Улаанбаатар 1c

65 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана

Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “65 мянган угаарын хий мэдрэгч БНХАУ-ын Эрээн хотод ирсэн байгаа. Гаалийн бүрдүүлэлт хийгдээд явж байна. 65 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх даваа гарагаас иргэдэд тараана” гэв.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 4 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их гардаг. Иймд эрсдэлтэй саруудад зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв. Мөн дулааны улирал ирж байгаатай холбогдуулан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж агаарын солиболцол өөрчлөгдөж, угаартах эрсдэл нэмэгддэг учраас  угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг сануулсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид