Улаанбаатар 1c

Ааяаг шалгахгүй үлдээсний учир юу байв

С.БОЛД, NPost.mn
2020-02-18 09:16

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг АТГ-аас хоёр жилийн өмнө илрүүлж байв. Мэргэжлийн хяналтынхны иргэд, аж ахуйн нэгжээс их хэмжээний авлига авдаг байсан томоохон гэмт хэргийн сүлжээг хуулийнхан илрүүлж, дуулиан шуугиан тарьсан.

АТГ-ынхан Н.Баярсайханы өрөөнд гэнэтийн шалгалт хийх үед тэрбээр оймсондоо 10 мянган ам.доллар хийсэн байсан нь илэрч байлаа. Монголын төрийн алба хаагчид оймсондоо хахууль, авлигын мөнгө нуух хүртлээ ялзралд орсон гэдгийг дээрх хэргээс харж болно. 

Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс,  Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар,  Э.Онон, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Т.Чингиз  гээд авлига өгсөн, дамжуулсан, авсан  хүмүүсийн нэрс цувардаг. АТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн “Рапи”-д хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20 мянган юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг. Энэ үеэр Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулж олон нийтэд ил болгосон билээ. Д.Төмөрбаатар гэх этгээд түүнд 60 гаруй удаагийн үйлдлээр 330 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн  байдаг. Монголын хууль хяналтынхан анх удаагаа авлигын 20 гаруй холбогдогчтой гэмт хэргийн сүлжээг ингэж илрүүлсэн түүхтэй. Олон хавтаст хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа удаан хугацаанд үргэлжилсэн. Хэргийг шалгаж байгаа АТГ-ынхан дээрх хэрэг дээр ихэд няхуур хандаж, авлигын удаа дараагийн үйлдэлтэй хэргүүдийг хөдлөшгүй баримтаар тогтоож байгаа гээд л олон нийтэд мэдэгдэж байлаа. Гэхдээ АТГ-ынхан энэ хэрэг дээр мэргэжлийн ур чадвар гаргаж шударга ажиллаж чадаагүй гэдгийг шуудхан хэлмээр байна. Үнэндээ Н.Баярсайханы ард нуугдаж байгаа нууц ноёнтонг илрүүлж чадаагүй. Бүр мөрдөн шалгах нэг ч ажиллагааг хийлгүй үлдээчихсэн байдаг юм билээ.  

Н.Баярсайханы авлигынхаа мөнгөнөөс  татвар өгдөг  байсан нууц ноёнтон Ааяагийн тухайд АТГ-ын дээрх хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх гүйцэтгэх ажиллагааны үеэр Н.Баярсайханы хөтөлсөн нэгэн гар бичмэлийг хуулийнхан олсон байдаг. Авлига авсан мөнгөнийхөө тодорхой хувийг Ааяа хэмээх нэгэн эрхэмд өгдөг байсан талаарх тодорхой мөнгөн дүнтэй гар бичмэл олдсон. Н.Баярсайхан хэн нэгнээс авлига авсан мөнгөнийхөө тодорхой хувийг яагаад ч юм Ааяа гэх нөхөрт өгдөг. Ямар учраас юуны төлөө Ааяа хэмээх үл мэдэгдэх товчилсон нэртэй хүнд мөнгө өгөөд байсан нь энэхүү хэргийн гол зангилаа байжээ. Гэтэл авлигын томоохон сүлжээний зөвхөн гүйцэтгэгч, бусдад авлига өгч ажлаа бүтээсэн хүмүүсийг барьж хорьж шалгаад байсан. Түүнээс Н.Баярсайханы  мөнгө өгөөд байсан Ааяа гэгчийг огт шалгахгүй үлдээчихсэн байдаг. Энэ талаар  нэгэн албаны эх сурвалж  “МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийг АТГ-аас сүртэй илрүүлж байлаа. Н.Баярсайхан гэх нөхөр хэргийн гол эзэн юм шиг олон нийт ойлгодог. Яг үнэндээ бусдаас авлига авдаг сүлжээ гэмт хэргийн гол зохион байгууллагч нь Н.Баярсайхан биш болох нь харагдаад байдаг. Яагаад ч юм Н.Баярсайхан нэг хүнд авлига авсан мөнгөнөөсөө тодорхой хувийг өгдөг хүний талаарх тодорхой баримт гараад ирсэн. Хэргийн энэ сэжүүрийг огт шалгаагүй. Уг нь Н.Баярсайханаас хэд хэдэн удаа байцаалт аваад л Ааяа гэх хүн хэн байсан гэдгийг олоод илрүүлчих бүрэн боломжтой байлаа. Ямар учраас түүнд мөнгө өгдөг байсан, түүнийг нь хүлээн авагч этгээд юунд зарцуулдаг байсан гэдгийг шалгаж тогтоочихвол энэ хэрэг бүрэн төгс илрэх байлаа. Харамсалтай нь, АТГ-ынхан хэргийн гол зохион байгууллагч, бүх арыг нь дааж байсан хэргийн гол эзнийг илрүүлээгүй. Магадгүй Ааяа гэх этгээд нь Монголын нэр нөлөө бүхий албан тушаалтан байх өндөр магадлалтай байсан. АТГ-ын өмнөх удирдлагуудад түүнийг илрүүлэх сонирхол байгаагүй байх. Мөн улс төрийн томоохон шахалтад ороод энэ хэрэг дутуу шалгагдсан байхыг үгүйсгэх аргагүй юм” хэмээсэн юм. Тэгвэл үүнийг батлах мэт зүйлийг өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын чуулганаар Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны хуулийн заалтыг хүчингүй болгож, дахин шинээр батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга “Би энэ оны тавдугаар сард ажилд томилогдсон. Намайг томилогдохоос өмнө МХЕГ-ын байцаагч нартай холбоотой хэрэг шүүхээр шийдэгдсэн юм билээ. Энэ оны наймдугаар сард Ааяа гэгчтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр тараагдсан. Үүнтэй холбоотойгоор тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тэр хүрээнд Ааяа гэгчид хахуулийн мөнгөнөөс хувь өгч байсан гэх тэмдэглэл тухайн иргэнээс илэрч, шалгагдсан асуудал байхгүй байсан” гэх утга бүхий тайлбарыг өгсөн байдаг. 

Ааяа гэдэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үү, эсвэл өөр хүн үү

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн ангийн найз. Ш.Раднаасэд гишүүнийг Ааяа хэмээн ойр дотны хүмүүс нь дууддаг байсан гэдэг. Үүнтэй холбоотойгоор Н.Баярсайханы тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэн Ааяа гэх хүн нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд юм биш үү гэсэн хардлага олон нийтэд бий болсон. Энэ үеэр эрхэм гишүүн “Намайг ойр дотныхон маань Ааяа гэж дууддаг нь үнэн. Надад сэтгүүлчдэд тараагаад байх мөнгө байхгүй. Би 2015 онд нэг л жил ажилласан. Харин энэ Э.Аззаяа, Ц.Баярсайхан нар надаас өмнө ажиллаж байсан хүмүүс. Би авлигын хэргээр шүүгдсэн Э.Аззаяа, Ц.Баярсайхан нартай ямар ч хамааралгүй. Авлигын хэрэг хийсэн төрийн албан тушаалтнуудад хариуцлага хамгийн хатуу байх ёстой. Өнөөдөр томилогдож буй Ц.Цолмон ч, Ч.Өлзийсайхан  ч манай аймгийн хүн" хэмээн мэдэгдсэн. Гэхдээ ангийн найз Н.Баярсайхан нь авлигын хэрэгт холбогдож дээлээ нөмрөх дээрээ тулаад байх үед Ш.Раднаасэдийн сэдсэн Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хуулийн хугацаанд өөрчлөлт оруулсан байдаг. Бүр тодруулбал, Хөөн хэлэлцэх хугацаа УИХ-ын хурлаар батлагдаж, Н.Баярсайхан нарын хэрэг замхарч байсан. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон ч хуулийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх шийдвэр гаргаж байсан. Энэ болгон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хардах шалгаан болдог. 
АТГ, Улсын ерөнхий прокурор юуны учир Ааяа хэмээх этгээдийг шалгаж тогтоохгүй байна вэ. Энэ асуулт өнөөдрийг хүртэл хариулт нэхэж байна. Тэд хүсвэл хэргийг сэргээж шалгаад үнэн мөнийг дор нь тогтоочихно. Мэдээж үүний дараа олон нийтийн хайгаад байгаа Ааяа гэгч Н.Баярсайханаас мөнгө авдаг этгээд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үү, эсвэл өөр хүн юм уу гэдэг нь тодорхой болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид