Улаанбаатар 1c

Я.Буянжаргал: Дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлж, 705 ор гаргах боломжтой гэсэн

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байна.

Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа.Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа.Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган, эрчимт эмчилгээ, түргэн тусламжаа хянаж байгаа. Түргэн тусламжийн дуудлага буурч байна. Ачаалал нэмэгдвэл ашиглахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргасан. Мөн зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөөд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа.

Өнөөдөр ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийнэ.

Өчигдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос цахим сургалт авсан. БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дурдвал, эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох эмчлэх чиглэлд анхаарсан байна. Өвчтөнүүдийг маш хүнд, хүнд, дунд, хөнгөн хэмээн ангилж эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хөнгөн болон дунд ангилалд багтаж байгаа өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг өглөө. Хамар залгиураас гарсан шинжилгээ хэрвээ сөрөг гарвал өтгөнд бас шинжилгээ хийж байгаагаа хэлсэн. Манай эмчилгээний бодлого үндсэндээ адил байгаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид