Улаанбаатар 1c

Г.Махбариад: Цол өгөөд л байсан, би ч аваад л байсан. Цэргийнхний 16 жилд авдаг цолыг би таван жилд зүүсэн

Х.УЯНГА, Npost.mn
2020-03-16 10:39

Батлан хамгаалах яамны орлогч сайд асан, хошууч генерал Г.Махбариадыг “ҮШ”-гийн хоймор”-тоо урилаа. Зэвсэгт хүчинд төдийгүй ард олны дунд нэр нь түгсэн, домог мэт яригддаг буурал генералуудын нэг тэрбээр сонин хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй хүн. Өөрийгөө магтаж, дөвийлгөх дэмий гэсэн бодолтой, асуултад хоёр гуравхан үгээр хариулдаг, ам чангатай, цэргийн хүмүүжилдээ үнэнч түүнтэй хоёр дахь удаагаа уулзаж буй минь энэ.

ЭЭЖ, ААВДАА ДУУЛГАЛГҮЙ ЦЭРГИЙН АЛБАНД МОРДСОН. ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ХАЛАГДААД ОЧИХОД МИНЬ Л МЭДСЭН

-Сайхан хаваржиж байна уу. Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдөр Цэргийн баярыг тохиолдуулан танаас ярилцлага авъя гээд зориод ирлээ. Өмнө нь ярилцахдаа лавлаж, тодруулаад асуучихмаар зүйл нэг бус үлдсэн болохоор түүнийгээ гүйцээх санаатай?
-Тавлаг сайхан хаваржиж байна. Намайг марталгүй, зориод ирсэнд баярлалаа. Асуултанд чинь хариулж дөнгөдөг л байгаа даа, базарваань.

-Тийм хэцүү асуулт тавьж, яримааргүй зүйлийг тань яриулах гэж зовоохгүй. Энгүүн сайхан яриа л өрнүүлье?
-Би ер нь хэвлэлд ярилцлага өгөх дургүй. Надад тэгж сонирхуулж яриад байхаар юм ч ховор. Хэдэн жилийн өмнө чамд нэг ярилцлага өгсөн. Дараа нь өөр нэг сэтгүүлч шалаад байхаар нь “Би ийм л юм ярина. Үүнээс илүүг ярихгүй. Нэгэнт өөрчлөгдөхгүй зүйлийг дахин дахин яриад яах вэ” гээд чиний сонинг өгсөн. Дээр, доор нь оруулаад гаргасан байна билээ.

-Та ядуу,  тарчиг амьдралд өсөж өндийсөн гэж өмнөх ярилцлагадаа дурдаад өнгөрсөн. Дайны дараах жилүүдэд монголчуудын амьдрал нийтээрээ л сайн биш байсан шиг билээ. Таны хувьд чухам ямар амьдрал туулсныг дэлгэрүүлж яриулмаар санагдаж байна. Энэ бол түүх шүү дээ?
-Би 1934 онд төрсөн хүн. Одоо бодоход яг дайны жилүүдэд бага нас минь өнгөрч. “Зөвлөлтийн ард түмэнд бэлэг, тусламж өгөх хэрэгтэй” гэж ярьдаг байсан нь л ой тойнд бүдэг бадаг үлдсэнээс өөрөөр дайнтай холбоотой дурсамж алга. Дайн гэж юу болохыг гүйцэд ойлгох ухаан суугаагүй байсантай холбоотой байх. Тэр үед яагаад тийм ховор живэр, ядуу татуу байгаа талаараа бодож байсангүй. Манайх арван хэдхэн толгой богтой, ядуу айл байв. Аав, ээж минь нутгийн мал ахуй олонтой айлуудын ажилд тусалж, амьдралаа залгуулна. Би сумын бага сургуульд сурч байгаад, түүнийгээ ч төгсөлгүй орхисон. Нэгдүгээрт, дөрөвдүгээр анги төгслөө гэхэд аймаг руу явах боломжгүй, хоёрдугаарт, малын захад гарч, айл амьтны мал маллан, ээж, аавынхаа амьжиргаанд нэмэр болох хэрэгтэй гэж гэрийнхэн маань шийдсэн хэрэг. Хөдөөгийнхөн тэр үед нэгэнт сургууль соёлын мөр хөөхгүй бол сургуульд сурч, цаг гарздах хэрэггүй, нэрээ зөв бичиж чаддаг байхад болно гэж үздэг байлаа шүү дээ.

-Цэргийн албанд татагдахаасаа өмнө сумын зарлага, аймагт бичээчийн ажил хийж байсан гэсэн. Нэрээ бичихээс илүүг сурсан болохоор ийм ажилд сонгогдсон болов уу?
-Сургуулиас гараад нутгийн баячуудын эмнэг хангалыг номхруулах, түлээ түлш бэлтгэх, хашаа засах, худаг гаргах гээд хийхгүй ажилгүй хийсэн. Нутгийнхан маань ч намайг ажилтай, сэргэлэн хүү хэмээн магтах болов. Энэ үг сумын даргын чихэнд хүрсэн юм уу, нэг өдөр манайд бууж “Танай өндөр бор хүүг сумын төвд суулгаж, ажилтай, эрдэмтэй хүн болговол зүгээр юм” гэж ээж, аавд хэлээд , намайг сумын зарлага болгосон. Энэ ажил нэг их бичиг үсэг шаардахгүй ээ, захиргаанд хүн дуудахад хэл хүргэх л үүрэгтэй. Гэхдээ хэдэн малын хойноос өглөө, оройгүй хөөцөлдөж, айлын ажил хийж явсан хүнд бол том дэвшил л дээ. Тэгэхэд би 19-тэй байсан. Дараа жил нь ээжийн дүү аймгаас ирж, намайг авч яваад, аймгийн Хоршоодын холбооны бичээчээр ажилд оруулсан. Тэр ажлыг давгүй хийгээд байсныг бодоход бичиг үсэгт гайгүй тайлагдчихсан байсан юм болов уу даа.

-Даргынхаа үгнээс зөрөн байж цэргийн албанд мордсон гэдэг бил үү?
-1955 онд надад цэргийн зарлан ирсэн юм. Би аймгийн Хоршоодын холбооны бичээчээр ажиллаж байхдаа бас овоо гэгдэж, даргынхаа итгэлийг хүлээж явсан юм байх. Цэргийн зарлан ирснийг дуулаад даргын нүд орой дээрээ гарч, “Чамайг явуулчихвал энэ байгууллагын ажил зогсоно" гээд "Ажил төрлийн шаардлагаар цэргийн албанд явах боломжгүй тул чөлөөлж өгнө үү" гэсэн бичиг хийж өгдөг юм байна. Тэр бичгээ надад өгөөд “Үүнийг цэрэг татлагын комиссынхонд үзүүлээд, чөлөөлөгдөөд ир” гэв. Би цэрэгт явмаар байсан тул даргын бичгийг үзүүлээгүйгээр барахгүй цэрэг татлагын комиссын дарга Р.Гүнсэн (хожим хошууч генерал болсон) гуайтай уулзаж “Амьдрал ядуу, энд гэр орон ч байхгүй, айлд суудаг. Би цэргийн албанд заавал явмаар байна. Намайг цэрэгт аваач” гэж гуйсан. Ингэж цэргийн албанд татагдаж байлаа.

-Аймгийн төвд ажил албатай, дарга тань танд сайн байж. Харин та яагаад тэгтлээ цэргийн албанд дурлаж, зүтгэсэн юм бэ. Тэр үед цэргийн дарга, магадгүй генерал болохыг мөрөөдөж байв уу?
-Юун генерал болно гэж мөрөөдөх, цэргийн дарга болно ч гэж бодож зүрхэлдэггүй байсан. Аав, ээждээ дэм болж, хоногийн хоолонд нэмэр олох, амьдралаа өөд татах гэж л зарлага, бичээч хийж, өнөө, маргаашаа бодож явсан амьтан шүү дээ. Би бичээчээр ажиллаад өөрийгөө л дөнгөн данган болгохоос хэтрэхгүй. Аав, ээж, гурван дүү минь айлын мал хариулдаг, ядуу зүдүү амьдралаас хэзээ ч гарч чадахааргүй санагддаг байлаа. Нас дээр гарч байгаа аав, ээждээ олигтойхон тус дэм болохын тулд хот хүрээ орж, эрдэм ном сурах, аавын олон хөвгүүдтэй танилцаж, мөр зэрэгцэн явах хүсэл надад байсан. Түүнээс гадна аймгийн төвд олигтой таньж мэдэх айлгүй, нэг айлд түр сууж байсан ч насаараа тэднийд байна гэж үгүй шүү дээ. 

-Ямар ч байсан нэг алхам хийе, цэрэгт явбал амьдралд минь ямар нэг өөрчлөлт гарч магадгүй гэж бодож, тийм үү?
-Тэгсэн. Ямар нэг алхам, урашлах оролдлого хийх хэрэгтэй байсан. Тэр үед хөдөөгийн залуус цэргийн албанд татагдаад, тэндээ улирч үлдсэн талаар мэр сэр дуулддаг байлаа. Цэргийн алба сайн хааж, тэндээ улираад үлдвэл амьдрал арай өөрчлөгдөж магадгүй гэж бодсон. Ингээд л зүтгэсэн. 1955 он миний амьдралын түүхэн жил, ээл өлзийгөө өгсөн сайхан он гэж би сүсэлдэг. Тэр жил тэгж цэргийн албанд мордоогүй бол би энэ өндөр албан тушаал, алдар цолонд хүрээ ч бил үү, үгүй ч бил үү.

-Цэргийн албанд мордож буйгаа ээж, аавдаа ч хэлээгүй явсан гэсэн. Их хэнэггүй эр байж ээ дээ?
-Би гэрээсээ хол, аймгийн төвд ажиллаж байгаад шууд цэргийн албанд мордсон тухай дээр хэлсэн шүү дээ. Одоогийнх шиг хүссэн үедээ утас цохиод, хаашаа ч хамаагүй холбогдчих боломж байсангүй. Харилцаа холбоо хөгжөөгүй тэр үед захидал бичээд ч хэдэн сарын дараа очно, зарим нь замдаа үрэгдэнэ. Замдаа үрэгдэлгүй багийн дарга, ухуулагчийн гарт хүрвэл тэднийг захидлын хаягласан эзний нутаглаж байгаа зүг рүү явах ажил гарах хүртэл хэд хоногоор ч хамаагүй унинд нь хавчуулаастай хэвтэнэ. Сумын зарлага хийж байхдаа үүнийг мэддэг болсон тул захиа бичээгүй юм. Бас захидал очлоо гэхэд аав, ээж минь бичиг үсэг тайлагдсан хүн олж захиагаа дуудуулах гэж бөөн ажил болно. Ядуу зүдүү хүмүүс хүн царайчлаад явах ямар байх вэ. Тэдэндээ төвөг удаад яах вэ гэж бодсон царай нь тэр юм болов уу даа.
Би эхлээд Зүүнбаянгийн хилийн цэргийн ангид хуваарилагдсан юм. Цэргийн анги аймагтай ойрхон болохоор шинэ цэргүүд карантинд хэд хоноход надаас бусдын аав, ээж, ах, дүү, эхнэр, хүүхдүүд хоол, цай барин эргэж ирж, би л эргэлтгүй тэр өдрүүдийг дуусгасан. Угаасаа ирэх хүн байхгүйг мэдэж байсан болохоор би хүмүүсийн эргэлтийн хоолноос идчихээд хэнэг ч үгүй суудаг байв. 1956 онд цэргийн анги маань татан буугдаж, Улаанбаатарт шилжиж ирээд, нийслэлд албаа үргэлжлүүлэн хаасан даа.

-Хот хүрээ орж, сайхан амьдрал хайя гэж боддог хүүгийн хүсэл биелжээ. Говийн хүү Улаанбаатарт ирэхэд ямар санагдаж байв?
-Машинд ачиж ирээд, шууд цэргийн ангийн хашаанд буулгасан болохоор ямар газар ирж байгаагаа сайн мэдээгүй. Уул, ус үзээгүй хүнд эргэн тойрны өндөр уулс, Туул гол л их сонин санагдаж байж билээ. Дотоодын цэргийн 05-р ангид хуваарилагдаж, дараа нь Жанжин штабыг хамгаалах ангид шилжин, 1958 онд хугацаат цэргийн албанаас халагдаж, офицер болсон. Тэр жил МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр Офицерийн ордны дэргэд цэргийнхэнд зориулсан оройн бүрэн дунд сургууль нээсэн юм. Би тэр сургуульд орж, оройгоор аравдугаар анги төгсөөд, 1962 онд ЗХУ-ын Цэргийн инженерийн академид элссэн. 27 настайдаа бүрэн дунд боловсрол эзэмшиж, мэргэжил эзэмшихээр явж байгаа нь тэр.

-Аав, ээж тань хүүгээ цэрэгт явсныг хэзээ мэдсэн бэ. Хот руу ирснийг чинь мэдсэн биз дээ?
-Мэдээгүй ээ. Хэн хэлэх вэ дээ. Гурван жилийн дараа халагдаж очоод, тэднийгээ хот руу татаж авсан. Тэр үед ганц манайх гэлтгүй, чадал тэнхээ муутай айлын хүүхдүүд амьдрал хөөж, сургууль соёл бараадаж яваад сураг гарахгүй удах тохиолдол бишгүй байлаа. Хаана байгааг нь ч яг таг мэдэхгүй хүмүүс “Хүү минь тийшээ л явсан, тэр хавьд л байгаа гэнэ билээ” гэцгээдэг, хэдэн жилийн дараа “Тэдний хүү тийм болоод ирж” гэсэн яриа их сонин, сайхан сонсогддог байж билээ. Түүн шиг ээж, аав минь намайг аймаг руу л явсан, тэр хавьд л байгаа байх гэж бодож суусан болов уу.

-Ээж, аав тань таныг цэргийн дарга болоод очиход баярласан уу?
-Аав, ээж минь бичиг үсэг ч үгүй, малчин улс. Цэргийн цол авсан, тэр нь ийм сайхан юмны эхлэл гэдгийг ойлгоо ч үгүй байх, зайлуул. Баярлаж хөөрсөн юм байхгүй. Намайг тийм сүрхий хариуцлагатай ажил хийж байна ч гэж боддоггүй байсан болов уу. Орос руу сургуульд явна гэхэд “Тийм олон жил тэгж явж яах юм бэ” гэж их дургүйцэж билээ. Харин генерал болоход минь баярласан байх. Ээж, аав минь хоёул 80 шахаж бурхан болсон. Ямар ч байсан ядуу зүдүү амьдралаас гаргаж, гайгүй харж хандаж байгаад явуулсан гэж боддог. Би аав, ээжээс дөрвүүлээ байсан. Эгч, дүү нар минь ч бүгд бурхан боллоо. Ер нь л ганцаараа үлдэж байна шүү, би. Хань минь 2007 онд мөнх бусыг үзүүлсэн. Манайх таван хүү, ганц охинтой байснаас том хүү, охин хоёр минь үгүй боллоо. Үеийнхэн маань ч цөөрч байна. Манай үеийнхнээс гурван генерал л сэрүүн тунгалаг үлдэж дээ. Хүн зовлон даадаг гэдэг, ингэсгээд л амьдарч байна.

“ЭНЭ ХҮҮХДИЙГ АРАЙ ЭРХЛҮҮЛЖ, ЦОЛЫГ НЬ ДЭНДҮҮ ОЙРХОН АХИУЛЖ БАЙНА. ЗАЛУУ ХҮНИЙГ ЭВДЛЭЭ” ГЭХ ХҮН Ч БАЙСАН

-Та ЗХУ-д төгсөөд гуравхан жилийн дараа ЗХЖШ-ын орлогч дарга болсон юм билээ. Ер нь хойно төгссөн хүн тушаал дэвшихэд амархан байсан шиг ээ?
-1968 онд төгсөж ирээд ЗХЖШ-ын Газрын зургийн хэлтэст инженер, 1969 онд хэлтсийн дарга болсон юм. Хоёр жил уг албандаа ажиллаад ЗХЖШ-ын орлогч, Дайчлах, зохион байгуулах, нөхөн хангах газрын даргаар томилогдсон. 1976 онд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга болж, Сайд нарын зөвлөлийн тушаалаар хошууч генерал цол шагнагдаж байлаа. 1978-1980 онд ЗХУ-д К.Е.Ворошиловын нэрэмжит Жанжин штабын дээд академид суралцаж ирээд 1980 онд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогчоор дахин томилогдсон. Энэ албандаа 1985 он хүртэл ажиллаад , 1985 онд БХЯ-ны орлогч сайд, Улсын иргэний хамгаалалтын дарга болсон. Ингээд 1990 онд гавьяаны амралтандаа суусан. Албан тушаал ахисан он цаг гэвэл ийм байна. Нэг их хурдан ч биш, шат дараагаараа л явсан гэж боддог.

-Цэргийнхний 16 жилд авдаг цолуудыг тавхан жилийн хугацаанд авчихсан гэсэн. Яагаад тэгж хурдан цол ахиж байснаа та яриагүй?
-Цэргийнхний дунд "Генерал цол мөрөөддөггүй бол цэрэг биш" гэсэн үг байдаг. Би ч бас цэрэг байхдаа мөрөөдөж л явсан. Харин офицер болсноос хойших 18 жилд генерал цолыг мөрөөдөх зав гараагүй санагдана. Ажил ч их байлаа. Миний цол ч хурдан ахисан. Чухам ямар учраас миний цолнууд хугацаанаасаа өмнө олгогдсоныг мэдэхгүй. Тэр үед авлига, албан тушаалын наймаа байсангүй, ажлын амжилтаар л хугацаанаас өмнө өгдөг байсан юм. Намайг дарга нарт тал тохой татаж, хүнийг дээр , доор гэж ялгаж яваагүйг хамт ажиллаж байсан хүмүүс маань хэлэх байх. Тэгэхээр албаа сайн хаах, цэрэг хүний хүлээсэн үүргээ цаг тухайд нь, чанартай биелүүлэх гэж хичээдэг хэнхэгдүү зан маань нөлөөлсөн юм болов уу даа. Би цэргийн албаа сайн хаахын төлөө зүтгэсэн, албаа сайхан хаасан. 1958 онд цэргээс халагдахдаа бага дэслэгч болоод, 1959 онд дэслэгч цолоо хугацаанаас өмнө авсан. ЗХУ руу сургуульд явахад цол өгдөг байсан юм. Энэ ёсоор 1962 онд академид явахад ахлах дэслэгч цол өгсөн. Ахлах дэслэгчийн мөрдэсийг би дөрвөн жил зүүсэн. Төгсөж ирээд 1968 онд ахмад, 1970 онд хошууч, 1972 онд дэд хурандаа, 1973 онд хурандаа, 1976 онд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга болж, Сайд нарын Зөвлөлийн тушаалаар хошууч генерал болж байлаа. Ахмадаас хошууч дөрөв, хошуучаас дэд хурандаа зургаа жил, дэд хурандаагаас хурандаа зургаан жил, хурандаа хугацаагүй байсан. Ахмадаас хурандаа хүртэл 16 жилийн хугацаанд авах ёстой цолыг би 1971-1976 онд авчихсан юм. Бодвол албан үүргээ сайн л гүйцэтгэж байсан юм байлгүй.

-Та генералын мөрдэс мөрөөддөггүй цэрэг байхгүй гэж хэллээ. Генерал цол авахад ямар ч хүнд бахархал, омогшил төрдөг байх. Тэр тусмаа та залуудаа генерал болсон хүн. Ямар санагдаж байв?
-1976 оны зургадугаар сарын 4-нд Монгол Улсын 52 дахь генерал болж байлаа. 42 настайдаа генерал болох нь залууд тооцогдоно шүү. Сансрын нисэгч Ж.Гүррагчаа 36-тай генерал болсон. Тэр бол өөр нөхцөл байсан. Цэргийнхэн ихэвчлэн 50-60 хүрч байж генерал цолонд хүрнэ шүү. 60 нэлээд гарсан хойноо авсан хүн ч бий.
Мөрдэсөө гардаж авахад үнэхээр сэтгэл догдолдог юм билээ. Цэргийн байгууллагад олон жил удирдах ажил хийсэн, хэр баргийн сэтгэл хөдлөлийг ил гаргаад байхааргүй болсон гэж бодож байсан ч "Монгол Улсын төлөө зүтгэе" гэж хэлэхэд хоолой зангирсан шүү. БХЯ-ны сайд, армийн генерал Б.Доржийн өрөөнд цолоо авч, цэрэг хүний гүйцэтгэвэл зохих ёс төрийг гүйцэтгээд аав, ээж, эхнэр, хүүхэд рүүгээ яарсан. Эхлээд аав, ээждээ очсон юм. Хөөрхий муу аав, ээж минь баярласандаа нулимс унагаж байж билээ.

-Таныг ийм богино хугацаанд цол ахихад "Энэ хүний цол дэндлээ. Залуу хүнийг эвдлээ" гэж хэлэх хүн ч байсан гэдэг. Хүнийг ингэж хэлтэл нь цол ахина гэхээр ямар нэг онцгой үүрэг гүйцэтгэсэн, гавьяа байгуулсан л байж таарна даа?
-Миний үндсэн мэргэжил геодизи. Агаараас зураг аваад, түүнийгээ газрын зураг болгодог хүн байлаа. 1968 онд төгсөж ирэхэд манайд 1949 онд хийсэн газрын зурагт тодотгол хийж, өөрчлөлт оруулах ажил өрнөж байв. Агаараас зураг аваад, түүнийхээ үндсэн дээр зам харгуй, уул толгодын нэр тодорхойлох, гол, нууруудыг тэмдэглэх, аймаг, сумын хил заагийг тогтоох гэх мэтээр өнөөгийн газрын зургийг хийх ажилд гар бие оролцож, 1970 оны сүүлч хүртэл энэ ажлыг хийсэн. Тэгж байтал миний мэргэжлийг харгалзахгүй 1971 оноос ерөнхий цэргийн албанд томилчихсон. Батлан хамгаалах яамны орон тоо, зохион байгуулалт, цэрэг татах, халах ажлыг ЗХЖШ-ын Дайчлах, зохион байгуулах, нөхөн хангах газар хариуцдаг байлаа. Их ажилтай байсан. Ажил маань болж л байсан юм байлгүй. Цол өгөөд л байсан, би ч аваад л байсан. “Энэ хүүхдийг арай эрхлүүлж байгаа юм биш үү. Цолыг нь дэндүү ойрхон ахиулж байна. Залуу хүнийг эвдлээ” гэж намын хорооны дарга хэлж байсан гэнэ билээ. Би ч түүнийг нь сонссон болохоор ажлаа сайн хийх, хувийн сахилга, хариуцлага алдахгүйн тулд их хичээж явсан.

24 УДАА ПАРАД КОМАНДАЛЖ, АРМИЙН ГЕНЕРАЛ Б.ДОРЖ, ХУРАНДАА ГЕНЕРАЛ Ж.ЁНДОН, Ж.АВХИА НАРЫН ЖАНЖИНГУУДАД РАПОРТ ӨГЧ ЯВСАН МОНГОЛЫН ЦОРЫН ГАНЦ ГЕНЕРАЛ БИ

-Та бол хамгийн олон удаа ёслолын жагсаал командалсан генерал. Цэргийн хүний хувьд хамгийн сайхан тодорхойлолт, бахархаж, бардамнах зүйл энэ байх нь гарцаагүй. Ийм олон удаа парад командлах хувь танд яаж тохиосон юм бэ?
-1976 оны зургадугаар сард ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Улаанбаатар хотын цэргийн хүрээний даргын албан тушаалд томилогдож, хошууч генерал цол аваад биелүүлсэн анхны томоохон үүрэг даалгавар маань Ардын хувьсгалын 55 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг хариуцах байлаа. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар хотын цэргийн хүрээний дарга гэдэг маань цэргийн сахилга, дэг журам, парад, ёслол хүндэтгэл, гадаадын зочин гийчин хүлээж авах ажлыг хариуцдаг алба л даа. Үүрэг авсан даруйдаа цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл хангах төлөвлөгөө, бүдүүвч гаргаж, батлуулж аваад ажлаа зохион байгуулж эхлэв.
Цэргийн ангиуд өдөр бүр жагсаалын бэлтгэлтэй. Нэг өнжөөд Төв цэнгэлдэх юм уу, Улиастайн цэргийн ангийн жагсаалын талбайд нэгдсэн бэлтгэл хийнэ. Бороо шороо, салхи шуургыг тоохгүй, хийх ёстой өдрөө, товлосон хугацаандаа заавал жагсаж, сургуулилна. Зарим сул биетэй цэрэг эхний үед ядарч байгаа нь харагддаг ч жагсаалын бэлтгэл хийх тусам өнгө орж, жавхаажаад ирдэг юм. Наадмын өмнөх гурван өглөө 05:30 цагт Сүхбаатарын талбайд нэгдсэн бэлтгэл хийж, яг баярын өдрүүдэд үзүүлэх ёс журмаар нь ёслолын жагсаалаа явуулж, сайдын мэндчилгээ, уриаг хүлээн авах гээд бүх зүйлийг журмын дагуу хийдэг юм. БХЯ-ны удирдлага ирж санал, зөвлөгөө өгнө. Иргэд ч ирж сонирхоно. Анхных болохоор сандарч тэвдэх юм байсан. Бэлтгэлийн үеэр БХЯ-ны нэгдүгээр орлогч сайдад рапорт өгч байхад сандарч байсан санагддаг юм. Гэхдээ хичээсний үр дүнд жинхэнэ баярын парадыг командлахад нэг их тэвдээгүй юм даг. Бэлтгэлээ сайн хангасан болохоор маш тайван, өөртөө итгэлтэй байсан. Генерал цол аваад биелүүлсэн анхны даалгавар маань амжилттай болж, удирдлагуудаас магтаал талархал сонсож байлаа.
Түүнээс хойш 1977, 1978, 1981-1985 онд нийтдээ найман жил ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, Улаанбаатарын хүрээний цэргийн дарга гэдэг албан тушаал хашиж, цэргийн ёслол, хүндэтгэлийн ажил, жагсаал, сахилга дэг журам хариуцаж явлаа. Тэр үед жилд Майн баяр, Улсын наадам, Октябрийн баяр гээд гурван удаа парад жагсдаг байсан гэхээр би найман жилийн хугацаанд 24 удаа ёслолын жагсаал командалсан байна. БХЯ-ны сайд, армийн генерал Б.Дорж, хурандаа генерал Ж.Ёндон, Ж.Авхиа нарын хүндтэй жанжингуудад рапорт өгч явсан Монголын цорын ганц генерал би гэж өөрийгөө хөөргөдөг юм. Ийм ёс төртэй үүргийг алдаа эндэгдэлгүй биелүүлснээрээ бахархаж суудаг.

-Цэрэг бүхэн генералын мөрдэс мөрөөддөг гэдэг шиг цэргийн дарга нар парад командалж, хийморь жавхаагаа гайхуулахыг мөрөөддөг байх аа. Хэдийгээр ёслолын жагсаал командлах нь албан тушаалын чиг үүрэгт багтдаг ажил ч гэсэн мөрөөдөх эрх хэн бүхэнд бий?
-Аа бас боддог л байх. Би чинь цэрэг командлаагүй хүн шүү дээ. Цэрэг командлаагүй хүнээр парад командлууллаа гэдэг хэл үг гарч байсан гэсэн. Тэглээ гээд Махбариадаар командлуулахгүй гээгүй, ямар ч байсан Сүхбаатарын талбайд 24 удаа гарчихсан л юм даг.

-Хурандаа генерал Ж.Ёндон гуай жагсаалч байдлаараа алдаршиж, “рапорт” гэдэг хоч хүртэл авч байсан гэдэг. Харин таныг цэргээ сайхан командалдаг, дуу хоолой, бие бялдар, алхаа гишгээ, ёсолгоо сайтай, жагсаалч, хийморьтой, тэвхийсэн гоё офицер байсан гэж хамтран зүтгэгч тань ярихыг сонсож байлаа?
-Би 41-тэй генерал болсон. 41-тэй хүн чинь залуухан, туранхай байлгүй яах вэ. Хувцас хунар ч зохиж байсан байх. Түүн дээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлье гэж би өөрөө ч хичээдэг байлаа. Манай Ж.Ёндон сайд 1945 онд парад командлаад Цэргийн гавьяаны одонгоор шагнуулж байсан юм шүү дээ. Маш сайн жагсаалч, мундаг командлагч хүн л дээ. Би бол тийм шагнал хүртээгүй. Хүлээсэн үүргээ л биелүүлсэн. Парад командлагч эмээлтэйгээ мориноос унасан, машин нь асахгүй түрж асаасан зэрэг явдал өмнө нь дуулдаж байсан. Надад азаар тийм паян тохиолдож байсангүй. 24 удаа парад командлахад техник хэрэгсэл болон бусад элдэв дутагдал доголдол гарч, зэмлэл хүлээгээгүй нь миний хувьд том юм. Бурхан өршөөсөн нь тэр байлгүй. Ёслолын жагсаалын бэлтгэл хангана гэдэг амаргүй. Ялангуяа зэвсэг, техниктэй ёслолын жагсаалын бэлтгэл тун ярвигтай шүү дээ. Цэргийн алхаа гишгээг жигдрүүлэхээс гадна техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, тохиолдож болзошгүй бүх эрсдлийг тооцож, урьдчилан сэргийлэх чухал. Ингэж бүх зүйлээ жин тан болгож байсны ачаар элдэв асуудал гараагүй. Ёслолын жагсаал гайгүй яваад өнгөрсөн ч долоо хоног түгшүүртэй явна шүү дээ. Төр, засгийн удирдлага, цэргийн командлал, ард түмний зүгээс шүүмжлэл, зэмлэл ирэх вий гэхээс яс хавталзана.

-Хэр хатуу дарга байсан бэ?
-Би өөрийгөө муухай ааштай байсан гэж хэлэхгүй шүү дээ (инээв). Хүмүүс бол гайгүй л бололтой юм ярьдаг.

"ГЕНЕРАЛ МАХБАРИАД ОЧНО ГЭЖ ДАРГАДАА ХЭЛ" ГЭХЭД НӨГӨӨХ НЬ "ЮУ ГЭЖ ГЕНЕРАЛ МАХ БАРИАД ЯВЖ БАЙХ ВЭ” ГЭЭД ХЭЛЭЭГҮЙ БАЙСАН

-Хөдөө их явдаг байсан уу. Багадаа таны нэртэй холбоотой онигоонуудыг сонсоод хөдөө ажилладаг хүн байх гэж боддог байлаа?
-Хөдөө их явна аа. Сайдын шалгалт гээд цэргийн ангиудаар явна. Төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалт хийнэ. Сахилга, зөрчлийн асуудал гарвал бас очно. Алдаа, осол гарвал газар дээр нь очиж, хуулийн байгууллагатай хамт шалгана. ЗХЖШ-т ажиллаж байхад тийм л ажил хийдэг байлаа. Ямар нэг асуудал боллоо гэхэд нэгдүгээр орлогч л дуудагдана. Шөнө хэдэн цагт ч хамаагүй босоод явна шүү дээ.

-Сахилга алдах явдал их гардаг байв уу. Армид цэргийн дэг гэх мэтийн асуудал ихтэй үед та ажиллаж байж шүү дээ?
-Өө тийм юм зөндөө бий. Сахилга, дэг журмын зөрчил, бууны осол, харуулын осол гарахгүй байна гэж үгүй. Үүнийг гаргуулахгүйн төлөө чадлаараа зүтгэж байлаа. Гарсан хойно нь учир явдлыг нь олох гэж бас амаргүй ажил бий. Хал цэргийн дэг гэдэг чинь ид байлаа. Зодоон цохион чинь найм, аравдугаар анги төгссөн хүүхдүүдийн ажил шүү дээ. Сургуульд сурсан юмаа тэнд очоод гаргана. Цэргийн дарга нарын хариуцлагагүй байдлаас ийм асуудал гарч байна гээд хариуцлагыг чангатгах талаар янз бүрийн ажил хийсэн дээ. Нэг онцлог нь социализмын үед тийм зүйлийг нуудаг байлаа. Саяхан Зүүнбаянд нэг цэрэг зодууллаа гээд Батлан хамгаалахын сайд хэвлэлийнхэнтэй очиж байгаа харагдсан. Тэр үед ийм юм байхгүй шүү дээ. Юун сайд очих, хэвлэлээр мэдээлэх. Мань мэт л дуудагдаж очно. Очоод шалгаж, учрыг нь олж, холбогдох арга хэмжээг нь авна. Ил зарладаггүй л байсан болохоос хариуцлага алдсан дарга нарт хариуцлага тооцохдоо өнөөгийн ил зарлаад байгаа хэргүүдээс ч бодитойгоор ханддаг байсан шүү.
Ямар ч зүйл сайн, муу талтай. Өнөөгийн бүх зүйлийг ил зарлах нэг талын ашигтай, дээр үеийн нууцалдаг байсан нь бас өөрийн гэсэн сайн талтай. Ингээд зарлаад байхаар зарим нэгэн этгээд санаа сэдэл, дохио авна шүү дээ. Ингэж болдог юм байна, буудаж, зодож, цохиж болох нь гэж бодож суухыг хэн байг гэх вэ. Олны дунд янз янзын хүн бий. Тийм зүйл огт сонсоогүй бол сэдэл авахгүй байж болохоор байсан хүнд хэт задгай мэдээлэл хүргэснээр сэдэл төрүүлж болно шүү дээ. Энэ бол онолын үндэстэй зүйл. Тиймээс ил тод байна гээд бүхнийг дэлгэж, шуугих тийм ч сайн зүйл биш шиг санагддаг.

-Ийм бодолтой болохоор та элдэв зүйл ухаж төнхөж, шалгаана гээд хэвлэлд ярих дургүй байдаг уу?
-Нэгэнт өнгөрсөн хэргийг одоо яриад яах вэ дээ. Хүн гэдэг нийгмийн амьтан. Бидний ажиллаж байсан нийгмийн тогтолцоо тийм байлаа. Тэр дундаа цэрэг, батлан хамгаалах бол тушаалаар явдаг онцгой салбар. Би өөрийнхөө үзэж туулсан зүйлийг хамаа намаагүй дэлгэж ярихыг таашаадаггүй. Ямар ч хэрэггүй шүү дээ.

-Таны намтарт НАХЯ-нд бичээч, хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан тухай бичсэн байсан. Тэр талаараа дурсаач?
-Тэр чинь цэргийн бичээч. Цаг тайван боллоо гэж үзээд 1954 онд армийг татан буулгаж, БХЯ-ыг НАХЯ-тай нэгтгэж, Цэрэг, нийгмийг аюулаас хамгаалах яам гэж байгуулсан юм. Тэнд Жанжин штабын Дайчлах хэлтсийн бичээч байлаа.

-НАХЯ-ны бичээч, хэрэг хөтлөгч гэхээр их нууц нууц зүйл бичдэг байсан байх гэж бодоод...
-Би Зүүнбаянд нэг жил алба хаахдаа тасгийн дарга, жагсаалын дарга болсон. Цэргийн анги маань татан буугдаж хотод ирээд нэг хэсэг харуулын цэрэг байгаад Жанжин штабт бичээч, дараа нь боловсон хүчний тасагт бичээч, хэрэг эрхлэх, туслах зэрэг алба хаасан. Яаман дотроо цэрэг, нийгмийг аюулаас хамгаалах нь тусдаа, байшингийнхаа хоёр талд байлаа. Би аюулаас хамгаалахын асуудлыг мэдэхгүй. Тэр талаар А байхгүй.

-Таны нэртэй холбоотой онигоогоор таныг мэддэг болсон хүн олон байх. Тэр онигоонууд танд өөрт тань сонсогддог байв уу?
-Намайг сумын зарлага байхад аймгаас ирсэн төлөөлөгч хүмүүсээ хурдан цуглуул гэсэн тул би хүмүүст хэл хүргэчихээд буцаад очлоо. Намайг ирж байхыг харсан сумын дарга "Ашгүй зарлага Махбариад ирж явна" гэсэн юм байж. Төлөөлөгч ядарч, өлсөж ирсэн юм байгаа биз. Мах барьсан хүн ирж явна гэж ойлгоод идэх гээд хүлээгээд байж. “Хүмүүсээ цуглуулчихлаа, та яриа таниулгаа хий” гэтэл "Махны сураг гарсан чинь яав. Ганц огтолчихоод гаръя л даа" гэсэн гэдэг юм. Хожим шалгалтаар цэргийн ангиудаар явж байхад нэг казах цэрэгт "Генерал Махбариад очно гэж даргадаа хэл" гэхэд нөгөөх нь "Юу гэж генерал мах бариад явж байх вэ. Би л буруу сонсож, дутуу ойлголоо" гэсэн юм бодоод хэлээгүй гэдэг. Тэгээд ямар ч хэл сураг дуулаагүй байхад нь би давхиж очиж шалгалт хийж байлаа. “Генерал Махбариад ирж явна” гэхэд “Хөөрхий цэрэг олдоогүй юм байх даа” гэсэн гэдэг ч бил үү, энэ мэтийн зүйл зөндөө дуулддаг юм.

-Ардчилсан хөдөлгөөн өрнөж, цагийн байдал ороо бусгаа байх үед та Батлан хамгаалах яамны орлогч сайдаар ажилласан. Орлогч сайдын хувьд үүрэг, ачаалал ирж байв уу?
-1985-1990 онд Батлан хамгаалахын орлогч сайд, Иргэний хамгаалалтын газрын даргаар ажилласан. Бид гал түймэр, үер ус л гэж байснаас ардчилсан хөдөлгөөнийхөнтэй орооцолдоогүй. Манайхан ийм тийм жагсаал, цуглаан, хамгаалалт, бэлэн байдал гээд янз бүрийн юм ярьдаг л байсан. Миний хариуцах ажлын чиг үүрэг ч өөр учраас би тэр ажилд оролцдоггүй байсан. Миний хариуцсан ажлын тухайд, тэр үед дэг журамтай байж, гал түймэр ч цөөхөн гардаг байлаа. Жилд ой хээрийн түймэр 30-40 удаа л гардаг байсан. Гэтэл одоо 300-400 гэж дуулдах юм. Энэ бол хэт задгайрсны шинж.

-Улсын сүр цэрэгтээ гэдэг. Цэрэг хүн, тэр тусмаа цэргийн дарга хүн ямар байх ёстой вэ. Сүүлийн үед цэргийн дарга нарыг гүзээгээ унжуулсан, жагсаалч байдал үгүй болсон гэж шүүмжлэх болж. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Цэргийн хүн жагсаалч байх ёстой. Уг нь манай цэргийнхэн гайгүй туранхай л байсан юм. Сүүлийн үед гүзээтэй болох нь ч болсон харагдаад байгаа юм шүү. Польш, Германы арми цэргийнхэндээ бүсэлхий нь тэдэн см байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Түүнийг нь хангаж чадахгүй бол цэргийн албанд тэнцэхгүй гэж үздэг юм билээ. Намайг ажиллаж байх үед гэдэстэй хүн бараг байгаагүй болохоор гэдэсний тухай яриа гардаггүй байлаа. Ер нь гүзээтэй улс цэргийн сургуулилалтад явахад төвөгтэй л дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • М.Чулуунбат
    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын унаган иргэндээ...Буурайдаа эрүүл,энхийг хүсье..
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Т. Бадамжунай
    Яг тийм жавхалзсан цэх шулуун шударга, сүртэй сүрлэг хүн байсан. Хүнтэй гар барихдаа нужигнатал чанга атгадагсан. Ёстой жинхэнэ цэргийн дарга хүн байлаа. Залууст сургамжтай маш сонирхолтой гоё ярилцлага болжээ. Буурал генералдаа эрүүл энх урт наслаж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Иргэн
    Маш сонирхолтой гое ярилцлага байна. Сайн сайханыг хүсье
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Dorjsuren
    Buuraldaa eruul enh urt naslahiig husen erooe
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
  • .батзориг.би..иргэний.хамгаалалтын.байнгын.курст.багш.байхдаа.даргад.их.зэмлүүлж.бхйсан.даа.намайг.За.малын.эмч.цэрэгжлээ.сайжруул.гэдэг.сэн..Шудрага.гүндүүгүй.сайхан.хүн.дээ
    Миний.дарга.шудрага.сайхан Хүндээ.би Иргэний.хамгаалалтын.байнгын.курсийн.хаа.н Багш.байлаа
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • .батзориг.би..иргэний.хамгаалалтын.байнгын.курст.багш.байхдаа.даргад.их.зэмлүүлж.бхйсан.даа.намайг.За.малын.эмч.цэрэгжлээ.сайжруул.гэдэг.сэн..Шудрага.гүндүүгүй.сайхан.хүн.дээ
    Миний.дарга.шудрага.сайхан Хүндээ.би Иргэний.хамгаалалтын.байнгын.курсийн.хаа.н Багш.байлаа
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
Нийтлэлчид