Улаанбаатар 1c

Эргэж ирэхгүй энхрий 49

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 49 хүүхэд амиа алджээ

Бусдын адил эрх дураараа гүйж чадахаа больж, өрөөсөн хөлөө тайруулсан хүү насаараа тэргэнцэрт хадагдаж, үзэг барих турьхан гараа эргэж олохгүйгээр алдсан охин сургуульд сурах хүсэл мөрөөдлөө орхиж, гэрийн мухар сахина. Тэр бүү хэл, сүүнээсээ гараагүй бяцхан үр дахин хэзээ ч сэрэхээргүй бөх “унтаж” байна.

 Жил бүр зам тээврийн ослоос болж олон арван хүүхэд тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсоор байна. 2018 онд зам тээврийн ослоор 319 хүн амиа алдсаны 45 нь хүүхэд. Харин өнгөрсөн онд зам тээврийн ослоор 49 хүүхэд энэ хорвоог орхижээ. Хэдийгээр цагдаагийн байгууллага осол аваарыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр цөөнгүй ажил хэрэгжүүлж байгаа ч энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа нь харамсалтай. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ ч утгаараа эцэг эхчүүд ажлынхаа зав чөлөөгөөр харайж, аль чадахаараа л хүүхдээ хөтлөж явдаг. Гэхдээ томчууд бид замын хөдөлгөөний дүрмээ ягштал биелүүлдэг бил үү. Хүүхдээ хөтөлсөн ээж гарцгүй газраар гүйх, хүүгээ тэвэрсэн аав улаан гэрлээр гарах зэрэг хайнга үйлдлийг Улаанбаатарын хаанаас ч харж болно. Яарч, сандарсан тэр цаг хугацаа, дүрэм зөрчсөн үйлдлээс  ямар үр дүн гарч, амьдын хагацал, насан туршийн сэтгэлийн шаналал болж үлдэхийг тэд мэддэг. Мэдэж байгаа хэр нь гүйсээр л байдаг. Хэрвээ та “Би байгаа юм чинь, зүгээр дээ” гэж боддог бол эндүүрэл юм. Учир нь ээж, аавтайгаа явахдаа гарцгүй газраар гарч байсан хүүхэд “заавал гарцаар гарах шаардлагагүй юм байна” гэдэг ойлголттой болдог.  “Заавал гарцаар гарч бай” гэдэг сургааль үгийг чинь хүүхдүүд бодохоосоо урьтаж “Ээж ч гэсэн гарцаар гардаг” хэмээн хээвнэгхэн алхана. Мөн бага насны хүүхдийг хичээл сургуулиас нь бага насны хүүхдээр авуулдаг буруу хэвшил ч бий. Өнгөрсөн онд гарсан зам тээврийн ослоор амиа алдсан хүүхдүүдийн дийлэнх нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан байдаг. Үүнээс харахад эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулдаггүй, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэггүйгээсээ болж энхрий бяцхан үрстэйгээ дахин хэзээ ч уулзаж чадахгүй болдог аж. Бид энэхүү нийтлэлээрээ зам тээврийн ослын шалтгааныг тодруулж, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс хэрхэн үйл ажиллагаа явуулдагийг харуулахыг зорилоо. 

Гурван настай хүүхэд машинаасаа унаж, арынхаа машинд дайруулжээ

Уншигч та бүхэнд анхааруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бага насны хүүхэд осолд өртсөн цөөн хэдэн жишээ дурдъя. Өнгөрсөн оны зургадугаар сарын 3-нд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт гурван настай хүүхэд амиа алдсан. Тодруулбал, хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алдсан. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан байна. Мөн Баянбүрдээс Цагаанбайр руу өгсөх зам буюу Дэнжийн мянгын замд явган зорчиж байсан долоон настай охиныг дайрсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн оны зургаадугаар сарын 10-нд долоон настай охин зам хөндлөн гарч автобусны буудал орохоор хойшоо болон урагшаа чиглэлийн хөдөлгөөнийг хэсэг ажиглан зогсожээ. Улмаар баруун талын буюу урагш чиглэсэн эгнээг туулж замын тэхий голд очсон байна. Машинууд маш хурдтай явж байсан учир тэрбээр хэсэг зогссон аж. Харин түүнд улаан өнгийн “приус” маркийн авто машин зам тавьж өгсөн байна. Охин баярлан хар эрчээрээ гүйтэл тус машины хажуугаар машин гарч ирж мөргөжээ. Наад талын машин зогсож өгсөн учир охин зорчих замын бусад хэсгийг нягтлахгүй шууд гүйж гарсан учир харамсалтайгаар амиа алдсан байна. Дахин нэг жишээ дурдахад өнгөрсөн оны наймдугаар сарын 19-нд  Баянзүрх дүүргийн XIV хороо “Сандэй” худалдааны төвийн урд талбайд бага насны хүүхэд машинд мөргүүлсэн байдаг. Ээж нь худалдан авалт хийхдээ хоёр хүүхдээ дэлгүүрийн гадна үлдээсэн аж. Гурав, таван настай хоёр хүү ээжийгээ хүлээх зуур зогсоолд байршуулсан авто машины наагуур, цаагуур хөтлөлцөн гүйлдэнэ. Дүү нь ахаасаа салж, зогсоолд байршуулсан машины цаагуур гүйж гарахдаа хөдөлгөөнд оролцож өөр нэгэн машинд мөргүүлсэн байна. Тус жолооч зөөлөн явж байсан учир хүүхдийн амь насанд аюул учраагүй ажээ. 

 Тээврийн цагдаагийн алба юу хийдэг вэ 

Сүүлийн жилүүдэд зам тээврийн осолд хүүхэд өртөх тохиолдол тодорхой хэмжээнд буурсан. Гэвч амиа алдсан хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Энэ талаар тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Өнгөрсөн онд Тээврийн цагдаагийн албанд нийт 25 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Зам тээврийн ослын улмаас  3790 хүн бэртэж, 561   хүн нас барсан байдаг. Тэр дундаа эцэг, эх асран хамгаалагчийн буруутай үйлдлээс шалтгаалж 744 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж, 49 хүүхэд амиа алдсан байна. Өнгөрсөн онд амиа алдсан нийт хүүхдийн 70 орчим хувь нь амралт, зугаалгын цагаар осолд өртсөн. Тодруулбал, тавдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд 30 гаруй хүүхэд амиа алдсан байдаг.  Энэ нь эцэг, эхчүүд хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хүүхдээ буруу тээвэрлэдэгээс үүдэлтэй. Жишээлбэл, хамгаалах бүс, зориулалтын суудал хэрэглэдэггүй, арын суудалд суулгахгүй урд өвөр дээрээ авч явдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог, хурд хэтрүүлж, дүрэм зөрчдөг зэрэг үйлдлээс болж хүүхэд бэртэх, амиа алдах тохиолдол элбэг гардаг. Өөрөөр хэлбэл, эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, бага насны хүүхдэд тавих анхаарал халамж сул, тэдэнд замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадал, зуршил суулгаж өгөөгүйгээс осолд өртдөг. Ер нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн оролцоо дутмаг байдаг. Өнгөрсөн онд Тээврийн цагдаагийн алба төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” аянуудыг амжилттай зохион байгуулсан.  Мөн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хурд хэтрүүлсэн жолооч нарт газар дээр нь хариуцлага хүлээлгэх, жолоодох эрхийг нь хасах гэх мэт ажлуудыг хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч хийсэн. Дээрх аян, арга хэмжээнүүд бодит үр дүнгээ өгч,  зам тээврийн осол 20 гаруй хувиар буурсан. Аян болон арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, цаг үетэйгээ нийцсэн байх шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ онд ч мөн адил бодит үр дүнд хүрэх, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө. Үүний эхлэл болгож “Гарцаараа гарцгаая” аяныг эхлүүлэхээр зэхэж байна” гэв. 

боловсролын байгууллага юу хийдэг вэ 

Багаасаа замын хөдөлгөөний дүрэмтэй танилцаж, зөв дадал зуршил суусан хүүхэд том болоод хэзээ ч буруу үйлдэл хийдэггүй гэнэ. Учир нь тэдэнд “Гарцгүй газраар гарч болохгүй”, “Ногоон гэрэл асах хүртэл хүлээх хэрэгтэй” гэх мэт ойлголтууд аль хэдийн хэвшсэн байдаг аж. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хичээлийн сүүлийн таван минутад мэдээлэл өгдөг гэнэ. Гэвч энэ нь хангалтгүй байгаа учир хүүхэд, багачуудад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох хичээлийн цагийг уртасгах шаардлагатай гэдгийг албаныхан онцолж байлаа. Мөн улсын хэмжээнд цэрцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл цагаан шугам”, “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн, уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй гэнэ. Энэ нь зөвхөн тус тэмцээнд оролцож буй цөөн хүүхдэд биш сургууль, цэцэрлэгийн бүх хүүхэд, багш, ажилчид, эцэг, эхчүүдэд бодит мэдээлэл олгодог давуу талтай. Түүнчлэн та бидний сайн мэдэх “school police” төслийг дурдаж болно. Тэд сургуулийн ойр орчимд ээлжээр зогсож, замын хөдөлгөөнд оролцож буй хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй замын хөдөлгөөнд оролцоход бодит хувь нэмэр оруулж байгаа юм. 

эцэг, эх та юу хийж чадах вэ?

Бүдэрч унаад өвдгөө шалбалж, тохойгоо зулгаруулах төдийд нь бид үр хүүхдээ өрөвдөж, өөрийн эрхгүй сэтгэл тавгүйтдэг.  Гэвч бид харах тусам хайр хүрэм, энхрий үрсээ өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж алдсаар байна. Тэнтэр тунтар алхаж дөнгөж хөлд орж байсан үрээ зам тээврийн ослоор алдаж, орой бүр нүд дүүрэн нулимс, цээж дүүрэн гунигтай суугаа эцэг, эх олон. Амьд мэнд үлдсэн боловч тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болж нэг насаараа хүний асаргаанд орсон хүүхдүүд ч цөөнгүй. Тиймээс хүүхдээ зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, хар бараан ирээдүйг холдуулахад эцэг, эх таны оролцоо маш чухал юм. Наад зах нь бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, бие хүн болж төлөвшөөгүй ах, эгчээр нь сургууль, цэцэрлэгээс нь авуулахгүй байх, хүүхдэдээ зөв үлгэр дууриалал болж замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцож гэмээнэ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх юм. Түүнчлэн өдөр бүр хүүхдэдээ цаг гарган ярилцаж, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох ёстойг зааж сургах хэрэгтэй юм. Ингэснээр таны хүүхдэд зөв дадал сууж, олон нийтийн газар биеэ авч явах соёл, замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан оролцох ёс суртахуун төлөвшинө. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид