Улаанбаатар 1c

Хоббигоо бизнес болгосон бүсгүй

Их хотын гудамжаар алхах хүн бүхний цаана нэгэн ертөнц нуугдаж, сэтгэл бүхний чинадад баяр, гуниг сүлэрч, зүрх бүхний гүнд тэмүүлэл буцалж яваа нь маргашгүй. Амьдралынхаа өнгө будаг, донж маягийг өөрийн гараар мэтгэж, сонирхлоо бизнесийн түвшинд өргөжүүлэн ажиллаж яваа нэгэн бүсгүйн “Эгэл амьдрал”-ыг онцолж байна. 

Ажлын өдрийн өглөө хэдий ч хот нам гүм, гудамж, талбай эл хуль, зөрөн өнгөрөх хэн нэгний амандаа аялсан хайрын дуу чихэнд сонсогдох нь хавар цаг ирснийг сануулж сэтгэл гэгэлзүүлнэ. Магад хэдхэн хормын өмнө хүмүүс ажил руугаа яаран орчихсон тул ийм ажин түжин байна уу гэлтэй.  Харин “Бөмбөгөр” худалдааны төвийн эргэн тойронд хол, ойр хүн зөөдөг жижиг тэрэгний жолооч нар мар мар инээлдэж, бараа ачсан тэрэг түрсэн залуус, том том тор барьсан хүмүүс хөлхөлдөнө. Өнөөх нам гүмийг эвдсэн ажил, амьдрал энд л буцалж байх юм. Бидний хувьд, “Вох mall” худалдааны төвийн хоёрдугаар давхарт очих ёстой. “Гар урлалыг хөгжүүлье” гэсэн хаягтай цэцэгс алагласан зуны талыг санагдуулам өнгөлөг лангуу хамгаас түрүүлж нүдэнд тусна. Харсан хүний шунал хөдөлж, үзсэн бүхнээ авмаар өнгөлөг, хээнцэр, чамин гоёлуудаар ханаа дүүргэсэн жижгэвтэр энэ өрөөнд ормогц өөрийн эрхгүй сэтгэл сэргэв.
“Том охиноо хэвлийдээ тээж байх үеэсээ л орон гэрээ гоёж чимэглэхийн тулд гарын доорх материалаар янз бүрийн зүйл хийж эхэлсэн. Хожим охиноо төрүүлчихээд бяцхан үрээ яаж гоёж, гангалах вэ гэж боддог болсон. Анх охиндоо оймс нэхэж өгч байсан. Тэгж л би гар урлалтай танилцаж, шинэ зүйл хийж сурах бүртээ татагдсаар нэг мэдэхэд утас, зүүнд дурлачихсан байсан даа” хэмээн инээмсэглэх нүдэнд дулаахан бүсгүйг Т.Мичид гэдэг.

Т.Мичид Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг компьютерийн техникч мэргэжлээр төгссөн ч эдүгээ гар урлалын бизнес эрхэлсэн завгүй ээж болжээ. Тэрбээр, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн бөгөөд  дөрвөн хүүхэдтэй айлын бага охин гэнэ. Математекийн хичээлдээ сонирхолтой, онц сурдаг байсан тул аав, ээж нь түүнийг эдийн засагч юм уу, нягтлан болгохыг хүсдэг байж. Харин багаасаа дуулж бүжиглэх дуртай, эгч нартайгаа загвар өмсөж тоглодог  охин сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан ч тэс ондоо мэргэжил сонгон суралцжээ. Гэвч эзэмшсэн мэргэжлээрээ ажилласангүй. Т.Мичид одоо айл гэрийн эзэгтэй, гурав, таван настай хоёр охины ээж. Хэдий их сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн ч ойр ойрхон хөл хүнд болж, шинэ хүн хүлээж авч байсан тул албаны ажил хийх боломж тэр бүр гараагүй аж. Энэ он жилүүдэд гэртээ зүгээр суухыг хүсээгүй учраас зургаан жилийн өмнөөс гар урлалыг сонирхож эхэлжээ. Багаасаа алив юманд чамбай ханддаг зан чанар нь тун ч нөлөөлсөн тул хүнээр заалгалгүй, төрөл бүрийн бичлэг үзэж, дагаж хийсээр өөрөө оёх эрдэмд суралцсан байна. “Гар урлалын юу нь тийм онцгой юм” гэсэн мэдлэггүйхэн асуултад минь “Эхэндээ бага сага, ганц нэг зүйлийг өөртөө болон хүүхдүүддээ хийж үзсэн. Тун ч болмоор санагдаад арай жаахан ахиу хийж зарж, борлуулж үзсэн. Ингээд миний хийсэн бүхнийг худалдан авсан хүн магтаж, дахин захиалга өгөх үед үнэхээр урамшсан. Улам гоёыг хийж сурах юм сан гэж хичээсэн. Нөхрийнхөө “Өөртөө шинэ хувцас аваарай” гэж өгсөн мөнгөөр гүйж гараад материал авчихдаг байсан. Тэгээд авсан материалаараа бушуухан гоё л зүйл хиймээр санагдаад сууж чадахгүй. Шөнө нойр хүрэхгүй, бодоод л хэвтдэг байлаа. Хүүхдүүдээ унтуулж, гэрийн ажлаа амжуулчихаад шөнөжин суудаг боллоо. Хүссэн материалаа аваад, бодож байсан гоёлоо урлаж дуусаад бэлэн болсныг нь  харах л хамгийн гоё мэдрэмж байдаг даа” гэсэн юм. Тэрбээр мөн “Гар урлал гэхээр хүмүүс амархан зүйл гэж боддог. Гэтэл гар урлал нөр их хөдөлмөр шаарддаг. Тухайлбал, энэ толгойн гоёлыг хийхэд зургаан метр орчим нарийн төмөр утсыг гараараа мушгиж, жижиг, том шигтгээнүүдийн хэлбэр хэмжээ, өнгө үзэмжийг тааруулж сонгоно. Тэгээд гаргасан зурагныхаа  дагуу урладаг” хэмээн хийдэг ажлынхаа хүнд хүчрийг зах зухаас нь ярилаа. Үнэхээр ч түүний жишээ болгон онцлон харуулсан эмэгтэй хүний толгойн гоёлыг харвал, тун нарийн хийцтэй бөгөөд маш их хөдөлмөр зарцуулсан нь хэнд ч тодорхой байлаа. Мөн гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүний л хийх ажил аж. Тэрбээр “Би ямар нэг сургалтанд суугаагүй учраас мэдрэмжээрээ л гоёлуудаа урладаг. Ер нь аливаа хувцас, хэрэглэлийг үйлчлүүлэгчийн санаанд нийцтэл хийнэ гэдэг урчуудаас их авьяас, мэдрэмж, сэтгэл, тэвчээр шаарддаг гэж би боддог. Миний хувьд, хүүхэд байхдаа загвар өмсөгч болж, хоёр эгчтэйгээ их тоглодог байлаа. Эгч нартаа их зөвлөнө. Энэ хувцсыг үүнтэй нийлүүлж өмс гэх мэтээр юу өмсөхийг нь заана. Энэ бүхнээс бодоход, ямар нэгэн байдлаар надад өгөгдөл байжээ гэж боддог” гэсэн юм. Гараар урлагчдын хамгийн орлого арвинтай үе нь Цагаан сар, Улсын баяр, хурим найрын улирал гэсэн. Энэ тухайгаа “Бизнесээ эхлээд удаагүй байх үедээ нэгэн сүйт бүсгүйн хуримын гоёл, хуримын гэрч зэрэг 30 орчим хүний толгойн гоёл, энгэрийн тэмдэг урлах захиалга авч, түүнийхээ ард амжилттай гарч байсан. Захиалагч нь гадаад хүн байсан тул сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлж, баярлаж, талархснаа дахин дахин хэлсэн. Ер нь гадныхан хүнд баярлаж, талархаж байгаагаа нуугаад байдаггүй учраас тэр баяр хөөрөөс нь их урам авсан” гэв. 

БНХАУ, ОХУ, ТУРКЭЭС БАРАА ТАТАХ БОЛОВ

Урлан ч гэмээр юм уу, оёдлын газар түрээслэх боломжгүй байсан бүсгүй гэртээ энэ бүхнийгээ урлаж эхлэв. Хийсэн цөөн тооны гоёл, хувцас хэрэглэлээ танилын хүрээндээ борлуулж нэмэлт орлого олдог байсан түүнд хоббигоо бизнес болгох санаа төржээ. Өөрөө ч нэлээд туршлагажсан тул материалын чанараас бүтээгдэхүүний чанар хамаардгийг ойлгожээ. Мөн сүүлийн жилүүдэд гар урлал сонирхогчид нэмэгдсэн тул өөрөө хийж зарахаас гадна, чанартай материал, бэлдэц оруулж ирж зарвал эрэлт байгааг анзаарсан байна. 
Тухайн үед Эрээн хотод ч очиж үзээгүй бүсгүй зориг шулуудан хүсэлдээ хөтлөгдөн судалсаар БНХАУ, ОХУ, Турк улсад сурдаг оюутнуудтай түншийн харилцаа тогтоож, гар урлалын материал, бэлдэцийн худалдаагаа эхлүүлсэн байна. Цаг үеэ олсон түүний бизнес богино хугацаанд чамгүй амжилт олжээ. 
“Тэр үед захиалсан бараа маань ирэхээр ялгаж ангилах, үнэ өртгийг нь тооцож гаргах, захиалагч тус бүрээр ялгах, савлах, тус бүрийнх нь зургийг авч фэйсбүүк хуудас, зарын групүүдэд оруулах гэх мэтээр ажил ундарсан. Үүний хажуугаар бараа сонирхсон хүмүүс ирж үзнэ. Бараа буусан үед гэр яг худалдааны төв шиг л бужигнана. Бараа савлаж, ангилахад оролцохгүй хүн гэж нэг ч байхгүй. Бүр төрөл төрөгсөдөө хүртэл дайчилна. Аав, ээж, эгч, хадам дүү нар  ирж тусална, заримдаа гэр рүүгээ авч яваад савлана. Энэ мэт их ажилтай болох бүрт туршлага нэмэгдэж байлаа. Нэг мэдэхэд хүмүүсийн надад итгэж, захиалсан бараа, хийсэн зүйлс гэрт багтахаа больсон. Дээр нь хоёр жаахан хүүхэдтэй учраас цаашид гэртээ гоёл урлах, бараа, материал зарах төвөгтэй болж ирсэн. Яг тэр үеэс нэгэнт энэ хэмжээнд хүрснийх, лангуу түрээсэлж үзье” гэсэн бодол төрсөн дөө” гэв.

ТҮРЭЭСЭЭ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ӨДРҮҮД 

Хүний нэгэнт дурласан  зүйл гэдэг тогтоож барихад хэцүү. Гар урлалын гоё сайханд дурлаж, цаашлаад худалдаа наймааны дөртэй болсон бүсгүй өөрийн нэрийн дэлгүүрээ нээхээр шийджээ. Энэ тухай сонссон аав, ээж нь сайхан мэргэжил эзэмшчихээд дэмий юм биш үү гэсэн ч чадна гэсэн бодол цээжинд нь ундраад байсан тул гаргасан шийдвэртээ үнэнч зүтгэсээр л байж. Нөхөр нь эхнэрийнхээ хичээнгүй, тууштай, чин хүслийг нь ойлгож түүнийг өөрийн дэлгүүрээ нээхэд нь тусалсан байна. Энэ тухай тэрбээр “Дэлгүүрээ нээх үед түрээсийн гэрээ, тогтсон орлогогүй тул банкнаас зээл авах боломжгүй байлаа. Тэгээд нөхөр маань цалингийн зээл авч өгсөн. Бас өнгөрсөн хугацаанд гэрээрээ гар урлал эрхлэхдээ хуримтлуулсан мөнгөө нэмэрлээд дэлгүүрээ нээсэн. Тавиур, сандал ширээ хийлгэх, бараа материал татах гэх мэтээр гурван сая төгрөг хаанаа ч хүрээгүй, дууссан. Ер нь өмнө нь наймаа, арилжаа хийж үзээгүй учраас зардал, бараа материалын нийт өртөг хэдэн төгрөг болох тухай ер ойлголт байгаагүй. Энэ мөнгө хангалттай хүрэлцэнэ л гэж бодож байлаа. Гэтэл лангуу маань дүүрдэггүй ээ. Тэгээд найз, нөхөд, ах дүүгээсээ мөнгө зээлж бараагаа нэмж татаж байлаа” хэмээн нэгэнт даван туулсан бэрхшээлийнхээ тухайд дурсан ярив. Эхний хэдэн сар орлого муутай, өдөртөө 40, 50 мянган төгрөг л орно. Гэвч лангууны түрээс, хувь хувьсгалын зээл шил шилээ дараад хүлээх тул түүнд ухрах эрх байсангүй. Гэрийнхнээсээ зөрүүдлэн байж эхлүүлсэн бизнесээ тийм амархан нураахыг хүсээгүй тул фэйсбүүк групүүдэд урласан бүтээлийнхээ зураг, хэрхэн хийх аргачлалын видео зэргийг оруулсаар л байжээ. Цаашлаад эхлэн сонирхогчдод материалаа худалдаж, аваад сургалтад суух боломж олгожээ. Энэ мэтчилэн олон арга ашиглан үйлчлүүлэгчээ татаж чадсан байна. Өдөр нь дэлгүүртээ суугаад орой нь хүргэлт хийхийн хажуугаар ээж, эхнэрийн үүргээ гүйцэтгэнэ. Энэ мэт завгүй, хичээнгүй өдрүүдийн ард Т.Мичид тогтмол үйлчлүүлэгчтэй, хөдөө орон нутгаас бараа татдаг түншүүдтэй, 60 гаруй шавь нартай болж бизнесийн хүрээгээ тэлж чаджээ. Энэ хугацаанд шантрах үе хэр байсан бэ гэхэд, “Удахгүй сайхан болно доо гэж бодоод хичээгээд л байсан. Ойлгож, дэмждэг гэр бүлийнхэн маань байсан болохоор тийм ч амархан шантарчихаагүй. Дэлгүүрээ нээснээс яг жилийн дараа бүх өр, зээлээ дарж дууссан. Ингэж л нэг сэтгэл онгойж, нуруун дээрээсээ хүндхэн ачаа аваад хаясан мэт болсон доо” хэмээн инээмсэглэсэн юм. Үнэхээр ч түүний бизнес хөлөө олжээ. Биднийг ийнхүү ярилцах зуур утас нь тасралтгүй дуугарч, захиалга ирнэ. Гаднаас орж ирэх үйлчлүүлэгчид хэзээний танил гэдэг нь илт, дотнохон мэндчилж, хууч хөөрнө.

САЙН ХАНИЙН НӨМӨРТ ХОРВОО ДУЛААХАН

Хүний гэргий болоод долоон жилийг үдэж байгаа бүсгүй гэхэд дунд сургуулийн охин шиг оворгүй юм. Түүний нөхөр жирийн нэг төрийн албан хаагч гэсэн. Эхнэрийнхээ гэртээ хийсэн гоёл чимэглэлийг цүнхэлж очоод ажлынхандаа рекламдаж чамгүй олныг борлуулдаг, ажлаа тараад захиалгуудыг нь хүргэж өгдөг, сайн хань, сайн аав. Т.Мичидийн амнаа үг бүрээс нь хайрлагдсан эмэгтэй гэдэг нь илхэн. Тэрбээр “Хэрвээ нөхөр маань намайг дэмждэггүй байсан бол би бизнесээ эхлүүлээгүй ч байсан байж мэднэ. Анх бичлэг дуурайж хийгээд бүтэлтэй ч юм болохгүй байхад “Миний хайр мундаг. Маш гоё болжээ” гэж магтдаг нь хамгийн том урам байсан. Дэлгүүрээ нээмээр байна гэхэд минь хэчнээн эргэлзэж байсан ч надад итгэж, дэмжсэн” хэмээн бахархангуй ярина. Түүнийгээ гэрчлэх гэсэн шиг нэг жил нөхрийн маань ажлынхан эмэгтэйчүүдийн баяраар 150 энгэрийн тэмдэгний захиалга өгсөн. Бизнесээ эхлээд удаагүй байсан  үед том  захиалгын нэг энэ байсан” гэв.

НЭГ ЦЭРЭГТЭЙ ЗАХИРАЛ

Т.Мичид бүсгүйн дэлгүүр тогтсон үйлчлүүлэгчидтэй болж, хөл хөдөлгөөн ихсэж, бүгдийг ганцаараа амжуулж чадахаа больсон тул хоёр сарын өмнөөс туслах ажилтантай болжээ. “Манайхаар байнга үйлчлүүлдэг, гар урлал сонирхдог болохоор нь би түүнд ажлын санал тавьсан юм. Анх цалинг нь өгөхөд үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Өмнө нь өөрийгөө  арай гэж болгодог байсан хүн өөрөөсөө өөр хүнийг цалинтай болгож байгаа нь сайхан байсан. Эхлүүлсэн бүхэн минь энэ хэмжээнд хүртэл хөгжжээ гэдгийг мэдрэх үнэхээр гайхалтай байсан” хэмээн ярихад нь яг л тэр үеийн баяр цээжинд нь амтагдаж байх шиг харц нь гэрэлтэв. Түүний бизнест хүч болж яваа “цэрэг” нь Ц.Азжаргал. Тэрбээр, манай захирал гэж ирээд л их уриалгахан ярих нь хайр хүргэм. Тэрбээр “Би хоёр хүүхдээ хараад гэртээ суудаг байсан. Нөхөртөө дэм болох гэж ойр зуурын гоёл чимэглэл хийж, зардаг байлаа. Өнөөдрийн нийгэмд ганц хүний цалингаар амьдрах хэцүү шүү дээ. Арав гаруй жил гэртээ суусны дараа ажил хийж, тогтмол орлоготой болсондоо  үнэхээр баяртай байдаг. Надад  хүүхдүүдээ хичээл, сургуульд зөөх ээжийн үүргийн  хажуугаар ажиллах боломж олгосонд нь маш их баярладаг. Захирал маань дан ганц надад ажил олгосон биш, миний үр хүүхдийн ирээдүй, гэр бүлд минь үнэтэй хувь нэмэр оруулж байна. Миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Тийм болохоор би цалингаа авах бүртээ захиралдаа баярлалаа гэж хэлдэг” гэлээ. Азжаргалын ярианаас  хүн хийж байгаа ажилдаа дурлах, сэтгэл зүрхээ зориулахын сайхныг мэдрэх шиг болсон. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Эбо
    Дүүдээ улам их амжилтыг хүсье Бүүр дотроосоо гэрэлтсэн үнэхээрийн хөдөлмөрч мундаг охин шүү чи минь
    2020 оны 05 сарын 08 | Хариулах
  • Ж.Баднаанямбуу.
    Дүүдээ баяр хүргьө,Том убаа нь дүүгээрээ маш их бахархаж байна.Улам их амжилт ,гэр бүл үр хүүхдэд нь эрүүл энх сайн сайхнийг хүсэн ё ёрөөё.
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Michealhandmade
    Neeh huurhun ineemseglesen dulguun ohin bdagshuu delguureer n uilchluuleh mash ih durtai dandaa goe shineleg baraa avchirdagt bayarladag🙂 mundag busguid majilt husey
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Хаяг
    Алтжин бөмбөгөр зүүн талын Содон бөмбөгөр (Box mall гэсэн хаягтай)-ийн 4 давхар, утас: 88227528
    2020 оны 03 сарын 24
  • Хатанболд
    Нутгийн хөөрхөн бүсгүйд ажилд нь улам их амжилт
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Үнэхээр хайр хүргэм түүх байна
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Oyun
    Huurhun uymaa hudulmurch duudee ulam ih amjilt huse
    2020 оны 03 сарын 22 | Хариулах
  • Yamar mundag daichin busgui we ajild ni ulam ih amjilt husie.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Munkhtuya
    Ymar goe sanagdvaa setgel hudulchluu durtai zuilee hiinee gedeg iim lsaihan shuu tsaashdin biznesd ni ulam amjilt husiee
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Anhbayr
    Yriag ni unshaal ulam bur baharhah setgel torloo. Mundag bnaa. Ulam ih amjilt husye.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Болороо
    Ямар мундаг юм бэ. Ажлын амжилт хүсье. Манай Цоомоогийн дүү яг эгч шиг ээ юм аа
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • миний дүү ч мундаг дайчин шантрахгүй хөдөлмөрлөсний хүчинд хөлөө олжээ баяр хүргээд илүү их амжилт хүсэн ерөөе
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • uranaa
    Ухаалаг ,дөлгөөхөн хөөрхөн дүүдээ болон гэр бүлд нb аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн erөөe. Улам ихийг хийж бүтээгээрэй.
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
  • Hayg haana be
    2020 оны 03 сарын 21 | Хариулах
    • Хаяг
      Алтжин бөмбөгөр зүүн талын Содон бөмбөгөр (Box mall гэсэн хаягтай)-ийн 4 давхар, утас: 88227528
      2020 оны 03 сарын 21
  • A
    Bainga uilchluuldeg shuu mundag setgeltei busgui
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Bainga uilchluuldeg shuu mundag setgeltei busgui
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Amjilt dvv
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • С.Дэлгэрмаа
    Миний хөөрхөн дүү мундаг шүү.Охидоо шавь оруулнаа
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • жака
    Миний найзын охин мундаг юмаа амжилт хүсье
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Батбаяр
    Ахын дүү мундаг юмаа дүүдээ илүү их амжилт хүсье!!!
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Mundag yma amjilt husey
    mundag ymaa amjilt husey
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • dulamsvren
    Anjilt hvsie mundag yuma 🌷🌸🕊🌠
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Должоо
    Wooow, Мичиддээ улам их амжилт хүсье.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Сайхан нийтлэл болжээ. Мичиддээ болон гэр бүлд нь хамгийн сайн сайхныг хүсье, улам ихийг хийж бүтээгээрэй,
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Бурмаа
    Мундаг юмаа Амжилт хүсье
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • altaa
    Huuurhun medremjtei duudee uluu ih amjiltiig husie.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Ямар сайхан нийтлэл вэ? Мундаг дайчин бүсгүйдээ амжилт хүсье. Мөн нийтлэлийг бичсэн ангийн найздаа ч бас амжилт хүсье. Дуртай зүйлээ хийх нь хамгийн чухал юм даа.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
  • Ганаа
    Мичиддээ амжилт хүсье.Хоёр дүүгийн хуриманд очиж байсан саяхан мэт санагдавч дүү нарынхаа хийж бүтээж байгаа бүхнийг хараад бахархаж байна шүү.Хөөрхөн охидуудад нь болон гэр бүлд нь аз жаргал хүсье.улам ихийг бүтээгээрэй
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
Нийтлэлчид