Улаанбаатар 1c

Баярлалаа, хурандаа

Г.АМАР, Npost.mn 2020-03-19 10:26

Хамгийн ээлгүй орны иргэд мэт улсаа муучилдаг, хамгийн бүтэхгүй нөхөд цугласан төр, засагтай мэт ярьдаг хүмүүс бол монголчууд. Нээрэн ч асуудлын шийдэл нь олддоггүй, дорвитой шийдвэр гаргах “толгойгүй”, хариуцлага хүлээх эзэнгүй, эзгүй байсаар ирсэн төр засаг маань биднийгээ хашраачихсан биз. Дэлхий дахиныг айдаст автуулсан аюулт өвчин гарахтай зэрэгцээд өвчин тусахын зовлонгоос илүү ядруухан эдийн засагтай, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, эмч, эмнэлгийн байгууллагын аль алиных нь хүрэлцээ муутай улс минь сүйрэх вий гэж монголчууд дор бүрнээ халаглан, түгшиж байсан. Энэ бүх эргэлзээ тээнэгэлзээ, айдас аюулыг олон жилийн тортог тогтсон утааг салхилуулаад арилгасан шигээ үгүй болголоо, хүндэт хурандаа У.Хүрэлсүх.   Монголын төр, засаг эзэнтэй болсон байна.

Монголд халдвар тархаагүй нь Засгийн газар цаг алдалгүй арга хэмжээ авсны үр дүн гэж үзээд, хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхлэв

Өмнөд хөршид шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж эхлэхтэй зэрэгцээд У.Хүрэлсүхийн Засгийн газар цаг алдалгүй арга хэмжээ авч эхэлсэн. Их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, өмчийн хэлбэр үл хамааран ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг, жолооны курс, хэлний сургалтын төвүүдийн үйл ажиллагаа, урлаг, соёл, спортын нийтийг хамарсан арга хэмжээг бүхэлд нь зогсоосон нь хурандаагийн Засгийн газрын цагаа олсон шийдвэрүүдийн нэг байлаа. Мөн томоохон эрсдэл үүрэн байж хилийн боомтуудыг хаах, олон улсын нислэгүүдийг зогсоох гэх мэтийн эрс шийдэмгий арга хэмжээг авсны үр дүнд өдгөө газар зүйн байршил, бусад хүчин зүйлийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэй хэмээн тооцогдож байсан Монгол Улс цар тахлыг айдас, аюул багатай гэтэлж байна. Монголд халдварын тохиолдол яагаад ийм цөөхөн бүртгэгдсэнийг олон улс анхааран, судалж, цар тахлын үед монголчуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ оновчтой, үр дүнтэй байж, Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд сайн ажилласан хэмээн дүгнээд, Монголын туршлагыг хэрэгжүүлэхийг зөвлөж эхэлсэн байна. Энэ талаар ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Эрдэмтэн, судлаачид Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг Засгийн газар цаг алдалгүй авсны үр дүн хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн” гэж мэдээллийнхээ үеэр хэлнэ билээ.
Манай улсыг ковид-19 халдвар тархах эрсдэлтэй орны тоонд ДЭМБ аль нэгдүгээр сард оруулсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа эрсдэлийн үнэлгээ хийхдээ үүнийгээ давтан, “Халдвар орж ирэх, ирэхгүйн тухай бус, орж ирэхээр нь хэрхэн ажиллахдаа л бэлтгэх  хэрэгтэй” гэх маягийн сануулга өгсөөр байлаа. Өнгөрсөн сарын эхээр манай улсыг халдвар илэрвэл тархах маш өндөр эрсдэлтэй орны тоонд оруулж, онцгойлон анхааруулсан. Энэ халдварын эхний бөгөөд хамгийн том голомт БНХАУ-тай хаяа залган оршиж, 4700 км газраар хиллэдэг манай улсыг агаар дуслын замаар халддаг вирусийг оруулахгүй хамгаалж чадна гэдэгт тэд итгээгүй, уламжлалт баяр Цагаан сараараа халдварыг хяналтаасаа алдана гэж санаа зовсон хэрэг. Харин Засгийн газар Цагаан сарын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, уламжлалт баяраа вирусгүй давснаар барахгүй уг халдварыг хилээрээ оруулалгүй гуравдугаар сартай золголоо. Зарим дэврүүн нэгнийг “Монгол хүнд энэ вирус тусахгүй нь. Монголчууд аргагүй өөр хүмүүс юм" хэмээн итгэтэл нь хамгаалж чадсан нь ядруухан эдийн засагтай, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, эмч, эмнэлгийн байгууллагын аль алиных нь хүрэлцээ муу манай улсын хувьд амжилт гэхээс өөр юу гэх билээ. Энэ бол халдварыг хаалгаараа оруулахгүйн төлөө байгаа бүх арга чаргаа хэрэглэж, хүч чадал, нөөц боломжоо дайчилан, зоригтой, шийдэмгий, “толгойгоо мэддэг” хүн шиг ажилласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний танхимын гавьяа гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Ковид-19 бол басаж, дасаж, тайвширч болохгүй халдвар, цар тахал. Энэхүү аюулт вирус өчигдрийн байдлаар зургаан тивийн 160 гаруй оронд бүртгэгдлээ. Халдварласан хүний тоо 180 мянгыг давж, нас барсан нь ч хэдэн мянгаар тоологдож байна. Халдвар анх бүртгэгдсэн БНХАУ хамгийн их хохирол амсаад буй. Тус улсад ковид-19-өөр 81 мянга гаруй хүн өвчилж, 3000 гаруй хүн нас барсан. Ямар ч үед ихэмсэгхэн оршдог Итали, Франц, Герман улсууд өдгөө энэ халдварын өмнө толгой гудайлгаж, хэрхэн тогтоон барих ухаанаа олохгүй самгардаж байна. Эрүүл мэндийн салбар нь дэлхийд дээгүүр үнэлэгдэх болсон БНСУ ч бас гал алдахын босгонд тулж очсон. Ямар ч асуудлыг хүн хүч, техник технологи, шинжлэх ухаанаар “зодоод” төвөггүйхэн шийдчихдэг хүчирхэг эдийн засагтай том гүрнүүд энэ цар тахлын өмнө хүчин мөхөстөж буйг дэлхий нийтээрээ харлаа. Энэ аюулын хамгийн том голомтын хаяанд байгаа манай улс өдий зэрэгтэй давж байгаад баярлахаас аргагүй.

Тосоод авах эх оронтой, хамгаалах эзэнтэй байна гэдэг хэчнээн сайхан бэ

Ёстой л ээжтэй хүн инээж сэрдэг, эх оронтой хүн сунайж сэрдэг гэдгийг сануулсан өдрүүд үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу БНСУ, Япон, ОХУ, Бүгд Найрамдах Турк Улс болон Европын орнуудад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ Монгол Улс тусгай үүргийн онгоцоор татаж авахаар болсныг Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлснээс хойш долоо хоног өнгөрчээ. Өнгөрсөн өдрүүдэд аюулт өвчний голомт болсон хүний нутагт айж түгшиж суусан 1000 гаруй монгол иргэн хурандаа У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн ачаар эх орондоо ирсэн бөгөөд зарим нэг нь тусгаарлах байр, ажлын зохион байгуулалтыг баалж шүүмжилсэн шиг ээ цагийг “зугаатай” өнгөрүүлж сууна. Шүүмжилье гэвэл өндөгнөөс ч өө олж чаддаг ард түмэн билээ бид. Өөрсдийг нь авчрах шийдвэр гаргах үед өвчний голомт болсон улс орнуудаас хүмүүс авчрахыг олон тийм ч таатай хүлээж аваагүй, халдварыг хилээрээ оруулахгүйн тулд гаднаас хүн авчрахгүй байх нь хамгийн зөв арга гэж үзэх хүн олон байсныг мэдэж байгаа болов уу, шүүмжлэгчид.
Харийн нутагт, өвчний голомт, айдас түгшүүр дунд иргэдээ орхих нь дэндүү хүнлэг бус, харгис, амиа бодсон алхам болно гэж Засгийн газар үзэж, эх орноо бараадъя гэсэн иргэдээ халдвартай ч байсан авчирч, эмчлэхээр шийдсэн нь бас л амаргүй хэрнээ эрсхэн алхам байв. Ойн мод урттай, богинотой гэдэгчлэн гадаад улсаас авчирсан төр, засгаа шүүмжилж суух нэгэн байхад талархсан сэтгэлээ ямар нэг арга олоод илэрхийлчихдэг нэгэн бас байдаг нь сайхан. Тусгай үүргийн онгоцноос буухдаа малгайгаа авч, мэхийсэн бүсгүй “Хүмүүнлэг, ардчилсан орны, тосоод авах эх оронтой, хамгаалах эзэнтэй иргэн байна гэдэг юутай сайхан бэ” гэж бодож, эх орон, элгэн садан, төр, засагтаа хүндэтгэл илэрхийлсэн нь гарцаагүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид