Улаанбаатар 1c

Павит Рамачандран: Коронавирусээс үүдэлтэй эдийн засагт үүссэн сөрөг нөлөө богино хугацаанд арилахгүй

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын захирал, ноён Павит Рамачандрантай ярилцлаа.

-Коронавирусийн дэгдэлт эрчимжиж, дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт буурахаар байгаатай холбоотойгоор  Азийн хөгжлийн банк гишүүн орнууд болон Монголд ямар чиглэлээр дэмжлэг үзүүлж байна вэ?
-Коронавирус анх дэгдсэн цагаас эхлэн Азийн хөгжлийн банк  гишүүн орнууддаа шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлсээр байна. Саяхан гишүүн орнууддаа тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор 6.5 тэрбум ам.долларын багц баталлаа. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хямралын үед гишүүн орнуудынхаа нийгмийн эмзэг давхарга, бага орлоготой иргэдээ хүндрэлээс хамгаалах, дотоодын хувийн хэвшил, ажлын байр, санхүүгийн салбарт учирч болзошгүй эрсдэлийг бууруулж эдийн засгийг аль болох хурдан сэргэхэд нь дэмжлэг болох юм. Үүний 1.6 тэрбум ам.долларыг зөвхөн хувийн хэвшилд, ялангуяа бичил, жижиг дунд бизнес, дотоодын болон бүс нутгийг дамнасан худалдаа,  сөрөг нөлөөлөлд  хамгийн ихээр өртсөн эдийн засгийн салбаруудыг дэмжихэд зарцуулах юм. Үүнээс өмнө 200 сая ам.долларын багцыг гишүүн орнууддаа коронавирустэй тэмцэхэд шаардлагатай эм, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, түгээдэг компаниудын нийлүүлэлтийн сүлжээг санхүүжүүлэх зорилгоор баталсан.  
Харин Монгол Улсад  1.4 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт одоо хэрэгжиж буй төслийн хүрээнд  яаралтай олгож,  коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авч нийлүүлсэн. Мөн халдвараас сэргийлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор 225 мянган ам.долларын техник туслалцааг үзүүллээ. Шинэ коронавирусийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монголын Засгийн газартай зөвшилцөж хамтран ажиллаж байна.

- Дэлхийн зах зээлд  түүхий эдийн ханш шинэ төрлийн вирусийн дэгдэлттэй холбоотойгоор огцом буурснаас гадна манай улс төлөвлөсөн хэмжээндээ хүртэл уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Монголын эдийн засгийн өсөлтийг хэрхэн таамаглаж байна?
-Азийн хөгжлийн төлөв хандлагын 2020 оны тайланг гишүүн орнуудад нэгэн зэрэг дөрөвдүгээр сарын эхээр зарлана. Энэ үеэр бид Монгол Улсын эдийн засгийн өсөлт, инфляц зэрэг эдийн засгийн голлох үзүүлэлтийн шинэчилсэн төсөөллийг олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байгаа.

-Вирусийн дэгдэлттэй холбоотой Хятадын эдийн засгийн удаашрал Монгол болон  Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Мэдээж сөргөөр нөлөөлж байгаа. Монгол, Ази номхон далайн орнууд гэлтгүй дэлхийн бүхий л улс оронд сөргөөр нөлөөлнө. Хамгийн гол нь дэлхий нийтээр бүс нутгийн болон тухай улс орны эдийн засгийн өсөлтийн талаарх 2019 оны хүлээлт нь 2020 он гараад, тэр тусмаа сүүлийн 7-14 хоногт  эрс өөрчлөгдөж байна. Шинэ коронавирус  дэлхийн эдийн засагт үлэмж хэмжээний  нөлөө үзүүлэхүйц ужиг асуудал болох нь нэгэнт тодорхой байна. Тэгэхээр улс орнууд үүнээс үүдэх нөлөө, хохирлын хэмжээг аль болох бодитоор тооцож, болзошгүй хүндрэлийг зөөлрүүлэх  арга хэмжээг цаг алдалгүй авах нь нэн тэргүүний чухал асуудал боллоо. 

-Вирусийн дэгдэлт намжиж, БНХАУ-ын экспорт хэвийн хэмжээнд үргэлжилж эхэлснээр манайх хил хаалттай байх үеийн уул уурхайн түүхий эдээс олох байсан алдагдлаа нөхөж чадах болов уу?
-Коронавирусийн  улмаас  2020 оны нэг болон хоёрдугаар улиралд БНХАУ, АНУ, Европ, Япон болон дэлхийн бусад оронд үүсэж  байгаа гэнэтийн сөрөг нөлөө тийм хурдан арилахгүй л болов уу. Өөрөөр хэлбэл,  эдийн засаг  коронавирус тархахаас өмнөх үеийн түвшинд ирэхэд хугацаа шаардлагатай. Эрсдэл, тодорхой бус байдал өндөр байгаа учраас дэлхийн эдийн засгийн өмнөх төсөөллүүд өдөр бүрээр өөрчлөгдөж байна. Хөрөнгийн болон түүхий эдийн зах зээл огцом савлаж байна. Дэлхийн олон орныг хамраад буй вирусийн эрсдэл буурсны дараа Монгол Улс экспортоо нэмэгдүүлэх, эдийн засгаа идэвхжүүлэх бүхий л  арга хэмжээ авахаар хичээж ажиллах нь дамжиггүй. Гэхдээ  эрсдэл буураагүй байгаа энэ үед ч иргэд, хувийн хэвшил, санхүүгийн салбарт чиглэсэн арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь Монгол Улс гэлтгүй дэлхийн бүхий л улс оронд шинэ сорилт, тулгамдсан асуудал болж байна.

-Эдийн засгийн шинжээчид өмнө нь вирусийн тархалт намжихаар дэлхийн улс орнуудын эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэсэн таамаг дэвшүүлж байсан. Энэ тал дээр Азийн хөгжлийн банк ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэлхийн, бүс нутгийн, БНХАУ-ын, Монголын эдийн засгийн 2019 он, 2020 оны эхэн үеийн нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулбал эрс тэс өөрчлөгдсөн болохыг би түрүүнд хэлсэн. Үүнтэй уялдаад шинэ коронавирусийн нөлөөлөл, үр дагавар, түүний дараах эдийн засгийн сэргэлтийн хурд, хугацаа, өмнөх төсөөлөл, хүлээлт, таамгууд ч мэдэгдэхүйц хэмжээгээр өөрчлөгдсөөр байгааг онцолмоор байна. Та бүхэн Азийн хөгжлийн банкнаас  дөрөвдүгээр сард олон нийтэд танилцуулах тайлангийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  

-Манай улсад хийж буй хөрөнгө оруулалт, олгож буй зээлээрээ Азийн хөгжлийн банк нэлээд дээгүүрт жагсдаг. Одоогоор  Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа томоохон төслөөс дурдвал?  
-1991 оноос хойш тооцвол Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсад нийт 3.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Засгийн газар болон хувийн хэвшилд техник туслалцаа, буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон байдаг. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар авч үзвэл Монгол Улсад бид 38 төсөл, 52 техник туслалцааны төслийн хүрээнд 1.7 орчим тэрбум ам.долларын багцыг удирдан ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа улсын сектор болон хувийн хэвшлийн аль алинд нь хэрэгжиж байгаа. Одоогоор нийт төсөл, хөтөлбөрийн 25 хувь нь тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт, 22 хувь нь эрчим хүч болон усан хангамж, хот байгуулалтын чиглэлд, 20 хувь нь улсын секторын менежментэд, 13 хувь нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт, арван хувь нь санхүүгийн салбарт, үлдсэн арван хувь нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдааны салбарт тус тус ногдож байна. 

-Энэ онд ямар шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хөдөө аж ахуйн салбарт, тухайлбал хүнсний ногооны үйлдвэрлэлд усалгааны иж бүрэн систем нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд нэмүү өртөг бий болгох төсөл хэрэгжүүлнэ. Нийт 100 мегаватт эрчим хүчийг нөөцөлж хуримтлуулах дэд бүтэц байгуулах томоохон төсөл бас хэрэгжинэ. Энэ нь дэлхийд хүчин чадлаараа хамгийн дээгүүрт тооцогдох, Монгол Улсын эрчим хүчний төвлөрсөн системд холбогдох, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах, нийлүүлэлтийг тогтворжуулах, эрчим хүчний алдагдлыг бууруулахад эергээр нөлөөлөх чухал бүтээн байгуулалт болох юм. Мөн аймаг, сумын төвүүдэд ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлэх бөгөөд төслийн эхний  шатанд баруун бүсийг хамруулахаар төлөвлөсөн.  Энэ хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, малыг эрүүлжүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийг усалгааны системтэй холбох дэд бүтцээр хангах, хөдөө аж ахуйн ногоон бизнесийг дэмжих хүрээнд жижиг дунд бизнест зээл олгох, батлан даалт гаргах зэрэг арга хэмжээ багтаж байна. Нийслэлийн  гэр хорооллыг орлогод нийцсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, оршин сууж амьдрахад таатай эко хороолол болгон хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа төслөө мөн үргэлжлүүлнэ. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт,  устай холбоотой гамшгийн үр дагаврыг илүү сайн ойлгож, хариу арга хэмжээ авах усны засаглалыг сайжруулах чиглэлд шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.  

- Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд урт хугацаандаа нөлөөлж болох эрсдэццлүүдээр юуг нэрлэх вэ?
-Засаглалын чанар, бодлогын оновчтой, тогтвортой, харилцан уялдаатай байдал, аливаа бодлого, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнд илүү анхаарч, хөгжлийн боломжуудаа ухаалгаар ашиглах нь эдийн засгийн эрсдэлээ бууруулахад чухал болов уу. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг тогтвортой өсгөх, өсөлтийг илүү хүртээмжтэй болгох, эдийн засгийн гадаад, дотоод эрсдэлд өртөх эмзэг байдлыг нь багасгах, бүтцийн хувьд олон тулгууртай болгож төрөлжүүлэхэд эергээр нөлөөлнө. Гадаад орчин, түүхий эдийн зах зээл, уул уурхайн салбараас хэт хамааралтай байх нь Монгол Улсын эдийн засгийн сул тал. Ийм эмзэг бүтэцтэй удаан явж болохгүй тул бүтцийн энэ сул талыг арилгахад чиглэсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр урт хугацаанд эдийн засгийн эрсдэл буурна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид