Улаанбаатар 1c

Энэ цагийн эзэд: Дэлхийг өөрчилж буй эрдэмтэн бүсгүйчүүд

Зарим эх сурвалжид тэмдэглэснээр, бидний мэдэх хамгийн анхны эрдэмтэн эмэгтэй одоогоос 5000 жилийн тэртээ эртний Египтэд амьдарч байжээ. Мерит Птах жирэмсэн эхчүүдийг эсэн мэнд амаржуулж чаддаг, эмийн ургамал найруулан олон хүний амь аварсан гэдэг. Пифагорын эхнэр Феона эртний Грект алдартай математикч, эмч байлаа. Дундад зууны Европт өндөр боловсролтой эмэгтэйчүүд цөөнгүй байсан ч XVI,  XVII зуунд шинжлэх ухаанд тохиосон том том нээлт, хувьсгалд эрдэмтэн бүсгүйчүүд хувь нэмрээ оруулж эхэлжээ. Орчин цагийн түүхийг бичилцэж, дэлхийг өөрчлөхөд гар бие оролцож буй эрдэмтэн бүсгүйчүүдийн талаар энэ удаад онцолж байна. 

Жейн Гудолл /мич судлаач, антропологч/

Жейн Гудолл их сургуульд сурч байгаагүй. Түүнд бакалавр, магистрын зэрэг байхгүй. Хувь заяаны гайхалтай тохиол үгүй сэн бол тэр ердөө шимпанзе сонирхдог зөөгч бүсгүй байх байлаа. Их Британид зөөгчөөр ажиллаж байсан бүсгүй Кенид очиж, улмаар нэрт антропологч Луис Ликийн судалгааны багт ажиллах завшаан таарчээ. Хүн дүрст сармагчин судлах ажилд амжилт гаргасныхаа төлөө Жейн Гудолл Кембрижийн их сургуульд докторын зэрэг горилж, 55 настайдаа Танзанид шимпанзе мичний зан төлөв, оюун ухаан судлах нүсэр ажлыг хийсэн билээ. 
Тэртээ 1934 онд Хэмпстедэд төрсөн Валери Жейн Моррис-Гудоллд аав нь тоглоомон сармагчин бэлэглэснээр энэ бүхэн эхэлжээ. Энэ амьтны тухай ном бичихийг мөрөөддөг байсан Жейн Өмнөд Африкт археологийн багийн малтлагад оролцож, Танзанийн Гомбе-Стримийн дархан цаазат газарт судлаачаар ажиллан, хүн дүрст мичний талаарх судалгаандаа шимпанзе мөчир, мохоо чулуу сэлтийг зэвсэг болгон ашигладгийг,  тэр бүү хэл самрын яс зэргийг хагалахад зориулан тусгайлан багаж хийж чаддагийг тусгасан. Тэрбээр судалж буй амьтандаа нэр өгсөн анхны зоологч. Түүний жишээгээр олон олон биологич, зоологч амьтдыг судлахдаа дугаарлаж биш, нэрлэж заншсан. 
1977 онд тэрбээр Жейн Гудолл Институтийг байгуулсан нь өдгөө дэлхийн 17 оронд салбартай болжээ. Жилийн 300 өдрийг дэлхийгээр аялан шимпанзегээр тогтохгүй, байгаль орчин хамгаалах оновчтой, шинэлэг  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн энэ чиглэлд НҮБ-тай хамтран ажиллаж, 1991 оноос хүүхдийн төлөө сан байгуулан “Roots & Shoots” хөтөлбөрийг 100 гаруй оронд хэрэгжүүлжээ. 

Элизабет Блэкбёрн /генетикч/, Кэрол Грейдер /молекулын биологч/ 

Нобелийн физиологи, анагаах ухааны салбарын шагналыг тэд эрдэмтэн Жек Шестакийн хамтаар хүртсэн. “Хромсомыг теломер болон теломеразаар хамгаалах механизмыг нээсэн”-ээрээ энэ шагналыг хүртсэн  тэд Зөвлөлтийн эрдэмтэн Алексей Оловниковын онолыг баталсан юм. Хамгийн энгийнээр тайлбарлабал, теломер буюу хромсомыг гаднын нөлөөнөөс хамгаалдаг  сүүл хэсэг нь ДНХ-г давтдаг бөгөөд энэ нь теломераз хэмээх энзимээр дэмжигддэгийг баталжээ. Анагаах ухаан, биологийн шинжлэх ухаанд дуулиан тарьсан энэ нээлтийн дүнд амьд биетийн хөгшрөх үйл явц нь эдгээр теломерын үйл ажиллагааны хурд саарснаас үүсдэгийг баталсан юм. Хэрэв эс хуваагдах, үржих бүрт теломер тасралтгүй, сааралгүй ажиллаж хромсомыг гаднын нөлөөнөөс хамгаалсаар байвал хөгшрөхгүй, үхэхгүй байна гэсэн үг аж. Мэдээж ийм арга замыг одоогоор нээж олоогүй ч Элизабет Блэкбёрн, Кэрол Грейдер нарын судалгааг хорт хавдар зэрэг олон өвчний судалгаа, эмчилгээнд  ашиглаж байна. 

Элизабет Гоулд /физиологч/

Нейрологийн салбарын мэргэжилтэн Элизабет Гоулд эрэгчин шимпанзе дээр хийсэн туршилтаараа стрессийн нөхцөлд мэдрэлийн шинэ үүсэх үйл явц удааширч, шинэ эсийн тоо гурав дахин багасдагийг  баталсан юм. 1999 онд Принстоны их сургуульд тэрбээр эл туршилтынхаа талаар танилцуулсан бөгөөд үүнийг “нейрогенезис” гэж нэрлэжээ. Нейрогенезис нь тархины танин мэдэхүй буюу когнитив чадварыг хариуцсан хэсэгт л ажиглагдаж байсныг мөн тэрбээр онцолсон. Хүн ч адилхан, стресс болон сэтгэл гутралын үед сэтгэн бодох, тунгаах, аливааг шинжлэх чадвар нь буурдаг гэсэн таамаглалыг Элизабет Гоулд дэвшүүлсэн билээ. 


Сандра Фабер /одон орон судлаач, астрофизикч/

Бостонд 1944 онд төрж, 1972 онд Харвардад шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Сандра Фабер одон орон судалдаг. Цахилгаан соронзон цацраг ялгаруулдаггүй буюу хар, хүйтэн матерын тухай таамгийг тэрбээр дэвшүүлсэн билээ. Үүнээс гадна гариг ертөнцийн үүсэл, хөгжлийн үе шатууд, орчлон ертөнцийн ерөнхий бүтцийг судалдаг бөгөөд АНУ-ын Шинжлэх ухаан, урлагийн академи, Америкийн гүн ухааны нийгэмлэгийн гишүүн юм. 


 

 

 

Мелиса Франклин /физикч/

Чикаго дахь Үндэсний хурдасгуурын лабораторийн баг, тэр дундаа Мелиса Франклин физикийн өндөр эрчим хүч, хурдасгуур-технологийн салбарт судалгаа хийдэг. “Top quark” буюу  гуравдугаар үед хамаарах, +(2/3)e цахилгаан цэнэгтэй,  матерыг бүрдүүлэгч эгэл бөөм байдгийг тэдний судалгаанд тулгуурлан баталжээ. Ташрамд өгүүлэхэд, Мелиса Франклин бол Харвардын их сургуулийн физикийн факультетэд албан тушаал хаших болсон анхны эмэгтэй билээ. 

 

Рита Леви-Мольтанчини /нейробиологч/

Еврей гаралтай, итали эрдэмтэн Рита Леви-Мольтачини одоогоос найман жилийн өмнө 103 настайдаа таалал төгссөн. Шинжлэх ухаанд өсөлтийн хүчин зүйлийг нээснээрээ тэрбээр нэрд гарсан юм. Өсөлтийн хүчин зүйл гэдэг нь шинэ эсийн өсөлт, хөгжлийг байгалийн жам ёсоор өдөөх, идэвхжүүлэх чадвартай уураг, даавар юм. Үүнийг нээснээр цусны цагаан эсийн хавдар, архаг цус багадалтыг эмчлэх мөн нугас шилжүүлэн суулгах мэс засалд ахиц гарсан юм. Еврейчүүдийг хавчсан хууль Италид батлагдахад шинжлэх ухааны карьераа орхихоос аргагүйд хүрсэн ч хожим докторын зэрэг хамгаалж, АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академийн гишүүн болж,  Нобелийн шагнал хүртсэн тэрбээр Италийн сенатын насан туршийн гишүүн байв. 

Гретхен Дейли /экологч/

Стэнфордын их сургуульд 1992 онд экологч Гретхен Дейли докторын зэрэг хамгаалсан бөгөөд байгаль орчин хамгаалах, биологийн төрөл зүйлийг хадгалан үлдэх талаар судалгаа хийдэг. Сэтгэл хөдлөл давамгайлсан маргаан мэтгэлцээн, өөрсдийнхөө зөвийг батлах гэсэн улайрал зэрэг байгаль хамгаалагчдад цөөнгүй ажиглагддаг туйлшралаас ялгаатай нь  Гретхен тодорхой асуултад хариулах судалгаа хийдэг. Байгаль дэлхийн экосистемд хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа биологийн төрөл зүйлүүд юу вэ, тэдний алинд нь ямар аюул нүүрлэж байна вэ, үүнээс хэрхэн сэргийлж чадах вэ гэдэг бол түүний хариултыг нь олохоор ажиллаж буй асуултууд. Гретхен мод бэлтгэгчид, амьтны аж ахуй эрхлэгчид, тариаланчидтай ярилцаж, мөн бусад салбарын судлаач, улстөрчидтэй ч уулзаж зөвшилцдөг. Товчхондоо, байгаль орчин болоод нийгмийн хоорондын уялдааг олох, аль аль талыг хохироолгүйгээр шийдвэр, гарц олохын тулд ажиллаж байна. 

Мей-Брит Мозер /нейробиологч/

Норвегийн Неврологийн тооцооллын төвийн судлаач Мей-Брит Мозер нөхөр Эдвард Мозерын хамт аливаа орчинд хүн болон амьтан зүг чигээ хэрхэн баримжаалдаг талаар судалгаа хийдэг. Энэ үйл хэрэгт бүх л амьдралаа зориулж яваа тэд 2005 онд “координатын нейрон” буюу сүүн тэжээлтэн ямар нэгэн орон зайд өөрийн байршлаа тодорхойлж, үүний үндсэн дээр үйл хөдлөлөө удирдахад тусалдаг нейроныг нээжээ. 

Француаза Барре-Синусси /нян судлаач/

Хүний дархлааг хомдолд хүргэдэг вирус бий, эсэх талаар удаан үргэлжилсэн маргаанд 1983 онд цэг тавьсан эрдэмтэн бол Француаза Барре-Синусси юм. Люк Монтанье болон Харальд цур Хаузены удирдлагад ДОХ-ын судалгаанд хэдэн жилийн турш ажилласан Франсуаза ДОХ-ын вирус эхээс урагт дамжин халдварлаж болохыг батлан, энэ талаар шинжлэх ухааны 240 гаруй нийтлэл, өгүүлэл бичиж хэвлүүлжээ. Үүний зэрэгцээ ДОХ-той тэмцэх ассоциацийг тэргүүлж, дэлхийн олон орны залууст энэ өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл өгөх хөтөлбөр хэрэгжүүлсэн. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид