Улаанбаатар 1c

“Хуйрнан шуугигч”-ийн хуйлруулдаг А.Даваабаатар аварга

-МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ- 

“Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаанд 39 удаа түрүүлж, бөх сонирхогчдын хайрыг хэдийн татсан эрэмгий зоригт, дайчин, хурц, шаггүй барилдаанч хүү Амгаланбаатарын Даваабаатарыг “Монголын гэрэлт ирээдүй” буландаа онцоллоо. 

А.Амгаланбаатарынх найм, зургаа, дөрвөн настай, нэг сартай дөрвөн бэрх шиг хөвгүүдтэй айл. Тэдний ууган хөвгүүд нь үндэсний бөхийн спортын хорхойтнууд. Ихэр юм шиг тэрсхэн хоёр хүү нь  “Хуйрнан шуугигч” бөхийн барилдаанд өнгө нэмж, зүс ижилсэн барилддаг.

Том хүү А.Даваабаатарын бөхийн замнал дөрөвхөн настай байхад нь эхэлсэн. Тэрбээр шийдэмгий барилдаан, уран, ганган, хурц эрэмгий мэхээрээ тод ялгардаг нэгэн. Үеийнхээ хүүхдийн дунд унаж яваад давдаг “босоо” аварга гэгддэг. Тэрбээр бямба гараг бүр зохиогддог “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаанд гурван жил барилдахдаа гуравхан удаа л ганзага хоосон буцаж байсан гэнэ. Бөхийнхөө зодог, шуудгийг өмсөхөөр эр бор харцага шиг өөртөө дэндүү итгэлтэй болдог. Тэр ааг бяр нь багтаж, ядсан том биетэй биш ч, арга, мэхээ ил галын түүдэг шиг өрддөг хүчтэн.

А.Даваабаатар: Би улсын арслан П.Бүрэнтөгс шиг жудагтай бөх болно

Гурван дүүгийн ах, аав, ээжийн хариуцлагатай хүү А.Даваабаатар “Орхон Хасу” ерөнхий боловсролын дунд сургуулийн III ангийн сурагч. Тэрбээр найман нас хүрсэн учир “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдаанаас хасагджээ. Тус барилдаан нь долоон нас хүртэлх хүүхдүүд л оролцох боломжтой байдаг. Хэвлүүхэн, хэрсүү хүү гурван дүүгээ хараад тунчиг завгүй өдрийг өнгөрөөдөг гэнэ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.  

-Анх барилдаж эхлэхэд ямар санагдаж байсан бэ?
-Дөрвөн настай байхад аав “Хуйрнан шуугигч”-д барилдуулсан. Гэтэл эхний барилдаанд нэг даваад, хоёрын даваандаа уначихсан. Дараа нь ахиж барилдаад адилхан нэг даваад, хоёрын даваандаа өвдөг шороодлоо. Харин азаар гурав дахь барилдаанаасаа хүрэл медаль хүртэж, дөрөв дэх барилдаан дээрээ түрүүлсэн. Тэрнээс хойш л байнга медаль авдаг болсон.

-“Хуйрнан шуугигч”-д нас нь хэтрээд хасагджээ. Өөр бөхийн дугуйланд явж байна уу?
-Үндэсний бөхийн дугуйланд явахгүй байгаа. Дүүтэйгээ барилдаж, бөхийн бэлтгэлээ хангадаг. Харин “Хуйрнан шуугигч”-д нас хэтэрч хасагдсанаас хойш жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Үндэсний бөхийг бодвол жаахан хэцүү. Би бөхөөс гадна сагсан бөмбөгийн спортоор хичээллэх дуртай.

-Жүдогоор хичээллэх юу нь хэцүү байна вэ?
-Би чинь үндэсний бөхийнхөө хутгах, хавирах, өмсөх зэрэг мэхийг сайн хийдэг, дуртай.  Гэтэл жүдогийн спорт хөлд орж болохгүй гэсэн дүрэмтэй юм билээ. Тийм учраас эхэндээ хэцүү байсан. Гэхдээ  удаан хугацаанд бэлтгэл хийгээд байхаар, бас барилдааны бичлэг үзэж байгаа учраас хурдан сайжирч байгаа. Одоогоор манай бэлтгэл түр завсарлаад байна.  Би нээрээ гуравхан сар жүдогоор хичээллэж байгаа ч анхныхаа тэмцээнд ороод алтан медаль авсан.

-Чи том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Би бөх болно. Анх бага байхдаа лам болно гэж боддог байлаа. Ээж хэлэхдээ намайг уйлаад байхаар ном уншиж байгаа ламын бичлэг үзүүлэхээр дуугүй болчихдог байсан гэсэн. Тэмцээнд орж түрүүлснээс хойш бөх болохоор шийдсэн.

-Бөх хүн ямар байгаасай гэж чи боддог вэ. Энэ хүн шиг бөх болно доо гэж үлгэр жишээ авдаг хүн бий юү?
-Би улсын арслан П.Бүрэнтөгс  шиг бөх болно. Тэр их жудагтай бөх. Сайн ч барилддаг юм. Яагаад ч юм арслангийн бичлэгийг үзэхээр цаанаасаа л хүндэлмээр санагдаад байдаг. Түүний барилдааны бичлэгийг үзэж, шинэ мэх сурдаг. Бас О.Хангай харцага шиг барилдахыг хүсдэг. Би нэг удаа О.Хангай харцагаас очиж, тарвас худалдаж авсан юм. Тэгсэн чинь тэр намайг “Өөрөөсөө том хүүхэдтэй барилдаж болохгүй шүү. Зүрх чинь үхэж, хашир болчихно” гэж хэлсэн юм. Бас тэр намайг сайн барилдаарай гэж ерөөсөн.

-Монгол бөхийн жудаг гэж чиний бодлоор юу вэ?
-Сүүлийн үед бөхчүүд унасан хэрнээ давсан юм шиг шууд дэвдэг болоод байгаа. Ямар ч гэсэн унасан бол дэвдэггүй, тэвчээртэй, бусдыг хүндэлдэг бөхийг жудагтай гэж хэлнэ. Хүч бяраа хүмүүст гайхуулдаггүй байх хэрэгтэй. Би өөрөөсөө жаахан хүүхдүүдтэй барилдахдаа зөөлхөн унагаадаг. Аав тэгж захидаг юм.

-Аав чинь чамд хэрхэн барилдахыг заадаг уу. Чи ер нь хэнээс зөвлөгөө авч барилддаг вэ?
-Би өөрийнхөөрөө барилдахыг хүсдэг. Ээж намайг барилдаж сураагүй байхад нэг удаа “Миний хүү шууд хөл рүү дайрч ороод, өрсөлдөгч бөхөө унага” гэж хэлсэн. Ээжийн хэлснээр хөл рүү орох мэхийг шууд хийсэн чинь би уначихсан. Хэрэв би өөрийнхөөрөө барилдсан бол тэр хүүхдийг давах байсан. Тэрнээс хойш би өөрийнхөөрөө барилддаг болсон (инээв).

-Чиний хамгийн үнэнч дэмжигч хэн бэ?
-Ээж, аав харин дүүгийн талд ороод байдаг юм. Аав уурхайд ажилладаг учраас сард долоо хоног л гэртээ байдаг. Ихэнхдээ ээж бөхийн барилдаанд дүүтэй цуг дагуулаад л явдаг. Намайг давахаар үзэгчийн суудлаас алгаа чанга, чанга ташаад л инээдэг. Манай дүү “Хуйрнан шуугигч”-д түрүүлж үзээгүй л дээ. Гэхдээ сайн барилддаг. Гэртээ байхдаа намайг заримдаа даваад л байдаг юм даа. 

-Чиний ойрын зорилго юу вэ?
-Бөх хүнд жин их чухал юм шиг санагддаг. Би таргалахыг хүсэж байна. “Хуйрнан шуугигч”-д хамт барилдаж, заримдаа намайг ялдаг байсан надтай чацуу хүүхдийн жин 59 килограмм байсан. Гэтэл би 29-хөн килограмм жинтэй, үеийнхнээсээ бага жинтэй санагддаг. Гэхдээ аав “Туранхай байх нь хурдан хөдлөхөд, бөхөө мэдрэхэд хэрэгтэй” гэж хэлсэн.

-Үндэсний бөхөөр хичээллэхэд юу нь гоё вэ. Бас барилдаж байхдаа ямар арга барилыг ихэвчлэн ашигладаг вэ?  
-Барилдах, угсраа мэх хийх, давах, түрүүлэх хамгийн гоё. Барилдаж байгаа хүүхдээ сайн харах, анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Би өмнө нь барилдаж үзээгүй хүүхэдтэй барилдахдаа их тонгойж, шууд хөл рүү нь ордог. Тэгээд л давдаг даа.

-Чамайг үзэгчид дэвээ, шаваагаа сайхан хийдэг гэж ярьдаг?
-Шувуу нисэж байгаа юм шиг дэвэх хэрэгтэй. Би дүүтэйгээ хамт шувуу нисэхийг дуурайж дэвдэг юм. Шувууны далавч шиг гараа өргөж байгаад л дэвнэ. Зарим хүүхдүүд их гоё дэвж, шавдаг. Тэднээс заримдаа суралцана.

-Чи саяхан ОХУ-ын Тува руу бөхийн барилдаанд явсан гэсэн. Тэмцээндээ яаж оролцсон бэ?
-Дөрвийн даваанд унасан. Тэр улсын дүрэм нь газар гар хүрч болохгүй гэж заадаг юм билээ. Манайх болохоор  гар газар хүрэхэд зүгээр, тохой хүрвэл унасанд тооцдог шүү дээ. Тэгсэн чинь би мартаад гараа газар хүргэчихсэн. Гэхдээ би тэр дүрмийг нь мэдэж байсан л даа. Миний өрсөлдөгч надтай адилхан настай хэрнээ надаас өндөр, том биетэй байсан. Ирэх зургадугаар сард дахиад тэмцээнд явна.

-Хичээл амарчихсан, бэлтгэлээ хийхгүй болохоор гэртээ юу хийж өдрийг өнгөрөөж байна вэ?
-Гурван дүүгээ “маллаад” л байж байна (инээв). Би хоёр  настай дүүгээ хардаг. Харин Дашням манцуйтай дүүгээ харж, ээжид тусладаг. Хоёр настай дүү маань надад их сайн. Бие засах, хоол идэх гээд өөрт нь тусламж хэрэгтэй болохоор намайг дуудаад байдаг.

Бэлэгдэж авсан зодог шуудгийг нь хүү маань “амилуулсан”

Түүний аав нь уул уурхайн компанид ажилладаг бөгөөд ихэнхдээ гэртээ байдаггүй. Харин ээж нь дөрвөн хүүгээ хараад гэртээ байдаг гэнэ. Бөхийн барилдаан болохоор л дэрсхэн хоёр хүүгээ дүүтэй нь дагуулаад дэвжээ болгоны ард зогсдог үнэнч дэмжигч нь. Р.Одгэрэл цэл залуухан бүсгүй хүүхдүүдийнхээ ирээдүйн гэрэлтэй замын чиглүүлэгч нь. Тэрбээр хүүгийнхээ талаар “Миний хүү чинь барилдаандаа оролцохоор очихдоо нүд нь сэргээд, гялалзаад л ирдэг. Бөхийнхөө зодог шуудгийг өмсөхөөрөө хэнд ч дийлдэхгүй юм шиг дэндүү өөртөө итгэлтэй болдог. Би энэ хүүхдийг давна л гэсэн байдалтай харагддаг. Тэр үйлдлийг нь харахаар өөрийн эрхгүй бахархал төрөөд байдаг юм. Харин дүү Дашням нь ахыгаа гэртээ байхдаа даваад байдаг хэрнээ тэмцээнд оролцохдоо чаддаггүй.

Барилдаанаа ер гаргаж чадахгүй, биеэ бариад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр цаанаасаа л бөхөд хайртай, дуртай хүүхэд гэж том хүүгээ боддог. Гэхдээ миний бага хүү ч бас авьяасгүй биш байх аа. Өсвөрийн улсын аваргад насандаа түрүүлсэн. Бөхөд өөрөө жаахан сонирхолгүй байх шиг байгаа юм. Харин том хүү маань эргэлзэх зүйлгүйгээр бөх болно гээд шийдчихсэн. Ямар ч гэсэн хүүгийнгээ занг эвдэхгүй, сайн багшид шавь оруулж, хүслийг нь биелүүлнэ л гэж бодож байна. Одоохондоо бол үндэсний бөхийн гол дасгалжуулагч нь аав нь, бас тэд өөрсдөө. Хоёр биедээ шинээр сурсан, харсан мэхээ зааж өгөөд л байдаг. Уг нь хүү маань бага байхдаа лам болно гэдэг байсан. “ТВ9” телевизийн “Ном хурах цаг” нэвтрүүлгийг тасралтгүй үздэг. Аавыгаа хөдөөнөөс  ирэхэд “Гандан орно” гэж уйлдаг хүү байлаа. Нэг удаа Гандан орно гээд уйлаад байхаар нь арга ядаад 16:00 цаг өнгөрч байхад явсан чинь хаалттай байсан. Гэтэл “Гандангаас гарахгүй гээд цаг гаран уйлж, лүйжин хурж байгаа лам дээр орж, нэг хэсэг хурал даган баяссан” (инээв). Хоёр наснаасаа хойш лам гэж явсан хүүхэд дөрвөн наснаасаа бөх болохоор шийдсэн дээ. Манай ээжийн тал бөхийн удамтай. Бас аав нь ч бөх багагүй сонирхдог учраас хоёр хүүгээ бөхөөр хичээллүүлэх сонирхолтой. Даваабаатарыг анх төрөхөд аав нь хүүтэй боллоо гэж баярлаад зодог, шуудаг худалдаж авч байсан. Хожмын өдөр тэрийг нь хүү маань амилуулж, “Хуйрнан шуугигч”-ийн дэвжээнд нэг хэсэг гангарсан” хэмээн бахархал дүүрэн мишээсээр ярьсан юм.  
А.Даваабаатар гэдэг нэр хожим дэлхийн дэвжээнээ цуурайтаж, Монголын нэрийн хуудас болох нь гарцаагүй. Жижигхэн биедээ баймааргүй хэрсүүхэн, хэвлүүхэн яриатай хүү Монголын үндэсний бөхийн  унасан хэрнээ давсан юм шиг зүтгэдэг, тэр бүү хэл унаад гүйдэг, дэвдэг бөхчүүдийн тухай эмзэглэж явдгаа ярьсан. Бөх, морь гэхээр суудалдаа тогтож, сууж чаддаггүй монголчуудын босоо аварга нь болох болтугай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Үнэнбат
    Барилдах төрсөн хүүдээ.Барилдааныг нь хэд дахин үзсэн ч уйдхааргүй.Ирээдүйд жудогоор олимпын,үндэсний бөхөөр дархан аварга болоорой.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Хуйрнан шуугагч фэн
    мэдрэмж их мундаг. миний хүндэлж, хайрлаж явдаг бөхдөө. нас хамаагүй.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Би монгол хүн
    Нялх амьтныг хэт их магтаж байж "эвдэв" ээ! Та нар Хадбаатарыг, Оюун-Эрдэнийг ингэж байгаад л "алсан" шүү.
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Dugaraa
    Amjilt hvsey dvv min mundag buh bolooroi
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Unshigch
    huuhdiin helsen yg ter ugeer n bichihgui setguulcj zasaad ynzlaad bichchiheer ontsgui yum
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • otgonbaatar
    minii dvv mongoldoo bish delxiid neree dursaj ybaarai ax n dvvgerei vrgelj baxarxaj ybdag shvv mi dvv mundag dvv shvv
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Нутгийн уран барилдаант дүү нартаа амжилт хүсье. Мөн сайхан гэр бүлд нь эрүүл энхийг хүсье.
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Pp
    Barildah gj topson huu bh Dawaabaatar awargadaa Sain shaniig husie. Barildaaniig Ni uzeh duptai Fen Ni bna
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Pp
    Barildah gj topson huu bh Dawaabaatar awargadaa Sain shaniig husie. Barildaaniig Ni uzeh duptai Fen Ni bna
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • сайхан ярилцлага болсон байна амьжилт хүсье
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Г.Энхболд
    Мундаг аварга болноо. А.Даваабаатар дүүдээ амжилт хүсье
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Г.Энхболд
    Мундаг аварга болноо. А.Даваабаатар дүүдээ амжилт хүсье
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
  • Содном
    Төрмөл авъяас гэж энэ хүүд л байгаам даа. Том бөх болно оо амжилт
    2020 оны 03 сарын 11 | Хариулах
Нийтлэлчид