Улаанбаатар 1c

Б.Түвшин: Монгол хүн монголдоо дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээ авдаг болгохыг хүсдэг

Англи хэлийг чамгүй сурч, IELTS-ийн 8.0, IBT TOFEL-ийн 95 оноо аван дэлхийн аль ч оронд суралцах гарцыг өөртөө нээсэн ч эх орондоо ажиллаж, амьдрахыг эрхэм болгосон залуухан, мэс заслын эмч Баясгалангийн Түвшинтэй хэл сурсан туршлага болон зорилго, тэмүүллийнх нь талаар ярилцлаа.

-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулаач.  Ямар мэргэжилтэй вэ?
-Би Улаанбаатар  хотод төрж, өссөн.  2008 онд лаборатори нэгдүгээр сургуулийг төгссөн.  2014 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмчээр төгсөөд, мэс заслын резидэнт хийсэн. Одоо Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасагт их эмчээр ажилладаг. Ажиллаад  гурван жил орчим болж байна.

-Яагаад хавдрын эмч болохоор шийдэв?
-Ерөнхийдөө би сорилт ихтэй зүйлд дуртай. Анх мэс заслын резидентэд элссэн, тойролт хийх хугацаандаа Хавдар судлалын үндэсний төвд ирсэн юм. Томоохон хэмжээний мэс заслууд, маш нарийн ажилбаруудыг хийхэд эмч хүнээс ихээхэн ур чадвар, мэдлэг боловсрол шаарддаг нь  таалагдсан. Тэгээд л эндээ үлдчихсэн дээ.

-Монгол Улсад халдварын өвчлөл өндөр. Гэвч эмчилгээ, оношилгооны хувьд ямар түвшинд байна вэ?   
- Манай улсад өвчлөл, нас баралтаараа элэгний хорт хавдар тэргүүлдэг. Ийм учраас энэ тал дээр нэлээд арга хэмжээ авч ажилладаг. Олон улсад авч хэрэгжүүлдэг эмчилгээ, оношилгооний бүх арга хэмжээг нэвтрүүлсэн. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болсон. Ийм учраас магадгүй  20 жилийн дараа гэхэд элэгний хорт хавдар  тийм ч хүнд асуудал биш болох байх гэж хардаг. Хоёрдугаарт, ходоодны хорт хавдар ордог. Жилд 900 гаруй хүн энэ өвчнөөр оношлогдож, 600 гаруй хүн нас бардаг. Энэ тоо дэлхийд дээгүүрт орж байна. Дэлхийд БНСУ, БНХАУ  гэх мэт ази хүмүүс энэ өвчнөөр их өвчилдөг. Мөн удамшлын байдал болон амьдралын хэв маяг нөлөөлдөг. Ер нь хорт хавдрыг эрт илрүүлж  байж эмчилдэг. Эрт үед оношилбол том мэс засал хийхгүйгээр эдгэрэх магадлал 70-80 хувьтай байдаг. Харамсалтай нь эдгэрэх боломжтой шатандаа шинж тэмдэг илэрдэггүй учраас хожуу оношлогддог. Хорт хавдрын эмчилгээний зарчмын хувьд манайх бусад орноос ялгарах зүйлгүй.  Гагцхүү урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хандлагыг төлөвшүүлэх нь чухал.

-Мэс засал бол багийн ажил. Ямар баг хамт олонтой ажиллаж байна. Залуухан мэс засалчид суралцах зүйл их байдаг байх?
-Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Монголд гэлтгүй дэлхийд нэр хүндтэй чадварлаг эмч нараас суралцах боломж олдсон. Манай тасгийн зөвлөх эмч Я.Эрдэнэ-Очир, Д.Жаргалсайхан, Р.Ганбаатар гэх мэт мундаг эмч нарын шавь болоод явж байгаа нь нэр төрийн хэрэг. Мөн олон улсын алдартай эмч нараас суралцах боломжийг бидэнд олгосон нь талархууштай. Би ходоод, гэдэсний мэс заслын чиглэлээр БНСУ, Тайваньд богино болон урт хугацааны  сургалтад хамрагдаж,  мэргэжил дээшлүүлсэн. Мэдээж мэс засал бол багийн ажил. Тэр тусмаа нэг хүн шиг сэтгэж, нэг хүн мэт хөдлөхийг шаарддаг. Мэс засалч байна гэдэг бол цаг хугацаа,  хувийн хичээл зүтгэл шаардсан, биеийн болон сэтгэлзүйн талаас  ажлын ачаалал даах чадвар шаарддаг чанга мэргэжил.

-Таныг англи хэл чамгүй сайн сурсан, түвшин тогтоох шалгалтын өндөр оноотой гэдгийг мэднэ. Энэ их ажлын хажуугаар англи хэлийг хэрхэн энэ хэмжээнд  сурав?
- Би өөрийгөө тийм ч өндөр оноо авчихсан гэж боддоггүй.  IELTS-ийн 8.0, IBT TOFEL-ийн 95 гэдэг нь харьцангуй өндөр оноо хэдий ч орчин үед үүнээс өндөр оноо авах чадвартай хүүхдүүд бий. Өнгөрсөн жил дүү маань гадагшаа сурах гээд хэлний шалгалт өгөхөөр болсон. Дүүгээ хурцлах, дэм болох зорилгоор сар гаран бэлдээд IELTS өгсөн. 10 жилийн сурагч байхдаа ганц нэг сургалтын төвд сурдаг байсан. Ерөнхийдөө хэл сурах нь хувь хүний өөрийнх нь сонирхлоос хамааралтай гэж боддог. Зовохгүйгээр гадаад хэл сурах боломжтой. Яаж сурсанаа эргээд бодоход өөрийнхөө хоббитой холбох нь үр дүнтэй санагдсан. Би багаасаа спорт их сонирхдог  байсан болохоор хичээл тараад интернэт кафе ороод спортын мэдээ, дэмждэг багийнхаа тоглолтын тойм үздэг байсан. Мөн англи хэл дээр кинонууд үзнэ. Эхэндээ юу ч ойлгохгүй, яваандаа сайжирсаар бүрэн ойлгодог болно.  Миний хүүхэд нас  тэгж л өнгөрсөн.  

- Англи хэл сурах нь чухал юм байна гэдгийг ойлгохын тулд ямар нэг хөшүүрэг байсан байх.  Энэ талаар яриач?
-Эмч болох замналд  гадаад хэлний мэдлэг маш чухал. Залуу эмч анхнаасаа мэдлэг, туршлагатай байна гэж байхгүй. Үүнийг өөрийгөө хөгжүүлснээр амьдралынхаа замналд олж авдаг. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд  ном, сурах бичиг шагайхаас гадна, туршлага судлах хэрэгтэй. Олон улсын хурал, цуглаан, анагаах ухаан,  мэргэжлийн боловсролын бүхий л мэдээлэл англи хэл дээр байдаг. Тиймээс гадаад хэл бол эмч хүний заавал эзэмшсэн байх ёстой эрдэм гэж боддог.

-Таныг хэсэг найзынхаа дунд хэл сурах давалгаа эхлүүлсэн гэж сонссон ?
-Манай эмнэлэгт миний үеийн шижигнэсэн залуучууд цөөнгүй. Бид бие биенийгээ хурцалж дэмждэг. Энэ онд найзуудынхаа хүрээнд жижигхэн бооцоотой хэл сурах, IELTS шалгалт өгөх аян зарлаж, босго оноо нь долоо байхаар тохирсон. Манай хэд эхнээсээ бэлдээд эхэлчихсэн байгаа. Магадгүй өндөр оноонд хүрч чадахгүй байлаа ч энэ явцад суралцах дадал, олж авах мэдлэг нь илүү чухал юм.

-Хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг. Гадаадад сурч, амьдрахыг хүсдэг залуус цөөнгүй. Гэвч хэлний мэдлэг дутмагаас явж чадахгүй байх нь бий. Гэтэл таны хувьд эсрэгээрээ Монголдоо ажиллахыг илүүд үзэж. Шалтгаан нь юу вэ?
-Үнэхээр хэлнийхээ оноог ашиглая гэвэл дэлхийн аль ч улс орны ямар ч сургуульд суралцах боломжтой. Магадгүй одоо дахиад өгвөл өмнөхөөсөө  өндөр оноо авах боломжтой. Бүр анхнаасаа шалгалт өгөхдөө гадагшаа сурах, тэтгэлэг хөөцөлдөх зорилго тээгээгүй.  Өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. 2008 онд эмч болохоор шийдэхдээ л энэ сонголтыг хийчихсэн байсан. Учир нь би эмчийн гэр бүлд төрж өссөн. Манай аав, ээж, эмээ эмч мэргэжилтэй. Миний хүүхэд нас эмнэлгийн орчинд өнгөрсөн гэж хэлж болно. Нэгэнт би эмч болохоор шийдчихсэн учраас гадны оронд өөр мэргэжлээр сурах сонирхол байхгүй. Тэгээд ч миний хувьд сайн эмч болно гэдэг том зорилт өмнөө тавьсан. Тиймээс Монголдоо сурч, ажиллах нь зөв гэж шийдсэн. Жил болгон өндөр хөгжилтэй орнууд руу явж туршлага судлах, мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа. Тийм болохоор гадагшаа явах нь  тийм сонирхолтой санагддаггүй. Чин үнэнийг хэлэхэд, бидний үеийн залуу эмч нарт Монголд сургуульд төгсөөд, гадаадад өндөр цалинтай ажиллаж амьдрах боломж бий. Магадгүй гадагшаа урт хугацаагаар суралцахаар явж болох ч тэндээ шингэчихье гэдэг бодол байхгүй. Эх оронд маань хийх юм зөндөө байна шүү дээ.  Хүний хийж байгаа зүйлд тодорхой  зорилго байх хэрэгтэй. 

-Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, оюутан залууст видео хичээл бэлтгэн хүргэхийг хүсч байгаа тухайгаа бичсэн байсан. Үүнийг хэзээ ажил хэрэг болгох гэж байна?
-Хоёр найзтайгаа хамтраад Анагаахын оюутнуудад англи хэлний сургалт үнэ төлбөргүй заахаар шийдсэн. Оны эхэнд  100 хүүхэд сонгосон. Хөл хорио дууссаны дараа сургалтаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Цаашдаа хүмүүсийн мэдлэг, боловсрол, нийгэм рүү чиглэсэн ашгийн бус үйл ажиллагаа зохион байгуулах  талаар бодсон юм их бий. Гэхдээ мэс заслын эмчийн ажил цаг наргүй, ачаалал ихтэй учраас амжихгүй л байна. 

- Анхлан хэл суралцаж байгаа хүүхэд, залуучуудад  үр дүнтэй суралцах зөвлөгөө өгөөч?
-Хэл сурна гэдгийг ял мэт хүлээж авахгүй байх хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн өөрийнхөө хийх дуртай зүйлстэй холбовол үр дүнтэй. Ном унших дуртай бол ном унш, дуу дуулах дуртай бол дуу сонс, дагаж дуул. Хэрвээ ингэж чадвал хэл сурахад зарцуулж байгаа цаг хугацаа үр дүнтэй, хөгжилтэй байх болно. Хоёрдугаарт,  хэл сурахаар шийдсэн бол зоригтой дайр. Тэгэхгүй өдөрт дөрөв, таван үг цээжлэх мэтээр алгуурлавал үр дүн гарахгүй. Тийм зорилт хэзээ ч биелдэггүй. Үүний оронд богино хугацаанд эрчимтэй суралцах хэрэгтэй. Миний хувьд өдөрт дөрвөн цагийг англи хэлтэй холбоотой зүйлд зарцуулдаг. Иймэрхүү байдлаар амьдралынхаа хэв маягт оруулах нь ашигтай. Хэл сурах нь хүнээс өндөр чадвар шаарддаггүй зүгээр л тууштай байх хэрэгтэй.

-Өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Миний хувьд өөрийн олж авсан болон өмнөх үеийнхний бидэнд үлдээсэн үнэтэй туршлагыг бусадтай хуваалцах сан гэж боддог. Мөн боломж бололцоо тохиовол Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд багшилж, оюутнуудад сурсан мэдсэнээ хуваалцах хүсэл ч бий. Миний алсын зорилго бол салбартаа шинэчлэл хийх. Монгол хүн Монголдоо дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ авдаг болгох юм сан гэж хүсдэг.

-Залуу эмчийн хувьд Монголын эрүүл мэндийн салбарын  ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Эрүүл мэндийн салбар нь эдийн засгийн асуудалтай холбогддог. Дөнгөж саяхан миний олж уншсанаар Америкт нэг хүн халуураад, түргэнээр эмнэлэгт очин  зөвхөн ханиадны сорил тавиулахад 4000 ам.доллар болж байна. Харин манай улсын эрүүл мэндийн салбар тогтолцооны хувьд социалист нийгмийн үеэрээ байгаа. Гэтэл үүнээс болж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэж чадахгүйг бид харж байна.  Эрүүл мэндийн салбарын ирээдүй хоёр зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, тогтолцооны асуудал. Хоёрдугаарт, боловсон хүчний асуудал. Өөрөөр хэлбэл,  муу тогтолцоотой бол хэчнээн сайн боловсон хүчин байгаад нэмэргүй, сайн тогтолцоотой байлаа ч муу боловсон хүчинтэй бол бас л хол явахгүй. Өнөөдөр манай улсад эрүүл мэнд болон боловсролын салбар шиг нэр хүнд муутай, асуудалтай салбар алга. Үүнийг би хамгийн үнэ цэнтэй байх ёстой зүйлсээ хүчээр үнэгүй байлгах гэж олон жил зүтгүүлсний үр нөлөө гэж хардаг. Хэрвээ цаашид тогтолцооны хувьд шинэчлэл хийхгүй, бодит зөв үнэлэмжтэй болгохгүй бол оюуны чадамжтай хүмүүс анагаах ухааны салбарыг сонгохоо болино. Магадгүй аль хэдийн болиод эхэлчихсэн. Жишээ нь,  хэдхэн жилийн өмнө оюутнууд хүний амь аврахыг илүүд үзэн сэхээн амьдруулах, мэс заслын эмч болох гэж өрсөлддөг байсан. Гэтэл одоо арьс харшил, шүдний эмч болохыг илүүд үзэж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар ч үнэлэмжгүй мөртлөө өндөр эрсдэлтэй, ачаалалтай, тэтгэвэртээ ч гарч амжихгүй нас бардаг  ажил, мэргэжлээс татгалзаад эхэлж байна. Иймээс нэн түрүүнд тогтолцооны өөрчлөлт рүү анхаарлаа хандуулах цаг болсон. Түүнээс биш, Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн мэдлэг чадвартай эмч, мэргэжилтнүүд бий. Энэ мундаг эмч нараа дэмжээд, мэдлэг авьяас, чадварыг нь илүү олон хүнд хүргэх бодлого чухал байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид