Улаанбаатар 1c

Ахмад малчин Б.Давааням: Ил галтай, эсгий үүдтэй цагаас өнөөг хүртэл мал маллаж байна

Хаврын урь орж, малчны хотонд нялх төлийн дуу цангинан хөдөөд малчны ажил ид өрнөж байна. Сар шинийн дараахан аймгийн аварга малчин, Архангай аймгийн Цахир сумын иргэн Б.Давааням гуайнд очсон юм. Тэрбээр өдгөө 83 настай. Тэднийд өглөө эртлэн очвол эхнэр Д.Баянжаргал нохой хорин тосож, “Энэ жил хэцүү өвчин гарч, айлчин золгуут багатай, цомхон шинэллээ. Сүүлийн хэдэн жил хөгшин бид хоёр сумын төвд өвөлжиж байна. Саяхнаас мал төллөж эхэлсэн. Бид ч одоо хөдөө явахын хүсэл болж байна” гэсээр биднийг угтсан юм. Эднийх хоёр жилийн өмнөөс өвөлдөө сумын төв бараадаж, том хүүгийнхээ хашаанд өвөлжих болжээ. Харин зуны дэлгэр цагт хөдөө очиж, малаа маллан зусдаг гэнэ. Тавхан настайгаасаа мал дагасан, Б.Давааням гуайд сумын төвд амьдарна гэдэг амаргүй байгаа бололтой. “Насаараа мал дагасан хүн чинь зүгээр сууж чаддаггүй юм байна. Хүүхдүүд бид хоёрыг дулаан, бүлээн байлгах гэж хэдхэн сарын хугацаатай сумын төв бараадуулсан ч хөдөөгөө санаад тогтож сууж чадахгүй юм” хэмээн яриагаа эхэлсэн юм.

-Энэ жил танай нутагт сайхан хавар болж байх шиг байна. Таныхаар ямар хавар болж байна вэ?
-Манай нутагт энэ жил дулаахан өвөл болсон ч хавар цаг  хатуурч, зарим газраар цас их орсон. Би Цахир сумын Баянгол багийн “Цагаан толгой” гэх газар нутагладаг. Удахгүй хүүхдүүд хаваржаалах сурагтай. Хаваржаандаа буухаар нь хөгшин бид хоёр нүүж очно доо.

-Цахир сум ямар онцлогтой нутаг юм бэ. Мал маллах арга ухаан уламжлалынхаа талаар хуваалцахгүй юу?
-Манай нутаг уул ус нь тэгширсэн сайхан газар. Мод багатай, хад асга ихтэй ч өвс нь амт, шим сайтай ургана.  Иймд манай нутгийг  хонь, сарлагийн орон гэх нь бий. Ер нь малыг бэлчээрээр хариулбал тохиромжтой. Тиймээс  манай нутгийнхан тэр бүр хадлан бэлтгэхгүй, нялх хурга, ишиг зэрэг төлд тавьж өгөх багахан хадлан бэлтгэдэг юм. Дээхэн үед манай нутагт өвдгөөр татсан өндөр өвс ургаж, хурга, ишиг хээр унтаж хоцорвол олддоггүй байлаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд ургамлын гарц муудаж, бэлчээрийн даац хэтэрч байна. 

Одоо ч би тухайн үед хэрэглэж байсан бадар бор аяга, модон халбагаараа хоолоо иддэг юм. Одоогийн соёлтой хүмүүст хэлэхэд ичмээр юм шиг (инээв). Өнөөх аягаа байнга биедээ авч яваад айлд орохдоо хүртэл өөрийнхөө аяганд хоол, цай хийлгэдэг байлаа.

-Та хэзээнээс мал маллаж эхлэв?
-Би ил галтай, эсгий үүдтэй цагт төрсөн, таван хүүхэдтэй айлын ганц хүү. Таван настайгаасаа эмэг эхийгээ даган хонь хурганд явж, сургуульд сурсан цөөн хэдэн жил, цэрэгт явсан гурван жилийг эс тооцвол малын захаас холдолгүй өдийг хүрчээ. Жаахан том болж, малын зүгтэй болохоороо ах нарыгаа дагаад отор нүүдэлд явдаг болсон. Тэр үед одоогийнх шиг тансаг хучлага, дэвсгэр байсангүй. Гэртээ үхрийн шир дэвсээд үүн дээрээ үстэй дээлээ нөмрөөд унтчихдаг байсан цаг. Хүн бүр дор бүрнээ тусдаа аягатай байв. Одоо ч би тухайн үед хэрэглэж байсан бадар бор аяга, модон халбагаараа хоолоо иддэг юм. Одоогийн соёлтой хүмүүст хэлэхэд ичмээр юм шиг (инээв). Өнөөх аягаа байнга биедээ авч яваад айлд орохдоо хүртэл өөрийнхөө аяганд хоол, цай хийлгэдэг байлаа. Тухайн үед одоогийнх шиг олон мал байгаагүй. Өглөө эрт нар мандахаас өмнө хонио бэлчээрт гаргаж, өвөл, зунгүй хариулна. Цөөн тооны, чанартай, тарга хүч сайтай малтай байсан. Олон жилийн хур хүчтэй мал гэдэг баргийн зуд, турханд унахгүй шүү. Өндөр хад асгатай ууланд өвөл морь унана гэдэг хэцүү, хонь малаа ихэвчлэн явганаар хариулдаг байлаа. Одоо ч би малдаа явган явдаг. Өнөө үед малын тоо толгой өссөн ч давжаа, жижиг биетэй, эрлийз мал нэмэгдсэн байна.

-Таныг мал маллаж эхлэх үед хувийн өмч гэж байгаагүй, нэгдлийн мал малладаг байсан байх аа?
-Тийм. Сумынхаа “Саруул зам” нэгдэлд есөн жил хонь малласан. Тухайн үед нэгдлийн нэг суурьт 500 орчим бог, 150 гаруй бод хариуцуулж өгдөг байлаа. Хувийн өмч гэж бараг байхгүй байсан үе шүү дээ. Тарагны таван үнээ, ташуурын ганц морьтой бол хамгийн их өмчтэйд тооцогддог байсан үе. Энэ хугацаанд төр засгаас олон шагнал авч, хөдөлмөрөө үнэлүүлж байв. Анх Эвлэлийн төв хорооны алтан медалиар шагнуулж, дараа нь ойн медаль, Сайшаалын үнэмлэх хүртсэн. Гэтэл манай сум татан буугдаж, Тариат, Хангай суманд харьяалагдах болсон. Манайх Хангай сум руу хуваарилагдаж, хариуцсан малтайгаа тус сумын Мухар гэдэг газар руу нүүж билээ. Үүний дараа гурван жил цэрэгт яваад эргэж ирэхэд нэгдэл маань тарчихсан байсан.

-Цэргийн албаа хаана хаасан бэ?
-1962 онд цэрэгт татагдаж, Барилгын бага мэргэжилтэн бэлтгэх наймдугаар бателионд нэг жил, Дархан хотын Барилгын бателионд хоёр жилийн алба хаасан. Тухайн үед Дарханы Цементийн заводын барилгыг цэргүүд барьж байлаа.

-Мал маллаж эхэлсэн цагаасаа л шагнуулж байсан гэлээ. Аймгийн аварга малчин цолыг хэзээ авч байв?
-Дээр хэлснээр Сайшаалын үнэмлэхээс эхлээд аймгийн аварга малчин болтлоо шагнуулсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль,  Сумын аварга малчин гэх шагналуудыг авч, 1983 онд аймгийн аварга болсон.

-Малчид өөрийн гэсэн арга барилаар малаа малладаг. Харин та туршлагаасаа хуваалцвал?
-Өлгөө эрт тэнгэрийн байдлыг ажиглан салхины зүгийг шинжихээс малчин хүний ажил эхэлнэ шүү дээ. Өвсний соргог, усны тунгалаг газарт малаа бэлчээнэ. Зун цагт хонийг нар мандаж, халуун шатахаас өмнө бэлчээх хэрэгтэй. Сэрүүнд идээшилсэн хонио үдийн халуунд хайрга элсэн дээр хэвтүүлбэл тарга, хүчээ сайн авдаг юм. Намрын цагт тарга, хүчээ авсан малыг зөөлөн тууж, сэрүүн, сүүдэр газар тогтоож хариулдаг. Ингэж сэрүүнд хариулсан мал өвөл тарга хүч сайтай байдаг юм.

-Эрт үеэс малчид од эрхэсийн байрлалаар цаг агаар шинжиж, тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог байсан. Гэтэл одоо энэ талаар мэдлэгтэй хүн ховор болжээ. Таныг харин нутгийнхан тань од эрхэсийн байрлалаар цагийн байдлыг тодорхойлдог гэлцдэг. Яаж шинждэг юм бэ?
-Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн том соёл, мэдлэгийн нэг нь оддын байрлалаар цагийн байдлыг шинжих. Эмэг эх минь надад анх мичидийн тохиолгыг зааж өгсөн. Тухайн сард мичид хэдийд тохиох вэ гэдгийг шинжиж, хот айлынхандаа мэдээлэл дамжуулдаг байсан. Мичидийн тохиолго тохиох үеэр өвөлдөө цас орж, хүйтэрнэ. Зундаа бороо хур их ордог юм. Тохиолго таарах үеэр ахмадууд  түлш түлээгээ сайн базааж, хоол ундаа нөөцлөөрэй гэж захина. Мичидийн тохиолгыг шинждэг 28 од бий. Энэ одод нэг нэгээрээ ээлж дараалан нар сарыг тойрч эргэлддэг юм.

-Хүүхдүүдээс тань удам залгаж, малчин болсон хүн бий юү?
-Би гурван хүүтэй. Түүнээс хамгийн бага хүү Д.Ганзориг мал маллаж байна даа. Өнгөрсөн жил хүү маань сумын сайн малчин болсон. Багын малд нүдтэй, гярхай хүү байлаа. Намайг дагаж малд явахдаа төрөл бүрийн ургамал судалж, элдвийг шалгаадаг байсан. Одоо надаас дутахааргүй малчин болж байна даа.

-Залуу малчид уламжлалт ахуйгаа хэр сайн өвлөж байна гэж та боддог вэ?
-Мал маллах арга ухаан цагийн аясаар өөрчлөгдөж, морь, малаа уналга эдэлгээнд хэрэглэхээ больжээ. Өдгөө залуу малчид ховордож, техник, технологи хөгжсөнөөр бэлэнчлэх сэтгэлгээ ихэссэн. Зарим үед олон толгой малтай, хүн бүлгүй үед техник ашиглахаас аргагүй харагдах юм. Зарим газар үнээгээ ч саахаа больсон байна лээ. Бидний залууд үнээ, гүү, хонио өдөрт хоёр сааж, өглөөнөөс орой хүртэл цурам хийлгүй ажиллана. Хүүхдүүд нь өдөржин хурга хариулж, малын бэлчээрт өнжихдөө оюун ухаан хөгжүүлэх төрөл бүрийн уламжлалт тоглоом наадгайгаар нааддаг байв. Харин одоо хүүхдүүдийн сургуульд суух хугацаа их болж, малаас хөндийрч байна. Суурин соёл иргэншил бараадсан хүүхдүүд мал маллах уламжлалаа мартаж байгаа нь үнэн.

-Төрөөс малчид руу чиглэсэн дорвитой бодлого алга гэж шүүмжлэх болсон. Үнэхээр малчдад төрийн бодлого дутагдаж байна уу?
-Малаас хаях юм байхгүй, амьсгалыг нь л авч болдоггүй юм. Гэтэл бид өдгөө махнаас бусад ашиг шимийг нь хүртэж чадахаа больсон байна. Дайвар бүтээгдэхүүн, толгой, шийр арьс, шир зэрэг түүхий эд үнэгүйдсэн. Тэгэхээр төрийн бодлого дутмаг байна гэсэн үг. Тэтгэвэр тэтгэмж нэмэгдлээ гэдэг ч буцаад өргөн хэрэглээний барааны үнэ өсчихнө. Энэ нь малчдын амьдралд хүндрэл үүсгээд байна. Өөрөөр ч тэд яаж туслах вэ дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Tanidag hunteigee uulzsan met bolloo.Saihan tovch todorhoi yariltslaga boljee.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Залуучуудад сургамж өгөх гоё ярилцлага байна ахдаа эрүүл энхийг хүсэн ерөөе!
    2020 оны 03 сарын 19
  • Өнөр
    Маш саруул, сийрэг ухаантай хүн дээ.Цэгцтэй сайхан ярьдаг, бас их ой санамж сайтай. Би энэ сэтгүүлчийг өвгөн ахын минь яриаг бичигт буулгахад төвөгтэй байгаагүй гэж бодож байна. Өвгөн ахдаа урт удаан наслахыг ерөөе.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Хангайн залуу
    Сайхан ярилцлага байна. Нутгийн буурайдаа урт наслахыг ероое.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
    • Залуучуудад сургамж өгөх гоё ярилцлага байна ахдаа эрүүл энхийг хүсэн ерөөе!
      2020 оны 03 сарын 19
Нийтлэлчид