Улаанбаатар 1c

Цаг товлохгүй зочилсон цар тахлын эргэн тойронд

Улс үндэстэн, шашин шүтлэг, баян ядуу харгалзахгүй халдварлаж, түймэр мэт түгэж буй Covid-19 цар тахал манай улсыг тойрсонгүй. Тус өвчин манай улсад илрээгүй байхад иргэд урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврээ сахих, аюулгүй байдлаа хамгаалах зөвлөмжийг сайтар биелүүлж байсан. Харамсалтай нь, аюулт өвчний тохиолдол бүртгэгдснээс хойш тэдний анхаарал, сонор сэрэмж суларчээ. Тодруулбал, олон нийтийн газар амны хаалтаа хаясан, гадуур амны хаалтгүй явах зэрэг үйлдэл гаргасаар байна. Хэнэггүй нь дэндсэн иргэддээ анхааруулах зорилгоор коронавирусын эргэн тойрон дахь асуудлаар сурвалжилга бэлтгэлээ.

Цар тахлын эхлэл 

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаатай төстэй шинэ төрлийн халдвар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын үеээс гарч эхэлсэн. Өдгөө цар тахал болж дэлхий дахиныг цочроож буй коронавирусээр халдварласан анхны өвчтөн нэгдүгээр сарын 10-нд нас барсан юм. Мөн энэ үед хятадад 739 хүн эмчийн хяналтад байжээ.  Харин өчигдрийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 80928-д хүрээд байна. Тахлын улмаас 3245 хүн нас барсан бол 70420 хүн эдгэжээ. Түүнчлэн, халдвартай 7263 хүн байгаагаас 2274-ийнх нь биеийн байдал хүнд буй гэнэ. Цар тахлын халдварын тархалт дэлхийн хэмжээнд маш хурдацтай байгаа гэдгийг ДЭМБ-аас сануулсаар байна.
Тодруулбал, өчигдрийн (уржигдар) байдлаар  Европийн улс орнуудад 24 цагийн дотор шинээр 10 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Мөн Номхон далайн бүсэд халдварын тохиолдол 312-оор өсжээ. Дэлхийн хэмжээнд 200 шахам мянган хүн тус вирусийн халдвараар өвчлөөд байгаа юм. 

Дэлхийн хэмжээнд 849 сая хүүхэд сургууль завсардаж байна

ЭМЯ-наас хийсэн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Анбасэлмаа “Манай иргэд гараа угааж, ариутгах, маскаа зүүх, олон нийтийн газраар явахгүй байх зөвлөмжүүдийг сайн мөрдөж байна. Харин амны хаалтаа хаа сайгүй хаяах тохиолдол маш олон байна. Амны хаалтыг ил задгай хаях нь гадаад орчныг бохирдуулахаас гадна өвчлөл тараах магадлалтай” гэв. Өчигдрийн байдлаар 166 оронд  коронавирусийн халдвар тархсан бөгөөд Узбекистан, Монтенегро улсад өвчлөл нэмэгджээ. Үүнээс гадна Итали, Герман, Франц, АНУ, Испани зэрэг орнуудад маш хурдацтай тархаж байгаа аж. Иймээс Европын зарим орнууд гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, гадаадын иргэдийг зочид буудалд оруулахгүй, дэлгүүрээр үйлчлүүлсэн тохиолдолд бага хэмжээний хүнс өгөх, эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй гэжээ. Харин БНХАУ-ын Ухань хотод өчигдөр (уржигдар) шинээр халдварлах тохиолдол гараагүйгээс гадна өвчилсөн хүмүүс нас бараагүй аж. Энэ тухай БНХАУ-ын Эрүүл мэндийн газраас “Коронавирусийн тархалтыг бүрэн хяналтандаа авсан” хэмээн зарлажээ. Мөн тус өчигдөр (уржигдар) ДЭМБ хуралдах үеэр ДЭМБ тэргүүн “Коронавирусийн халдварын эрсдэлгүй улс орон, хүн гэж нэгээхэн ч байхгүй. Иймээс манай улсад гарахгүй гэж битгий бодоорой. Бүх улс орон урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах хэрэгтэй” гэсэн зөвлөмж өгчээ. ДЭМБ-ын мэдээлж буйгаар Итали Улсад халдварын голомт тууштай хумигдаж чадахгүй байгаа аж. Тухайлбал, сүүлийн мэдээллээр шинэ халдварын тохиолдлын тоо 4207-гоор, нас баралт 400 гаруйгаар нэмэгдсэн байна. Халдварын тархалттай холбогдуулан олон орон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон. Тэгвэл дэлхийн хэмжээнд 849 сая хүүхэд сургууль завсардаж байгааг ЮНЕСКО-гоос мэдээлжээ.

Коронавирустай тэмцэж буй Монгол

Манай улсын хувьд одоогийн байдлаар 2975 хүнийг тусгаарлан, ажиглалтад  оруулсан байна. Үүнээс хяналт нь дуусаагүй 1706 иргэн байгаа аж. Түүнчлэн, сэжигтэй 309 тохиолдол бүртгэгдсэнээс 300 тохиолдлын онош сөрөг гарчээ. Харин таван хүн уг халдварыг авсан нь батлагдаж, сэжигтэй дөрвөн тохиолдолын хариу гараагүй байгаа гэнэ. Манай улс гадаадын улс орнуудаас иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орондоо авч ирж байгаа. Тухайлбал, уржигдар Истанбул-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 252 хүн ирсэн байна. Тэдгээрээс 24-ийг нь ХӨСҮТ-д, 22-ыг нь Цэргийн төв эмнэлэгт, үлдсэнийг нь нийслэлийн хэмжээнд буй тусгаарлах байруудад ажиглалтад авчээ. Мөн Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн хилийн боомтуудаар орж ирсэн иргэд тухайн бүс нутагтаа тусгаарлагдсан байна. Харин түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл буурч байгаа гэнэ. Гэвч ачаалал нэмэгдэж магадгүй учир ЭМЯ-наас Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргаж, эмнэлгийн ажилчдыг бэлтгэж байгаа аж.

ХӨСҮТ шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдлыг нууцалж байгаа юу

Албан бус эх сурвалжаас ХӨСҮТ-д коронавирусийн халдварын хоёр тохиолдол шинээр бүртгэгдсэн гэсэн мэдээлэл өчигдөр манай редакцад ирсэн юм. Түүний хэлж буйгаар тусгай нислэгээр гадаадаас ирсэн иргэдээс биш, энгийн тасгаас дээрх тохиолдлууд илэрсэн гэнэ. Бид энэ талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл авахыг хүссэн боловч хариу өгсөнгүй. Харин нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалжаас тодруулахад “Манай ХӨСҮТ-д энгийн тасаг гэж байхгүй. Бүх тасгийг тусгаарлан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Тухайн тасагт тусгаарлаж буй эмнэлгийн ажилчдыг урьдчилан бэлтгэж, сургалтад хамруулсан. Тэд шинжилгээнд хамрагдаж буй хүмүүстэй 14 хоног тусгаарлагддаг. Өөрөөр хэлбэл, тэндээсээ огт гардаггүй. Ийм дүрэмтэй. Бусад тусгаарлах байр буюу зочид буудал, сувиллын газрууд ч энэ зарчмыг баримтлах ёстой. Гэвч хэрхэн ажиллаж буйг нь би хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ХӨСҮТ-өөс дахин коронавирус илрээгүй” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид