Улаанбаатар 1c

Малчдын хотонд 2.1 сая толгой төл бойжиж байна

Малчдын хотонд төлийн дуу цангинаж эхэллээ. Өнгөрсөн оны эцэст улсын хэмжээнд 30.9 сая толгой эх мал тоолуулсан. Гэхдээ гахай жилийн өвөл хатуу гэх сургаар малчид тамир муу малаа цөөлсөн, хээлтүүлэлгүй өнжүүлсэн зэргээс хамаарч энэ хавар нийт 29.2 сая толгой эх мал төллөх тооцоотой байгаа. Өнөөдрийн байдлаар нийт төллөх эх малын 7.4 хувь буюу 2.2 сая толгой эх мал төллөж, 2.1 сая толгой төл мал бойжиж байна. Шинэ төлийн 97.3 хувь нь бог мал байна. Хөвсгөл, Увс, Архангай, Өвөрхангай зэрэг аймагт зун, намартаа бэлчээрийн гарц муу, өвөл цас их байснаас мал жилбэ муутай байгаа. Тиймээс амьгүй төл цөөн тоогоор гарч байгаагаас өөрөөр бусад аймгуудад мал төллөлт өндөр хувьтай байгаа юм.

Он гарсаар улсын хэмжээнд нийт малын 0.5 хувь нь зүй бусаар хорогдсон байна. Энэ нь хэвийн хорогдолд тооцогдож байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдээс бага байгааг онцолж байна. Түүнчлэн одоогоор хаваржилт хүндэрсэн аймаг байхгүй.

Гэхдээ урт хавар болох төлөвтэй байгааг цаг уур, орчны шинжилгээний газраар мэдээлж байгаа учраас баярлах эрт байна. Хаврын хавсарга ядруу малд, ялангуяа өвлийн саруудыг хээлтэй давсан эх малд илүү халгаатай байдаг гэдгийг сүүлийн 70 жилийн дотор болсон 12 удаагийн зудны сургамжаас бэлэхнээ харж болох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид