Улаанбаатар 1c

Дэнжийн мянгын дэлчгэр шар

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамбатай би 2007 онд Чикагогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахынх нь өмнө танилцаж билээ. Тэр жил  П.Сэрдамба Хятадын олимп, дэлхийн аварга Зоу Ши Минийг буулган авч Ази тивийн аварга болсон юм. Тийм учраас би түүнийг дэлхийн аваргаас медаль хүртэх чансаанд хүрсэн тамирчин гэж сонгосон. Харин тэрбээр Чикагогийн дэлхийн аваргад оролцож ирээд надад ярилцлага өгье гэв. Гэтэл дэлхийн аваргаас медальгүй ирлээ. П.Сэрдамба “Ахаа би ДАШТ-ээс медаль авч чадсангүй. Бээжингийн олимпоос медаль хүртэж, амжилт гаргачихаад танд ярилцлага өгнө”  гэж бас л хойшлуулав. Тэр үед би “Дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй байж, олимпоос медаль хүртэнэ гэнэ шүү.” хэмээн  дотроо түүнийг голонгуй бодож билээ.  

Миний ярилцлага ч өнгөрлөө. “Дараа жилийн наадам даанч хол байна даа, хол байна” гэдэг шиг жилийн дараа болох Бээжингийн олимп хаа ч байсан юм гээд нэг их тоосонгүй.
Цаг хугацаа “голын урсгал” шиг урсаад өнгөрөв. Олимпын наадам эхэллээ. Боксын 48 кг-ын жингийн сугалаа гарсныг харав.  П.Сэрдамба дэлхийн шилдгүүдтэй нэг хэсэгт таарсан байлаа.  Би “П.Сэрдамба  хэсгээсээ гарах нь  ч өнгөрч дээ” гэж бодов. Түүнийг олимпын медальд хүрнэ гэж бодох нь битгий хэл зүүдэлсэн ч үгүй. Гэтэл П.Сэрдамба маань Угандагийн Серуга, АНУ-ын Лиус Янес, Тайландын Руенроенг, Кубын Эрнандес зэрэг шилдэг боксчдыг дараалан сөхрүүлсээр олимпын аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болчихдог байгаа. Сэтгэл сэргээд дотор огшоод явчихлаа. Олимпын аваргын төлөө хятадын Зоу Ши Минтэй тулалдах юм байна. Урьд нь түүнийг нэг ялж байсан юм чинь хоёр дахь удаагаа ялж бололгүй яах вэ гэж бодов. Харамсалтай нь  олимпын наадмын өмнө Тайландын эзэн хааны цомын тэмцээний алтан медалийн төлөө тулалдахдаа авсан бэртэл нь  Кубын боксчинтой тулалдах үеэр сэдэрсэн байв. Ингээд П.Сэрдамбыг Бээжингийн олимпын аваргын алтан медалийн төлөө шүд зуун ганц гараараа нэг үе тулалдаж, эмч шүүгчийн магадлагаагаар  тулаанаа дуусгахыг нь харлаа. Ийнхүү тэрбээр Монголын боксын спортын түүхэн дэх олимпын анхны мөнгөн медалийг хүртэв.

П.Сэрдамба Бээжингийн олимпоос тохиолдлоор, сохор азаар мөнгөн медаль хүртээгүй гэдгээ жилийн дараа 2009 онд Миланд болсон ДАШТ  дээр баталж, нотлон харуулсан юм. 

П.Сэрдамбын бэртэл, гэмтэл нь сэдэрсэн ч монгол хүн, монгол тамирчны тэсвэр тэвчээрийг олимпын боксын рингэнд харуулж, монголын боксын спортын түүхийн хуудаст алтан үсгээр тодоос тод бичигдэх гавьяаг байгуулж чадсан юм. Гэтэл зарим хүмүүс түүнийг “Хятадын боксчинтой тулалдахгүй  бууж өглөө. Алтан медалиа худалдсан. Сохор азаар олимпоос мөнгөн медаль хүртлээ” гээд шуугиж гарав. Харин  хятадын боксчин Зоу Ши Мин олимпоос өмнө П.Сэрдамбаас өөр боксчинд ялагдаагүй байсан учраас эмээж байсан гэдэг.  Зоу Ши Мин рингэнд гарахын өмнө П.Сэрдамбын бэртэл сэдэрснийг мэджээ.  Зоу Ши Мин хэвлэлийн бага хурал дээр “Миний хувьд финалд хүрэх зам амархан байсан. Сүүлчийн тулаанаас эмээж байлаа. Гэтэл тулааны өмнө дасгалжуулагч маань Монголын боксчны баруун мөр гэмтсэн. Үүнийг нь сайн ашиглаарай гэснийг бодож тулалдаад аварга боллоо” хэмээн нууцаа дэлгэсэн билээ.
Бээжингийн олимпын наадам өндөрлөж, амласан ёсоор П.Сэрдамба олимпоос ирээд надад ярилцлага өгсөнд би хязгааргүй их баярлаж билээ. Тэр ярилцлагыг 2008 оны есдүгээр сарын 5-ны өдөр өгсөн. Ийнхүү би бүтэн нэг жил хүлээж байж  Дэнжийн 1000-ынхан дэггүй дэлчгэр шар гэдгээр минь андахгүй” хэмээх гарчигтай ярилцлагаа авсан түүхтэй. П.Сэрдамбын хүүхэд насны амьдрал надад ихийг бодогдуулж одоо хүртэл миний сэтгэлд тодхон байдаг юм. Боксын секцэнд орохоос өмнөх түүний бага нас  бараг л Дэнжийн 1000-ын хуучин зах дээр өнгөрсөн юм билээ, гэвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй биз ээ. Гэхдээ түүнийг Дэнжийн 1000-ын “Дэггүй дэлчгэр шар” гэхээр найгүй сахилгагүй хүүхэд байсан гэж битгий бодоорой. Их хөдөлгөөнтэй, овжин сэргэлэн, авхаалжтай, ажилсаг, өр нимгэн сэтгэлтэй, энэрэнгүй хүүхэд байсан юм билээ.

Түүний санаанаас ч гардаггүй нэг дурсамж, гэмшил сэтгэлд нь хадгалагдаж яваа гэдгийг дуулгая. Бага байхдаа дугуйтай хурдлан давхиж яваад нэг хүүхдийг дайрч гарыг нь хугалсан гэдэг. Санамсар болгоомжгүй байдлаасаа болж тэр хүүхдийн гарыг хугалсандаа одоо хүртэл гэмшиж явдаг гэсэн. Мөн түүнчлэн боксын спортыг сонгосон түүх нь ч их санамсаргүй зүйл байжээ. П.Сэрдамба бөх болно гэж мөрөөддөг байж. Тэгээд жүдогийн секцэнд бүртгүүлэх санаатай очжээ.  Жүдогийн танхимын хаалгаар шагайхад нь нэг их ууртай бөх их сүржин ширүүн зангаар “Чи наад хаалгаа гаднаас нь хаагаад гар” гэхээр нь айсандаа чимээгүй гараад явчихсан гэдэг. Тэгж яваад санамсаргүй тохиолдлоор боксын заалны хаалгаар шагайжээ. Гэтэл гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг багш “Чи секцэнд орох санаатай яваа хүүхэд үү” гэж асуухаар нь сандрахдаа тийм гээд хэлчихэж. Ингэж  л төөрч будилж яваад П.Сэрдамба боксын спорттой амьдралаа холбосон түүхтэй юм билээ.
П.Сэрдамба Бээжингийн олимпоос тохиолдлоор, сохор азаар мөнгөн медаль хүртээгүй гэдгээ жилийн дараа 2009 онд Миланд болсон ДАШТ  дээр баталж, нотлон харуулсан юм. Тэрбээр Миланы рингэнд Словакийн Мирослав Ковач, Бразилийн Пауло Карвахо, Арменийн Данилян, Хятадын Ли Жиа Зао, ОХУ-ын Давид Айрептян нарын шилдгүүдийг буулган авч дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан. Боксын ДАШТ  хоёр жилд нэг удаа болдог билээ. Тийм болохоор  2011 оны Бакугийн ДАШТ-нд дахин тулалдаж Камеруны Эссонба, Колумбын Авилаги,  Кубын Веита нарыг буулган авч  мөнгөн медалийн төлөө Өмнөд Солонгосын Шин Жон Хонтой тулалдсан. “Гал гарсан” ширүүн тэмцлийн цаг дуусаж оноо өгөхөд шүүгчид ялалтыг Шин Жон Хонд өгсөн. Ийнхүү П.Сэрдамба Бакугийн дэлхийн аваргаас хүрэл медальтай эх орондоо буцаж ирж, Монголын боксын спортын түүхэнд олимпын анхны мөнгөн медаль дэлхийн аваргын алт, хүрэл хос медальтан болон мөнхөрсөн билээ.

Лондоны 2012 оны олимпоос П.Сэрдамбыг медаль хүртэнэ гэдэгт олон хүн итгэж байлаа. Харин олимп, дэлхийн медальтан маань Бээжингийн олимпоос медаль хүртэнэ гэдэг шигээ зоримог итгэлтэй амлалт өгөөгүй. Би хичээнээ л гэсэн. Тэрбээр Лондонд эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн боксчин Девендро Сингх Лаишрамтай тулалдаж 11-16 буюу  гурван үед (3-4, 2-4, 6-8)-ын харьцаатай шүүгчдийн өгсөн оноогоор ялагдал хүлээсэн. Энэ ялагдлыг монголчууд хүндээр хүлээж авсан ч П.Сэрдамба түүнд ууч, уужим сэтгэлээр хандсан. Түүний урьд өмнө үзүүлсэн амжилтууд үнэхээр гайхамшигтай бахдам сайхан түүхэн гавьяа байсан болохоор тэр. 
П.Сэрдамба Лондоны олимпоос ирээд удалгүй зодог тайллаа гэдгээ мэдэгдэж хэлэхдээ “Би өөрийгөө одоо болсон гэж бодож байна. Тогтмол 49 кг-ын жингээ барихын тулд өдөр бүр хагас өлсгөлөн байдалтай 8-9 жил явлаа. Миний хурд, хүч хөдөлгөөн урьдынх шигээ эрчимтэй хөдлөхөө больчихсон. Шинэ залуу боксчдыг дэмжих хэрэгтэй байна” гэж билээ. Мөн тэрбээр залуу тамирчдад хандаж хэлэхдээ “Бэлтгэлээ зорилготой хийвэл дийлэхгүй өрсөлдөгч гэж үгүй. Өрсөлдөгч боксчин чинь ямар робот биш. Хичээх л хэрэгтэй. Чамд түүнийг дийлэх өдөр ирж л таарна.  “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сайхан үгийг үргэлж санаж, бодож яваарай” гэж захин хэлж билээ. 
П.Сэрдамба зодог тайлаад боксын спортынхоо хөгжил,дэвшилд  үнэтэй хувь нэмэр оруулах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн  Монголын боксын холбооны нарийн бичгийн даргын ажлыг амжилттай хийсэн. Түүний дараа “Замчин” спорт хорооны даргаар томилогдон очиж, одоо хүртэл спортоосоо хөндийрөөгүй явна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид