Улаанбаатар 1c

Улсын аварга тариаланч Ч.Одсүрэн: Байгаль ээждээ өгч болох цорын ганц өглөг нь мод тарих юм

Амьдралынхаа 29 жилийг мод тарих, аймаг, орон нутгаа баянбүрд болгох үйлсэд зориулж яваа Ч.Одсүрэнг уншигчидтайгаа уулзуулъя. Тэрбээр, цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Монгол Улсын аварга тариаланч” гэх алдрын эзэн болсон юм. 
Ч.Одсүрэн аварга 1991 онд Сэлэнгэ аймгийн ХАА-н техникумыг агротехникч мэргэжлээр дүүргэн аймгийнхаа Мод үржүүлэг, ойжуулалтын хэсэгт техникчээр ажлын гараагаа эхэлжээ.

Өдгөө мод үржүүлгээс гадна газар тариалан эрхэлж өөрийнхөө тариалсан чацарганыг нутгийн иргэдэдээ эцсийн бүтээгдэхүүн болгон хүргэхээр үйлдвэр байгуулжээ. Хүүхэд байхаасаа л аав Чисрэнгийн хамт газар тариалан эрхэлж говь нутгаа цөлжилтөөс хамгаалах их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Түүний “Мод бол сэтгэл дагаж ургадаг” гэх ганц үг мянга мянган мод үржүүлэгчийг төрүүлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. 

-Сайхан хаваржиж байна уу. Юуны өмнө “Монгол Улсын аварга тариаланч” болсонд баяр хүргэе. Таны намтартай танилцаж байхдаа сэтгэлгүй олон дээд боловсролтон байснаас хөдөлмөрч, техник, мэргэжлийн боловсон хүчин чухлыг ойлгох шиг боллоо. Улсын аварга тариаланч болсон тухайгаа анх хэнээс сонсов?
-Сайхан хаваржиж байна. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Анх манай хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, аймгийн ерөнхий агрономич утасдаж, хэлсэн. 

-Ус нутагтаа 29 жил ажиллахдаа байгальд ээлтэй хөдөлмөр эрхэлжээ. Хүүхэд байхаасаа зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлсэн нь нүдээ олжээ. 29 жилийн өмнөх өөрийнхөө тухай танилцуулаач?
-Би Өмнөговь аймгийн Булган сумын харьяат. Сумандаа наймдугаар анги төгссөн. Манай сум аймагтаа хүнсний ногоо тариалалтаараа тэргүүлдэг. Хүүхэд байхаасаа л аавыгаа дагаж ногоо тарьсан даа. Манай сум Хөдөө аж ахуйн чиглэлийн Эрдэм шинжилгээний томоохон хүрээлэнтэй байлаа. Энд Хишгээ гээд агрономичийг дагаж, тарьсан, нутагшуулсан ургамал дээр нь ажилладаг хүүхэд байсан. Ингэж явсаар 1986 онд наймдугаар ангиа төгсөөд Алтанбулагийн ХАА-н техникумын хуваарь ирэхэд нь шалгалт өгч тэнцээд явсан. 1991 онд сургуулиа төгсөж ирээд аймгийн мод үржүүлэг, бойжуулалтын хэсэгт техникчээр ажилд ороод, хажуугаар нь мод тарих, газар тариалан эрхлэх, хөрс боловсруулалт хийдэг болсон нь надад маш их туршлага болсон. Ингэж байтал ардчилал эхэлж, цаг төр үймэхэд манай хэлтэс ойн, ангийн аж ахуйтай нэгдсэн. Энэ нэгдэлдээ техникчээр ажиллаж байтал, 1997 онд төсөв мөнгө гэх юмгүй болж, ерөнхийдөө хаалгаа барьсан даа. Дампуурч байгаа газрыг хувьчлана гэсэн яриа гарлаа. Яг энэ үед Хишгээ агрономич “Чи залуу хүн. Хувьчлах үйл ажиллагаанд оролц. Энэ газрын үйл ажиллагааг чи цааш нь үргэлжлүүлж авч явах ёстой” гэсэн үүрэг өгсөн. Энэ даалгаврыг нь гүйцэлдүүлж хувьчлах үйл ажиллагаанд оролцсоноор хувьдаа авсан. Энэ үеэс эхэлж өөрөө бие даан мод үржүүлж, ойжуулалтын ажил хийсэн юм. Ингэхдээ газар тариалангийнхаа ажлыг ч орхиогүй.

-Та олон мянган га-д мод тарьжээ. Хэзээнээс эхэлж ийм том үйлс хийж эхлэв?
-Би Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн багийн менежерээр ажилладаг. Анх энэ төслийн багт орчихоод 1500 гаруй га-д заг тарьсан. Сүүлд дахин 600 гаруй мянган га-д  заг тарилаа. 2008 онд Булган суманд чацарганы тариалалтыг бий болгох зорилгоор хоёр га-д бойжуулалт хийсэн. Ховдоос очиж чацарганы суулгац, мод авчирсан. Дарханаас сортын чацарганы мод авчирж тарьсан нь амжилттай бойжиж, ургац өгсөн. Үүнийхээ үр шимийг олон хүнд хүртээх зорилгоор аймагтаа анхны чацарганы ундааны үйлдвэр нээлээ. Яг Увс, Ховдын чацарганы брэнд бүтээгдэхүүн шиг өтгөрүүлсэн шүүс, шууд уух ундаа үйлдвэрлэж байна. Мөн чацарганы тос гаргаж байгаа. 

-Говьд чацаргана тэргүүтэй нарийн ногоо ургуулна гэхээр санаанд багтахгүй юм. Тариаланчаас нэлээд мэдлэг шаардахаас гадна арчилгаа, хөдөлмөр, зүтгэл их чухал санагдлаа?
-Хангай, говь хоёр өдөр, шөнө шиг ялгаатай. Говь бол хуурай, гандуу. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ бага. Тэгэхээр бүрэн усалгаатай тариалан л эрхлэх боломжтой. Ингэхийн тулд хангалттай усны эх үүсвэр бүрдүүлээд түүнээ тарималдаа хангалттай хэмжээгээр хүргэдэг байх ёстой. Энэ л хамгийн чухал. Түүнээс хангай газар шиг байгалийн услагаатай биш шүү дээ. Түүнээс арчилгаа, хөрс боловсруулалтын арга техник нь хангайн тариалалттай адилхан. Говь нутаг хангай шиг үржил шимтэй, хар шороон хөрстэй биш. Шимт хөрс нь нэг хувь хүрэхтэй үгүйтэй, ялзмаг бага. Гэхдээ юм болгон ургах боломжит хөрстэй.  Мөн нэг онцлогтой. Дулааны нийлбэр сайтай, ургалтын хугацаа урттай. Ургамал говийн хөрсөнд бүрэн ургах, боловсрох боломжтой гэсэн үг. Говьд ургасан бүхэн амттай, чанартай. Малынх нь мах хүртэл шимтэй байдаг шүү дээ. Үүний учир нь өнөөх амт, шимтэй ургамлаар хооллож байгаа учраас малынх нь мах эм. Энэ мэт говийн давуу тал олон. 

-Хөрс сайжруулалтыг хэрхэн хийдэг вэ. Над шиг хангай, хээр хосолсон нутагтай хүнд говь нүцгэн шаргал элс л гэж ойлгогдоод байдаг?
-Өмнөговь аймаг бол алтайн уулсын төгсгөл үзүүр уулстай. Говь гурван сайхан, Арц богдын нуруу ч гэдэг юм уу. Алтайн нурууны төгсгөл уулстай учраас яг ч элсэн манхан биш юм. Энэ сайхан уулсын буянаар говь нь говь руугаа хуваагдчихсан. Уулархаг газартаа хагалбар болсон цөлөрхөг хээрийн бүс нутаг. Говь хээр хосолсон элсэрхэг хоолойнууд ч бий. Элсэн молцог, уул, нурууд ч олон. Бид хөрсний үржил, шимийг сайжруулахын тулд уламжлалт аргаараа ажилладаг. Химийн бордоо мэтийн хүчтэй бодис хэрэглэдэггүй. Уламжлалт арга гэдэг нь бог малынхаа бууц, хөрзөн, шувууны сангас зэргийг ялзмаг болгож дараад борддог. Био ялзмаг, шувууны сангас, адууны хомоол болон бусад төрлийн нэмэлт бордоонуудыг талбайдаа хэрэглэж, ургамлын арчилгааг агротехнологийн дагуу хугацаанд нь гүйцэтгэж, талбайн хог ургамлыг гар аргаар болон техникээр, шаардлагатай үед гербицидээр устгаж байна.  

-Говьд усны асуудал хамгийн нэгдүгээрт тулгамддаг. Усны нөөц бүрдүүлэлтийг хэрхэн хийдэг вэ?
-Усны асуудал хүнд. Гэхдээ дээр хэлсэн. Энэ сайхан уулсын буян байна. Энэ нь усны хагалбар болдог. Хонхор, хотгор газартаа усны урсацтай, булаг, шанд элбэгтэй. Булаг, шандынхаа усыг ашиглаад хөвд цөөрөм байгуулаад услалтын системээ шийдээд газар тариалан эрхэлж байгаа газар олон. Угтаа бол улс орон даяар 1990 оноос өмнө олон сайхан услалтын систем хөгжсөн байлаа. Одоо энэ бүхэн үгүй болсон. Нутагтаа юм тарья, ургуулъя гэсэн хүсэл эрмэлзэлтэй хэдэн хүн гараар жаахан талбай хагалаад ойр зуурын ногоо тарьдаг байлаа. Тэгэхэд би ганц улаан трактортай. Түүгээрээ хөрс боловсруулалт хийж, газар хагалаад явдаг байсан. Чиргүүл дээрээ анжсаа аччихаад сумдаараа тойрдог байв. Тэгж яваад Баяндалайн Баянгийн Нарангийн услалтын систем, Номгоны Эрдэнэбилэг, Баянбулагийн услалтын системийг эргэж сэргээсэн. Трактортайгаа давхиж очоод хөрсийг нь боловсруулж, хагалдаг. Ингээд жил бүр ахиулсаар Өмнөговийн услалтын систем бүрэн хүчин чадлаараа жигд ажилласан. Одоо ч ажилладаг. Тэгэхээр Өмнөговийн газар тариалангийн услалтын системийг эргэж сэргэхэд нь тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан гэж боддог. Мөн улслалтын системийг салхинаас хамгаалах ойн зурвасууд хийсэн. 1997 онд Булганы “Дал” бригадын 4.5 га газрын услалтын систем, Баяндалайн Баяннаран, Номгоны Байшинтад гээд услалтын системийн хамгаалалтын ойн зурвас хийсэн. Даланзадгад хотын хамгаалалтын ойн зурвасыг 80 га-д хийж 46 мянган мод тарьж ургуулж байлаа. Үүнээс гадна өөрийн хөрөнгөөр ойжуулсан талбай олон. Услалтын системүүдийн тариалангийн талбайн хөрсийг элсний нүүдэл, шар шороон шуурганаас хамгаалахын тулд хайлаас, улиас, сухай, жигд, шар хуайс зэрэг хамгаалалтын болон гоёлын модоор ойн зурвас хийдэг юм. 

-Өнгөрөгч намар хэдий хэмжээний ургац хурааж авсан бэ?
-Энэ жил долоон тонн чацаргана хураалаа. Өнгөрсөн жил 12 тонныг авсан. Анх 2008 онд чацаргана тариалж эхэлсэн. Үүнээс гадна манайх аймгийнхаа төвд 7.6 га мод үржүүлгийн талбайтай. Өмч хувьчлалаар энэ талбайгаа ганц улаан тракторын хамт өмчилж авсан нь өдгөө миний амьдралыг тэтгэх хөрс боллоо. Энэ талбайдаа говьд ургуулах боломжтой арваад төрлийн мод үржүүлдэг. 1997 оноос хойш аймгийнхаа хэмжээнд тариалж байгаа мод, бутыг талбайдаа үржүүлснээс гадна Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Дорноговь руу тарьц, суулгац, үр нийлүүлдэг. Жилдээ ойролцоогоор  40-50 мянган тарьц суулгац энэ талбайгаас гарч байна.  

-Таныг ШБОС-ны эзэн гэдэг юм билээ. Хөдөө аж ахуйн салбарт таны санаачилан, бүтээн байгуулсан техник өндөр үр ашигтайг нутгийнхан нь хэлсэн. Ямар техник юм бэ?
-Тухайн үед өнөөдрийнх шиг элдэв техник элбэг байсангүй. Юм ховор, хэцүү байлаа. Мод тарих хүнд хамгийн хэцүү ажил хөрс боловсруулах байдаг. Өөрөөр хэлбэл, модны нүх ухах. 50 см-ийн диаметртэй, 60 см-ийн гүнтэй нүх ухаж байж мод тарьдаг шүү дээ. Яг тэр хөрсийг боловсруулах хэцүү. Манай говь шаварлаг, чулуулаг хөрстэй. Ийм хөрсийг гараар ухна гэдэг том ажил байлаа. Өдөрт нэлээд ажилсаг хүн л ийм стандарттай нүхийг арвыг ухна. Бид 80 га-д 40 гаруй мянган мод тарихдаа нүхийг нь гараар ухсан. Аймгийнхаа цэргийн ангийг энэ ажилд уриалаад цэргүүдийн хүчийг ашигласан юм. Гэлээ ч ахиц, бүтээмж муу байв. Нүх ухах ажил өдөр өнгөрөх тусам жижиг болж байсан. Хүмүүс ядарч, цуцахаараа хэзээ ч хэмжээгээр нь жигд ухагддаггүй, зовлонтой.  Энэ шалтгааны улмаас модны нүх ухах 60 см-ийн диаметртэй, тракторын хүч сунгах гол дээр эргэлт аваад эргэдэг, газар өрөмддөг өрөм санаачлан хийсэн. Бууц цутгагчийн редуктрыг ашигласан нь оновчтой болж, 80 га газрыг ухаж дуусгасан шүү. Одоо бодоход, модоо суулгах, тарих, ургуулж, амьдруулахад хамгийн чухал түлхэц өгсөн нь энэ ухах техник байж. Тухайн үед гараар ухсан бол яаж энэ олон зуун мянган модыг тарих билээ. Мөн нэг настай тарьцыг ухаж, гаргадаг тоног төхөөрөмж хийсэн ч түүнийгээ нэг их удаан ашиглаагүй. 

-Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?
-Хавар, зундаа 10-15 хүнийг ажлын байраар хангадаг. Хавар тарьц суулгацаа суулгахаас эхлээд хүн хүч зайлшгүй хэрэгтэй болно. Өвөлдөө 15 хүнийг ажлын байртай болгосон. Одооноос үржүүлгийн ажил эхлэх гээд бэлтгэл хангаж байна. 80 га газар ойжуулж байхдаа 500-аад хүнийг ажиллуулж байсан үе бий. 

-Улаанбаатарт жилд хоёр удаа нийтээр мод тарьдаг ч ургаж байгаа нь цөөн юм. Угтаа бол тарьсан мод нь ургасан бол Баянбүрд шиг л хот болох байлаа. Нийслэлд мод, бут ургахгүй байгаагийн гол шалтгаан нь юу юм бэ?
-Арчилгааны л алдаа гараад байна. Мод бол сэтгэл дагаж ургадаг. Тэгэхээр тарьсан, суулгасан модныхоо араас сэтгэл гаргахгүй байгаатай холбоотой гэж хэлнэ. Телевизийн камерын өмнө ганц бут суулгачихаад бусад үед нь хаячихаж байгаа болохоор ургахгүй ээ. Хэрэв та мод, бут суулгасан бол сэтгэл гаргах ёстой. Мод тарьж байгаагийнхаа цаад утга учрыг бодож үзэх хэрэгтэй. Бид уул уурхайтай орон. Газар дээрх биш газрын гүн дэх баялаг руугаа орчихсон. Тэгэхээр, байгаль эхийн хэвлий дэх нүүрс, алт, зэсийг авчихаад буцаагаад түүнийг нь унаган хэвээр нь эргүүлж хийж чадахгүй. Тиймээс байгаль ээждээ эргүүлээд өгч болох цорын ганц өглөг нь мод тарих юм. Өөр ямар ч өглөг байхгүй. Дэлхийн дулаарал, цөлжилтөөс гарах, байгаль дэлхийгээ хамгаалах, гэрэлт ирээдүйг хойч үедээ үлдээх ганц боломж нь ойр орчмоо ойжуулах юм. Говьд ой бий болгох нь жаахан эдийн засгийн хөшүүрэг л шаарддаг ажил. Тэгэхээр говьдоо заг, хайлаас, бусад шим тэжээлтэй жимс жимсгэнэ тарих байдлаар хүрээлэн буй орчноо Баянбүрд болгон өөрчлөх ёстой. Манай Өмнөговь аймаг бол таримал ойн сангийн талбайгаараа улсдаа сүүлийн гурван жил нэгдүгээр байрт орж байгаа. Хотынхоо төвд ч ногоон байгууламж сайтай аймаг. Мөн манай “Ногоон хэрэм” төслөөс 2000 га газар ойжуулаад аймаг, орон нутгийнхаа сум дундын ойн ангид хүлээлгэж өгдөг. Мөн жилд тарьсан модныхоо тоогоор улсдаа тэргүүлдэг. 

-Өмнөговийн иргэд мод тарих идэвх, санаачилга, сонирхолтой байдгийн учир нь юу вэ?
-Тарих тарьц байсандаа юм. Мөн орон нутгаа ойжуулах сэтгэлтэй, хөдөлмөрч хүмүүстэй.  Нөгөө талаараа, аймаг болгонд байсан ойн ангийн аж ахуй, мод үржүүлгийн газрууд зах зээлийн үед хувьчлагдаад, татан буугдсан. Заримынх нь үйл ажиллагаа өөрчлөгдөөд  алга болсон юм аа. Түүнээс улсын хэмжээнд үлдсэн мод үржүүлгийн цөөн газрын нэг нь манай аймгийнх. Жишээлбэл, Сэлэнгийн мод үржүүлгийн газар, Хэнтийн Биндэрийн мод үржүүлгийн газар л өдгөө байна. Говь, хээрийн бүс дэх мод үржүүлгийн газраас ганц манайх бүрэн хэмжээгээрээ одоо ч үйл ажиллагаагаа таслахгүй явуулж байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид