Улаанбаатар 1c

Эрдэмтэд: Монгол хэлний зөв бичих дүрмийн дархлаа сул байгаатай санал нийлнэ

Монгол хэл, уран зохиолын багш нарын мэдлэг, ур чадварыг өндөр түвшинд хүргэж байж эх хэл дархлаатай байна

Юнеско 1999 онд жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тунхагласан. Үүнтэй холбоотойгоор Эх хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 25 дугаар зарлиг 2017 онд гарсан байдаг. Энэ жилийн Эх хэлний өдөрт зориулан “Үндэсний шуудан” сонины редакциас “Нийтийн эх хэлний боловсрол, тулгамдаж буй асуудал” сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш Ц.Өнөрбаян, Шинжлэх Ухааны академийн доктор Э.Пүрэвжав, Эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Энхжаргал, доктор Ц.Батдорж, Монгол Улсын Их сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгс, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ш.Баттөгс нар оролцлоо.

Монгол хэлний зөв бичгийн журамласан толь гарснаар зөв бичгийн дүрмийн маргаан эрс багассан

-Эх хэлний хөгжилд тулгамдаж буй асуудал болоод гарц, шийдлийн талаарх та бүхний бодож, боловсруулж буй санал, санаачилгаас хэлэлцүүлгээ эхэлье. 
Ц.Өнөрбаян: Олон улсын эх хэлний өдөрт зориулж, “Үндэсний шуудан” сониноос хэлэлцүүлэг зохион байгуулж буй нь бүх нийтийн хэлний боловсролыг дээшлүүлэх, улам бүр чадавхжуулах нэг алхам гэж харж байна. Тулгамдаж буй хамгийн гол асуудал нь эх хэлний хэрэглээ. Хэрэглээ дотроо бичгийн хэрэглээ. Түүнээс онцолбол, зөв бичих чадварын алдаа, дутагдал юм. Үнэндээ эх хэлний боловсролд бичгийн хэрэглээ хамгийн энгийн зүйл. Өөрөөр хэлбэл, зөв бичгийн дүрэм  гэдэг бол улс үндэстэн, тухайн улсын иргэн эх хэлдээ хэрхэн хандаж байгааг харуулах үнэлэмж юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл хуралдаж, 2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь гаргасан. Гэхдээ энэ толь шинээр зохиосон зүйл биш. Тодруулбал, 1940-өөд онд зохиосон Ц.Дамдинсүрэнгийн хуучны монголчуудын бичгийн, ялангуяа халхын аман зохиол дээр тулгуурласан утга зохиолын хэлний зөв бичих дүрмийг журамласан толь. Мөн 1983 онд Ц.Дамдинсүрэн нарын зохиосон зөв бичих дүрмийн тольд тулгуурласан. Ингэхдээ зөв бичих дүрмийг өөрчлөхгүйгээр журамласан. Энэ толь гарснаас буюу 2018 оноос хойш зөв бичих дүрмийн хэрэглээ харьцангуй сайжирсан. Үүнийг сөрөг, муу талаас нь гэхээсээ илүүтэй үнэн зөвөөр харвал зөв бичих дүрэмд баримтлах журам жигдэрсэн гэж болно. Нэмж хэлэхэд, энэ толь гарснаас хойш хэлний мэргэжлийн эрдэмтэд маргалдахаа больсон. Алдаа мадаг байвал нэгнийгээ сонсож, явц дунд нь засаж залруулах бүрэн боломжтой. 

Э.Пүрэвжав: Энэ жилийн Олон улсын эх хэлний өдрийг Юнескогоос “Хил хязгааргүй хэл” уриан дор зохион байгуулж байгаа. Ер нь эх хэлний боловсрол гэдэг бол аль нэг сургууль, боловсролын байгууллагын ажил биш. Монгол Улсын иргэн бүрт хамааралтай. Монгол хэлний тухай хууль 2015 онд гарсан. Тус хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар “Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны ур чадварын шалгалтад монгол хэл, бичгийн мэдлэгийн шалгуурыг тогтоосон байх” гэж оруулсан байгаа. Энэ зүйл заалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч нөхөд маань харгалзаж үзэх ёстой. Мөн тус хуулийн 22.2.5-д “Төрийн албанд анх орох иргэнээс болон гадаадын иргэнээс авах монгол хэлний түвшин тогтоох шалгалтын агуулгыг боловсруулах ажлыг зохион байгуулах” гэж заасан байдаг. Тэгэхээр шат шатны байгууллагын монгол хэлний хэрэглээг хуульд туссан байгаа учраас иргэн бүр ажилд орохдоо, ажил хийхдээ эх хэлний боловсролд соргог хандаж, хэм хэмжээт зүйлсийг эрхэмлэх нь зүйтэй. 
Ш.Баттөгс: Хэлэлцүүлэг зохион байгуулж буйд баяртай байна. Бичиг, үсгийн боловсрол гэдэг дан ганц эрдэмтэд, зөвлөлийн асуудал биш.Нийт ард иргэдэд шууд хамаатай байдаг. Эх хэлний, бичиг үсгийн боловсролд хамгийн их үүрэгтэй оролцдог нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Гэтэл өөрсдөө буруу бичдэг, энэ зөв бичих дүрмийн толийг ашигладаггүй, хуучны дадал болсон буруу дүрмээр бичиж олон нийтэд хүргэж байгаа нь буруу үлгэр юм. Алдаа гаргаж буй хүмүүсийн цаана редакторладаг, хянадаг хүн байх ёстой. Тэд ажлаа хийж чадахгүй байгаа юм уу гэмээр байна. Угтаа зөв бичээд сурчихвал олон нийтийн бичиг, үсгийн боловсрол дээшлэхэд чухал үүрэгтэй. Сүүлийн үед хүмүүс “Монгол хэлний дүрэм сонин болчихож”, “Янз бүрээр бичээд байх юм” гэсэн хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, дүрэм өөрчлөгдсөн хэмээн ойлгож, ярьж байна. Гэтэл дүрэм огт өөрчлөгдөөгүй. Харин ч эсрэгээрээ хуучин буруу бичдэг байсан үгнүүдийг зөв болгож, залруулсан. Буруу бичиж хэвшсэн дадлаасаа салж чадахгүй болохоороо дүрэм өөрчлөгдсөн хэмээн бодож, гайхах, эргэлзэхэд хүргэж байна. Үүнээс л монгол хэлний боловсрол унаад байна гэдэг ойлголт төрдөг бололтой. 
 

Ц.Батдорж: Сүүлийн үед эх хэлийг хоёр, гурван түвшинд авч үзэж байна. Нэгдүгээрт, хүүхэд багачуудад дэс дараатайгаар эх хэлийг нь эзэмшүүлэх. Аливаа хүүхдийн 5-6 насандаа эзэмшиж байгаа хэлний чадвар, үгийн сонголт бусад боловсролыг хэрхэн эзэмших вэ гэдэг суурь болж өгдөг. Нөгөө талаар ЮНЕСКО-гоос эх хэл нь хөгжил, эв нэгдэл, харилцан ойлголцолд хамгийн чухал үүрэгтэй гэсэн үзэл баримтлалтай байгаа. Тийм учраас эх хэлний боловсрол гэдэг зөвхөн нэг цаг үеийн биш, мөнхийн сэдэв. Хүн өөрийгөө аль болох эмх цэгцтэй илэрхийлж, санаагаа бусдад бүрэн төгөлдөр хүртэл бичиж, ярьж сурна гэдэг мөнхийн асуудал. Иймээс бүх шатны боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтарч нийгэмд нөлөөлж, зөв бичгийн чадвар эзэмшүүлэх үүрэгтэй гэж ойлгодог. 
Б.Түвшинтөгс: Нийтийн эх хэлний боловсролын асуудлыг хөндөж ярих тоолонд зөв бичгийн дүрмээс болоод  хүмүүс буруу бичиж байгаа мэт ойлголт их байдаг. Би үүнийг зөвхөн зөв бичих дүрмийн тольгүй байгаадаа асуудал биш гэж боддог. 1990-ээд оноос өмнө нийт хүн амын 99.9 хүртэлх хувь нь бичиг, үсэг тайлж чадсан байдаг. Түүнээс хойш боловсролын төдийгүй нийгмийн байдал их өөрчлөгдсөн. Тухайлбал, олон хүн гадаадад амьдарч байна. Мөн олон хүүхэд сургуулиас завсардсан. Монгол хэлийг тогтолцоотой сураагүй, зөв бичгийн дүрмийн боловсрол эзэмшээгүй эдгээр хүн одоо нийгмийн харилцаанд орж эхэлж байна. Жишээлбэл, гадаадад төрж өссөн, сүүлд Монголд ирээд яаж, ийгээд дунд сургууль төгсчихсөн ч гэдэг юм уу. Эсвэл 1990-ээд оны эхээр монгол бичиг сурсан хүүхдүүдэд эргэж кирилл үсгийн зөв бичих дүрэм заагаагүй байдаг. Энэ хүмүүс өнөөдөр 30-40 нас хүрч, нийгмийн харилцаанд идэвхтэй орж, ажил эрхэлж, албан тушаал  хашиж байна. Эдгээр олон хүчин зүйлээс болоод нийтээрээ бичиж чадахгүй, олонх нь алдаж байгаа мэт ойлголт үүсэж байна. Тэгэхээр үүнийг олон талаас нь харж шийдвэрлэх хэрэгтэй. Үнэхээр бичиг үсэг, эх хэлний боловсрол дутуу байвал бусад албан бус боловсролоор зохих түвшний мэдлэг олгох ёстой. 
С.Энхжаргал: Зөв бичгийн дүрэм баримталдаггүйгээс эхлээд олон алдаа дутагдал бичиг, үсгийн боловсролд нөлөөлдөг. Үүний бас нэг гол шалтгаан нийгэм, цаг үеийн байдалтай салшгүй холбоотой. Тодруулбал, социализмын үед цөөн тооны телевиз, сонинд хамгийн шилдэг, чадварлаг сэтгүүлч, мэргэжилтнүүд ажилладаг байлаа. Түүний хэрээр алдаа мадаггүй, зөв зүйтэй бичиж хэвшсэн байсан. Гэтэл өнөө үед “доголон” сэтгүүлчтэй маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болсон. Дээрээс нь хүн бүхэн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсноор хэн дуртай нь ном бичих боллоо. Ямар нэгэн шүүлтүүр, цензургүй нэгэнт хэвлэгдээд гарчихсан мянга, мянган ном уншигчдын гарт хүрдэг. Эдгээрээс болж зөв бичгийн дүрмийн алдаа, буруу ойлголтууд нийтэд түгээд байна. Иймээс хүн болгон дор бүрнээ хичээх хэрэгтэй. Тэгж байж эх хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшинэ.  Түүнээс биш багш нар буруу зааж, эрдэмтэд буруу судалж байгаа хэрэг биш. 

Монгол хэлний багш нарыг чадавхжуулахаас гадна бусад мэргэжлийн багш нарын зөв бичгийн дүрмийг сайжруулах шаардлага байна

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас эхлээд төрийн байгууллагуудын баримт бичигт хэл найруулга, зөв бичгийн алдаа байнга шахуу гардгаас эхлээд нийтийн эх хэлний боловсрол муу байгаа нь илт байдаг. Нөгөөтэйгүүр он дараалан зөв бичгийн дүрмийн ном гаргачихсан хүмүүс ч байдаг. Ер нь эх хэлний өнөөгийн бодлогыг хэрхэн тодорхойлох байгаа вэ?
Ц.Өнөрбаян: Эх хэлний боловсролын эерэг, сөрөг бүхнийг ярина гэдэг төвөгтэй. Монгол хэлний тал дээр төр, засгаас баримталж байгаа бодлого, шийдвэрийг асууж байх шиг байна. Ерөнхийдөө 2000 оноос хойш төрөөс хэлний талаар баримталж буй бодлого тодорхой байгаа. Энэ хүрээнд олон баримт бичиг гарсан. Мөн 2003 онд Төрийн албан ёсны хэлний тухай хууль гарсан. Тус хуулийг дахин хэлэлцэж, улам боловсронгуй болгож, 2015 онд Монгол хэлний тухай хууль болгосон. Дээрх хуульд үндэслэж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөл байгуулсан. Энэ хуульд заасны дагуу их, дээд сургуулийн багш нар эрдэмтэн, судлаачаас бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг гаргасан. Үүнээс өмнө кирилл бичиг хэрэглэж байсан ч зөв бичих дүрмийг эрх зүйн орчинд зохицуулсан, баталгаажсан толь бичиг байгаагүй. Төрийн бодлого шийдвэрийн хүрээнд иргэдийн эх хэлний боловсрол эзэмших, чандлан сахих журамт үүрэг сайжирч гэдэгт би эргэлздэггүй. Тэгэхээр зөв бичихэд олон толь хэрэглэх шаардлагагүй. Хуулийн орчинд баталгаажсан ганц толь гарсан учир энэ тольд тулгуурлаж, зөв бичих хэрэгтэй. Мөн толь бичгээ зөв хэрэглээчээ гэж хэлмээр байгаа юм. Олон эрдэмтэн, судлаач хамтарч хийсэн ч хүмүүсийн санаа бодолд нийцэхгүй, таарч тохирохгүй алдаатай зүйл гарч байна. Үүнийг явц дунд засаж болдог. Хүнээс асуухгүйгээр хэрэглэх үгээ хэрхэн бичдэгийг харж, ямар ч л байсан энэ толийг хэрэглэх нь зүйтэй. Толь хэрэглэх нь зөвхөн үг харахаар хязгаарлагдахгүй. Өмнөх үгийг нь уншиж, яаж хэрэглэх зааврыг нь үзэх ёстой. Дахин хэлэхэд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, бүх шатны боловсролын байгууллага Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг ашиглах хэрэгтэй. 
-Хууль эрх зүйн орчин бүрдүүлж жишиг толь гаргалаа. Гэтэл олон нийтийн дунд алдаа мадаг буурахгүй байна. Тэр бүү хэл монгол хэлний багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн багш нар алдаа гаргадаг. Энэ юутай холбоотой вэ. Засаж, сайжруулах талаар ямар ажил хийвэл илүү үр дүнд хүрэх вэ? 
Ц.Өнөрбаян: Ямар нэгэн алдаа дутагдал байвал эх хэлний боловсрол дутмаг, тэдгээрт боловсрол олгож байгаа багш нартай холбоотой юу гэвэл холбоотой. Би багш хүнийхээ хувьд МУБИС-ийг төгссөн төгсөгчдийнхөө зөвхөн зөв бичих дүрмийн талаар ярья. Одоо ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нараас бүгдээс нь зөв бичгийн дүрэм, эх хэлний мэдлэгийн шалгалт авсан тоо баримт надад алга. Монгол хэл, уран зохиолын тэр олон багшийн дунд алдаа дутагдал гаргаад байгаа хүн байвал толь бичгээ зөв ашигла, толь бичгээ олон нийтэд сайн хэрэглүүл, ашиглуулж сурга гэж хэлнэ. Хэдий алдаатай байсан ч энэ толийг л баримтал. Харин техникийн болон ямар нэгэн алдаа гарсан бол Хэлний бодлогын үндэсний зөвлөлд мэдэгдэх хэрэгтэй. Хүмүүс алдаагаа өөрөөсөө холдуулахын тулд “Монгол хэлний хичээл тааруу байна, сургалт муу байна” гэж яриад эхэлдэг. Олон нийтийн сүлжээгээр гарч байгаа мэдээллүүдийг харахад харин ч бусад мэргэжлийн багш нарыг боловсруулах нь зүйтэй гэж санагддаг. Би хувьдаа толь гарснаас хойш манай монгол хэл, уран зохиолын багш нар нэлээд сайн ажиллаж байна гэж боддог. Түрүүчийн хүмүүсийн хэлсэнчлэн хэрэглээ өргөжсөн учраас энд, тэнд алдаа их гарч байгаа болов уу. Үүнийг журамлахын тулд бид торгоод байхаасаа илүү эх хэлээ хэрэглэгчдийгээ журамт үүргээ сахин биелүүлээч гэж хэлнэ. Журамт үүрэг гэдэг нь “Би энийг алдахгүй бичих ётой” гэж бодох хэрэгтэй. Тодруулбал, багш хүн “Би олны хүүхдэд буруу, зөрүү заахгүй шүү” гэж байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн “Олон түмэнд буруу үлгэр дууриалал болохгүй байх ёстой” гэсэн санааг тээх хэрэгтэй. Түүнээс биш, би зөв бичихгүй бол торгуулчих болов уу, яах бол гэж бодох тухай бид яриагүй. 
Б.Түвшинтөгс: Зөв бичих дүрмийн алдаа их харагдаж байна. Ялангуяа олон нийтэд ойрхон байгаа болохоороо хэвлэл мэдээллийн хэрэгсэл алдаа их гаргаж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн сургалт бол харьцангуй гайгүй болсон. Үүнийг “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгээс харж болно. Зөв бичгийн дүрмээ бүрэн гүйцэд судлаагүй байгаа гэхэд хүүхдүүд маш сайн байна. Энэ мэт санаачлагатай ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй. Сургалт зөвхөн танхимаар хязгаарлагдах ёсгүй. Би дээр хэлсэн, сургалтыг дагасан маш олон дэд бүтэц байдаг. Гэрээр, албан бусаар гэх мэт. Тэгэхээр багшийн зааж, сургасан хичээлийг гэрийн нөхцөлд эцэг, эхчүүд давтуулж, зөв бичиж байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Сүүлийн үед манайхан хүүхдүүддээ ном авч өгөх нь ихэссэн. Энэ нь зөв гэхдээ, аль болох алдаа мадаггүй ном сонгох хэрэгтэй. Тохиолдлын юм аваад өгчихдөг. Хэдийгээр хүн бүрэн заалгасан боловч нүдэлж, харсан зүйлээ байнга санаж, тэр дагуу уншдаг. Тэгэхээр бага насандаа олон алдаатай зүйл харсан хүүхдэд тэр нь нүдлэгдэх, засрахгүй удах магадлал өндөр. Хэл шинжлэлийн эрдэмтэд, багш нарын үүрэг хэмээн бодолгүй эцэг, эхчүүд ч өөрсдөө анхаарал тавих хэрэгтэй. 
Э.Пүрэвжав: Манай улсын хүн ам сая хүрээгүй байх үед сураг бичиг, толь бичгийг 30-40 мянган хувьд хэвлэдэг байсан. Гэтэл энэ журамласан толийг 10 мянган хувь л хэвлэсэн. Монгол хэлний зөв бичих дүрмийн толь айл бүхэнд байх хэрэгтэй. Тэгэхээр бид хэн нэгнийг буруу бичиж байна гэж хэлэхээсээ урьтаж улсын зардлаар ч юм уу, өөр ямар нэгэн байдлаар энэ толийг түгээх ёстой. Үүний дараагаар шаардлага тавих ёстой. Цөөн тоогоор хэвлэсэн номыг хүнээс шаардахад тэд хооронд зээлж унших уу, яах вэ гэдэг асуудал үүснэ. Хүний үгийн сангийн 60-80 нь ердөө 5-6 насанд бүрэлддэг гэсэн судалгаа байдаг. Гэтэл эх хэлэнд шинэ утга гарна, хүн эх хэлээ насаараа суралцана.  
Ш.Баттөгс: Монгол хэлний хууль, толь бичиг гарлаа гээд гэв гэнэтхэн бүх зүйл сайжрахгүй. Бүх хүнд хүрч, боловсроход хугацаа хэрэгтэй. Хууль гарчихлаа, эрх зүйн орчин бүрдлээ гэтэл яагаад алдаатай бичээд байна вэ гэдэг чинь өөр асуудал. Яаж хэмжээд, яаж үнэлээд муу байгаа вэ гэхээр магадгүй олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлүүдээр монгол хэлний зөв бичгийн дүрмийг алдаатай байна гэж ойлгодог байх. Тэр бол утга зохиолын хэл биш шүү. Хоёр хүний хоорондын хувь ярианы хэл. Фэйсбүүкээс энэ мэтийг хараад “Монгол хэл баларчихжээ” гэж ярьдаг. Латин үсгээр, товчилж бичдэг болохоор түүнд хяналт байхгүй. Хянах шаардлага ч байхгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн боловсролтой огт хамаагүй асуудал. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт би орсон. Энд тэндгүй оношлогоо гэж бичсэн байна лээ. Энэ нь “Оношилгоо гэхээр нэг л биш байдаг юм” гээд дүрмээр биш сурсан зангаараа л бичиж байгаа явдал. Энийг хольж, хутгаж ойлгох нь буруу. Олон нийтийн зөв бичгийн дүрмийг дээшлүүлэхэд энэ толь бичиг чухал үүрэгтэй. Бүх хүнд цаасан хэлбэрээр хүргэж чаддаггүй юмаа гэхэд интернэтэд цахим хэлбэрээр байгаа. 
Ц.Батдорж: Ерөнхийдөө таны асууж байгаа асуулт бол бидний алхам тутамдаа бие биедээ шүүмжлэлтэй хандаж байгаа зөв бичих дүрмийг тойрсон асуудал. Гэтэл үүнийг нийгмийн хувьд аваад үзвэл болж байгаа, болохгүй байгаа олон зүйлийн нэг төрөл юм. Тэгэхээр бид хандлагаа өөрчлөх цаг болсон. Бүх хүн фэйсбүүк хэрэглэж байгаатай адил хүн бүр энэ толийг ашигладаг болох хэрэгтэй. 

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн монгол хэлний мэдлэг муу байгаа нь үнэн

-Нийтийн хэлний зөв бичих хэвшлийн гол үндэс нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа эх хэлээрээ зөв бичиж сурсан, эсэх. Шинжлэх ухааны академийн төлөөллөөс асуухад ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа хүүхдүүдийн зөв бичих дүрмийн мэдлэг, боловсролын чанарыг тодорхойлох тоо баримттай судалгаа бий юү. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид эх хэлээрээ сайхан найруулгатай, алдаа, мадаггүй бичиж чадаж байна уу. Жил бүрийн хавар дунд сургууль төгсөгчдийн сурлагын чанар төдөн хувиар буурчээ, ялангуяа монгол хэл, бичгийн шалгалтын дүн муу байна гэсэн мэдээлэл гардаг?
Э.Пүрэвжав: Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн одоо 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Манай байгууллага анх үүссэн цагаасаа эх хэлний бодлого, үсгийн дүрмийг гол судлагдахууны нэг болгож ирсэн. Үсгийн дүрмийн толь бичгүүдийг харахад 1927 онд Шагжийн зөв бичих үсгийн толь, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийн толь мөн таван боть толь болон сүүлд гарсан энэ толийг хэвлэгдэхэд манай хүрээлэнгийн эрдэмтдийн оролцоо их байсан. Энэ утгаараа 2008 онд эх хэлний бодлогыг хэрэгжүүлэх тухай судалгаа хийсэн. Тэр дунд таны асуусан асуултаар социологийн судалгаа явуулсан байдаг. Яг тэр шалгалт өгч байгаа байдлыг дүгнэхэд цөөнгүй хичээл, тэр дундаа монгол хэл нэлээд доогуур үнэлгээ авч байсан. Одоо энэ үе өөрчлөгдөж, зөв чиг рүүгээ явж байгаа. Манайх энэ мэт суурь судалгааг түлхүү хийдэг. Сургалтын судалгааг Боловсролын хүрээлэнд хийдэг. 
Ц.Өнөрбаян: Баримт асуулаа, би яг одоо тодорхой тоо санахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэлний боловсролын түвшин ямар байна вэ гэдгийг жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтаар, тоон үзүүлэлттэй судалгааг Боловсролын үнэлгээний төв гаргадаг. 2016 оноос хойш ерөнхий боловсролын сургуулийн бүх төгсөгчдөөс монгол хэлний шалгалт авдаг болсон учир тоон үзүүлэлт гаргах боломжтой болсон. Элсэлтийн ерөнхий шалгалтад 400-гаас доош оноо авсан бол их, дээд сургуульд суралцах болзол хангахгүй гэж үзэхээр болсон. Үүнийг энэ жилээс хатуу баримтлах байх. Төгсөгчдөөс илүүтэйгээр гадаадад байсан, сургууль завсардсан, буруу сурсан хүмүүс алдаа их гаргаж байна. Тэгэхээр иргэдийн бичиж байгаа бичил зурвас (мессэж)-нд хүртэл бид хяналт тавих ёстой. Буруу бичсэн тохиолдолд мессэж нь явдаггүй програм зохиох хэрэгтэй.  
С.Энхжаргал: Манай хүрээлэнгээс 2012-2016 онд бүх нийтийн хэлний боловсролыг сайжруулахад чиглэсэн сэдвийн хүрээнд судалгаа хийсэн. Хүн хүчний боломж муутай учраас бага хүрээнд хийсэн. Угтаа өргөн хүрээнд хийх ёстой судалгаа байсан. Олон нийтийн хэлний боловсролын суурь нь бага боловсролын түвшинд байгаа. Иймээс бага боловсролын сургуулийн хүүхэд хэдэн үг мэддэг, хэчнээн үгийн сантай болж байгааг тодорхойлох зорилготой судалгаа юм. Тухайн үед хүчин төгөлдөр хэрэглэж байсан бага боловсролын 34 сурах бичгийг комьпютерт оруулж үгийн санг нь тооцсон. Сурах бичгээ комьпютерт оруулахад зөв бичгийн дүрмийн алдааг мэдээлдэг. Ингэхэд Монгол хэлний сурах бичиг алдаагүй байсан. Техникийн болон хайхрамжгүй байдлаас үүдэлтэй цөөн хэдэн алдаа олдсон. Эсрэгээрээ байгалийн ухааны сурах бичигт зөв бичгийн дүрмийн алдаа гарч байсан. Тэгэхээр зөвхөн монгол хэлний багш нар, хэл бичгийн эрдэмтэд биш зохиогч нар ч алдаа гаргаж байна. Нэгэнт л хүүхдэд зориулж хийж байгаа бол алдаа мадаггүй хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Б.Түвшинтөгс: Боловсролын үнэлгээний төв жил бүр дунд сургуулийн сурагчдын бүх хичээлийн дүнг нэгтгэдэг газар. Тэндээс авсан судалгаагаар жилд 40 мянга орчим хүүхэд дунд сургууль төгсөхөд 5000 гаруй хүүхэд монгол хэлний шалгалтыг хангалтгүй дүн авсан гэдэг мэдээлэл өгч байгаа. Өнгөрсөн жил гэхэд 20 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Гэтэл шалгалтаа хангалтгүй өгсөн хүүхдийн тоо 2500 орчим болоод буугаад ирж байгаа юм. Ер нь бүх хичээл иймэрхүү байгаа. Математик дээр бүгд 100 хувь онц аваад ганцхан монгол хэлний хичээл дээр муу аваад байгаа зүйл байхгүй. Энэ зүгээр л сурч чадахгүй байгаа, сургууль завсардсан, хичээлийн хоцрогдолтой, гадаадаас ирсэн хүүхэд өдий хэмжээтэй байна гэсэн үг. Мөн казах гэх мэт үндэсний цөөнх байна. Бусдаар бол нийтээрээ монгол хэлээ алдчихсан ийм зүйл биш. 

Журамласан толинд ганц, нэг алдаа байгаа ч сүйдтэй зүйл биш

-Журамласан толь гарсны дараа манай сонин “Монгол хэлний зөв бичгийн журамласан толины дээр хөх тэнгэр л байгаа” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байсан. Өөрөөр хэлбэл, энэ толь монгол хэлний дагаж мөрдөх ёстой дүрмийн хамгийн зөв нь юм аа гэж харж байсан. Гэтэл та бүгдийн хэлж буйгаар тодорхой хэмжээний алдаа мадаг, андуу зөрүүтэй зүйл энэ тольд байгаа бололтой. Тэгвэл энэ толинд засаж, залруулах зүйл хэр олон байгаа вэ? 
Ц.Өнөрбаян: Бид зохиогчид биш шүү дээ. Энэ толийг боловсруулж, дэлгэрэнгүй болгосон. Урд өмнө нь зөв бичих дүрмийн журамласан толь гараагүй учраас хүн бүр олон янзаар бичиж, эх захгүй толь бичиг гаргадаг байсан. Үүгээр түүнийг журамласан. Хоёрдугаарт, толь бичиг ашиглаагүй, өөрөө алдаж байсан хэрнээ “Миний бичсан зөв байсан. Энэ хүмүүс зөв бичгийн дүрмээ өөрчлөөд байна” гэж ярьдаг. Ингэхэд хүргэсэн ганц нэг үг бий. Гэхдээ тэр нь дүрмээр биш, уламжлалт аргаар янз бүрээр бичдэг байсныг л журамласан. Энэ толинд алдаа байгаа. Үүнийг бид сүүлийн хоёр жил дахин засаж, энэ жил хэвлэсэн. Цахим дээр ч, цаасан дээр ч зассан гэсэн үг. Одоо ингээд харахад ганц нэгхэн алдаа байна. Яах вэ үг хувилах гэх мэт ахиад засчихмаар мэр сэр зүйл. Гэхдээ энэнээс болоод улс төрийн алдаа гараад, эдийн засгийн хохирол учраад байгаа юм байхгүй. Энийгээ би яагаад хамгаалаад байна вэ гэвэл, ганц нэг алдаатай байсан ч алдаагүй бичсэн бүхнээр нь бичээд хэвшчих хэрэгтэй юм. 
Б.Түвшинтөгс: Харьцангуй гайгүй ээ. Дөнгөж гарсных нь дараа хүмүүс цөөн алдаа олоод шүүмжилсэн. Тэр бүгдийг залруулж зассан. Хэл өөрөө тогтмол хөгжиж байдаг амьд зүйл. Тийм учраас хэлэнд шинэ үзэгдэл, хэлбэрүүд бий болдог. Ялангуяа тогтворгүй “н”-ийн асуудал. Үүнийг бид өмнөх үг дээрээ тайлбарласаар байтал өөнтөглөж, 100 хувь алдаагүй юм хийж чадсан уу гэж шалгаагаад байдаг. Бид чинь бас хүн шүү дээ. Толь бичиг хийнэ гэдэг шинжлэх ухаанд хамгийн хэцүү ажил. Тэгэхээр юм хийж байгаа хүмүүстээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.  
-Журамласан толь гаргаад орхичихмооргүй байна. Олон нийтэд хүргэх, хэрэглэж, хэвшүүлэхэд чиглэсэн ямар ажил хийх ёстой вэ. Энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа юу? 
Ц.Өнөрбаян: Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өмнөөс би 100 хувь хариулна гэдэг хэцүү байна. Мэдээж хэрэг журамласан толийг хэрэглэж, зөв бичиж сурах гэсэн сэтгэлгээ, хүмүүсийн хандлага харьцангуй сайжирч байгаа. Саяхан Үндсэн хуулийн хэл найруулгын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Энэ маш зөв зүйл. Яамд, төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд эх хэлний манаач болсон хүнтэй байх хэрэгтэй. Хуучны нэр томъёогоор бол “эх зохиогч” гэдэг юм даа. Хяналт тавьж байж л журамлах ёстой. Бүх сониныг авч үзсэн судалгаа хийвэл мэдээжийн хэрэг тэрэн дээр унана. Телевизийн мэдээний доогуур явдаг зар байна. Харах бүрт алдаа заавал байдаг. Олон янзаар бичдэг үгийг алдаад байвал тэр нэг өөр. Дүрмээр бичдэг үгийг алдаад байхаар л хэцүү байна л даа. Үүнээс цаашлаад үг, үсэг биш найруулгын алдаатай байна гэдэг бүр том асуудал. Цаашдаа зөв бичих дүрмийн алдаагаа цэгцэлж, ярихаа болиод хэл найруулгын алдаа руу орох ёстой. 
Ц.Батдорж: Хэл зохиолын хүрээлэнгээс суурь судалгааны ажлууд хийж байна. Үүнээс гадна төрийн байгууллагуудад чиглэсэн зөв бичих зүй, найруулга зүйн лекцүүдийг боломжоороо өгдөг. 
Ш.Баттөгс: Энэ бүхэн хуулиар зохицуулагдах ёстой. Эдийн засгийн хуулиуд хэрэгжээд байдаг нийгмийн шинжлэх ухаантай холбоотой зарим хууль хэрэгжихгүй байна. Үүнээс хууль хэрэгжүүлэгч байгууллага хэрхэн ажиллаж байгааг нь харж болно. Зөв бичгийн дүрэм нь ийм байхад найруулга нь тодорхой. Дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зөв бичгийн алдаагүй бичдэг, нийтэлдэг аян зарламаар байгаа юм. Үүнээс аль нь их алдаа гаргадаг, аль нь хамгийн зөв бичдэг нь тодроод ирнэ. Алдаа гаргадаггүй байгууллагуудыг алдаршуулах хэрэгтэй. Мөн хамгийн их алдаатай бичдэг газрыг зарлаж байх нь зөв. Сайт, телевиз, сонин өөр юу байдаг юм бүгд тус тусдаа. Энэ нь нэг талаараа хэвлэл мэдээллийн байгууллагад өгч буй хөшүүрэг. Нөгөө талаараа олон нийтийн зөв бичих дүрмийн боловсролд хувь нэмэр оруулах үйл явдал болно. 
Б.Түвшинтөгс: Алдаатай бичээд байвал ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. Монгол хэлний хуульд тодорхой заалтууд бий. Манай иргэд заавал нэг торгуулах гээд “Шүлсээ хаявал торгоно, тамхи татвал торгоно” гэх мэт шийдвэрийг маш сайн хүлээж авдаг. Үүнийгээ дагаад тамхи татах нь ч гайгүй боллоо. Харин эх хэлээрээ алдаатай бичвэл ийм хариуцлага хүлээлгэнэ шүү гээд байхад ухамсарлахгүй байгаа юм. Өөрсдийнхөө гэсэн зүйлд холоос, хөндий хандаад байна. Зөв бичгийн дүрэм гэдэг нь боловсролтой хүнийг боловсролгүй хүнээс ялгаж өгдөг зүйл. Энд тэндэхийн албан байгууллагын алдаатай бичиг баримт фэйсбүүкээр их  гардаг. Тэр бичгийг дарга нараасаа илүүтэй нарийн бичиг, туслахууд нь хийж байгаа байх. Тэр хүмүүсээ сайжруул. Энэ толийг харуул, эх хэлний сургалтад суулга. Цай зөөлгөхөөсөө илүүтэй зөв бичих дүрмийг нь анхаарах хэрэгтэй. 

Монгол хэлний үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй

-Зарим үед монгол хэл мөхөж байгаа гэж ярих болсон. Залуучууд хоёр, гурван орны хэл мэдэж байна. Гэтэл эх хэлээрээ тодорхой сайн ярьж, бичиж чадахгүй байна. Монголчуудын эх хэлний боловсролыг ерөнхийд нь дүгнээд үзэхэд ямар байна вэ?
Э.Пүрэвжав: Олон улсын эх хэлний өдөрт зориулан бид Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтраад Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан ажил зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Гэвч олон улсыг хамарсан өвчний улмаас цуцлагдсан. Харин “Үндэсний шуудан” сонины хамт олон энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйд баярлаж байна. Нийтийн эх хэлний боловсролыг ийм, тийм байна гэж хэлэхэд сэтгүүлч, эрдэмтэд, дарга нар гэх мэт хувь хүмүүсийг буруутгах гээд хэрэггүй. Юун түрүүнд бид яагаад ийм алдаа гаргаад байна вэ, хэн нь ямар алдаа гаргаж байгаа вэ гэдгийг эрж хайх хэрэгтэй. Хэлний зөв хэрэглээг хэрэгжүүлье гэвэл нэн түрүүнд зөв бичгийн дүрмийг зөв сургах л хэрэгтэй байгаа юм. Манай өнөөдрийн сургалтыг хараад байхад хэл хэрэглээ болж хувирсан. Жишээлбэл, өөрийгөө танилцуулахдаа хэр зөв, хэр олон үг ашиглаж байна вэ гэдэгтээ л анхаарлаа хандуулдаг. Ийм атлаа бид сурагчдаас хэл зүйн ахисан түвшний, академик маягийн шалгалт авдаг. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой байх. ЮНЕСКО-гоос мөхөж буй хэлийг судалж заавар, зөвлөгөө өгдөг. Тэгэхээр монгол хэл мөхөж байгаа асуудал байхгүй. Яагаад гэвэл Үндсэн хуульдаа заасан төрийн албан ёсны хэлтэй, шат шатны боловсролын байгууллага монгол хэлээрээ хичээл ордог, иргэд маань монголоороо ярьдаг. Тийм учраас ямар ч аюулгүй гэж болно. 
Ш.Баттөгс: Энэ асуулт өөрөө өргөн сэдэв. Монгол хэлний мөхлийн байдал, хэлний боловсролын чанар гэх мэт бүгдийг ярина гэвэл маш их асуудал. Харин төрийн албан ёсны хэл буюу монгол хэл маань хөгжиж байгаа хэл. Монгол хэлээр ойлголцохгүй, болохгүй байгаа юм алга байна шүү дээ. Миний бодлоор энэ бүгдийг сайжруулахыг хүсвэл эх хэлний үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй. Их, дээд сургуульд элсэхэд монгол хэлний оноо өндөр нөлөөлдөг, гадаад руу явахад монгол хэлний шалгалтын оноо шаарддаг ч юм уу. Төрийн албан хаагчдаас үнэхээр монгол хэлний шалгалт авдаг нь тогтмол хэрэгжээд эхэлбэл эх хэлний үнэлэмж өснө. 
Ц.Өнөрбаян: “Монгол хэл чинь мөхлөө”, “Монголоор ярьдаг хүн байхаа болилоо” гэж хүмүүс зөндөө ярьдаг. Энэ бол эх хэлэндээ дэндүү их хайртай хүмүүсийн олон нийтэд цацаж байгаа болгоомжлол. Эх хэлээ хайрлаж байгаад нь би тэдэнд баярладаг. Дэлхийд өнөөдөр 3000 орчим бие даасан хэл бий. Хоёр долоо хоногт нэг хэл мөхөж байна. Ингээд бодохоор эх хэлдээ санаа зовох нь зүйтэй. XXII зуун гэхэд дэлхийн нийт хэлний 2500 орчим нь мөхнө гэсэн сөрөг мэдээлэл байна. Гэхдээ тэр дунд монгол хэл байхгүй. Харин монгол аялгуу дунд мөхөх аюулд орсон аялгуунууд байгаа. Жишээлбэл, ОХУ-ын Халимаг, Буриад, Өвөрмонголд байгаа зарим аялгууг нэрлэж болно. Орчин цагийн монгол хэл бол дархлаа сайтай. Ер нь бичгийн хэлээр дархлаажсан, олон аялгууны өнгө төрхтэй хэл мөхөх аюул бага байдаг. Эсрэгээрээ хамгийн аюултай зүйл нь хэрэглэгч цөөхөнтэй. Албан ёсны мэдээгээр өнөөдөр зургаан сая орчим хүн монгол хэлээр ярьж байна. Монгол угсаатан гэвэл 10 сая орчим байна. Тэгэхээр аль болохоор олон хүн ярьдаг болох хэрэгтэй. 
Б.Түвшинтөгс: Манай судлаачид ярилаа. Монгол хэл мөхөж байна гэдэг яриа нэг их гардаггүй. Энэ билэггүй муу яриа санаа зовж байгаа хүмүүсийн л үйлдэл байх. Харин нийгмийн үүргийг яаж дээшлүүлэх вэ гэдэг асуудлыг ярьж байх ёстой. Өөрөөр хэлбэл, монгол хэл манай улсын нийгмийн харилцааг бүрэн зохицуулж чадаж байна уу гэдгийг анхаарах нь зөв. Гэтэл өнөөдөр нийгмийн төдийгүй техник, технологийн дэвшил хурдацтай хөгжиж байна. Үүнээс болж ихэнх зүйлийг өөр хэлээр зайлшгүй олж авах шаардлагатай тулгарч байна. Тэр бүрийг иргэд монгол хэлээр орчуулж бичих, тэмдэглэхээс залхуурдаг. Энэ асуудалд орчуулагчид, хэвлэлийн газрууд анхаарч, аливаа мэдлэг мэдээллийг эх хэлээрээ олж авдаг болгоход хувь нэмрээ оруулах хэрэгтэй. 
-Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр тохиож байна. Монгол улс олон улсын хувьд маш том судлагдахуун байсаар ирсэн. Дэлхийн олон оронд монголч эрдэмтэд бий. Мэдээж тэд хамгийн түрүүнд та бүгдтэй холбоотой ажилладаг байх. Тэд монгол хэлийг тусгайлан судалдаг уу. Монгол хэлийг дэлхий хэрхэн үнэлж байгаа вэ? 
Э.Пүрэвжав: Дэлхийд 40 орчим монгол хэлний тэнхим, судалгааны төв үйл ажиллагаа явуулдаг. Мөн Олон улсын болон тухайн улс орны Монгол судлалын холбоо гэж нийгэмлэгүүд байдаг. Зарим эрдэмтэн нь биднээс ялгаагүй монгол хэлээр ярьж, бичдэг. Өнөөдөр бүх нийтийн эх хэлний боловсролд нийтэд нь анхаарахаас гадна мэргэжил, мэргэжилд нь тусгайлан анхаарч, нэр томъёо хийх хэрэгтэй. Жишээлбэл, хуулийнхан нийтийн, төрийн, улсын алба гэдэг үгүүдийг ганцхан үгээр орчуулсан байдаг. Цаанаа дөрвөн англи үг байхад ганцхан үгээр хуульдаа оруулна гэдэг буруу. Өнөөдөр дэлгүүрүүдийг харахад дийлэнх нь орчуулгын ном зарж байна гэж хэлбэл хилсдэхгүй. Яах аргагүй алдартай ном мөн. Гэтэл тэр зарим нэр, санааг монгол хүүхэд ойлгоно гэдэг эргэлзээтэй. Гаднын эрдэмтэд ч “Орчуулгын биш яг монголчуудын бичсэн ахуй, түүх, соёлын ном хэрэгтэй байна” гэдэг. Яг адилхан англи хэлээр байгаа номыг тэд монголоор унших ямарч сонирхолгүй гэсэн үг. 
Ц.Өнөрбаян: Их чухал асуудал. Дэлхийн монгол судлалын тулгын чулууг тавьсан салбарын нэг бол монгол хэл. Тодруулбал, Монгол хэл судлал, түүх, археологи судлал багтана. Манай улсаас гадна монгол хэл судлалыг хамгийн анх хийж, хөгжүүлсэн хүмүүс бол Оросын эрдэмтэд. 1832 онд “Монгол хэлний зүй” гэдэг ном зохиож, өрнө дахины монгол судлалын үндсийг тавьсан. Дорно дахины монгол судлалыг мэдээж монголчууд өөрсдөө тавьсан. Сүүлийн жилүүдэд гадаадын улс орны монгол судлалын салбар шашин судлал, нийгэм, улс төр судлал болон хөгжиж, хүрээгээ тэлж байна. Харин монголчуудаас илүү монгол хэлийг судалдаг судалгаа гадныхан дунд харьцангуй цөөхөн. Мөн монгол хэлийг сурч, судлах сонирхолтой хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байна. Бидэнд албан ёсны тоон судалгаа алга. Гэхдээ монгол хэлээр ярьдаг гаднын судлаач, эрдэмтэн, сонирхогч олон байна. Энэ нь монгол хэлний дархлааг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах зүйл мөн. 

Тэмдэглэсэн: Г.Ган-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид