Улаанбаатар 1c

З.Нарантуяа: 381 төсөл, арга хэмжээг цуцалж, жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжихгүй бол хүндрэлээс гарахгүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

-Коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан дэлхийн эдийн засагт хүндрэл гарч байна. Цаашид нөхцөл байдал удаан үргэлжилбэл манай улсын эдийн засагт ямар хүндрэл үүсэх вэ?
-Азийн хөгжлийн банк болон бусад байгууллага “Covid-19” халдвар Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцоо судалгааг гаргасан. Энэ судалгаагаар манай эдийн засгийн өсөлт -0.74 хувиар буурна гэх дүн гарчээ. Иймд Засгийн газар юунаас болж эдийн засгийн үзүүлэлт буурч байгааг оновчтой тодорхойлж, ухаалаг шийдлийг гаргах хэрэгтэй байна. Энэ оны нэг, хоёрдугаар сарын төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл алдагдалтай гарсан. Зарлагаа танахгүйгээр энэ хэвээрээ яваад байвал орлогын гүйцэтгэл хангагдахгүй төсвийн алдагдалд орох эрсдэл үүсээд байна. Сүүлийн үед манай улс вирусаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд хэт анхаарлаа хандуулж, эдийн засгаа сулруулж байна. Аль алийг нь анхаарч харилцан уялдаатай зөв шийдэл гаргахгүй бол эдийн засгаа дахин сэргээхэд хугацаа шаардана. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, түрээсийн үнийг бууруулах, зээлийн хүүг царцаах зэрэг тодорхой арга хэмжээ авч байгаа ч энэ нь ирээдүйгээ харсан оновчтой шийдэл биш. Энэ шийдэл аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ирж байгаа ачааг хөнгөлөхгүй, түр зуурын хамгаалалт үүсгэж байгаа юм.

-Тэгэхээр төсөвт тодотгол хийх юм уу?
-Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн санаачлан Засгийн газарт өргөн барьж байна. Ингэхдээ нэн шаардлагатайд тооцогдохгүй 381 төсөл арга хэмжээг цуцалж, үүнд зарцуулахаар төлөвлөсөн 380 орчим тэрбум төгрөгийг үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин зүйл болох жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжихэд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Сангийн сайд төсвөө тодотгохгүйгээр хүндрэлийг даван туулахаа мэдэгдсэн шүү дээ. Тэгэхээр та бүхний өргөн барьсан хуулийн төслийн УИХ-аар хэлэлцэхгүй юм биш үү?
-Бидний өргөн барьсан хуулийн төслийн гол агуулга ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Өнөөдөр арилжааны банкуудаас жилийн 17-19 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл олон бий. Иймд бид бизнес эрхлэгчдээ дэмжин, өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулж, гурван хувийн хүүтэй зээлээр солих хуулийн төсөл боловсруулсан. Ер нь томоохон аж ахуйн нэгжүүд 1-3 сарын эдийн засгийн эрсдэл даах чадвартай байдаг. Харин жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд эрсдэлээ даах чадваргүй, эдийн засгийн бэхжилт суугаагүй учраас хямралд хамгийн түрүүнд өртөх эрсдэлтэй.

-Хэрэв УИХ төсөвт нэн яаралтай тодотгол хийж, хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа гэхэд ийн хөнгөлтөд хамрагдах хэчнээн аж ахуйн нэгж  байгаа вэ?
-Нийт 5000 орчим аж ахуйн нэгж арилжааны банкны өндөр хүүтэй зээл төлдөг гэх судалгаа бий. Эдгээр аж ахуйн нэгжид 380 орчим тэрбум төгрөгийн нэг хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлж өгснөөр 100 хүртэлх сая төгрөгийн зээлээ шилжүүлэх боломж бүрдэх юм. Үүнд 3500-5000 орчим аж ахуй нэгж хамрагдах боломжтой. Эхний ээлжинд бид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ дэмжих хуулийн төслийг өргөн барьж байна. Цаашдаа ъ өрхийн орлогыг нэмэгдүүлэх, энэ түвшинээс нь буулгахгүй байх арга хэмжээ авч ажиллахад анхаарна. Зөвхөн төрийн албан хаагч юм уу тодорхой нэг бүлгийн цалинг нэмдэг биш нийгмийн бүх бүлгийн орлогыг нэмэх талаар Засгийн газарт тодорхой санал хүргүүлэхээр төлөвлөж байна.

-Төвбанк бодлогын хүүгээ нэг хувь бууруулах шийдвэр гаргалаа. Энэ талаар эдийн засагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Харин та эдийн засагч гишүүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас гаргаж буй шийдвэрүүд давагдашгүй хүчин зүйлсийн орчин буюу коронавирусийн тахлын үед эдийн засаг, санхүү, мөнгөний бодлогоо хэрхэн зөв удирдах вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд Монголбанк бодлогын хүүгээ тодорхой хэмжээнд бууруулсан. Гэхдээ Монголбанкнаас арилжааны банкуудад тавьж байгаа зээлийн ангилал, сан байгуулах, төлбөрийн чадвар дээр тавьж буй шаардлагуудыг нэлэнхүйд нь бууруулах оновчтой шийдэл биш.  Эрсдэлтэй нөхцөл байдал тулгараад байгаа хэсэг рүүгээ оносон бодлого явуулах ёстой. Тэр нь жижиг, дунд үйлдвэрийнхээ зээлийн хүүг бууруулах юм.

-Та тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа. Ажлын явц ямар шатандаа явж байна вэ?
-Тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх  талаар УИХ-ын даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулсан. Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Монгол Улсад тэтгэврийн тогтолцоо тулгамдсан асуудлын нэг болсон. Нийгмийн даатгалын сан өнөөдөр хоёр хувийн алдагдалтай байгаа. Хүн амын олонх нь хөгшрөх тал руугаа явж байгаа энэ үед нийгмийн даатгал төлөх нь багассан. Тэгэхээр 2030, 2040 онд нийгмийн даатгалын сан хуримтлалгүй болох гээд байна. Тиймээс энэ хуримтлалыг хэрхэн бий болгох вэ гэдгийг шийдэхээр ажиллаж байна. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бүлэг хүмүүс байдаг. Төр өмнөөс нь төлдөг. Энэ хүмүүсийн мөнгийг төр өмнөөс нь төлөөд байх уу, эсвэл төсөвтөө дарамт өгөхгүйгээр ямар нэгэн аргаар зохицуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ тоо улам нэмэгдэж, төсвөөс жил бүр 600 орчим тэрбум төгрөгийн татаас Нийгмийн даатгалын санд өгч байна. Тэтгэврийн шинэчлэлээ улстөржилгүй хурдан хийхгүй бол төсөвт маш их дарамт ирнэ. Дээрээс нь улс төрийн намуудын амлалт, халамж тэтгэвэр авагчдын тоог улам нэмэгдүүлж байна. Төр онцгойлон дэмжлэг үзүүлэх ёстой хүмүүсээ тусгай хөтөлбөр, өөр сангуудаас дэмжихгүй бол болохгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид