Улаанбаатар 1c

Мөнхийн хямдралтай “Мөнгөн завьяа”

“Мөнгөн завьяа”-гийнхан үндсэн үнээ 50 хувиар нэмж, түүнийгээ  хямдруулж байгаа нэрээр иргэдийг залилдаг бололтой

Мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, алтан гинж гээд юу ч авсан үргэлж л “Хямдралтай” хэмээн угтдаг газар бол “Мөнгөн завьяа”. Очих бүрт хямдрал зарласан байдгийн учрыг тодруулахаар тус үнэт эдлэлийн дэлгүүрийг зорилоо.  

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор тус дэлгүүр долоо хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож, өчигдрөөс хэвийн ажиллаж  эхэлсэн юм. Хэдэн хоног хаалгаа барьсан болохоор ч тэр үү худалдан авагчдын хөл хөдөлгөөн их байв. Лангуу бүрт л ээмэг, бөгж зүүж үзэн, дөрвөлжин жижиг толинд өөрсдийгөө харан зогсох эмэгтэйчүүд үзэгдэнэ. Худалдагч нар “Манай дэлгүүр хямдрал зарласан байгаа шүү. Сонирхсон зүйлээ 50 хувь хямдруулаад аваарай. Манай лангуу хамгийн хямд үнээр зарж байна. Хэд хоног хаалттай байсан учраас наймаа хагалаад, дахиад ч хямдруулаад ав” гэж хямдарсан гэх 50 хувиасаа ч бага үнэтэй өгөхөөр ярьж байв. Бараагаа үндсэн үнээс нь 50-60 хувь хямдруулчихаар ашигтай байдаг юм болов уу гэх бодол өөрийн эрхгүй  төрнө. Харин худалдан авагч нар “Сайн хямдарсан байгаа дээр нь бушуухан авъя” гэсэн аятай лангуу бүрээр холхилдож байв.

Алт, монетон эдлэл зардаг лангуун дээр очлоо. Дунд эргэм насны эхнэр, нөхөр тус лангууг ажиллуулдаг юм байна. Элдэв гоёл чимэглэлгүй, шигтгээгүй, энгийн, цулгуй монетон хослол сонирхож яваагаа хэлэхэд, дөрвөн өөр загварын хослолыг шилэн лангуун дээрээ гаргаж тавиад үзүүллээ. Ээмэг, бөгж, зүүлтний кулон дээр наасан үнийг харвал тус бүр 2.1, 4.3, 4.4 грамм аж. Харин үнэ нь 420, 917, 928 мянга гэдгийг шар цаасан дээр хараар бичжээ. Худалдагчаас хямдраад хэдэн төгрөг болохыг асуухад, хар өнгийн тооны машин лангуун доороосоо гаргаж ирээд, долоовор хуруугаараа тачигнатал бодож эхлэв. Чухам ямар аргаар нэмж, үржүүлээд байгааг үл мэдэгдэм хэдэн тоо амандаа бувтнаж, тооны машин дээр бодсоноо тэрбээр “Үндсэн үнэ нь 2.2 сая төгрөг болох юм байна. Үүнийгээ 50 хувь хямдруулахаар 1.1 сая төгрөг болж байна. Харин чи наймаа хагалаад 856 мянгаар ав. Энэ бол бөөний үнэ шүү. Чи үүн дээр 300 мянган төгрөгийн үнэтэй гинжийг 50 хувь хямдруулаад, бүгдийг нь нийлүүлээд нэг сая төгрөгөөр аваарай” гэх нь тэр. Мөн үргэлжлүүлэн “Удахгүй 50 хувийн хямдрал дуусна. Алтан эдлэлээ 40, монетоо 50 хувиар хямдруулж байгаа. Харин чамд 60 хувь хямдруулаад өгье” гэсэн юм. Хямдарсан үнээр бол нэг грамм алтан эдлэлийг 160 мянгаар худалдаалж байгаа бол монет нь 110 мянга гэнэ. Бөөндөж авсан үнээрээ зарж байна гэж хэлэхийг бодвол бараа тус бүр дээр наасан шар цаас, хар бичигтэй үнэ нь 60-70 хувь нэмсэн тоо ажээ.

“Үйлчлүүлэгчдэд хямдарсан гэж хэлэхгүй бол хямдрал нэхээд байдаг”

Тус дэлгүүрийн мөнгө аяга болон бусад мөнгөн эдлэл зардаг тасаг руу орлоо. Төв хаалгатай залгаа байрлах “Мөнгөн талст” гэсэн хаягтай  аяга зардаг лангууны барааг хэсэг сонирхов. Худалдагч бүсгүй “Ямар аяга сонирхож байна вэ. Манайх 30 хувийн хямдрал зарласан байгаа шүү. Бэлгэнд өгөх юм уу, эсвэл өдөр тутамдаа хэрэглэх үү” гэж бараагаа хоёр ангилан асуулаа. Мөн тэрбээр “Манай аяганууд үйлдвэрийн сорьцтой шүү. Стандарт шаардлага хангасан, өдөр тутам ашиглахад элэгдэж, хуучрахгүй. Өдөр тутам хэрэглэлээ гэхэд ойролцоогоор 7-10 жил ашиглана. Сорьцгүй аяганууд бол дээд тал нь дөрвөн жил хэрэглээд л нимгэрч, цоордог. Мөнгөн аяга 30 хувиас дээш хямдардаггүй. Цэвэр 85 граммтай аягыг хямдруулаад 220 мянгад аваарай. Үүнээс 10 мянган төгрөг татаад 210-д ав. Үндсэн үнэ нь 392 мянга гэдэг юм” гэв. Одоо цагт мөнгөн аяга тугалган цаасаар бүрчихсэн юм шиг хэврэг болчихсон гэж хэлэх хүн олон. Тэр бүү хэл авсан аяга нь халуун цай хийхээр хууларч, хугарах нь энүүхэнд. Мөн өнгө нь хувирч, цоорч, хэрэглэхэд биш хадгалахад зориулсан аятай байдаг. Энэ талаар худалдагч бүсгүйд хэлэхэд “Сорьцгүй аяга, орцноосоо шалтгаалаад нимгэн, зузаан байна. Сорьцны баталгажуулалтгүй аяга л элэгдэл даадаггүй. Бүх лангуу л сорьцгүй аяга зарж байгаа. Баталгаажуулалт хийгдээгүй аяга хамгийн хямддаа 100 мянга гэдэг. Тэгээд л граммаасаа шалтгаалаад үнэ нь өсдөг” гэв. Үргэлжийн мөнх хямдралтай байдаг “Мөнгө завьяа”-гийн лангуу түрээслэгч нар ашгаа хэрхэн олдог, үнэхээр бодитой хямдардаг уу, яагаад байнга хямдралтай байдаг зэргийг асуухад “Зарим хүмүүст хямдарсан гэж хэлэхгүй бол хямдрал хүлээгээд байдаг. Байж болох хамгийн доод үнээрээ өгч байна гэж хэлээд ч ойлгодоггүй. Үндсэндээ бол бөөндөж авсан үнэ дээрээ хэдэн төгрөгийн ашиг нэмж, зарж болох үнээр нь зардаг” хэмээн ярив. Түүний ярианаас сонсоход, хямдарсан гэж үйлчлүүлэгчддээ хуурдаг нь илт. Үнэндээ тэд бараагаа хямдруулдаггүй, үнээ нэмж, хямдарсан хэмээн үндсэн үнээрээ зарж, иргэдийг хулхиддаг гэсэн үг. 

“Өмнө нь ирэхэд 30 хувь хямдарсан гэж байсан”

Эхнэртээ ээмэг, бөгж, зүүлт бүхий монетон хослол авахаар залуухан эр тус дэлгүүрт иржээ. Лангуу бүрээс хэд хэдэн хослол үзэж, эргэлзэж, тээнэгэлзсэн байдалтай зогсоно. Тэрбээр худалдагчаас “Аль загвар нь дээр вэ. Энэ яг сүүлийн үеийн загвар нь мөн үү” гэж асуусаар 1.2 сая төгрөгийн үнэтэй монетон хослол худалдаж авав. Тэрбээр “Оны өмнө ээждээ бөгж авахаар ирэхэд алтан эдлэл 30 хувь хямдарсан байсан. Харин одоо 40 хувь хямдарсан гэж худалдагч хэлсэн. Мөн түүхий эдийнх нь үнэ нэмэгдэхгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ нь өөрчлөгддөггүй, байнга л хямдралтай байдаг юм шиг байна лээ. Бусад газраас авснаас арай найдвартай юм болов уу гэж л эднийхийг зорьж ирдэг. Зарим газрын мөнгөн аяга угаагаад байхаар дотор талаас нь зэс цухуйдаг. Манайд нэг хүн мөнгөн аяга бэлэглэсэн юм. Гэтэл тэр аяга жил болохгүй дотор талын өнгө нь шар, улаан гээд олон өнгөтэй, алаг эрээн болчихсон. Тийм учраас ядаж буцах хаягтай газраас бараа бүтээгдэхүүн авъя гэж боддог” хэмээв. 

Сорьцгүй эдлэл зарах ёсгүй

Иргэдэд хямдралтай үнээр зарж байна хэмээн молиго үмхүүлж, толгойг нь эргүүлдэг энэ байдал хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Бодит бус хямдрал гэдгийг зарим хүн мэддэг. Мэддэг хүмүүс нь ШӨХТГ-т хандаж, гомдол мэдүүлдэг байна. Бид ШӨХТГ-аас он гарснаас хойш алт, монет, мөнгөн эдлэлтэй холбоотой гомдол ирсэн эсэхийг тодруулахад “Ийм гомдол ирээгүй. Иргэдээс ирсэн гомдлын дагуу л бид ажилладаг. Гомдол ирээгүй үед тухайн газар ямар нэгэн хяналт, шалгалт хийж ажиллах боломжгүй. Зарж байгаа бараа бүтээгдэхүүний сорьц, жин, орц зэрэгт манайх хяналт тавьж ажиллах боломжгүй” хэмээв. Харин лангуун дээр зарж, борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнд сорьц тогтоох шинжилгээ хийдэг Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металл сорьцийн хяналтын хэлтсийн Улсын байцаагч Б.Лутсүхээс энэ талаар тодруулахад “Мөнгөн завьяа” болон үнэт эдлэлийн дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж, манайхаас сорьц тогтоож өгдөг. Сүүлийн нэг жилийн хугацаанд сорьцгүй, хуурамч бараа бүтээгдэхүүн борлуулсан гэдэг гомдол иргэдээс ирээгүй. Шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж, батлагдсан стандартдаа хүрч байгаа эсэхэд шалгалт хийдэг.
Дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүдийг зөвхөн манайх шинжилгээнд хамруулж, стандартын сорьцын тэмдэг дарж, худалдаанд гаргадаг. Хэрэв сорьцгүй эдлэл зарж байгаа бол манайхаар баталгаажуулалт хийгдээгүй гэсэн үг. Жилд ойролцоогоор 150 мянган эдлэл сорьц баталгаажуулалт хийлгэж, худалдаалах эрхээ авдаг. Шаардлага хангаагүй, стандарт сорьцын хэмжээнд хүрээгүй бараа бүтээгдэхүүнүүдэд баталгаажуулалт олгодоггүй” гэлээ. Үүний дараагаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ямар хяналт тавьж ажилладаг талаар лавлахад “Хэрэглэгчидтэй холбоотой асуудал учраас манайхаас хяналт тавьдаггүй. Бид хэдэн граммтай, ямар сорьцтой бараа бүтээгдэхүүн зарж байгааг шалгах эрх байхгүй” хэмээн хариулав. 

Сорьцын баталгаажуулалтаас өөр алт, мөнгө, монетон эдлэлд, мөн “Мөнгө завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрт хяналт тавьдаг газар алга бололтой. Зөвхөн хэрэглэгчээс л гомдол ирвэл түүний дагуу шалгадаг гэнэ. Хэрэглэгчээс гомдол ирэхгүй бол холбогдох албаныхан чих нь дүлий, нүд нь хаалттай суух нь. Хямдрал зарласан нэрийдлээр худалдан авагчаа хууран мэхэлж, үндсэн үнээ хоёр дахин нэмсэн шошго хадаж, түүнийгээ хямдруулсан нэрээр иргэдийг залилдаг, сорьцгүй бүтээгдэхүүн зардаг байдал арилахгүй нь. Мөнхийн хямдралтай “Мөнгөн завьяа”-д хяналт үгүйлэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид