Улаанбаатар 1c

Туул голын эрэгт бүтээн байгуулалтын ажил хийлээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш өдгөө дэлхийн олон улс орон цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд дэлхий нийт “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” уриан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, “ВитаФит групп” ХХК-тай хамтран Туул голын эрэг орчим, нийтийн эзэмшлийн талбайд тохижилтын ажил хийлээ. Учир нь нийслэлийнхний ундны усыг Туул гол дагуу байрлах 174 гүний худгаас татаж авдаг. Гэтэл Туул голоос ойролцоогоор жилд 100 тонн хог хаягдал гардаг аж. 

Ногоон бүсэд хог хаяхгүй байхыг уриаллаа

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Экологийн цагдаагийн алба “ВитаФит групп” ХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, уулын зам дагуу нутаг дэвсгэр Туул голын эрэг орчимд иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг нийтийн эзэмшлийн талбайд тохижилтын ажил хийжээ. Тодруулбал, “Усны төлөө нэг зөв үйлдэл” уриан дор гурван метр орчим өндөртэй хогийн сав байршуулж, жижиг гарц бүхий шат шинээр хийж, амралтын саравчнуудыг сэргээн засварлалаа. Зохион байгуулагчдын зүгээс “Бүтээлч, санаачлага бүхий хогийн сав байршуулснаараа онцлогтой. Энгийн, хэвшмэл хогийн саваас илүүтэй шинэ загвар, шийдэлтэй байх нь иргэд, тэр тусмаа хүүхэд багачуудыг хогоо хогийн цэгт хаях дадал, зуршлыг төлөвшүүлнэ” гэв. Мөн тэд ногоон бүсэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлж буй иргэд болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хандаж байгальд нэг ч хог хаяхгүй байхыг уриалсан юм. 

“Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тооцож, үнэ цэнийг илэрхийлэх боломжгүй”

Манай улсад гол мөрөн, усны нөөцийг хадгалах, хамгаалах хууль эрх зүйн орчин ямар байдаг, байгаль орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг Экологийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяраас тодрууллаа. 

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тоо баримт олон нийтэд тэр бүр хүрдэггүй. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Сүүлийн таван жилийн байдлаар улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 1578 бүртгэгдэж, илрүүлэлт 65.3 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 1370 иргэн, 47 аж ахуйн нэгж, байгууллагад 24.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг сүүлийн таван жилийн байдлаар бүртгэгдсэн зүйлээр нь авч үзвэл, байгаль орчныг бохирдуулах 13, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 439, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах 56, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн  материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах нэг, хууль бусаар ан агнах 202, хууль бусаар мод бэлтгэх 708, ой хээрийн түймэр тавих 50, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 115, байгалийн тэнцэл алдагдуулах долоон гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн байна. Миний хэлж буй тоон мэдээ нь байгаль орчинд учирсан хохирлын багахан хэсэг. Яагаад гэвэл бодит хохирлын хэмжээг тооцож, байгаль орчны үнэ цэнийг илэрхийлэх боломжгүй юм.

-Сүүлийн үед хууль бусаар алт олборлогчид гол мөрний ай сав, ойн сан бүхий газарт маш ихээр төвлөрч байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, бохирдуулж байгаа талаар нөхцөл байдал ямар байна вэ?
-Бүртгэгдсэн 1578 гэмт хэргийн 44 буюу 2.8 хувийг гол, усны ай сав газарт, 520 буюу 32.9 хувь нь ойн сан бүхий газарт, 1014 буюу 64.3 хувь нь бусад газарт бүртгэгдсэн байна. Голын ай сав газраас мод бэлтгэх зөрчил цөөнгүй гардаг. 2017 он хүртэл дагаж мөрдсөн Эрүүгийн хуулиар зөвшөөрөлгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт үйлдлийг хохирлын хэмжээнээс харгалзан эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан. Харин Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хохирлын хэмжээ шаардахгүй байхаар зохицуулсан нь энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн. Гар аргаар алт олборлогч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь химийн хортой, аюултай бодисоор алт угааж, гол мөрний усны шинж чанарт маш хортой нөлөө үзүүлдэг.

-Гол ус бохирдож буйн шалтгаан юу вэ?
-Улсын хэмжээнд хоногт 400 мянган шоо метр бохир усыг цэвэршүүлэн байгальд нийлүүлж байгаа ч 136 мянган шоо метр бохир усыг механик болон биологийн цэвэрлэгээ хийхгүйгээр байгальд шууд нийлүүлж байна. Мөн Улаанбаатар хотын гэр хороололд 310 мянга гаруй нүхэн жорлон, 140 мянга гаруй угаадасны нүх байгаагаас үүдэн хөрс, ус их хэмжээгээр бохирддог. Нийслэлд арьс шир, ноос, ноолуур боловсруулах 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас хоёр үйлдвэр хаягдал усаа цэвэршүүлж, эргүүлэн ашигладаг. Харин Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд ашигласан усныхаа 70-80 хувийг эргүүлэн ашигладаг технологитой. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид