Улаанбаатар 1c

Б.Батболд: Дархан-Уул аймгийн Засаг дарга Н.Насанбат хөрөнгө оруулалт, тендерийг хараа хяналтгүй салхинд хийсгэж байна

Г.АМАР, Npost.mn 2020-02-21 13:45

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Батболд, ИТХ-ын төлөөлөгч Н.Батжаргал нар Засаг дарга С.Насанбатын хууль зөрчсөн баримтуудыг олон нийтэд дэлгэлээ. Тэрбээр “Засаг дарга С.Насанбат нь Дархан-Уул аймагт алт олборлодог аж, ахуйн нэгжүүдтэй холбоотой байж болзошгүй. Ганцхан жишээ хэлэхэд, “Дархан хайрханы хөндий”, “Дархан хайрханы өсгүүр”, “Бат хишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих” гэсэн нөхөрлөл нь зөвшөөрөлгүйгээр Шарын голын зэвсгийн агуулахын орчимд бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Уг нөхөрлөлд зөвшөөрөл өгөхийн тулд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болон хурлын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Түүний дараа Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон Засаг даргад уламжилж, олборлолт хийх зөвшөөрөл өгдөг. Гэтэл эдгээр нөхөрлөл нь ИТХ-ын хурлаар хэлэлцүүлээгүй, зөвшөөрөл аваагүй мөртлөө 2019 оны намраас олборлолт хийж эхэлсэн. Эдгээр нөхөрлөл олборлолтоо хийж дуусаад буцаагаад газрыг нь булж хаячихаад явчихсан. Хууль бусаар алт олборлолт бүтэн нэг жил явсан байхад үйл ажиллагааг нь дэмжсэн, цаашлаад хяналт тавиагүйд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж байна. Уг хэргийг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан ч хэрэгсэхгүй болгосон” гэв. 
Мөн “Дархан-Уул аймагт хөрөнгө оруулалт, төслийн мөнгө хараа, хяналтгүй зарцуулагддаг болсон. Тухайлбал, 2016-2019 онд Дархан-Уул аймагт улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас маш олон тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байна. Зөвхөн 2019 онд л гэхэд 45 орчим тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Уг мөнгөөр Дарханы МАН-ын болон Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудыг хийж байгаа аж. Гэхдээ төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой ноцтой олон асуудал гардаг. Худалдан авах тендер шалгаруулалт, ажлын үр дүн иргэдийн сэтгэл ханамжийг хангахгүй байна” гэлээ. 
Түүнчлэн “С.Насанбат дарга намыг төлөөлж сонгуульд орох гэж байна. Гэтэл тэрбээр өмнө нь гэмт хэрэгт нэр холбогдож шалгагдаж байсан. Ийм хүмүүст сонгуулиас өмнө хариуцлага тооцож намаа цэвэрлэх ёстой гэж Дарханы МАН-ын гишүүд үзэж байгаа. Дарханы ИТХ нь 33 гишүүнтэй бөгөөд сөрөг хүчингүй, гурван бие даагчтай. Гэтэл сүүлийн үед нам дотроо хоёр хуваагдаж, улс төржилт нь их болжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөх ч эрхгүй болсон байна” гэсэн юм.  
Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарч төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгахад хангалтгүй гэх дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, Дархан-Уул аймаг дахь “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г гурван тэрбум төгрөгөөр тохижуулах тогтоолыг ИТХ-ын хуралдаанаар баталсан байна. Энэ дагуу 2019 онд 1.2 тэрбум төгрөгөөр уг паркт зургаан ширхэг тоглоом худалдаж авах шийдвэр гарчээ. Гэтэл тоглоом авах тухай ИТХ-ын шийдвэр арваннэгдүгээр сард гарсан байхад тендерт шалгарсан TSJ компани 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр байгуулагдаад тоглоомыг худалдан авч нийлүүлсэн байна. Тэдний авсан тоглоом нь зах зээл дээр хямд зарагддаг ч Дархан-Уул аймагт нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, суурилуулалт зэрэг нь 1.2 тэрбум төгрөгтөө ороогүй байгаа нь анхаарал татаж байна гэж Б.Батболд, Н.Батжаргал нар мэдэгдсэн юм. 
Хамгийн ноцтой нь цэцэрлэгт хүрээлэн  тохижуулах нэрээр газрын хууль бус наймаа явагдаж байгаа аж. Зургаан тоглоомыг суурилуулахын тулд 2.2 га газар хангалттай. Гэтэл 8.4 га газарт тоглоомыг суурилуулна гэж газрыг чөлөөлөөд байгаа аж. Тэгэхээр энэ том хэмжээтэй газрыг зориулалтын бусаар ашиглаж магадгүй хэмээн хардаж байна гэж  тус төлөөлөгчид хэлж байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид