Улаанбаатар 1c

УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир: Монгол хүүхдүүд оюун ухаанаараа дэлхийд үнэлэгддэг болсон

Бидэнд хүүхдүүдэд илүү хөгжих, улам манлайлахад нь шат болох боловсролын сургалтын системийг зөв тодорхойлж, тогтвортой хэрэгжүүлэх нэн тэргүүний шаардлага бий

УИХ-ын дарга асан, Боловсролын сайд асан өдгөө Японы Оберлин Их сургуулийн зочин профессороор ажиллаж буй, Философийн ухааны доктор /Рh.D/, профессор, “Буурал” хэмээх нэрээрээ олонд хүндлэгддэг Санжбэгзийн Төмөр-Очир гуайг эх орондоо  хэдхэн хоног ирээд байхад нь уулзаж, “Үндэсний шуудангийн хоймор”-тоо урьж, ярилцлаа. 

-Та Монголд байх хэдхэн хоногийнхоо олонхыг Архангайдаа өнгөрүүлжээ. Нутагт нь сайхан хавар болж байна уу?
-Ойр ойрхон очсон ч, удаж байгаад нутгаа зорьсон ч ялгаагүй өндөлздөг дөө.Ер нь нутгаа зорих шиг сайхан аялал, сайхан газар орон гэж үгүй. Архангайд хачин сайхан хавар болж байна. Ер нь л аль ч газрынхаас ер бусын хавар миний нутагт л ирдэг шиг санагддаг. 

Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, малчны хүүхэд. Аав, ээж минь нутаг орныхондоо хүндлэгдсэн сайхан хүмүүс байсан. Долдугаар ангиа сумандаа, аравдугаар ангиа аймгийн төвийн сургуулийг 1974 онд төгсөөд л хотын хүн болсон. Одоо миний бие эрүүл тэнхлүүн, өвдөж зовоод байдаггүйн шалтгааныг би нутгийнхаа хөрс шороо, агаар устай холбож боддог. Зуны гурван сар хөл нүцгэн гүйж, байгаль дэлхийтэйгээ ойр өссөн учраас бидний үеийнхэн тэнхээ сайтай, барагтай л бол өвдөж, зовоод байдаггүй байх. Намайг жааханд манайх нэгдлийн 500 гаруй хонь айлтай ээлжилж хариулдаг байлаа. Зун саалийн үеэр тэр олон хонийг өдөрт хоёр саана. Саах бүртээ холбоно. Бороотой, нартай алинд ч бүгдийг нь саана. 500 гаруй хониноос баригддаггүй, гүйцэгддэггүй, ааштай 10-аад хонь байна шүү дээ. Тухайн үед “Тэднийг орхичихгүй яагаад заавал барьж саадаг юм бол” гэж боддог байлаа. Гэтэл одоо бодоход үүний цаана их нарийн ухаан явж ирсэн байгаа юм. Тэднийг барьж саахгүй бол адаглаад хөх нь чинэнэ, хурга нь сүүндээ бялуураад чацга алдана, өөдтэй махалж чадахгүй, цаашлаад тарга тэвээрэг авч чадахгүй шүү дээ. Дээр нь биднийг тэвчээр, юмыг яг таг хийх ёстой занд сургаж байж. Гэтэл одоо хонь, ямаа саах битгий хэл үнээгээ өдөрт нэг л саадаг болсон байна. 

-Нээрээ тийм шүү, үнээгээ өдөрт хоёр саадаг айл  цөөрсөн байна лээ?
-Монголчууд малынхаа ашиг шимийг хүртэж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Малаас хэрэггүй, хэрэглэдэггүй юм ширхэг ч байхгүй. Монголчууд уул уурхай биднийг тэжээнэ гээд малаа орхичих шиг боллоо. Гэтэл таван хошуу мал л монголчуудыг тэжээнэ. Гэсэн мөртлөө орон нутагт мал их өссөн байна. Манай тийшээ 100, 200 үнээтэй, мянгат, хоёр мянгат, таван мянгат малчин хаа сайгүй байна. Тийм атлаа гүү барьж, айраг исгэж байгаа айл тун цөөн. Цагаан идээ дотроо ээзгий буцалгадаг айл бараг алга. Ээзгий буцалгахад түлээ их ордог, ажил ихтэй гэнэ. Нөгөө талаас харвал 100 үнээгээ өдөрт хоёр саагаад түүнээс гарсан сүүг тухайн малчин боловсруулах технологи, борлуулах зах зээл алга. Саяхан ХХААХҮЯ Японоос Монголын сум болгонд хуурай сүүний үйлдвэр байгуулна гээд санхүүжилт аваад байх шиг байсан. Түүнийгээ хэрэгжүүлсэн бол малчдад их хэрэгтэй байжээ. Эндээс ургуулаад бодоход л сүү боловсруулах үйлдвэрийн бизнес хийх боломж хүн бүрт нээлттэй байна гэсэн үг. Монголчууд энэ мэтээр экологийн цэвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн аргаар бүтээгдэхүүн болгох орон зайгаа харах, үнэлэх цаг нь болжээ. Зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулаад дэлхийд брэнд гаргах боломж байна. Үхрийн ширийг л бодоод үз. Манайхаас хямд үнээр худалдаж авсан ширхэг ширээ хятадууд боловсруулаад, өндөр технолгиор хөөлгөөд арван ширхэг нимгэн шир болгож гаргаад гоёлын түүхий эд хийж байна. 

-Таны бага нас, хүүхэд ахуй цагийн тухай дурсамжийг яриулъя гэж бодтол арай өөр тийш хазайчихлаа. Та математикийн улсын олимпиадад түрүүлсэн гээд тухайн үеийн Боловсролын сайдаас их сургуулийн хуваариа гардаж байсан гэдэг бил үү?
-Би айлын том хүү. Миний дараагийн дүү надаас найман насаар дүү. Тэгэхээр ээж аавдаа эрхэлж өссөн хүү байгаа биз. Тэр үед “Хүүхэд хорооллоно” гэж ярьдаг байсан. Намар сургууль эхлэхээр сумын төв рүүгээ нүүж орж ирчихээд, хавар буцахыг хэлж байгаа юм. Би өвөө, эмээгийн хүү. Ээжийн аав буюу миний өвөө лам хүн байсан. Өвөө  надад төвөд үсэгнээс эхлээд өнөөгийн энд хүртэлх бүх суурийг маань их сайн тавьж өгсөн гэж боддог. Ээж аав хоёртойгоо хорооллоод л байсан бол эрхлээд олигтой сурахгүй байсан ч байж мэднэ шүү дээ. Намайг аравдугаар анги төгсдөг жил төгсөгчид анх удаа конкурс өгч их, дээд сургуульд элсдэг болж байсан юм. Тухайн үеийн 21 аймгаас математикийн улсын олимпиадад түрүүлж, дээгүүр байр эзэлсэн 30 гаруй хүүхдийг Ардын боловсролын сайд Д.Ишцэрэн гуай өрөөндөө хүлээж аваад “Энэ жил арав төгсөж байгаа хүүхдүүдэд элсэн орох боломжтой гадаад, дотоодын ийм ийм сургууль байна. Та нар сонгоод ав” гэсэн. Тэгээд би Их сургуулийн математикийн багшийн анги авч байлаа. 

-Таны үед намрын ажил гэж та нарынхаар бол гэгээн дурсамж бүтээсэн, жаргалтай өдрүүд, биднийхээр бол үлгэр, домог шиг өдрүүд байсан байх аа. Намрын ажлаар явахдаа та ямар дурсамж бүтээж байв? 
-Тухайн үед манай аймагт нүүрс байхгүй учраас дан модоор галлана. Намар болохоор түлээ бэлдэх гээд ууланд ангиараа, сургуулиараа явна. Жишээ нь, Тариатын 10 жил жилд 250 машин мод түлдэг байлаа. Ганцхан сургууль гэхэд модыг ёстой балладаг байсан байгаа биз. Одоо бол Баянтээгээс нүүрс авчихдаг болсон. Гол нь тухайн үеийн намар, хаврын ажил гэж хүүхдүүдийг нийгэмшүүлж, хөдөлмөрт сургадаг үгүй мөн сайхан зүйл байсан. Наймдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын дунд хүртэл ногооны талбайд юм уу, хадлан, тариалангийн талбайд л явна. Хэн нь хэнийгээ олж нээдэг, хэрхэн бусдын дунд зөв явах вэ, хүн байх ухаан олж авдаг, бусдын чанарыг таньдаг том “сургууль” байж. Одоо бол дөрвөн жил нэг ангид сурчихаад бараг биенээ танихгүй төгсөж байна шүү дээ. Өлсөж цангах, ядрах, өвдөхөөс эхлээд бүгдийг хамтдаа туулсан хүмүүс чинь амьдрал дээр жинхэнэ нөхөрлөл бүтээдэг юм байна. Оюутан насны, тэр сайхан цаг хугацааг хамт туулсан найзууд маань одоо хэр нь бие биеэсээ удаан хол байж чаддаггүй. Манай хэд уулзахаараа Японд байгаа над руу видео дуудлага хийнэ. Байсхийгээд л дүрсээ харж, яриад баахан инээлдэнэ. 70 гарсан хөгшчүүл мөртлөө л яг тэр үеийнхээрээ ярьцгаана, хөөрөлдөцгөөнө, бас болоогүй бие биеэ санана. Насан туршийн найзууд чинь олон зүйл дээр бие биедээ нөмөр нөөлөг болно шүү дээ. Энэ чинь нэг талаараа боловсролын далд үүрэг маш сайн хэрэгжиж байжээ гэсэн үг, бидний үед. Тэндээс эхлээд л миний бүх амьдрал боловсролын салбартай холбогдсон доо. 

-Тодорхой ярьж өгөөч?
-Миний амьдрал бараг тэр чигтээ боловсролын салбартай нягт холбоотой. Бага, дунд, дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа Багшийн дээд, Их сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, орлогч захирал болоод сүүлд захирал болсон гэхээр Их сургуульд хашиж болох бүх албыг дуусгасан хүн. Дээр нь Боловсролын яаманд газрын даргаас эхлээд дэд сайд, сайдын зөвлөх, сайд болтлоо ажиллажээ. Ингэхээр чинь боловсролын салбар надтай, би боловсролын салбартай нягт холбоотой байхаас аргагүй байгаа биз. Үүнээс гадна оюутны байранд бид зургуулаа байдаг байлаа. Гэтэл тэр зургаа зургуулаа гавьяат болсон. Үүний дөрөв нь нэг анги буюу манай ангийнхан юм, энэ бас их ховор тохиол шүү. Үүний дээр манай анги долоон гавьяаттайн нэг нь одоогийн зурхайч Л.Тэрбиш юм шүү дээ. 

-Дээр нь та УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байсан. Нэг талаар хүний хашиж болох алба бүхнийг хашсан ч, нөгөө талаар заримынх нь ганц амьдрал багадахаар олон хүнд албыг хариуцаж иржээ?
-Тэгсэн байна. Одоо Японы Оберлин их сургуульд хоёр жилийн хугацаатайгаар судалгааны ажил хийж байна. Хэдэн ном бичиж байна. Эхнээсээ хэвлэгдлээ. Энэ удаад “Ерөнхий хийгээд боловсролын социологи” номоо хэвлүүлчихээд явж байна. Монголд одоогоор миний бичсэн шиг ийм ном байхгүй. Багш, суралцагчид, магистр, докторын зэрэг горилогсдод чухал хэрэгтэй зүйлсийг нь хэлж өгөх болов уу гэж цөөнгүй жил сууж хийсэн сурах бичгээ хэвлүүллээ. 

Бид ядуус тэтгэмж аваад бага ч болтугай ядуурлаас гарна гэж тооцоолж байсан ч эсрэгээрээ ядуу гэж бүртгүүлэх сонирхолтой хүн маш их нэмэгдсэн

-Танд УИХ-ын гишүүн байхдаа “Би тэрийг л хийх байж дээ” гэж бодогддог, хийгээгүй үлдээсэн, гүйцээж чадаагүй зүйл юу байна вэ?
-Гишүүн байхдаа би Боловсролын тухай хуулийн шинэчлэл дээр нэлээд ажилласан. Тухайн үеийн УИХ-ын гишүүд, ард иргэд хэн ч бай зах зээлийн эдийн засаг гэдэг зүйлийг огт мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бид үүнийг маш сайн судалж, түүнд тохирсон хууль гаргах ёстой байсан гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл, бид тухайн үед Америкийн боловсролын системийг тэр чигээр нь хуулсан л даа. Гэтэл монгол хүүхдийн онцлог, сэтгэхүйд тэр программ тохирох уу, үгүй юү гэдгийг ихээхэн дутуу бодож дээ гэж боддог. Мөн боловсрол гэлтгүй аль ч хуулийг батлахад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хууль батална гэж ярьдаг байсан мөртлөө үнэндээ чаддаггүй байсан. Одоо хэр нь олигтой чадахгүй л байна. Өөрөөр хэлбэл, хууль боловсруулж байхад болох юм шиг атлаа яг хэрэгжээд явахаараа эсрэгээрээ, муу үр дүн гарах тохиолдол байна. Жишээ нь, монголчууд ядуу байна, ядуурлыг багасгахын тулд ядууст тэтгэмж өгье гээд л эхэлсэн. Уг нь бид ядуу хүмүүс тэр тэтгэмжийг аваад бага ч болтугай ядуурлаас гарна гэж сэтгэж, тооцоолж байлаа. Гэтэл өдгөө ядуу гэж бүртгүүлэх сонирхолтой хүн яасан олон нэмэгдсэн гэж санана. Жинхэнэ ядуус нь бүр ядуурч, гайгүйчүүд нь тэднийхээ хоолыг булаадаг нийгэм болчихлоо. Тухайн үедээ бидний хэн нь ч ийм болно гэж төсөөлөөгүй, харин ч өгсөн тэтгэмжийг маань аваад урам зоригтой болж, улам илүү хөдөлмөрлөж, ядуурлаас гарна гэж бодсон хэрэг. Нэг онигоо шиг бодит явдал хэлж өгье. Долоон буудалд Дэлхийн зөн бил үү дээ, нэг хандив, тусламж өгдөг газрынхан ядуу иргэдэд үнэгүй хүнс тарааж байж. Тэгсэн алтан ээмэг, бөгжтэй нэг эмэгтэй хүнс аваад гарч явахад нь хорооных нь дарга “Та дараа ирэхдээ алтан ээмэг, бөгжөө гэртээ үлдээгээд ирээрэй. Өгч байгаа хүмүүс таны наадах руу чинь хараад толгой сэгсрээд байна шүү” гэсэн байгаа юм. Ийм л болсон байна. 

-Ядуурлаас, ядуу сэтгэхүйгээс яаж салгах вэ?
-Хувь хүн бүр хөдөлмөрлөж, үйлдвэрлэл хөгжүүлж байж л ядуурлаас гарна. Өөр сонголт байхгүй шүү дээ. 

-Та бол монголчуудын амьдрал нэлээд хэцүү байсан цаг үеийн буюу 1996-2000 оны УИХ-ын гишүүн. Тэр үеийн монголчуудын амьдралыг сайжруулахад улстөрчид хэрхэн ажиллаж байсан талаар ярьж өгөөч?
-Их хүнд цаг үе байсан. Картын бараанд улсаараа дугаарладаг, дэлгүүрт хатсан давснаас өөр юмгүй байсан он жилүүд. Картын бараанд дугаарласан иргэдийн хөлд хүүхэд дарагдаж, амиа алдаж байсан, тийм өлсгөлөн цаг. Орой болгон цахилгаан тасарна, хэдэн цагт ч хамаагүй унтарчихна. Халаах зуухнууд нь хуучирсан учраас орон сууцны хорооллууд нь хөлдөнө. Тухайн үеийн Ерөнхий сайд нь П.Жасрай гуай байсан. П.Жасрай гуай бид хамтдаа энэ хүнд үеийг хэрхэн богиносгох вэ гэдэг дээр нэлээд ажилласан. Гаднын тусламж, дэмжлэгүүдийг ч нааш нь их татсан. Жасрай гуай биднийг гадаадад томилолтоор явуулдаггүй “Чи Монголын сайд юм бол Монголдоо ажлаа хий” гэдэг байсан. Тэгж мөнгөө хэмнэдэг байлаа. Биднээс гадна дунд албан тушаалын хүмүүс ажлаа маш сайн мэддэг, гүйцэтгэхдээ ч сайн хүмүүс байлаа. Жишээ нь, Цахилгаан станцын тухайн үеийн дарга гэртээ харьж байсан юм уу, үгүй юү бүү мэд. Тал талын мэдлэг, сэтгэл, зүтгэлийн оролцоотойгоор тэр хүнд үеийг даван туулсан даа, монголчууд. Тэр үед П.Жасрай гуай “Хонгилын үзүүрт гэрэл асаж байна” гэсэн үгээ хэлсэн юм шүү дээ. Үнэхээр түүнийг л хүлээж байсан уу гэмээр он жилүүд монголчуудад байсан. 

-Тэр үеийн УИХ-ын гишүүд хэдэн төгрөгийн цалинтай байв. Хувийн бизнестэй хүн хэр олон байсан бэ?
-За хувийн бизнестэй хүн ёстой ганц, хоёрхон л байсан байх. Бусад нь дандаа багш, эмч, эдийн засагч гэх мэт төрийн албанд олон жил нухлагдсан жинхэнэ мэргэжлийн албан хаагчид байсан. Тийм ч учраас хууль боловсруулах, авах арга хэмжээнүүд чанартай, ултай суурьтай тавигдсан юм. Би дараа нь УИХ-ын дарга байхдаа сарын 800 мянган төгрөгийн цалин авч байсан гэхээр гишүүн байхдаа хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхой биз. Тэр үед би Их сургуульдаа багшилж байсан бол сард 1.2 сая төгрөгийн цалин авах байсан. 

Бидний үед “Тойрогтоо юм хий” гэж жилд нэг сая төгрөг төсөвлөдөг байлаа. Сүүлдээ нөгөөх нь хүрэхээ байгаад 10 сая  болгож байлаа. Гэтэл одоо 4-5 тэрбум төгрөг төсөвлөдөг гэж байна. Зарим нь тэр төсвийнхөө тайланг өгдөггүй гэнэ. Дээр нь УИХ-ын гишүүн хууль санаачилбал 20 сая төгрөг өгдөг гэнэ үү. УИХ-ын гишүүн гэдэг чинь хууль санаачилж, батлах гэж л тэнд сууж байгаа биз дээ. Гэтэл ажлаа хийснийхээ төлөө нэмж, 20 саяар нь авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд зогсохгүй зарим нь хүнд, хуулийн фермд мөнгө төлж, өөрийнхөө бизнест тохирсон хуулийн төсөл боловсруулуулчихаад тэрийгээ нэрээрээ батлуулдаг гэв үү дээ.

-Одоогийн улстөрчдийг хараад танд ямар нэг юм хэлмээр санагдах үе гарна биз?
-Гарна аа. Заримдаа ч бүр загнамаар болно. Гэхдээ өмнө нь энэ албыг хашиж байсан учраас зарим зовлонг нь ойлгох ёстой гэж бодно. Бидний үед “Тойрогтоо юм хий” гэж жилд нэг сая төгрөг төсөвлөдөг байлаа. Сүүлдээ нөгөөх нь хүрэхээ байгаад 10 сая  болгож байлаа. Гэтэл одоо 4-5 тэрбум төгрөг төсөвлөдөг гэж байна. Зарим нь тэр төсвийнхөө тайланг өгдөггүй гэнэ. Дээр нь УИХ-ын гишүүн хууль санаачилбал 20 сая төгрөг өгдөг гэнэ үү. УИХ-ын гишүүн гэдэг чинь хууль санаачилж, батлах гэж л тэнд сууж байгаа биз дээ. Гэтэл ажлаа хийснийхээ төлөө нэмж, 20 саяар нь авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд зогсохгүй зарим нь хүнд, хуулийн фермд мөнгө төлж, өөрийнхөө бизнест тохирсон хуулийн төсөл боловсруулуулчихаад тэрийгээ нэрээрээ батлуулдаг гэв үү дээ. Ийм байж болох уу даа. Үүнээс гадна улстөрчийн ёс зүй гэж бидний үед огт өөр зүйл байжээ гэж бодогддог юм. Тухайн үеийн ард нийтийн ёс зүй, боловсрол ч өндөр түвшинд байсан. Одоо бол хаа хаанаа л ичих булчирхай нь ажиллахаа больсон харагдах юм. Төрийн албанд ажиллаж байгаа залуучуудын мэдлэг, боловсрол, чадвар муу мөртлөө их сэхүүн хүмүүс л байх юм. Болж өгвөл хүнийг загнаад байх санаатай. Зааза, энэ талаар ярьж, хайран цаг үрээд яах вэ, хоёулаа. Хүнийг хүн болгож байгаа ганц зүйл бол ёс зүй гэдгийг л хэлье. 

-УИХ-ын дарга байх хэцүү байсан уу?
-Миний үед харьцангуй сайхан байсан. Ажлаа, асуудлаа мэддэг хүмүүстэй хамт ажиллана гэдэг чинь аливаа ачааллыг үүрэлцээд, шалдар булдархан хэл амыг тоох ч завгүй ажилладаг байж. Намайг УИХ-ын дарга байхад манайх олонх байлаа. Олонх байхын нэг сайхан тал нь зөв, тодорхой зүйлийг сайн ойлгуулбал, маш сайхан дэмжээд, ажил сайн явна. Сул тал нь нэгдмэл байх тал дээр олон хүн тааруу шүү дээ. Бараг цөөнхөөсөө ч урамгүй байж мэднэ. 

-Таны үед газар хувьчлал ид өрнөж байсан бил үү?
-Тэгсэн. Миний өмнөх үед өмч хувьчлал явагдсан. Тэр их хэцүү юм болсон байсан. Жишээ нь, зарим аймагт наадмын талбайгаа, бүр Засаг даргын Тамгын газрын байрыг нь хүртэл хувьчлаад аваад явчихсан тохиолдол гэх мэт хөгтэй гэмээр юм их гарсан шүү. Энэ мэтээр хувьчлалын асуудал нэлээд будлиантай болсон нь үнэн. Юу ч үгүй байсан хүмүүст хувьчлал нэрээр юм өгөхөөр нөгөөдүүл нь юм болгож чадахгүй үрэн таран хийгээд өмнөх шигээ хувхай хоосон үлдсэн жишээ тоймгүй. Ах нь нэг дүүдээ хэчнээн гэлээ тооны мал хувьчлаад өгөөдөх сөн чинь цөмийг нь эвдэрхий мотоциклээр сольчихсон сууж байсан гэх онигоо ч сонсогдож л байсан. Заримд нь бол сайн зүйл болсон л байх. 

-УИХ-ын даргын аав боллоо гээд тухайн үед аав тань их баярлаж байв уу. Танд ямар нэг үг зөвлөж, хэлж байв уу?
-Хүмүүст хүүгийнхээ тухай их ярьдаг гэсэн. Надад нэг их юм ярихгүй. Бараг тоох ч үгүй байгаа юм шиг царайлна. УИХ-ын дарга болсон байхад нэг удаа намайг дуудаад “Чи  олон машин унаж, төрийн мөнгө үрж яадаг юм. Өөрийнхөө машинаар эхнэрээ ажилд нь хүргээд, өөрөө ажилдаа явж байхгүй юу. Өөрөө нэг машин унана. Бас нэг юм дагалдана. Эхнэр нь өөрийнхөө машиныг унана. Гурван машин хоёрхон хүнд үйлчилнэ гэж юу байсан юм” гэж билээ. Аав аливаа юманд яг ийм үнэнч сэтгэлээр ханддаг байсан. Энэ зангаас нь надад бага сага байгаа юм болов уу гэж хааяа боддог л юм. Аавыг сүүлд ядраад байхаар нь намар аваад ирдэг байсан. Хавар болоод ирүүт л тогтож суухаа байгаад л “Нэг муу бяруу байсан. Одоо бүр муудаж байгаа байх” гэх мэтээр үглээд эхэлнэ. Тэр нь “Хөдөө рүүгээ явъя” гэж байгаа хэрэг. Тэгээд дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө Архангай руу хүргэж өгнө. Хөдөө гэртээ байх нь аавд жаргал байсан байх. Дүү нарт “Ахынд чинь байх сайхан л даа. Гэхдээ төрийн тусгай хамгаалалтад байна гэдэг чинь боловсон шоронд байгаа л гэсэн үг юм уу даа” гэж ярьсан гэсэн. Эхнэр бид хоёр ажилтай гээд гэртээ тогтохгүй, манай хоёр хүүхэд гадаадад сургуульд сураад эзгүй болохоор аав их уйддаг байсан байх л даа. 

Боловсролын системийг түүхий эдээр яривал бид их сайн түүхий эдээр маш муу бүтээгдэхүүн бүтээж байна гэсэн үг

-Та сүүлийн жилүүдэд Элчин сайдаар ажиллаж байсан болоод өөр бусад мундагчуудтай маш сонирхолтой, уншууртай ярилцлага хийж, бүр манай сонинд нийтлүүлэн уншигчдад хүргэж байгаа. Бусадтай ярилцдаг, сэтгэлийг нь чагнадаг, хэлмээр байсан ч цаанаа нуучихаад байдаг зүйлсийг нь гаргахыг оролддог хүнээс ярилцлага авна гэдэг бас өндөр даваа байна. Таныг “Энэ асуултаа ингээд асуучихгүй, эсвэл ийм юм асуучихгүй дэмий юм яриулж суух юм” гэж бодож суугаа болов уу гэж бодогдоод байх юм. Гэхдээ таны хийж байгаа ярилцлагууд зорилгын талаар асуух нь зөв болов уу?
-Монголд Элчин сайдаар ажиллаж байсан хүмүүс, Японы монголч эрдэмтэд, Монголоос Японд Элчин сайдаар ажиллаж байсан гэх мэт сонин, сонирхолтой хүмүүстэй уулзаж, ихэвчлэн Монголын боловсролын системд одоо юу хэрэгтэй байна вэ, бид юу хийх вэ, Японоос бид юу суралцах вэ, боловсролын системийнх нь ялгаа юундаа байна вэ, бид ямар санаа авч болох вэ гэсэн чиглэлээр ярилцсан. Японыг судалж байгаа зорилго бол нэгдүгээрт, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлээд л Япон Монголд бүх талын туслалцаа үзүүлж иржээ. Хамгийн наад захын жишээ гэхэд, манай цахилгаан станцууд ажилладаггүй байхад биднийг байнгын гэрэл цахилгаантай болоход том тус хүргэсэн гэх мэт. Эхэн үедээ бүх зүйл дээр гал унтраах байдлаар тусалж байсан бол сүүлдээ тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, тодорхой, том зүйлээр хамтарч, дэмжихээ илэрхийлсэн. Үүн дотор боловсрол багтсан. Энэ тохиолдолд бид боловсролын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллавал бидэнд хэрэгтэй вэ гэдгээ олж, тогтоож байх нь зөв гэдэг үүднээс хүмүүсээс санаа, туршлага асуугаад байгаа хэрэг. Хоёрдугаарт, Япон, Монгол хоёр орны ард түмний амьдралын зан заншилд ижил төстэй зүйл олон. Гуравдугаарт, энэ хоёр улсын иргэдийн оюуны чадамж нэлээд ойрхон. Япон оюуны чадамж, сэтгэн бодох чадвараараа дэлхийд эхний аравт ордог бол манайх тэдний ардхан талд явдаг. Тэгэхээр оюуны чадамж, өндөр сэтгэхүйдээ тохирсон байдлаар хэрхэн хамтарвал зохистой вэ гэдгийг бид тандаж, төлөвлөж л байх хэрэгтэй. Ийм учраас л боловсролын талын судалгааг би арай илүү хийхийг хичээж байгаагийн нэг нь энэ хийж байгаа ярилцлагууд. 

-Манай боловсролын системд одоо анхаармаар байгаа нэн тэргүүний зүйл нь юу гэж та харж байна вэ?
-Манай боловсролын систем 70 жил зөвхөн Зөвлөлтийн боловсролын системийг барьж, бараг хуулбараар нь явж ирсэн. Ингэж байгаад зах зээлд шилжингүүтээ Оросын боловсролын системийг бараг тэр чигээр нь орхичихлоо. Гэтэл хамгийн чухал нь бид юуг нь үлдээж, өөр шинээр хэний ямар сайн туршлагыг Монголынхоо онцлогтой тохируулан нэвтрүүлж, судлах вэ гэдгийг мэддэг, анхаардаг байх ёстой юм. 

Япон хүртэл 1880-аад оны үед “Бид гаднын орнуудтай харилцаа холбоотой байхгүй бол болохгүй юм байна. Дэлхийн боловсролыг залуус маань эзэмшиж байж хөгжих юм байна” гээд нэг хэсэг төрийн албан хаагчдынхаа олонхыг гаднын орнуудад сургасан  байдаг. Ингээд төгсөөд ирснийх нь дараа боловсон хүчнүүдийнхээ дунд “Бид гаднын жишгээс юуг нь сургалтын хөтөлбөртөө оруулбал болох вэ, аль нь зохих зөв туршлага вэ” гэсэн судалгаа явуулаад  АНУ, Герман, Франц, Англи дөрвийн сургалтын системээс япон хүнд тохирохыг нь сонгож, боловсролын сургалтын системдээ шингээж өгсөн байдаг юм билээ. Жишээ нь, Англиас ёс зүй, суртахууныг чанга баримталдаг байдлыг, Германаас элит их сургуулиа тойрсон боловсролын тогтолцоо бий болгодог зарчмыг, Францаас захиргаадалтын шинжийг нь, АНУ-аас сургууль бол хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэх ёстой гэх мэт тогтолцоог нь аваад, энэ дөрвийг “Япон хүний үнэт чанар”-таа нэмж тусган Эзэн хаан нь зарлиг гаргаж байсан түүхтэй.

Эндээс нэг зүйл боддоо. Одоо бид “АНУ бол хүүхдүүдээ чөлөөт байдлаар боловсрол эзэмшүүлдэг” гээд л түүнийг нь дууриах гээд л янз янзын хөтөлбөр хэрэгжүүлж, эцэг эхчүүд ч “Хүүхдүүд чөлөөтэй байлгасангүй, эрхийг нь зөрчлөө” гэх мэт яриа дэл сул гардаг. Япон яагаад тэр чөлөөтэй, энд тэнд сул чөлөөтэй гүйнгээ, хэвтэнгээ суралцдаг, тэр явцад нь хичээл заадаг аргыг нь авалгүй бүх талаар нь хөгжүүлэх тогтолцоог нь олж харж, боловсролын системдээ шингээж, нэвтрүүлсэн юм бэ. Эндээс бид аль нэг орныг шууд дууриаж, бүгдийг нь зөв гэж үздэг байдлаа орхих ёстой байгаа биз. 70 жил Зөвлөлтийн боловсролын системээр явсан монголчууд сая гэнэт Америкийн систем л зөв гээд хуулбарлаад явж байна. Гэтэл америкчууд нь боловсролын өнөөгийн системээ одоо өөрсдөө шүүмжлээд, голоод байж байна шүү дээ. Ялангуяа, ерөнхий боловсролын систем нь болохгүй байгаа талаар маш их шүүмжлэл явж байна. Монгол хүүхдийг ширээнд томоотой суулгаад анхаарлыг нь олигтой төвлөрүүлж чадахгүй шахам онцлогтой байхад нэг нь ширээнд нөгөө нь газарт, зарим нь босож гүйж, хашгирч тоглоод ирвэл Монголын боловсролын систем, чанар яах билээ. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдэд тохирсон арга барил, сургалтын систем бий болгох, тодорхойлох нь чухал юм. 

-Японы сургалтын систем  маш сайн гэдэг хүн цөөнгүй. Та харин хэрхэн харж байна вэ?
-Японы ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бага ангидаа шинжлэх ухааны талын хичээлүүдийг үздэггүй. Хүн болох хүмүүжлийн, зан заншлын зүйлүүдийг давамгай үздэг юм байна. Энэ нь миний бодлоор зарим талаараа жаахан хоцроод байх шиг. Учир нь бараг дунд ангиасаа шинжлэх ухааны хичээлүүдээ үзэхээр нэлээд хойно судалж эхэлж байгаа юм. Гэхдээ дунд болон ахлах ангид нь маш эрчимтэйгээр судлуулж, сурагчид нь бараг гэртээ харьж хонож байгаа юм уу, үгүй юм уу гэмээр тууштай, их хичээллэх юм. Их, дээд сургуулийн оюутнуудаас бүр гэртээ харьдаг ч үгүй нь олон байж мэднэ. Үүнээс болж ахлах, дунд ангийн сурагчид ядаргаанд маш их орж байна, амиа хорлолтын нэг шалтгаан бас болж байна. Саяхан төгсөх ангийн сурагчдаас “Шалгалтаа дуусчихаад хамгийн түрүүнд юу хиймээр байна вэ” гэсэн судалгаа авахад бараг 90 гаруй хувь нь “Сайхан унтмаар байна” гэж хариулсан байгаа юм. Манай нэгдүгээр ангид үздэг нэг нь хоёроос бага гэх мэт их, багын тухай  программыг л гэхэд Японд зургадугаар ангиас нь дөнгөж заадаг.
Манайд бол 35 үсгээ цээжилж дуусав уу, үгүй юү бараг шинжлэх ухааны хичээлүүдээ судлаад эхэлдэг. Энэ нь бас нэг талаар арай эртдээд байна. Тэгэхээр Япон шиг бага ангидаа бүр судлахгүй, дунд ахлах ангид нь ачаалал их өгдөг биш, манайх шиг шууд судлаад эхлэхгүйгээр, явцын дундаа хаядаггүйгээр яг тохиромжтой заагийг нь олж судлуулах нь зүйтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, ачааллыг тэнцвэржүүлж, тасралтгүйгээр хөгжих боломжийг сургалтын системдээ маш сайн суулгаж өгөх хэрэгтэй. 

-Сургалтын систем тааруу ч монгол хүүхдүүд оюуны чадамжаараа дэлхийд гайхагдаж байгаа жишээ цөөнгүй. Оюуны чадамжаараа өндөр үнэлэгддэг Японд багагүй хугацаанд амьдарч байгаагийн хувьд энэ талаар таны бодол?
-Монгол хүүхдүүдийн оюуны чадамж, сэтгэн бодох чадвар маш сайн хөгжсөн. Өшөө хөгжүүлэх боломж, ирээдүй бий. Зөвхөн Оюун ухааны академид явж байгаа хүүхдүүд л гэхэд одоо дэлхийд цойлж байна шүү дээ. Дэлхийн хэмжээний тэмцээний 100 медалийн 70-ыг манай монгол хүүхдүүд авч байна гээд бодоод үз дээ. Монгол хүүхдүүдийн оюун ухаан үнэхээр сайн. Одоо бид илүү хөгжих боломжийг нь нээж, дээшлэх шат нь болох боломжтой бүхнийг яаралтай хийх хэрэгтэй байна.  

Олон улсын үнэлгээгээр монгол хүн сэтгэн бодох чадвараараа дэлхийд 11 дүгээр байрт гэсэн байна лээ. Минийхээр буюу оноо тэнцсэн улс орнуудын байдлаас харж дүгнэхэд долдугаар байрт явж байгаа. Оюуны чадавхиа хэрэглэх чадвараараа 49 дүгээр байрт явж байдаг. Энэ чадавхиа хөгжүүлэх чадвараар нь үнэлэхээр 59 дүгээрт бичигддэг. Оюуны чадвараараа ноу хау бүтээх чадвараараа бүр 111 рүү ордог. Энэ бол манай сургалтын систем нэг л болж өгөхгүй байгааг хэлж байгаа биз. Монголын боловсролын системийг түүхий эдээр яривал бид маш сайн түүхий эдээр их муу бүтээгдэхүүн бүтээж байна гэсэн үг. Хэдийгээр бүх хүүхэд оюуны чадамжаараа ийм өндөрт яваад байгаа хэрэг биш ч сайн хүүхдүүдээ дэлхийн хэмжээнд хүргэх боломжийг бид зөв олж, хэрэгжүүлэх хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл, Монгол хүүхдүүдийн чадвар, оюуны чадамжид нь тохирох сургалтын мэдлэг, систем үгүйлэгдэж байна. 

Одоогийн систем монгол хүүхдэдээ онол, практик ялгаагүй тохиромж муутай. Жишээ нь, физикийн хичээлээр үзэж байгаа хичээлээ турших, амьдрал дээр хэрэгжүүлэх чадвартай хүн хэр олон байгаа бол. Японы сайн тал бол хүүхдийг гараар нь маш их юм хийлгэдэг, туршлагажуулдаг, инженер сэтгэлгээ сайн суулгадаг, түүнийг нь амьдралд нь хэрэглэж чаддаг болгохыг чухалчилдагаараа давуу. 

-Та Монголын боловсролын системийг сайжруулах, өөрчлөхөд чиглэсэн ямар санаачилга гаргасан бэ. Холбогдох албаныхантай уулзаж, ажил хэрэг болгохыг зорьж байв уу?
-“Монгол Японы боловсролын системийн харьцуулсан судалгаа” нэртэй судалгааны ажлаа илтгэл болгоод Японы монголч эрдэмтдийн хуралд хэд хэдэн удаа тавьлаа. Бас Монголдоо ирээд “Монголын өнөөгийн боловсролыг дэлхийн тэргүүний хөгжилтэй орнуудын боловсролтой харьцуулсан судалгааны зарим үр дүн” гэсэн илтгэл тавьж, хэвлүүлж байна. Холбогдох албаныхан үзэж, санаа авах юмаа аваасай гэж хүсэж байгаа хэрэг.

Боловсролын системийг шинэчлэх үеэс эхлэн судалгаа хийж, хөдөлмөрлөж байгаа Японы нэлээд монголч эрдэмтэд байна. Тэд нэгдүгээрт, Монголчууд боловсролын хөтөлбөр, аргачлалуудаа маш богино хугацаанд өөрчлөөд байх юм. Сайд, дарга нартайгаа хамт бүх хөтөлбөр, аргачлал нь өөрчлөгдөөд байхаар хүүхдүүд, иргэд нь хохироод байгааг ойлгож, хөтөлбөрийн тогтолцоог хэрэгжүүлэх хугацааг багадаа 12 жилээр хэрэгжүүлдэг болбол үр дүнтэй гэсэн санал хэлж байна.

Сайн байж чадвал цааш нь үргэлжлүүлээд, муу бол дахин өөрчлөөд тогтвортойгоор авч явбал одоогийнхоос илүү үр дүн гарч мэднэ гэж байна. Улс орнуудын боловсролын тогтолцоо, дэлхийн боловсролын тогтолцоо ер нь адилхан болж байгааг анзаарах хэрэгтэйг тэд мөн зөвлөж байгаа. Хоёрдугаарт, багш нарын ур чадвар, мэдлэг, нэр хүндийг өргөхөөс гадна багшийн мэргэжил сонгох хүн нэмэгдүүлэхэд анхаармаар байна гэнэ. Монголд багшийн мэргэжил эзэмших хүний тоо эрс цөөрч байгаад цалин урамшуулал, нийгмийн бухимдал гэх мэт зүйлүүд нөлөөлж байгааг судлаачид онцолж байна. Дээр нь гайгүй сурлагатай төгсөгчид багшийн мэргэжлийг сонгохгүй болоод цөөнгүй жил болсон. 

-Та Монгол Улсаа хэр хөгжиж байна гэж боддог вэ?
-Манайхан байгаагаа их голох юм. Миний сайд байх үеийг бодвол Монгол Улс их өөр болсон шүү. Сайхан хөгжиж байна. Тухайн үеийн улсын төсөв одоогийн нэг аймгийн төсөв болчихоод байна шүү дээ. Япончууд нэг удаа “Монгол хөгжиж байна аа” гэж байна. Би “За яаж байна вэ” гэтэл “Хаа сайгүй кран ажиллаж байна шүү дээ” гэсэн. Үнэхээр хаа сайгүй барилга баригдаж байна. Энэ чинь хөгжлийн суурь шүү дээ. Өнгөрсөн жил би ажлаар Улаан-Үүдэд очиход 20 гаруй жилийн өмнөх Улаан-Үүд тэр чигээрээ л угтсан. Тэгэхэд манайх танигдахын аргагүй гоё болсон. Монгол Улс хөгжиж, залуус нь чадвартай, мэдлэгтэй болж, дэлхийд үнэлэгдэж байгаа шүү. Одоо харин улстөрчдийн шуналыг жаахан багасгачихвал улам их хөгжихөд саад алга. Хөдөө очиход малгүй өрх алга. Тал дүүрэн мал, айлынх нь гадаа суудлын болоод ачааны тэрэгтэй. Дээр нь бараг хүн бүр мотоцикльтой болчихож. Монголд байгаа ядуу хүн нь ажилгүй, арчаагүй хүн л ядуу амьдарч байна. Гудамжинд шуудай үүрсэн, халтар хувцастай хүмүүсийг чи нэг хараарай. Дандаа хөдөлмөрийн насны, залхуу хүн л байгаа биз. Хөдөө олон хүүхэдтэй нэг айл байсан. Тэднийхээр нэг хүн ороод гарахдаа “Нутгийнхаа мянгат малчны малыг нь нааш цааш болгож өгөөд ч болтугай хэдэн хүүхдэдээ гэдэс дотортой болооч” гэсэнд “Ядуу ч айлын зарц хийхдээ тулаагүй байна” гэж даналзсан гэж байгаа. Гэтэл эсрэгээрээ өөрийн гэсэн гэр оронгүй атлаа айл айлд очиж адуу, малыг нь хариулж өгдөг нэг залуу байдаг. Тэр өдөр нэгнийд нь ороход нь хайлмаг, гамбиртай өгчихөж байна гэнэ. Орой хариулсан малынх нь эзэд хоол хийгээд тавьчихсан, баяр наадам болохоор аль нэг айлынх нь гэргий сайхан дээл оёод өгчихдөг гэж байгаа. Өнөөх эр “Өөрийн гэсэн гэр орноор яах вэ. Ингээд ажиллаад, амьдраад байж болж байна” гэсэн гэж байгаа юм. Энэ чинь л ядуурал залхууралд байдаг гэдгийн том нотолгоо шүү дээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

Нийтлэлчид