Улаанбаатар 1c

Нутагт минь үлдсэн цагаан сар

NPost.mn
2020-02-21 13:51

Цаг хугацаа, он жилүүд хөсөг нүүдэл шиг ар араасаа цуварч одох бүрийд дурсамжин дундах зарим нэг цаг хугацаандаа үүрд үлдчих юм сан гэх бодол хааяа төрнө. Тэрхүү гэгээн дурсамжийн ихэнх нь эх орны алс баруун хязгаарт орших Бөөрөг дэл, Алтан элсэн дундах говь нутагт минь бүтээгджээ. Тийм л гэгээн үе бол яах аргагүй хүүхэд ахуйд минь болж өнгөрсөн цагаан сарын баярууд юм.   
Шинэ гэр бүрэх, ураг барилдах хурим найр зэргийг эс тооцвол цагаан сар, улсын наадам хоёроос өөр бусад баярыг бараг л үл тоох баяд зон цагаан сарыг харин их л өргөн тэмдэглэнэ. Тийм ч болохоор хүүхэд багачууд бид цагаан сар дөхөх тусам өдөр хоногийг ёстой л хуруу даран тоолж эхэлнэ. Хүүхэд гэлтгүй томчууд ч хөл хөөр болно. Эрчүүд нь сарын өмнөөс унах морь, тохох эмээлээ зэхэж, эмс охид гоёл чимэглэлээ урлан мэтгэцгээж дор бүртээ завгүй болцгооно. Манай нутгийнхан өөр хоорондоо хоёроос гурван км зайтай өвөлжих тул малын бэлчээр нь ч хэмжээ хязгаартай. Бэлчээрийн тэрхүү хязгаараа хавь ойрдоо арай томхон харагдах элсэн манхадаар заагласныгаа “Сав” гэж нэрлэцгээх бөгөөд бусдын сав руу малаа оруулж хариулахгүй байхыг хүүхэд багачууддаа ихэд анхааруулна. Айл бүхэн сав дотроо бэлчээр нутгаа бод, богийнх хэмээн зааглаж тэр бүү хэл бог малынхаа бэлчээрийг сар өдрөөр нь хуваарилж малаа бэлчээрлүүлнэ. Ах бид хэд ээлж ээлжээр хониндоо явах бөгөөд бараг л хоёр сарын өмнөөс сар шинийн гурван өдөрт зориулан хамгийн их хариулга, маллагаа шаардагдах хонин сүрэгтээ “Цол” гаргана даа. 
Цол гэдэг нь шинийн нэгнээс эхлэн шинийн гурваныг хүртэл хонио хариулгагүй бэлчээрлүүлэх харуус сайтай газрыг эртнээс бэлдэж буй хэрэг л дээ. Тэгэхдээ цол гаргах газрынхаа цасыг малын хөлөөр цараалуулахгүйн тулд эртнээс тооцоолсныхоо дагуу алсуур тойруулан өдөр өдрийн хэмжээт газартаа л хонио хариулна. Монголчууд адууг л ухаантай гэлцээд байдгаас бус хонь, ямааг ямар их ухаантай болох талаар урьд өмнө нь хэн нэгний ярьж байгааг би огтхон ч сонсоогүй. Гэхдээ л тэрхүү богино хөлийн хонь ямаа, адуунаас ч дутахгүй ухаантай болохыг би тэр үеэс л сайн мэдэх болсон. Өглөө эрт хотноосоо бэлчсэн хонин сүрэг урьд өдрүүдийнхээ царааг даган явсаар шинэ бэлчээрт хүрмэгцээ тэрүүхэндээ тархан дор бүрдээ цас тээгээд л тогтчихно. Ингэж тогтсон хонин сүрэг тэр өдрийнхөө турш тухайн бэлчээртээ идээшилнэ. Эздийнхээ хариулга маллагаанд дасаж бэлчээр дамжиж гүйхгүй болохоор тарга тэвэргээ ч үл алдах ийм малыг ухаантай гэхээс өөр юу гэх сэн билээ. Ийнхүү өдөр өдрөөр хэмжээт газрууддаа хонио бэлчээрлүүлсээр битүүний өдөр болоход цол маань ч жинхэнэ утгаараа битүүрнэ. Тэрхүү цолоо элсэн манхадын оройгоос харахад эргэн тойронд нь дагтаршсан малын цараан дунд нэг ч мөр гараагүй цавцайсан цагаан тал дугуйрч харагддаг сан. Ингэж бэлдсэн цолдоо хонин сүргээ оруулчихсан байхад шинийн гурваныг хүртэл цагаан сарын гурван өдөр хариулга маллагаа үл шаардана. Хаа очиж ойр тойронд нь хээрийн боохой үүрэлчихмээр уул хад үгүй тул тэр талын аюулаас манай нутгийнхан үл айна.                     

Орь залуухан насандаа хань ижилээ алдан бэлэвсэрч долоон бурхан оддын тоотой үрсээ бусдын нүдэнд мөр бүтэн харагдуулсаар хүний зэрэгт хүргэхээр нойр хоолоо умартан зүтгэж яваа ижий минь тэр өдрүүдэд бүтэн нойртой хоносон гэдэгт би итгэдэггүй.

За тэгээд л битүүний өдөр болоход гэр орон, хот хороо цэвэрлэх ажил дуусч “Ендөр” босгох гэж нэг сайхан ажил бидэнд оногдоно. Ендөр гэдэг нь хотныхоо урд нар мандах зүгийн өндөрлөг дээр цасаар овоо босгохыг хэлж байгаа хэрэг юм. Хажуу бөөрөөр нь элсний үртэс, өвсний ширхэг ч оруулалгүй босгосон ендөрийнхөө оройг тогоо шиг хонхойлгон гал түлэхэд бэлтгэж элс дэвсээд дээр нь аргал овоолно. Тэгээд бас болоогүй ээ, урд талд арц хүж уугиулах тавцан гаргадаг гэж байгаа. Ах нартайгаа цуг жилийн жилд ендөр босгох нь надад их л зугаатай санагддаг байж билээ. Үдэш нь дэнгийн бүдэг гэрэлд гэр хотлоороо битүүрэн тоглож наадсаар унтацгаах болоход хөөрхий ээж маань л хараахан оёж  дуусаагүй дээлнийхээ товч,  шилбийг хадсаар хамгийн сүүлд үлддэгсэн. Орь залуухан насандаа хань ижилээ алдан бэлэвсэрч долоон бурхан оддын тоотой үрсээ бусдын нүдэнд мөр бүтэн харагдуулсаар хүний зэрэгт хүргэхээр нойр хоолоо умартан зүтгэж яваа ижий минь тэр өдрүүдэд бүтэн нойртой хоносон гэдэгт би итгэдэггүй. Дөлөндөө бөөр нь харласан шилэн дэнгийн дөл ширтэн маргааш өдөр болох цагаан сарын тухай, унах морь, тохох эмээл, хэсэх айлуудаа тооцоолон ижийнхээ унтахыг хүлээн нойроо хулжаасаар нэг л мэдэхнээ нам унтчихсан байдагсан.                  
Тогоо шанага үл мэдэгхэн хангинаж, ах нарын дүнгэр дангар ярилцах чимээнээр нойрноосоо сэрэхэд ижий хэдийн цайгаа чанаад гялалзтал зүлгэж өнгөлсөн цайр данханд уудлаж сууна. Өмнө нь өглөө бүр нойроо харамлан орноосоо босох гэж бөөн юм болдог ах нар хүртэл надаас түрүүлэн босчихсон байна. Намайг морь харахаар нүдээ нухалсаар гэрээс гарч ирхэд зургаан мичид баруунаа тонгойн үүр тэмдгэрч, тэнгэрийн хаяа улбартаж харагддагсан. Морьд тургилах чимээнээр уяа руу харвал, ах нар аргамжаатай хоносон морьдоо хэдийн уяан дээр эмээллэсэн байдаг байлаа. Нэлээд хэд хонгийн өмнөөс идэш ундыг нь тааруулан сойсон хур дэлтэй омголон морьд тольтой мөнгөн хазаарын амгай зажлан уяан дээр толгой хаялан дүүхэлзэх нь өөрийн эрхгүй сэтгэл догдлуулж орхино. Тэдгээр морьдын дундаас өөрийн унах номхон хээрээ ажиглан битүүхэн баяссаар намайг гэртээ буцаж ороход гэрийн хоймор зулаатай байсан ор дэр ид шидээр хураагдсан мэт цэмцийж оронд нь явган ширээн дээр урд үдшийн бэлтгэсэн тавгийн идээ, идээ шүүс засагдсан харагдана. Ах нар ургах нарнаас урьтан ендөрт гарахаар олон өнгийн торго, хоргойны цуулдсаар цацаг саваг зэхэж, хонины өвчүү, идээ шүүс зэргийг дор бүрдээ л зэхэцгээнэ. Би ч ах нараасаа үлдэж хоцрохгүйг хичээн нүүр гараа балгахан усаар хальтхан шудраад бушуухан шинэхэн дээл хувцсаа өмсөнө дөө. Хэрэв ах нар намайг дамшиглахаар шийдэн суудлаасаа өндийцгөөх юм бол би ч бөөн шуугиан дэгдээнэ. Ах нар ээжийн зэмлэл дор инээд баяслаа нуун тэрүүхэндээ нуг нуг хөхрөлдсөөр намайг бэлэн болохыг хүлээнэ.
Ямартай ч ах нарыгаа дийлэн өөрийгөө хүлээлгэж чадсан би доголон нулимстай инээсээр хамтдаа гэрээс гарч ирэхэд үүр хэдийн цайж нар мандах дөхсөн байна. Том ах гэрийн зүүн бүслүүрт хавчуулсан хэдэн саравгар мөчир бүхий бургасыг аван өнөөх бэлдэж зэхсэн олон өнгийн торго хоргойны цуулдсыг бургасны мөчир бүрт уяна. Том ахыг тэрхүү бургасаа дээш өргөхөд нь надад ээжийн ярьсан үлгэрт гардаг түмэн цэрэг захирсан эртний хөлөг баатар шиг л сүртэй санагдана. Том ахын араас бид гурав саалийн хувинтай сүү, цацал, тавагтай идээ зэргийг барьсаар насныхаа эрэмбээр ар араасаа цувран жагссан цэрэг шиг л ендөрийг чиглэцгээнэ. Хотны ноход ч биднийг даган урд хойноо орон хормой хоттой орооцолдон шогшицгооно. Бид ендөрийн дэргэд ирж оройд нь зэхэж бэлтгэсэн аргалаа асааж, арц хүжсээ уугиулах үед тэртээх тэнгэрийн хаяанаас нар цухуйдаг байж билээ. Ендөрт дан эрчүүдээс гадна нөхөрт гараагүй охид бүсгүйчүүд гарч болдог гэж  манай нутгийнхан ярьдагсан. Гэхдээ манай гэр бүлийн хувьд хоёр эгч маань айлын бэр болоод явчихсан удаах эгч сургууль соёлд сурна гээд хот хүрээ явчихсан байсан тийм л үе байсан юм. 
Бид аавыг орлосон том ахынхаа араас даган оройд нь гал асааж, энгэрт нь арц хүж уугиулсан ендөрийнхөө овоог тойрон сүүн цацал өргөн хурайлсаар гурвантаа тойрцгооно. Том идээ шүүснийхээ үлдэгдэл, хонины өвчүү тэргүүтнээ галд өргөөд ендөрийн урд очин завилж суухад бид насныхаа эрэмбээр ээлжлэн бие биетэйгээ золгоцгоон доо. Ендөрийн дэргэдээс гэрийн зүг эргэж харахад уяан дээр эргэцэх моридын нуруунд тохсон битүү ястай эмээлийн мөнгөн баавар ургах нарны туяанд гялбалзан гялталзана. Ендөрөөс бууж ирэхэд ээж шинэ дээл хувцсаа өмсөж, бурхан шүтээндээ арц хүжээ уугиулаад гэртээ хүлээж  сууна. Биднийг ар араасаа цувран золгох тэр үед ээжийн минь нүдэнд нулимс цийлэгнэн байхыг би мөн ч олон харсан даа. Цай унд болж багахан ёслосныхоо дараа мал хуйгаа бэлчээрт гаргаж, хонио цолд оруулаад ах бидэн нутгийн хөгшидтэй золгохоор мордоцгооно. 
Тухайн үед одоогийнх шиг хүн бүр мөрөө гаргадаг ёс байсан үгүйг би мэдэхгүй. Харин нутгийн хөгшид өнөө энэ тухай хүүрнэхдээ “Ендөрт гарах нь л зүг чигээ гаргаж буй эртний ёс юм шүү дээ” хэмээх нь нэгийг бодогдуулна. Юутай ч хүүхэд насны минь дурсамж дүүрэн тийм л цагаан сарууд нутагт минь одоо ч жилийн жилд болсоор байгаа гэдэгт би итгэл дүүрэн байдаг юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид