Улаанбаатар 1c

Токио-2020 олимпийн галт бамбарыг Япон улсад хүлээлгэн өглөө

Токио-2020 олимпийн галт бамбарыг Япон улсад хүлээлгэн өглөө

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын галт бамбарыг өчигдөр/2020.03.19/ Грек улсын Афин хотын бэлгэ тэмдэг болсон Панатинайко задгай цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүй хаалттай орчинд Японы талд гардууллаа. Олимпийн галт бамбарыг цэнгэлдэх хүрээлэнд Грек улсын олимпийн алтан медальт гимнастикчин Елефтериос Петроуниас оруулж ирэн 2016 оны олимпийн аварга Грек улсын тулгууртай харайлтын тамирчин Екатерини Стефанидид гардуулан өгсөн. Екатерини Стефаниди галт бамбарыг хүлээн авч цэнгэлдэхийн голд байрласан тогоонд асаасан. Харин тэрхүү тогоонд асч буй галнаас Грек улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Спирос Капралос Токио-2020 олимпийн галт бамбарт асаан Токио-2020 олимпийн зохион байгуулах хороог төлөөлөн ирсэн Наоко Имотод албан ёсоор гардуулсан.

Энэ үеэрээ Грек улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Спирос Капралос "Энэхүү олимпийн галт бамбар хэцүү цаг үед танай улсад баяр баясгалан болон дэлхий дахинд итгэл найдварыг авчираасай гэж хүсч байна" хэмээжээ. Наоко Имото галт бамбарын галыг дэнлүүнд шилжүүлэн авч Япон улс руугаа буцахаар болсон.

Олимпийн галт бамбарыг тусгай "Tokyo 2020 Go” гэх нэртэй агаарын хөлгөөр аялуулж Мияаги мужийн Мацүшима агаарын бааз дээр гуравдугаар сарын 20-нд газардуулна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид