Улаанбаатар 1c

HSBC банк 35 мянган ажилтнаа цомхотгоно

Х.ИНГА, Npost.mn 2020-02-20 16:24

Өнгөрсөн онд орлого нь эрс буурсантай холбоотойгоор Их Британийн HSBC банк бүтцийн өөрчлөлт хийж, 35 мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасныг BBC мэдээллээ. Тэд 2020 онд зардлаа 4.5 тэрбум ам.доллароор танах төлөвлөгөөтэй байгаа юм. Банкны захирлуудын зөвлөлийн даргын үүргийг түр гүйцэтгэж буй Ноэл Куинн энэ талаар мэдэгдэхдээ гурван жилийн хугацаанд ажилтнуудынхаа тоог 235 мянгаас 200 мянга болтол цөөлөхөө онцолж байна. Азийн санхүүгийн салбараас чамгүй ашиг олдог тус банкны татвар төлөхөөс өмнөх орлого өнгөрсөн оны байдлаар 13.3 тэрбум ам.доллароор хэмжигджээ. Нөхцөл байдал хэдий сайнгүй ч 35 мянга буюу нийт ажилтныхаа 15 хувийг цомхотгоно гэдэг ажиглагчдын таамаглаж байснаас арай их тоо юм. Умард Америк, Европ, Ойрхи Дорнод, Азийн 50 орчим оронд үйл ажиллагаа явуулдаг HSBC банкны Британи дахь төв салбарт л гэхэд 40 мянган хүн ажилладаг аж. Одоогоор яг аль салбарын ажилтнуудыг цөөлөх нь тодорхойгүй ч бүтцийн өөрчлөлтийг Европ болон АНУ-ын хөрөнгө оруулалтын хэлтэс, салбаруудад голчлон хийх бололтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид