Улаанбаатар 1c

Сүүлчийн бадрангуй суутан

Бичсэн номоосоо илүү “алаг эрээн” түүхийг тэр амьдралынхаа туршид бүтээсэн. Түүний бүсгүйчүүд, нөхөд, хамтран зүтгэгчид, хүрээлэл, дайснууд нь ч бүхний сонирхлын төвд байж, магадгүй таван улстөрч, таван зохиолчийн туулсантай тэнцэх ээдрээтэй, сонирхолтой, зөрчилтэй намтрыг тэр бичиж чадсан билээ.Энэ цагиийн хамгийн дуулиант уран бүтээлч, тэмцэгч, хувьсгалчдын нэг Эдуард Лимонов энэ сарын 17-нд өвчний улмаас таалал төгслөө. Тэрбээр амьдралаа хоёр хэсэгт хуваадаг. 1974 оноос өмнө, өөрөөр хэлбэл ЗХУ-д өнгөрүүлсэн сүүлчийн хэдэн сарыг амьдралынхаа “амтат бал” гэж үзнэ. Харин 1982 онд амьдралынхаа тухай бичихдээ “Өвчин, үхэл, ганцаардлаас дахин төрсөн” бараан үе хэмээн нэрийджээ.  Харин тэр үхлийнхээ тухай “Азгүй тохиолдлоор, эсвэл хууртагдсан амрагийн үхлээр би үхэхгүй. Хувь тавилан надад баатарлаг төгсгөл бэлдсэн” гэж өгүүлсэн нь бий.

Амьдрал бүхэлдээ улс төр. Гудамжинд таарах хулигаантай мэндлэх үү, зугтах уу гэдэг дээр ч сонголт хийх хэрэгтэй болно. Надад зугтах боломж хангалттай байсан ч мэндлэхийг илүүд үзсэн. 

Харьков. Залуу нас, яруу найраг

Эдуард Лимонов 17-тойгоосоо л ачигч, монтажчин, барилгачин, ном зөөгч гээд хатуу хүтүү ажил хийж эхэлжээ. Харьковын багшийн сургуульд орж, шүлэг бичиж, үнийн өсөлтийн эсрэг ажил хаялтад оролцож, эхлээд хотынхоо, дараа нь Москвагийн сэхээтнүүдийг жийнсэн өмдөөр хангаж байлаа. 1964 оноос тэрбээр жийнсэн хувцас оёж эхэлсэн бөгөөд ЗХУ-ыг орхин явах хүртлээ уг бизнесээ орхиогүй юм.

Москва. Андерграунд 

1967 онд тэрбээр Москвад ирэв.Утга зохиолын хүрээнд анх орж, үзэл бодол, байр сууриараа нэгдэх олон танилтай болсон тэрбээр өөрийгөө хэзээ ч энэ хотын иргэн гэж төсөөлж байгаагүй хэмээн ярьдаг. Бичиг баримтгүй, нэг жилийн дотор 11 кг жин хаясан залуухан хархүү тэнд оёдолчин болж, утга зохиолын сэтгүүл, сонины ажилтнуудад зориулан жийнсэн өмд оёдог байв.  Булат Окужава, Эрнст Неизвестный нар ч Лимоновын “брэнд”-ийг өмсөж явсан гэлцдэг.
1967 онд Лимонов яруу найрагч Арсений Тарковскийн семинарт сууж, тэр үед нэрд гараад байсан Леонид Губановтой нударга зөрүүлдэг байсан агаад утга зохиолын СМОГ нэгдэлд орсны дараа Евтушенко, Бродский нар ч Лимоновын авьяас билгийг хүлээн зөвшөөрчээ. Эрх чөлөө, өөр байдал, сэтгэлгээний эрэл хайгуул хийхэд тэр үеийн Москва тохиромжгүй газар байсан ч байж магадгүй. Хэлэмгий, авьяаслаг, тэрсүүд Эдуард АНУ руу дүрвэсэн шалтгаанаа тагнуулынхны тавьсан болзлыг хүлээж аваагүйнх гэж тайлбарладаг. Түүний үгээр, ЗХУ-ын Аюулгүй байдлын хорооны “нууц ажилтан” болох саналыг зөвшөөрөөгүй тул далайн чанад руу явахаас өөр аргагүйд хүрчээ.

Нью-Йорк. Вэлфэр, дебют

Агаар сольсон даруйдаа буюу 1975—1976 онд Эдуард Лимонов Нью-Йоркийн “Новое русское слово” сэтгүүлд хянагч редакторын ажил эрхлэх болов. Оросоос цагаачилж ирэгсдэд зориулсан хэвлэлдээ тэр капитализмыг шүүмжилсэн нийтлэлүүд бичиж, АНУ дахь Социалист ажилчдын намын үйл хэрэгт оролцож эхэлжээ. 
ЗХУ-д газар авсан “Барууны хэв маяг” нэртэй нян сул талтайг ойлгож байсан цөөхөн хүний нэг нь Лимонов байлаа. Эхний хэдэн нийтлэлээс эхлээд эрх чөлөөний оронд Зөвлөлтөөс дутахгүй хяналт, шүүлтүүр байдгийг мэдэрч, Тагнуулын төв газарт байцаагдсан Эдуард 1976 оны тавдугаар сард “New York Times”-ын төв байрнаас өөрийгөө гавлан гарч ирж, эсэргүүцлээ илэрхийлэн дуулиан тарилаа. Өөрийнх нь нийтлэлийг хэвлэхийг шаардан ийн авирласан орос цагаач тэр даруй олны анхааралд өртөн, өөрийг нь таашаагчид болон шүүмжлэгчдийг талцуулж орхисон аж. Түүний дараахан Москвагийн “Неделя” сонин Эдуардын нийтлэлийг хэвлэсэн нь ЗХУ-д Лимоновын үгийг анхны болоод сүүлчийн удаа сонссон тохиолдол байжээ. Гэтэл тэрсүүд үзэлтэй зохиолчийн нийтлэл хэн хүнд гай тарихаас болгоомжлон “Новое русское слово” ажлаас нь халчихав. Өлсөж үхэхгүйн тулд юу тааралдсанаа хийж, жилийн дотор 12 ажил сольсон, өлөн зэлмүүн хүнд өдрүүдэд эхнэр нь орхин явахад сэтгэл санаагаар унасан зохиолч “Энэ бол би, Эдичка” романаа эхэлж, төдөлгүй дуусгасан нь хэд хэдэн хэлээр хэвлэгдэж, таван тивд дөрвөн сая хувиар борлогдов. Бусдын үгээр бол бумбын орон мэт Америкийг ядуусын хороолол, ажилгүй архичид, янхан бүсгүйчүүдтэй нь, өөрөөр хэлбэл байгаагаар нь дүрслэн бичсэн энэ роман уншигчдын гарт очих хүртлээ хэвлэлийн 35 газрын хаалга мөргөөд буцсаныг онцлох хэрэгтэй.

Парис. Сөрөг хүчин

1980 оноос Э.Лимонов Францын коммунист намынхантай холбогдон, “Революшьон”сэтгүүлд бичиж эхэлжээ. Англи хэлийг зүдрэлгүй сурсан Эдуард энэ удаад франц хэлээр нийтлэлээ гаргаж байлаа. Төдөлгүй Францын иргэншил авсан бөгөөд утга зохиол, улс төрийн аль алинд идэвхтэй оролцон, уушийн газраас тагнуулын байгууллагуудад дуудагдаж ч байжээ. Олон нийтэд танигдаж, үзэл бодлыг нь хуваалцах хүн олшрох тусам түүнийг дагах хараа хяналт чангарсан юм.
Лимоновын 22 роман франц хэл дээр хэвлэгдэн, тус улсын зүүнийхэн Лимоновыг өөрийн хүн хэмээн зарласан бөгөөд Герман, Голландад ч тэр зохиолчийнхоо хувьд танигдаад байв. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын консерватив гэгддэг мужид түүний романууд хэвлэгдэж эхэлснээр сенаторууд “Э.Лимоновын романууд зөвлөлтийн бүх үзэл суртлыг нийлүүлснээс ч илүү хор хөнөөл учруулна” гэж болгоомжлох боллоо. Төдөлгүй ЗХУ задарч, өөрчлөн байгуулалт дэлхийг эргүүлнэ хэмээн М.Горбачев зарлах үед  тэрбээр Орост буцаж ирэв.

Москва. Өөр Орос, шорон, хавчлага

ЗХУ задарсны дараа Лимонов Москвад ирж, Оросын иргэн болж, улс төрд орлоо. Өмнөх он жилүүдэд тэрбээр үзэл бодлоо дагагч, шүүмжлэгч, дуулиан дэгдээгч байсан бол Москвад жинхэнэ тэмцэгч болон хувирч, харь нутагт өнгөрүүлсэн он жилүүдээс ч илүү хүнд сорилттой тулгарсан юм. Энэ үед тэрбээр сэтгүүл зүйн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьж, гурван сонинд нийтлэлээ хэвлүүлж, 1993 онд Үндэсний большевик намыг байгуулан, Югославт сербүүдийн талд байлдаж ч үзэв. Хамтран зүтгэгчид нь баривчлагдан, шорон руу ачигдаж, нас барж, эмнэлэгт хэвтэн, шүүх, цагдаагийн хаалгыг олонтоо татаж, шийдвэр гаргах албан тушаалд нэр дэвших хүсэлт гаргах тоолондоо эсэргүүцэлтэй нүүр тулж байлаа. Орост ирснээс хойш түүний намтарт “дайны, шоронгийн, улс төрийн” гэсэн шинэ бүлэг нэмэгдэж, гадаадад олон жил амьдарсан, хэлэмгий, авьяаслаг нийтлэлч өнөө үед бол бүх хүний ойлгох зүйлсийг тайлбарлаж эхэлсэн нь зөөлөн хэлэхэд “давралт” байв.Үндэстэн хоорондын дайн дэгдэх үед Лимонов галын шугамаас сурвалжлага бэлтгэж буй нэрээр тулаанд оролцож байсан бөгөөд намын сонин гаргаж, олон нийтийн өмнө үг хэлж, эрх барьж буй дэглэмтэй тэрсэлдсэнээрээ олон зүйлийг золиосолжээ. 1997 онд “Лимонка” сониных нь редакц 300 грамм тротиллийн хүчтэй дэлбэрэлтэд өртсөний маргааш  түүний “Биднийг айлгаж чадахгүй” гарчигтай нийтлэл хэвлэгдэж байв. 2001 оны дөрөвдүгээр сард Эдуард Лимонов, Сергей Аксенов нарын дөрвөн хүнийг Алтайн хязгаарт баривчилжээ. Тэднийг халдлага зохион байгуулахыг завдсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутган, дөрвөн жилийн ял оноосон агаад шорон, үхэл л түүнийг хүлээж байв. Хугацаанаасаа өмнө суллагдах хүртлээ Лимонов найман ном бичиж амжсан бөгөөд шоронгоос шууд л улс төр рүү эргэн ирэв. 2006 онд “Ийм Ерөнхийлөгч бидэнд хэрэггүй: Лимонов Путиний эсрэг” номоо олонд танилцуулсан аж. Энэ бүх хугацаанд түүний хийсэн зүйлийн далайц зарим хүнд ойлгомжгүй. Хэн болохыг нь үнэлэхийн тулд зөвхөн хашир философич төдийгүй дүрэлзсэн ааг омогтой нэгэн байх хэрэгтэй учраас тэр. Түүний хэлсэн, ярьсантай бүгдтэй нь санал нийлэх албагүй, тэгэх ч аргагүй. Өөрийнхөө зөвд өчүүхэн ч эргэлздэггүй, тууштай, зоригтой улстөрч, яруу найрагч, шүүмжлэгчийг олон нийт алга ташин хүлээж авах нь хаа ч ховор.

Бүсгүйчүүд бол хүлээгчид

“Бүсгүй хүн байна гэдэг хүлээгч байхын нэр юм. Тэд дандаа, бүхий л амьдралынхаа туршид хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг хүлээсээр байдаг. Хараат, заримдаа эмзэг, сул дорой байдаг нь ийм л учиртай. Хэн ч хэнд ч амлалт өгөхөөргүй тийм барьцгүй хорвоод бүсгүйчүүд л амлалт хүлээж чадна”хэмээн Эдуард Лимонов бичжээ. Түүний анхны эхнэр Анна Моисеевна Рубинштейн экспрессионист зураач байв. Оёдлын, бичгийн хоёр машинаар хорвоог өөрчлөх дэврүүн яруу найрагч, зураач хоёрын хамтын амьдрал олон жил үргэлжлээгүй бөгөөд түүнийг Москвад эргэн ирсний дараа Анна амиа хорлосон гэдэг.
Үзэсгэлэнтэй, залуухан яруу найрагч Елена Щаповатай 1973 онд Эдуард адисласан бөгөөд ЗХУ-аас гарахад хамт явжээ. Эдуард зохиолчийнх нь хувьд алдар нэр авчирсан “Энэ бол би, Эдичка” романы гол баатрыг Елена Щаповагаас үндэслэн бичсэн гэдэг. Төдөлгүй Елена Жанфранко де Карли хэмээх итали гүнтэй гэрлэн Ромд суурьшсан бөгөөд Эдуардтай өнгөрүүлсэн амьдралынхаа талаар “Энэ бол би, Елена” ном гарган экс нөхөртөө хариу барьсан юм. Гоо үзэсгэлэнтэй, залуухан эхнэрийнхээ Нью-Йоркт загварын тайзнаа алхан, Роман Полански, Мик Жаггер, Грейн Жонс нартай нөхөрлөж буйг харсан Лимоновын эцэс төгсгөлгүй хардалт, байцаалт хамтын амьдралд нь цэг тавьсан хэмээн Елена хожим дурссан билээ.
АНУ-д анхны нөхрөө даган очиж, загвар өмсөгчөөр ажиллангаа дуулж, зохиол бичиж, олны танил болсон Наталья Медведеватай 1983 онд Э.Лимонов танилцжээ. Орост буцаж ирснийхээ дараа буюу  танилцсанаасаа 12 жилийн дараа тэд харилцаагаа тасалсан ч бүсгүйг нас барах хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй. Улс төр, сэтгүүл зүйд хутгалдан, хүнд хэцүү он жилүүдийг хамт туулсны дараа Лимонов “Хайр эрсэн харгис бүсгүйгээр сэтгэлийнхээ шархыг эдгээхийг хүссэн тэр үед Наталья миний амьдралд гарч ирсэн” хэмээн бичжээ. Өөрөөс нь 14 насаар дүү, богино үстэй, ширүүн хоолойтой, бас ч үгүй нэлээд задгай “өнгөрсөн”-тэй бүсгүй Э.Лимоновын шүлгүүдийг чээжээр мэддэг нэгэн байжээ. Гайхалтай шүлгүүд, дуулиантай романуудын эцэг Лимонов амьдрал дээр хэзээ ч супер эр хүн байж чадаагүй гэж Наталья дурссан. Хамтын амьдрал хэмээн нэрлэж болох, эцэс төгсгөлгүй хэрүүл, галзуу шөнүүд, хэн хэнээсээ асар их хариуцлага нэхсэн атлаа аль нь ч үүнийг бие биедээ өгөөгүй 12 жилийн ард тэд гарсан билээ. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж, нэгэн дээвэр дор багтсан ч эрт босож, бичгийн ширээний ард өдрийг бардаг Эдуард, орой босож, дуулж, уухаар шөнийн цэнгээний газрыг зорьдог Наталья нарыг холбох сэжүүр өдөр ирэх бүр үгүй болж байжээ. Хоёр жил хагас хамт амьдрахдаа тэд хэдэнтээ салж, тэр бүртээ “үүрд” гэж амлацгаадаг байж. Нэгэн удаагийн тийм “үүрд”-ийн дараа Эдуард төлөгчид очсон гэдэг. “Чи урьд насандаа герман цэрэг, эхнэр чинь янхан байж. Чи түүнийг алчихсан учраас Наталья энэ насандаа чамаас өрөө авч байгаа нь энэ” гэсэн төлөгчийн үгэнд итгэсэн зохиолч өөрийг нь хэнэг ч үгүй араар тавьдаг, архи, хар тамхинд донтдог дуучин бүсгүйд өмнөх насныхаа өрийг төлөхөөр эргэн очсон гэх яриа бий. 1988 онд тэд тус тусынхаа замыг хөөж, Лимонов галт зэвсэг хууль бусаар хадгалсан хэргээр шоронд хоригдож байхад Наталья Москва дахь гэртээ амьсгал хураажээ. Натальягийн дараа зохиолчийн амьдралд өөрөөс нь 30, 40 дүү бүсгүйчүүд гарч ирж, бүр дунд сургуулийн сурагч охинтой хамт амьдарсан гэх цуу ч тарав. Эдуард бас сайхан залууст ч дурладаг, энэ тухай домог мэт яриа ч цөөнгүй. Харин тав дахь эхнэрээрээ тэрбээр Екатерина Волкова хэмээх жүжигчин бүсгүйг сонгосон бөгөөд хүү, охин хоёртой болсон ч бага хүүхдээ төрөхийн өмнөхөн бүсгүй нөхрөө орхин оджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид