын санал гээгддэг. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид