Улаанбаатар 1c

УОК: Гадаадад зорчих иргэдийг бүртгэхгүй

NPost.mn
2020-03-24 14:19
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг:- Он гарснаас хойш Монгол Улсын 21 мянган иргэн эх орондоо ирсэн. Гадаад харилцааны яамны судалгаагаар хилийн чанадад 80 гаруй улсад 190 мянга орчим монгол иргэн оршин сууж байна. Бид Элчин сайдын яамдаар дамжуулан тухайн улс орнуудын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өдөр бүр иргэддээ түгээж байгаа. Юуны өмнө ОХУ болон гадаад улсаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гадаадад байгаа иргэдийг чартер нислэгээр татан авах асуудал одоогоор шийдэгдээгүй байна. Гадаадад сууж байгаа монгол иргэд болон ар гэрийнхэнд нь давхар уриалж хэлэхэд, тухайн бүс нутагтаа аюулгүй байдлаа хангаад, аль болох тайван байгаарай. Гадаад улс руу чартер нислэгт явах иргэд Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс болон МИАТ компанид өргөдөл өгөх шаардлагагүй. Бид өргөдлийг хүлээж авахгүй. Хэрэв нислэг үйлдэгдэх нь тодорхой болсон нөхцөлд тухайн иргэн гадаад оронд зорчихдоо тийзээ худалдаж авна гэдгийг анхааруулж хэлмээр байна. Гадаад харилцааны яаманд БНСУ, Япон руу явмаар байна гэсэн өргөдөл олноор ирж, эмх замбараагүй байдал үүсэх гээд байна. Тэгэхээр Гадаад харилцааны яам, УОК  гадаадад зорчих иргэдийн бүртгэл хийхгүй гэдгийг мэдэгдье.

Хил хамгаалахын ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж:- -Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг сунгасан учраас дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл Монгол Улсын хилийн, агаарын, авто, төмөр замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Гэхдээ ОХУ-д ажиллаж, амьдарч, сурдаг хүмүүс эх орондоо ирж байгаа учраас зарим нэг уян хатан шийдвэр гаргасан.
Тухайлбал, Монгол Оростой хиллэдэг  есөн боомтоор монгол иргэд гуравдугаар сарын 23-ны 20:00 цаг хүртэл зорчих боломжтой. Харин энэ сарын 23-ны 20:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл монгол иргэдийг зөвхөн Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлэхээр тогтоолд заасан. Гуравдугаар 28-ны 06:00 цагаас хойш монгол иргэдийг хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй. Монгол Хятадын хилд өнөөгийн байдлаар найман хилийн боомт ажиллаж байна. Тус боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг мөн дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:- Тусгаарлах байранд хүмүүс тасралтгүй ирж байгаа. Нэг дор бөөнөөрөө ирж байгаа тохиолдол ховор. Дамжин өнгөрөх байрыг бэлтгэж, хүмүүсээ тусгаарлах байр руу 40-45 хүний суудалтай автобусаар тээвэрлэж байна. Халдвар, хамгааллын дэглэм гэдэг тоглоом биш. Хэн дуртай нь өөрийнхөө дураар байдаг зүйл биш. Шадар сайдын ажлын албанаас Улаанбаатар хотод байгаа тусгаарлах байруудыг хөндлөнгөөс ажиглах ажлыг зохион байгуулж байгаа. Бага баян амралтад очиж үзсэн. 2-3 хоног хүн байхгүй үед жавар хурсан хүйтэн байсан учраас халаалтыг нэмэгдүүлж, шаардлагатай гудас, хөнжлийг нэмж өгч байна. Тусгаарлах байранд сүүлийн үед ирж байгаа хүмүүсийн олонх нь ОХУ-д сурч байгаа оюутнууд байгаа. Тэдний ар гэрийнхэнд хандаж хэлмээр байна. Хүүхдүүддээ тусгаарлах байранд байхдаа дүрэм журам зөвлөмжийг чандлан биелүүлээрэй гэж дамжуулж хэлээрэй. Хоол голсон, янз бүрийн юм нэхсэн асуудлууд гарсан. Бид халдвар хамгааллын журмын дагуу ажиллаж байгаа. Учир зүйгээ олоод байвал ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй. Тусгаарлах байрнаас гарсны дараа гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлаж байгаа эсэх хяналтыг нэг өрх, орц, байр гэсэн системээр хянана. Тухайн иргэн гэртээ мөрдөх журмыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Гэрээр тусгаарлагдах иргэдийг хянах гар утасны аппликейшн болон бүсийн хяналтыг зохион байгуулах ажлыг зохицуулж байна. 
ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Сауле:- Өнөөдрийн байдлаар 279  дэлгүүрт нөөцийн мах зарагдаж байна. 12 мянган тонн нөөцөлсөн. Гадаад руу мах экспортлохгүй байгаа учраас хомсдолд орохгүй. ОХУ болон тус улсаас дамжин ирж байгаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох  улаан буудай, элсэн чихэр, ургамлын тос гэх мэт бараа бүтээгдэхүүнийг гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид