Улаанбаатар 1c

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай

NPost.mn
2020-02-21 15:12

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран нийтэлж байна.

Төмөр хулгана жилийн шинж

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хөх, эвэр, чих, сүүл улаан, дөрвөн шийр, ходоод ногт шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байна. Үхэр хариулаач нь царай нь шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан, хөх гутал өмссөн, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьж, хүч чадал их, хүүхэд үхрийн өмнө яаравчлан гүйж явна гэж дүрсэлжээ. 
Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Нялхаст сайн, өвгөдөд дунд, залууст муу ажээ. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх, ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна. Номын явдлаар явагч хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ. Жилийн эхэн, улирлууд эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. Зургаа, долдугаар сард хур тунадас жилийн дунджаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой. Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун, хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай. Малд сайн, хүнд муу байх ажээ.

Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах тухайд

Энэ жилийн шинийн нэгэн нь улаагчин тахиа өдөр, даваа гаригт тохиож байна. Нар өглөө 7 цаг 44 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гаргаарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа долоо ба 21 удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлагагүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид