Улаанбаатар 1c

Д.Төмөрбаатар: Мөнгөний төлөө л зүтгэж байснаас гэр бүлтэй болъё гэж бодож явсангүй

Хүмүүс энэ хорвоо дээр өөр өөрийн үүрэгтэй ирдэг гэж би боддог. Зарим нь бусдын төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн, золиослочихоод түүндээ баясан аз жаргалтайгаар гэрэлтдэг бол харин зарим нь улс орон, шинжлэх ухаан, урлагийн төлөө нэгэн насныхаа амьдралыг хайр найргүй зориулдаг. Нөгөө хэсэг нь гэр бүл, хайртай бүхнийхээ төлөө амьдардаг бол өөр нэгэн нь зөвхөн өөрийнхөө төлөө хорвоогийн өдөр хоногуудыг үрэх нь ч бий. Хүн бүрийн амьдралын түүх зузаан гэгч нь ном болно. 
Энэ удаагийн “Эгэл амьдрал” булангийн зочин маань Ахмад настны үндэсний төвд амьдардаг Д.Төмөрбаатар гуай. Зургаан хүүхэдтэй айлын том хүү тэрбээр нэгэн насныхаа амьдралыг аав, ээж, дүү нартаа зориулж, өөрөө гэр бүл зохиох, эхнэр авах, үр хүүхэдтэй болох үүргээс сайн дураараа татгалзсан нэгэн. Бага наснаасаа сургуулиас гарч, ажил хийж, аав, ээждээ туслах, хэдэн дүү нараа хүний зэрэгтэй явуулах гэж зүтгэсэн.  

“Одоо дүү нар минь тус тусдаа амьдралаа аваад явж байна” гэж хэлэхдээ тэрбээр нэг насныхаа үүргийг биелүүлчихсэн баатар мэт харагдсан

Тиймдээ ч насныхаа эцэст ганц бие гэдэг нэр зүүн, орох оронгүй, түших ханьгүй, удам залгах үр хүүхэдгүй яваа. Гэхдээ энэ бүхэн түүнд тийм ч чухал биш. Учир нь, тэрбээр энэ л амьдралаа гэр бүлийнхээ төлөө зориулахаар шийдсэн. Түүндээ ч хүрсэн хүмүүн. Дүү нараа бүгдийг нь сургууль, соёлын бараа харуулжээ. “Одоо дүү нар минь тус тусдаа амьдралаа аваад явж байна” гэж хэлэхдээ тэрбээр нэг насныхаа үүргийг биелүүлчихсэн баатар мэт харагдсан. Тийм ээ, тэрбээр аав, ээжтэйгээ нүүр бардам уулзаж чадахаар болжээ. 
Одоо Ахмад настны үндэсний төвд амьдарч байгаа нь түүнд ичгэвтэр хэрэг огтхон ч биш. Харин ч өөрийнхөө бага насныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэн зураг зурж, жижигхэн өрөөгөө өөрийнхөө бүтээлээр чимж, түүнийгээ харан суух нь түүний бас нэгэн жаргал. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

“Өөрийн гэсэн гэр оронтой болоогүй нь миний алдаа”

-Та Ахмад настны үндэсний төвд ирээд хэр удаж байна вэ?
-Жил гаруй болж байна. 

-Өөрийнхөө хүсэлтээр ирсэн үү?
-Дүү нар маань “Ах бидний дэргэд ядраад байна” гээд энд авчирсан юм. 

-Та аль аймгийнх вэ?
-Ах нь Увс аймгийнх. Баруунтуруунд олон жил трактор комбайн барьсан. Хотод ирээд том газар харуул хийж, дараа нь хорооны байцаагч хүртэл хийж явлаа. Цагдаад бас ажиллаж, тэгээд бие тэнхээ муудаад гавьяаныхаа амралтыг авсан. 

-Та зураг зурах их дуртай юм аа даа?
-Тийм ээ, зураг зурах миний багын хобби. Би зүгээр сууж чаддаггүй хүн. Зав гарвал зураг зурж, энэ тэрхэн хийнэ. Манай хэд “Таны даралт ихэдлээ. Зүгээр сууж болдоггүй юм уу” л гэдэг юм. 

-Насны залууд хань ижилтэй болсон бол гэж харамсах юм уу?
-Тийм зүйл боддоггүй ээ. Өнгөрсөн юм одоо яах вэ. Харин одоо сайхан газар сайхан л  аж төрж байна.

-Энд ирээд олон найзтай болсон уу?
-Зөндөө зөндөө. Бараг бүгд л миний найз. Бид нэг гэр бүл шиг болсон.

-Нутаг усандаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
-Очилгүй бараг гурван жил болж байна. Нутаг маань сайхан байгаа л сураг дуулдах юм. Сүүлийн хэдэн жил явах боломж гарсангүй. Мэдээж, нутаг усаа саналгүй яах вэ. Ирэх зун дүү нар нутагт аваачна гэсэн. 

-Өдий хүртэл өсгөж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэчихээд байхад гээд дүү нартаа гоморхох юм уу?
-Яалаа гэж гомдох вэ дээ. Дүү нар минь ярих бүртээ “Таны бие яаж байна” гэж байнга асууж, санаа тавьдаг юм. Өнгөрсөн зун ирээд голын эрэг дээр хэсэг сууцгаагаад явсан. Ойр ойрхон залгаж, биеийг минь асууна. “Яагаад дуу цөөтэй болчихсон юм” гэж ч байх жишээний. 

-Таны ойрын төлөвлөгөө юу вэ?
-Би зүгээр суухгүй л санаатай. Чаддаг бол юм бүхнийг л хиймээр байх юм. Гэхдээ тэр болгон санаагаар болно гэж юу байх вэ. Цаг нөхцөөж зураг л зурах юм. 

-Таны багад амьдрал хэр байв? 
-Тэр үед хүмүүс одоогийнх шиг их архи уудаггүй байлаа. Одоо чинь юм болгон аюултай болжээ. 

-Яаж байна?
-Тун ч хэцүү л харагдах юм.

Одоо эргээд бодохоор хэцүү үе хэзээ ч тохиож байгаагүй мэт санагдаж байна. Мэдээж, амьдралд хүнд, хэцүү үе мундахгүй. Гэхдээ одоо эцэг, эхийгээ алдсан, өвлийн хүйтэнд хөлдөх шахсан маань л санаанд орж байна

-Таны амьдралын хамгийн том алдаа юу вэ?
-Алдаа гээд байх юм алга. Харин өөрийн гэсэн гэр оронтой болоогүй нь миний алдаа юм болов уу. 

-Залуудаа суухаар төлөвлөсөн эмэгтэй байгаагүй хэрэг үү?
-Байсан л байх. Би л байхгүй юу, амьдрал зохиоё гэж бодсонгүй, цэрэгт яваад, газар тариаланд орсон. Мөнгөний төлөө л зүтгэж явснаас гэр бүлтэй болъё гэж бодож явсангүй. 

-Одоо үеийн залууст юу гэж захих вэ?
-Болж өгвөл зүгээр суухгүй, санаачилгатай байж, чин сэтгэлээрээ ажил хийдэг байгаасай гэж хүсэж байна. Зүгээр байхаараа л голцуу юм хүртчих гээд байх шиг харагдаад байдаг юм. 

-Та мөнгө олохын төлөө амьдралаа зориулсан гэж ярьсан. Хүмүүний амьдралд мөнгө хэр чухал эд вэ?
-Чухал байлгүй яах вэ. Гэхдээ залуучууд ажил хийхгүй мөнгө олох гэдэг болж. Ажил  хийж байж, хөдөлмөрлөж байж л хүн мөнгө олно. Ганц цаас таарсан ч тэрийг аваад хогийн саванд хийчих юм сан гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Амар, хялбар аргаар л мөнгө олох гэдэг болж дээ.

-Хүний мөс, мөн чанар таны залуу цагаас их өөрчлөгдөж үү?
-Ер нь их өөр болжээ. Миний үед хүн бүр ээж, аав шиг байлаа. Настай хүний өөдөөс үгүй ч гэж хэлж чаддаггүй байлаа. Одоо ээж, аавынхаа үгийг ч тоохоо байж.

-Эргээд залуу үедээ очсон бол хамгийн түрүүнд юу хийх байсан бэ?
-Сургуулиа хаяхгүй байх байлаа. Тэгээд техник, технологийн мэргэжилтэй болох байсан болов уу. 

-Боловсрол, хүмүүжил хоёрын аль нь илүү чухал вэ?
-Аль алин нь чухал. Боловсролтой байж хүн өсөж, хөгжинө. Гэхдээ тархиндаа алийг нь хийнэ, тэр л амьдралд чухал. Нэгийг нь нөгөөгүйгээр үнэлж болохгүй. Харилцан хамааралтай зүйл. 

“Би аз жаргалыг амралт гэж ойлгодог”

-Аз жаргал гэдэг таны хувьд ямар ойлголт вэ?
-Би аз жаргалыг амралт гэж ойлгодог. Их ажлын ард гараад амарч байгаа үедээ мэдрэх мэдрэмжийг би аз жаргал гэж боддог. Зурсан зургаа хараад суух ч бас аз жаргал.

-Амьдралын тань хамгийн хэцүү үе хэзээ байв?
-Одоо эргээд бодохоор хэцүү үе хэзээ ч тохиож байгаагүй мэт санагдаж байна. Мэдээж, амьдралд хүнд, хэцүү үе мундахгүй. Гэхдээ одоо эцэг, эхийгээ алдсан, өвлийн хүйтэнд хөлдөх шахсан маань л санаанд орж байна. Аав, ээж маань өнгөрөөд бараг 20 орчим жил болж. 

-Асрамжийн газар ирээд таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Энд ирээд дүү нарынхаа дэргэд байснаас шал өөр болсон. Дүү нарыг юм хийхээр тэр нь санаанд нийцэхгүй, хийлцэх гэж оролдоно. Тэгээд л хамаг хувцсаа муухай болгоно, тэдэндээ төвөг удна. Энд бол бүх юм бэлэн. Бид шалаа ч угаахгүй. Гэртээ ч бид бараг өдөрт дөрвөн удаа хоол идэхгүй. Их дулаахан, сайхан газар юм.
Ийн ярьснаар бидний яриа өндөрлөсөн юм. Тэрбээр Ахмад настны үндэсний төвийнхөө тоглоомын өрөөг хариуцан ажиллуулдаг. Өдгөө 70 насны босго руу алхаж яваа ч наснаасаа ануухан харагдана. Дүү нар нь сайн сайхан амьдарч байгаа нь л түүний амьдралыг утга учир бололтой. Дугуй царай, онигор нүд, хэнэггүй төрхөнд нь гуниг ер хурдаггүй гэлтэй. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Bold
    Taaruu l duu nar bna daa hoorhii
    2020 оны 03 сарын 28 | Хариулах
  • Би
    Цагтаа дүү нарыгаа өсгөлцөж явсан байлгүй хүн муутай новшнууд бна
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • дүү нар нь онцгүй байна аа ядаж зундаа нутагт нь нэг авч очихгүй муу байна
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
  • Дүү нар нь хүн муутай хүмүүс юм лаа. Жилд ганц л эргэж очдог,
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
Нийтлэлчид