Улаанбаатар 1c

Шижигнэсэн хуульчдаас шигшигдэх нь хэн бол

Б.ЭНХ, NPost.mn
2020-03-17 10:32

Гурван сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуулиар МАНАН-гийн хагацашгүй, ханцуйдаа салах аргагүй нэгдмэл системт сүлжээг эвдэж, шижигнэсэн, дөнгүүр төрийн түшээдээр УИХ-д цус сэлбэх юм сан гэсэн хүсэл монголчуудад бий. Гэхдээ энэ хүсэл сонгогчдод байгаа болохоос биш, өмнөхийг өөрчилж, УИХ-д эрс шинэчлэл авчрах итгэл төрүүлэхээр мэдлэг, ёс зүй, зангарагтай “Тэрийг л дэмжих юм шүү” гэчихээр хүн одоогоор нэр нь тодроогүй байна. Юутай ч ирэх сонгуулиар салбар бүрийн ядаж л хууль зүй, эрүүл мэнд, эдийн засаг, уул уурхай гэсэн голлох салбарт мэдлэгтэй, мэргэшсэн гишүүн “төрөөсэй” хэмээн ард иргэд залбирч буй нь тодорхой. 

Ард иргэдийн энэ хүсэл, нийгмийн эрэлтийг дагасан сонгуулийн марафонд өөрсдийгөө ил далдаар сойж эхлээд буй хүмүүсийн цөөнгүй нь хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй, 1980-аад оны залуус байгааг анзаарч болохоор байна. Тухайлбал, АН-ын Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд Сүхбаатар дүүргээс нэр дэвших сураг бий. Түүний хувьд өөрийгөө зөвхөн улс төрд бэлдэж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Харвардад суралцаж, төгсөж ирснээсээ хойш Ардчилсан залуучуудын холбоогоороо дамжуулан Ардчилсан намд шинэчлэл хийхийг оролдогч, шүгэл үлээгч залуусын нэг байсаар ирсэн. Тиймдээ ч “Эрх баригчид залуусын боломжийг “дээрэмдчихээд” залуу үе залхуу гэж доромжилж болохгүй” гэх мэтээр үгээ хэлсээр ирсэн билээ. 

Гурван сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуулиар МАНАН-гийн хагацашгүй, ханцуйдаа салах аргагүй нэгдмэл системт сүлжээг эвдэж, шижигнэсэн, дөнгүүр төрийн түшээдээр УИХ-д цус сэлбэх юм сан гэсэн хүсэл монголчуудад бий.

Мөн удам дамжсан хуульч гэдгээс гадна чадварлаг залуу хуульчаараа олны танил болоод удаагүй байгаа доктор Б.Гүнбилэг Булган аймгаас нэр дэвшихээр зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Хуульч Б.Гүнбилэгийн хувьд нам нь түүнд дэмжлэг үзүүлэхгүй бол бие даана гэсэн таамаг ч байгаа бөгөөд энэ нь түүнийг ирэх сонгуульд ямар ч л байсан “хүч үзэх” нь гэдгийн баталгаа биз ээ. Тэрбээр “Уухай” хөдөлгөөний тэргүүн эгнээнд харьяалагддаг. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд Хууль зүйн сайд Ц.Нямдорж төдийгүй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй “болдоггүй” томчуудын алдаа дутагдал, худал, булхайг ил тод шүүмжлэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд удаа дараа хандаж, хуульчийн үүднээс дуу хоолойгоо гаргасаар ирсэн билээ. 

Үүнээс гадна 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшсэн ч унасан хуульч О.Алтангэрэл энэ удаад мөн нэр дэвших бололтой. Түүнийг хуульчид төдийгүй улс төрийн тодорхой хүрээнийхэн үнэлдэг ч ирэх сонгуулиар ард түмэн хэрхэх нь тодорхойгүй юм. Тэрбээр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээс болж хэрэгт татагдан яллагдсан цагдаагийн дарга Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаад хоригдож байсан  билээ. Хүн өмгөөлснийхөө төлөө хоригдож хүртэл үзсэн тэрбээр өнөөгийн хуулийн байгууллагуудын удирдлагуудтай цөөнгүй зүйл дээр санал зөрөлдөж, “Монголын хууль эрх зүйн орчинд шинэчлэл хэрэгтэй” хэмээн үздэг нэгэн билээ. 

Монголын хууль, эрх зүйн салбарт түүний оруулсан хувь нэмэр нэлээд гэх бөгөөд зөвхөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд 36 хууль батлуулсны 23 нь түүний Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан хугацаанд хамаардаг.

Өөр нэг сураг нь гараад байгаа хүн бол Х.Номингэрэл. Тэрбээр өмнө нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжингийн хүн гэдгийг нь Ардчилсан намын залуус ч, МУИС-ийн хуулийн сургуулийнхан ч андахгүй. Аавынхаа мэргэжлийг өвлөж, хуульчаар төгссөн тэрбээр сүүлийн үед Үндсэн хуулийн эрх зүйчээр дагнан ажилласан гэдэг. Түүнчлэн хууль зүйн доктор, дэд профессор Ч.Өнөрбаярыг ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй мэдээлэл бий. Монголын хууль, эрх зүйн салбарт түүний оруулсан хувь нэмэр нэлээд гэх бөгөөд зөвхөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд 36 хууль батлуулсны 23 нь түүний Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан хугацаанд хамаардаг. Өөрөөр хэлбэл, хуульчдын эгнээг чадварлаг, мэдлэг туршлагатайгаараа өнгөлж буй цөөн хуульчийн нэг хэмээн үнэлэгддэг нэгэн. Тэрбээр Английн Оксфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаж асанаас эхлээд өнгөрсөн хугацаанд өөрийгөө чамгүй бэлтгэсэн боловсон хүчин гэж болно. Гэхдээ дээр нэр дурдсан хуульчид ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэх нь албан ёсоор баталгаатай болоогүй байгаа юм. Хэрвээ Монголын өнөө цагийн хууль, эрх зүйн салбарын өнгө гэж болохоор эдгээр залуус УИХ-д нэр дэвшээд, сонгогдоод гараад ирвэл ирэх жилүүдэд Монголын хууль, хяналтын орчин үндсээрээ сайжрах магадлал өндөр. Учир нь, өнөө цагийн нэр бүхий хэдхэн эрх мэдэлтнээс хараат хууль хяналтын байгууллагын ужгирсан хатиг, бэтгийг шинэ цагийн эдгээр залуус л хагалах зориг, зүрхтэй, зангарагтай байж мэднэ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид