Улаанбаатар 1c

Лангуу түрээсэлж, үйлчилгээ үзүүлдэг дундаж давхаргынхан банкны хүүнд дарлуулж байна

Коронавирусийн халдвар дэлхийд цар тахлын хэмжээнд хүрч, манай улс ч өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд багагүй хугацаа өнгөрчээ. Хүн амын олонх нь төвлөрдөг Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн эрс багасаж, зах худалдааны төвүүд хаалгаа барив. Энэ үед худалдаа эрхлэгчдийн амьжиргааны гол эх үүсвэр зогсонги байдалд орж, эдийн засгийн хүндрэлд орох эрсдэл үүсэж байна. Хөл хорио тогтоосонтой холбоотой зарим зах, худалдааны төв түрээсийн үнээ бууруулж, хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдсэн. Хэдий түрээсээ хөнгөлсөн ч орлогогүй болж, банкны зээлээ төлж чадахгүйд хүрсэн олон наймаачин байна. Энэ талаар сурвалжлахаар бид хэд хэдэн худалдааны төвд очсон юм. Үд дундын үед “Бөмбөгөр” худалдааны төвд очвол хүнгүй шахам болж, гадна талбайд чихэр, жимс, ногоо, загас зардаг жижиглэнгийн худалдаачид ч цөөрчээ.  Энэ өдөр “Алтжин бөмбөгөр”, “Box mall” худалдааны төв цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан бол олны нэрлэдгээр “Хуучин бөмбөгөр” амарч байсан юм. Хүн зөрөх зайгүй чихэлдэж байдаг “Box mall” буюу “Содон” Бөмбөгөрийн нарийн коридор энэ өдөр эл хуль байлаа. Худалдагч нар “Юу авах вэ асуугаарай. Хямдруулаад өгнө шүү” хэмээн орж, гарсан хүмүүсийг булаацалдах шахам чангаана.

ЛАНГУУНЫ ТҮРЭЭСЭЭ ХӨНГӨЛСӨН ГЭЖ ЦАХИМ ОРЧИНД МЭДЭЭЛЭЛ ГАРСАН Ч ХӨНГӨЛӨӨГҮЙ

Худалдаа эрхлэгчдээс түрээсийн үнэ буурсан эсэхийг асуувал “Бидэнд одоохондоо албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй. Хоёрдугаар сарын түрээсээ бүтнээр нь төлсөн” гэж олонх нь хариулав. Түрээслэгч Д.Цолмон “Хөл хорио тогтоосноос хойш үйлчлүүлэгчид эрс багассан. Уг нь Цагаан сарын дараахан түрээсээ хөнгөлнө гэсэн яриа гарсан ч албан ёсны мэдэгдэл гараагүй. Манайх сүүлийн хоёр сарын түрээсээ өгч чадаагүй байна. Банкны зээлээ төлөөгүй учраас торгууль ногдууллаа гэсэн мэдэгдэл ирж байсан. Зарлагаасаа давахгүй орлого олж байхад түрээсээ яаж төлөх билээ. Уг нь өнгөрсөн сард бэлэн хувцасны лангууны түрээсийг 30 хувь бууруулсан гэсэн. Хүнсний лангууны түрээсийг энэ сард 20 хувь буруулах яриа бий. Гэхдээ бид  орлогогүй байгаа учраас 50 хувь хөнгөлөх хүсэлтээ зохион байгуулагч нарт хүргүүлсэн. Одоогоор тодорхой мэдэгдэл ирээгүй байна” гэв. Харин түүний эсрэг талын лангуунд сав, баглаа боодол зарж буй лангуу түрээслэгч  н.Загдаа “Лангууны түрээсийг хөнгөлсөн гэж цахим орчинд мэдээлэл гарсан ч хөнгөлөөгүй байгаа шүү дээ. Манай худалдааны төв 20-30 хувь хөнгөлнө гэсэн. Энэ гуравдугаар сарын 25-нд бид түрээсээ төлнө. Тэр үед л хөнгөлсөн эсэх нь мэдэгдэх байх. Манайх энэ хэсэг талбайгаа сарын 750 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Энэ жил Цагаан сар тэмдэглээгүй болохоор худалдан авалт багасаж, бид орлогогүй шахам ажиллаж байна. Гэтэл хүнс, гэр ахуйн бараа эрэлттэй байгаа гээд ийм төрлийн бараа лангууны түрээсийг буулгаагүй. Сар шинийн үеэр хамгийн их эрэлттэй байдаг бараанууд энд хураалттай байж байна. Тухайлбал, жигнүүрийн дээр тавьдаг цаас энэ жил би 100 ширхгийг авсан ч ихэнх нь зарагдсангүй. Харин хүмүүс маск, ариутгалын бодис их асууж байна” гэлээ.  
Түрээсийн хөнгөлөлт, ариутгал халдваргүйжүүлэлтийн талаар “Box mall” худалдааны төвийн менежер н.Цэвэлмаагаас тодруулсан юм. Тэрбээр “Өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манайх ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Худалдагч болон үйлчлүүлэгчдэд амны хаалт тогтмол зүүх шаардлага тавьж, хяналт явуулж байна. Мөн хөл хорио тогтоож, худалдан авалт буурсан тул түрээслэгчдийнхээ түрээсийг хоёрдугаар сард 20-30 хувиар буруулсан. Энэ сард байршил барааны эрэлтээс хамааран 30-50 хувь бууруулах тушаал гарсан. Ингэхдээ сарын сүүлээр түрээсээ хөнгөлнө” гэлээ.
Харин “Алтжин бөмбөгөр” худалдааны төв үйлчлүүлэгч олонтой байх ба олонх нь мах, ногоо, гурил зэрэг өргөн хэрэглээний бараа сонгож байгаа харагдав. Энд түрээсийн хөнгөлөлт байхгүй гэнэ. Лангуу түрээслэгчид энэ талаар яриа өгөхөөс татгалзаж “Бид юу ч мэдэхгүй. Яриа өгөхгүй” гэж уцаарлаж байлаа. Учир нь энэ хэсэг бусад бөмбөгөрөөсөө үйлчлүүлэгч олонтой.  Иймдээ ч хатуу шаардлага тавьж, ямар нэгэн гомдол гаргавал лангуугаа хүлээлгэж өгөхөд хүрдэг гэнэ.

“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХ ТҮРЭЭСЭЭ 50-100 ХУВЬ ХӨНГӨЛЖЭЭ

Нийслэлчүүдийн мах, хүнсний хэрэгцээгээ хангадаг томоохон зах нь “Хүчит шонхор” худалдааны төв. Мах, хүнсээ цуглуулахаар ирсэн иргэдийн хөл хөдөлгөөн энд тасрахгүй, хүн, машин холхилдож байлаа.  Лангуун дээр адуу, үхэр, хонь, ямааны махыг эгнүүлэн өрсөн байх бөгөөд зарим лангууны мах дуусжээ. Энэ жил махны үнэ тогтвортой байгааг худалдаачид хэлж байв. Тус худалдааны төв лангууны түрээсийн үнээ 50-100 хувь бууруулжээ. Энэ талаар “Хүчит шонхор” захын Олон нийттэй харилцах албаны дарга Л.Цэдэн “Манай зах Сар шинийн үеэр амарч, гуравдугаар сарын 3-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Лангууны түрээсийг гурав, дөрөвдүгээр сард хөнгөлөхөөр болсон. Хоёрдугаар сарын түрээсээ бүтнээр нь авсан ч энэ сарын 25-нд түрээсийн төлбөрөө хөнгөлөлттэй авна. Мах, гурил, ногоо зэрэг хүнсний лангууны түрээсийг 50 хувь, өргөн хэрэглээний барааны лангууны түрээсийг 80 хувь, том оврын автомашины зогсоолын үнийг 100 хувь хөнгөлж байгаа. Түрээсийн хөнгөлөлтийн талаарх мэдээллийг заалны зохион байгуулагчид дор бүр нь өгч байна” гэв.
Нэрээ нууцлахыг хүссэн лангуу түрээслэгч “Махны  лангууны түрээсийн үнийг  50 хувь бууруулж байгаа гэсэн. Одоохондоо түрээсийн мөнгөө төлөөгүй, энэ сарын 25-нд төлөх ёстой. Бид орлого олсон олоогүй хугацаандаа л мөнгөө өгдөг. Мах, гурил зэрэг хүнсний бараа бол байнгын эрэлттэй байдаг. Гэхдээ сургууль, цэцэрлэгийг амрааж, хөл хорио тогтоосноос хойш худалдан авалт муудсан. Би өдөрт 5-10 хонины гулууз мах худалдаж аваад зардаг. Заримдаа авсан махаа ч зарж чадахгүй байх үе бий. Эндээс хүмүүс ихэвчлэн шинэ мах авах сонирхолтой байдаг. Өнөөдөр ч авсан махаа үд өнгөрөөгөөд зараад дуусчихлаа. Энэ жил махны үнэ тогтвортой байгаа учраас худалдан авалт гайгүй байна. Өнгөрсөн хавар өдийд махны үнэ тэнгэрт хадсан шүү дээ. Худалдаачид ч түрээсээ төлж чадахгүйд хүрч байсан. Хөл хорио тогтооно гэх сургаар хүмүүс хэсэг бужигналдаад бусад үед эл хуль болчихдог юм” хэмээн ярилаа.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Шөнийн зах” 500 гаруй түрээслэгчтэй. Тус худалдааны төвд бэлэн хувцас, бөс бараа, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалахаас  гадна хоолны газар, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. “Шөнийн зах” худалдааны төв байршил, үйлчилгээний салбараасаа хамааран түрээсийн үнэ нь өөр аж. Коронавирусийн дэгдэлт гарахаас өмнө буюу энэ оны нэгдүгээр  сарын 1-нээс лангууныхаа түрээсийг хөнгөлжээ. Тодруулбал, түрээсийн үндсэн үнэ ам метр нь 65 мянган төгрөг байдаг бол 15 мянган төгрөгөөр хөнгөлж, 50 мянган төгрөг болгосон байна. Мөн хоёрдугаар сард худалдан авалт багассантай холбоотой түрээсээ дахин хямдруулж, ам метр тутамд 26-36 мянган төгрөг болгон бууруулсан байна.

ХЯМД ТҮРЭЭСТЭЙ ГАЗРУУД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭЭГҮЙ

Хотын төвд байрлах томоохон худалдааны төвүүдээс гадна гэр хороололд байрлах зарим худалдааны төвийн түрээсийн үнийг сонирхлоо. Сүхбаатар дүүргийн XIV хороо Долоон буудлын эцэст байрлах худалдааны төвийн гадна “Маскаа аваарай. Шүүлтүүртэй, шүүлтүүргүй маск төрөл бүрээрээ байна” гэж хашхирах жижиглэнгийн худалдаачид олон байв. Эдгээр худалдааны төвөөр ихэвчлэн Чингэлтэй, Долоон буудал, Зунжин, Дарь-Эхэд байрлах гэр хорооллынхон үйлчлүүлдэг бөгөөд мөн л хүнс, ахуйн хэрэгцээний бараа худалдан авч байгаа харагдав. Зуслангийн болон гэр хорооллынхны гол худалдааны төв учраас хүн хөл тасардаггүй. Гэхдээ худалдан авалт бага, жижиглэнгээр худалдаа хийх нь  элбэг гэдгийг худалдаачид хэлж байлаа. Худалдааны төвүүдийн хамгийн захад байрлах гурван давхар саарал өнгийн “Бүрэн плаза” гэх хаяг бүхий худалдааны төв рүү орлоо. Тус худалдааны төв түрээсийн үнээ 10 хувь бууруулжээ. Энэ талаар түрээслэгч Л.Мөнхзул “Лангууны хэмжээ, байршил, бараанаасаа шалтгаалж түрээсийн үнэ өөр байдаг. Манайх энэ сараас түрээсээ арван хувь хөнгөлсөн. Би сард 400 мянгаар лангуугаа түрээсэлдэг. Энэ сарын түрээсийн мөнгөө төлөхдөө 40 мянган төгрөг хасуулсан. Дараа сард хөнгөлөх үгүйг нь сайн мэдэхгүй байна” гэлээ.
Түрээслэгч Ж.Оюун  “Би энд гурван ам метр талбайтай лангуу түрээсэлдэг. Метр квадрат нь 130 мянган төгрөгийн үнэтэй. Ингэж түрээсээ хөнгөлсөн нь түрээслэгч бидэнд багахан ч гэсэн дэм болж байна. Илүү гарсан мөнгөөрөө тогныхоо мөнгийг ч гэсэн төлчихөж байгаа юм” хэмээн ярилаа.
Энд байрлах худалдааны төвүүдийн лангууны түрээс харьцангуй хямд. Иймд олонх нь түрээсээ хөнгөлөөгүй гэнэ. “Аму плаза” худалдааны төвийн худалдагч “Хувийн байгууллагынхан түрээсийн үнээ хөнгөлөхгүй гэсэн. Манайх талх, боорцог зэрэг гурилан бүтээгдэхүүн зардаг. Хөл хөдөлгөөн зогсоочихоор худалдан авалт буурч, бүтээгдэхүүн муудчих гээд хэцүү юм. Гурилан бүтээгдэхүүнийг ганц хоёр хоног илүү хадгалчихвал хүн авахгүй шүү дээ. Өнөөдөр гэхэд би гурван торт авсан. Хоёр нь зарагдсан нэгийг нь хүн авахгүй бол алдагдалд орж байгаа юм. Өмнө нь би хоёр лангуу түрээслээд дор нь зарчихдаг байлаа. Бараа борлохгүй болохоор нь нэгийг нь түрээслэхээ больсон. Гэтэл түрээслүүлэгч эзэн “Баяр ёслолын үеэр хоёр лангуу түрээслээд бусад үед нь больчихлоо” гээд уурлаж байна лээ. Түрээсээ давахгүй шахам орлого олж байгаа үед хоёр лангууны түрээслэх нь хүндрэлтэй шүү дээ” гэв.
Түм түжигнэж бум бужигнаж байдаг “Нарантуул” олон улсын худалдааны төв ч хүнгүй болсон байв. Захын баруун талд шинээр ашиглалтад ороод хэдхэн жил болж буй “Баялаг-Ундраа” худалдааны төвийн хүнс, гэр ахуйн лангуунууд нээлттэй байлаа. Үйлчлүүлэгчгүй болсон худалдагчид лангууныхаа ард зүүрмэглэх нь зүүрмэглэж, зарим нь хөзөр тоглож харагдав. Энд мөн л түрээсээ хөнгөлөөгүй учир тэд нэг ч гэсэн бараа зарчих юмсан гэсэн горьдлоготой, нойр хоолоо хасан сууж байгаа аж. “Баялаг-Ундраа” төвийн лангуу түрээслэгч Н.Бадамханд “Иргэнийхээ үүргийг биелүүлээд хүнс, гэр ахуйн бараа зардаг лангуунууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Манайх одоохондоо лангууныхаа түрээсийг хөнгөлөөгүй байна. Хөнгөлөх талаар ярилцаж байгаа гэсэн. Чухам хэзээнээс хэдэн хувь хөнгөлөх нь тодорхойгүй байна. Сүүлийн хоёр хоног хүн бараг байсангүй. Хөл хорио тогтоох сургаар хүмүүс хүнс, бараагаа бэлдчихсэн бололтой. Тэр өдөр манайх амарч байсан учраас хүн бужигнаж, худалдан авалт нэмэгдсэн зүйл байхгүй. “Нарантуул” худалдааны төв нь бусад захтай харьцуулахад хямд түрээстэй. Гэхдээ бид түрээсээ хөнгөлөх байх гэж найдаж байна”.
Хаа сайгүй эл хуль болсон зах, худалдааны төв, хаалга нь түгжээтэй үйлчилгээний газрууд. Гэтэл үүний цаана орлого нь хаагдаж, банкны хүү нь өссөөр байгаа хэдэн өрх бий  бол. Хот суурин бараадаж, амьдралаа залгуулж буй нийгмийн дундаж давхаргынхны олонх нь лангуу, талбай, байр түрээслэн худалдаа, бизнес эрхэлдэг.  Байдал удаан үргэлжилбэл дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг дундаж давхаргынханд ядуурал нүүрлэхэд ойрхон байна. Коронавирусийн халдвар дэлхийн бүх улсад эдийн засгийн хүндрэл үүсгэж байгаа ч бага хохирол амсах арга хэмжээг дор бүрнээ авч байгаа аж. Тухайлбал, БНХАУ-ын Төвбанк бодлогын хүүгээ бууруулж, их хэмжээний бэлэн мөнгө зах зээлд нийлүүлж эхэлжээ. Тэгвэл Хонконгод иргэдийнхээ татварыг хөнгөлөх, түрээсийн байрны төлбөрийг чөлөөлөх, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдэд нэг удаагийн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээ авч байгаа аж. Дэлхийн олонх улс жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын хүүг бууруулах зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ. Бизнес эрхлэгчдээ эрсдэлд оруулахгүй байх тал дээр төр засаг анхаарлаа хандуулах цаг болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид