Улаанбаатар 1c

“Халагдах цэргийн вальс” аялсан эх орны хөвгүүд

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 99 жил, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн түүхэн 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүнчлэн Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдын нэг өдрийг сурвалжиллаа. 

Ургах нарыг урьтаж тосдог бор цэргүүд 

Үүр гэгээрч, жавартай өглөөний салхинд өвсний толгой найгах нь үзэсгэлэнтэй. Өвс салхины аясаар бөхөлзөх авч газар үл шүргэнэ. Цэрэг хүн яг л энэ өвс мэт суман шуурга, ширүүн тулааныг сөрж, зориг үл халширч “Тулаанд бэлэн” хэмээн зогсдог биз ээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн цэргүүд тахиа донгодохоос ч өмнө босох аж. 05:50 цагт ротын жижүүр “Сэрээд, сэрээд, сэрээд, орноос бос” команд өгснөөр, цэргүүд шаламгай гэгч нь хувцаслана. Хугацаат цэргийн албан хаагчид дүрэмт хувцсаа бүрэн өмсөж, жагсаалын талбайд жагсав. Ийнхүү өглөөний гүйлт, гимнастик эхэллээ. Цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндэд анхаарах зорилгоор өглөөний гүйлт дасгалыг хийдэг. Түрүүч Г.Мөнхжаргал “Рот дуусгаад, номхон.   Баруун тийш эргэ. Анхаар, гүйгээд марш” хэмээн ротоо командлана. Аавын хүү болгон ардын армид бага дарга болдоггүй. Үеийн олон нөхдөөсөө ялгарч, түрүүч цолоор мөрдэсээ чимсэн, өв тэгш биетэй, баргил хоолойтой Г.Мөнхжаргалын нүд бахархал, бардамналаар дүүрэн. Тэрбээр ротоо командлаад зогсохгүй өөрөө ч хамт гүйнэ. Цэргүүд амьсгалын дасгал хийсний дараа нэг, хоёрдугаар 16 тоот дасгал хийж, бие засахаар явав. Тэд бие засах газар, гал тогоо, харуул хоногийн манаа, эмнэлэг, хичээл сургуулилалт гээд хаашаа ч явсан жагсаалаараа. Ганц нэгээрээ явсан ч гүйсэн, яарсан байдалтай. Энэ нь эх орон дуудсан цагт хэзээд бэлэн жагсахын илэрхийлэл мэт харагдана. Өглөөний хоолондоо орсон цэргүүд анги нэгдэлтэд бэлтгэн хувь, хувьдаа  хичээцгээж байв.

Төрийн далбаа мандуулахад шувууд хүртэл жигүүрээ хумина

Саяхан агаарт элин халин байсан шувууд ангийн хашааны энд тэнд цомцойн суужээ. Учир нь, тун удахгүй Монгол Улсын төрийн далбаа мандах гэж буй. Яг л жагсаалдаа зогсож буй цэрэг эрс мэт харагдах жигүүртнүүд магадгүй цуст дайны үед эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн дайчдын сүнс байж ч мэднэ. Тугчид жагсаалын алхаагаар алхаж, тэдний хөлийн чимээ уулын бэлээр цуурайтна. Ийнхүү жавартай хэдий ч амгалан өглөө энх төрийн далбаа эр цэргүүдийнхээ гараас дүүлэн намирав. Ангийн ажилтан, алба хаагч, офицер, ахлагч нар жагсаалын талбайд хэдийн жагсжээ. Ангийн захирагч, хурандаа Ц.Батсайханд штабын дарга О.Энх-Амар илтгэл өгснөөр анги нэгдэлт дуусав. 

Автомат буу бол байлдагч хүний хоёр дахь амь 

Хугацаат цэргийн албанд цэргийн эрдэм, цэргийн албан хаагчийн дүрэм, жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл зэрэг цөөнгүй хичээл орно. Мөн байлдагч хүний хоёр дахь амь болсон автомат бууны талаар хичээл заах бөгөөд автоматын задаргаа, угсаргаа, сумлагаа зэрэг чадваруудыг практикаар эзэмшүүлдэг. Бууг угсрах, задлах нь өөр өөрийн гэсэн норм нормативтай. Тус ангийн байлдагчид галт зэвсгийн хичээлийн дадлага дээр эн тэнцүү өрсөлдөх бөгөөд хэн нэгэн хоцрохгүй бүгд өгөгдсөн хугацаанд амжиж байсан юм. Мөн жагсаалаар алхах үед автомат (буу)-ыг нуруунд, цээжинд гэх хоёр төрлөөр үүрдэг аж. Цэргийн анги байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэргүүд ихэвчлэн буу, аранз, казак, гази, под цүнх, хутган жад гэх мэт хэрэглэлүүдийг бүрэн өмсөнө. Үүнээс гадна тус хугацаат цэргийн алба хаагч болон офицер, ахлагч нарт зориулан англи хэлний хичээл ордог. Мөн энгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, жолооны курс хүртэл хичээллүүлж байгаа гэнэ. Гэвч дэлхий нийтийг цочроосон коронавирусийн цар тахалтай холбоотойгоор цэргийн анги байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаа учир хөл хорионы улмаас дээрх нэмэлт хичээлүүд түр зогссон байна. Хугацаат цэргийн алба хаагчид чөлөөт цагаараа ангиас зохион байгуулж буй соёл хүмүүжлийн ажилд оролцох, зурагт үзэх, бялдаржуулах танхимд хичээллэх, оюуны спорт болон ширээний теннисээр тоглох боломжтой юм. 

Алтан соёмбот тугандаа тангараг өргөх мөч

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан тус анги баярын хурал зохион байгуулж, аранзал улаан тугаа мандуулан, ёслолын буудлага хийсэн юм. Энэ үеэр ангийн нийт бие бүрэлдэхүүн "Монгол Улсын иргэн би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая....” хэмээн нэгэн дуугаар андгай өргөв. Алтан манжлагат, аранзал улаан тугандаа тус ангийн бие бүрэлдэхүүн хараа гарган ёслох нь хэн хүний сэтгэлийг догдлуулмаар. 

Хал цэргүүдийн дунд өрнөсөн яриа 

Чөлөөт цагаараа цэргүүд соёл амралтын өрөөнд телевиз үзэх, ном, сонин уншихаас эхлээд өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрохын төлөө хичээнэ. Үдийн хоолны дараа хал цэргүүд тамхи татаж суунгаа элдвийг ярина. Тэдний ярианд чих тавьбал, түрүүч Б.Ёндонжамц “Дүү нарыгаа харахаар яг анх татагдаж ирсэн үе санаанд ороод байх юм. Нэг л мэдэхэд халагдах болж дээ” гэв. Түүний хариуд байлдагч С.Сумъяабазар “Харин тийм ээ. Өмнөх ээлжийн цэргүүд халагдахад тэсэлгүй уйлчихаж билээ. Одоо ч гэсэн тэгэх л байх даа. Дүү нартаа илүү олон зүйл зааж, сургачихаад халагдах юм сан” хэмээнэ. Цэргүүд халагдах хоногоо цагаан хоол идэх, усанд орох, туганд алхах, оройн тоонд жагсах зэргээр тоолдог аж. Тухайлбал, цэргүүд долоо хоногт нэг удаа цагаан хоол идэж, усанд ордог гэнэ. Алсын хараа бэлчээж, нутгийнхаа зүг санаашрах цэргүүд халагдахад зургаан цагаан хоол, усанд орох зургаан өдөр, оройн тоонд алхах 54 хоног үлдсэн аж. Тэд ийн доод оны дүү, нутаг ус, гэр орон, хайртай бүхнийхээ тухай ярихдаа чин сэтгэлээсээ баясан инээлдэнэ. Магадгүй тэд цэргийн албанд хэзээ ч салшгүй бат бөх нөхөрлөлийг бүтээсэн байх. “Халагдах цэргийн вальс” дууг хоолой нийлүүлэн дуулах болов чиг тэдний бодол санаа зүг бүр тийш сарнин буй нь бодол болсон нүднээс нь илт харагдана. 

Г.Мөнхжаргал: Цэргийн алба хааж буй нь миний амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт 

Он жавууддаа хүндлэгдсэн, даргын тушаалыг чандлан биелүүлж, цэргийн дүрмийг ягштал мөрддөг түрүүч Г.Мөнхжаргалаас цэргийн алба хааж буй сэтгэгдлийг нь асуухад “Өмнө нь цэргийн алба хаасан, хаагаагүй хүмүүсээс олон зүйл сонссон. “Мянга сонсохоор нэг үз гэдэг” үгийг санаж, алба хаахаар ирсэн. Одоо бол ирсэндээ харамсахгүй байгаа. Яагаад гэвэл, би бусдыг удирдах, бусдаар удирдуулахыг суралцаж, зан ааш болон төлөвшлийн хувьд нэлээд өөрчлөгдсөн. Тийм онгироо сагсуу, муу хүн байгаагүй ч аливаа зүйлийн цаадхыг хардаг, асуудалд нягт нямбай, буурь суурьтай ханддаг, зовлон бэрхшээлийг тэвчээртэй даван туулдаг чадваруудад суралцаж амжаагүй байлаа. Харин цэргийн албанд ирээд энэ бүгдийг ойлгож авсан. Халагдаад энд байх хугацаандаа сурсан бүхнээ амьдралдаа хэрэгжүүлнэ. Ядаж л шалихгүй зүйлсээс болж хүнтэй муудалцаад байхгүй. Дээрээс нь Төрийн албаны тухай хуулийн 22.1.6-д цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх шаардлагатай гэж заадаг. Төрд ажиллахыг хүсвэл Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ зайлшгүй биелүүлэх шаардлагатай. Тэгэхээр ард болоод айж, ичих зүйлгүй ажилд орно. Хэний ч өмнө цэргийн алба хаасан гэж бардам зогсоно. Манай он жавууд ч гэсэн над шиг өөрчлөгдсөн. Бүрэг, ичимхий байсан бол одоо нээлттэй, нөхөрсөг болсон. Бага зэрэг аархуу нэгэн нь буурьтай болсон гээд цэргийн албаны давуу талуудыг нэрлээд дуусашгүй. Цэргийн алба хааж буй нь миний амьдралдаа хийсэн хамгийн том өөрчлөлт” гэв. 

Олон жил зүүд аргамжих оройн тоо 

“Цэрэг гэдэг үг зэрэг гэдэг үгнээс гаралтай” гэдэг нь хугацаат цэргийн алба хаагчдын үйлдэл бүрээс илт. Тэдний алхаа гишгээ, гараа хаялах бүхэн нь нэгэн зэрэг. Алхаа гишгээ шигээ амь, сэтгэл нэгтэй. Халагдах өдрийг нэгээр багасгасан нар аль хэдийн шингэж ээ. Цэрэг эрс захны даавуугаа хадаж, гутлаа тослон оройн тоондоо бэлтгэнэ. Тэдний гутлыг харахад шил, толь гэмээр. Мөн захны даавуу нь нэгэн жигд, цэмцгэр. Хэчнээн сар өмссөн ч шинэ юм шиг гялтганах байлдагчийн гутлын хоншоорт тэнгэрийн одод гялбалзана. “Оройн зугаалгын дуу гаргаж алхаад марш” командаар рот “Шингэх нарны улбар туяа
Шилийн цаагуур шингэж байхад 
Сэрүүн орой сэтгэл сэргээсэн 
Шингэн хоолойгоор дуугаа өргөе өө” хэмээн оройн зугаалганы дуу гарган алхална. Оройн тоонд жагсаалаас хэд хэдэн дуу гарах бөгөөд “Зарлан дуудахаа аваад 
Зүрх минь хэдий догдолсон ч
Чамаасаа холдоно гэхээр 
Сэтгэл хорогдоод байна....”  дууг дуулахдаа хоолой зангируулах аж. Ийнхүү оройн тоо явуулснаар цагийн хуваарьт ажиллагаа өндөрлөнө. Тасгийн дарга, салаан даргын орлогч нар хороон жижүүрт цэргийн тоо өгснөөр оройн тоо дууслаа. Ургах улаан нартай зэрэгцэн хүйтэн жаварт хацраа хайруулан байж мандуулдаг төрийн далбаагаа тэд оройн тооны дараа буулгана. Хугацаат цэргийн алба хаагчид төрийн дуулал дуулахтай зэрэгцэн тугчид төрийн далбааг буулгана. Оройн тооны дараа бие засаж хуарандаа орсноос хойш анги байгуулагын хашаанд ямар нэгэн хөдөлгөөн хийдэггүй аж. Өөрөөр хэлбэл, цэргүүдийн амрах цаг юм. Казармдаа орж гараа ариутгаж, амны хаалтаа аван, амрах аж. Гэвч дур зоргоороо, уван цуван унтсангүй. “Рот дуусгаад амар” гэдэг командаар гэрэл унтарч, цэргүүд амрав. 

“Тэртээ 1921 онд Их жанжин Д.Сүхбаатарын түүчээлсэн журамт цэргийн ялалтын уухайтай нас чацуу ангийнхаа алдар түүхийг ахмад үеийнхээ баатарлаг замналаар үргэлжлүүлэн яваа та бүхнээрээ бахархаж байна. Зэвсгээр овоглосон өндөр хариуцлагатай, эрхэм хүндтэй үйлсэд оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ харамгүй зориулж ажиллаж байгаа эрхэм хүндэт офицер, ахлагч, ААХ, хугацаат цэргийн алба хаагч та бүхэндээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн дайчин цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ “Монгол цэргийн баярын өдөр”-ийн мэнд хүргэе. Та бүхний ажил үйлс өөдөө байх болтугай. Монгол цэргийн яруу алдар, цог жавхаа мандан бадраг” гэж Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан “Монгол цэргийн өдөр”-т зориулан мэндчилгээ дэвшүүллээ. 

Эх орны тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдал, ард иргэдийн амгалан тайвны төлөө энхийн манаанд зогсож буй эх орны хөвгүүдийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна. Өөрийн чин хүслээр Үндсэн хуульд заасан иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хугацаат цэргийн алба хааж буй нийт залуусдаа Монгол цэргийн баярын өдрийн мэнд хүргэе. Монгол цэргийн яруу алдар мандан бадрах болтугай. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид