Улаанбаатар 1c

Т.Батхүрэл: Ганцаардал бас ялимгүй гуниглал дунд сайн шүлэг төрдөг

Шүлэг найргаа уншихдаа нүдээ зөөлөн аниж, ертөнцөөс тасрах мэт хөглөгдөн суудаг түүнийг Т.Батхүрэл гэдэг. Тэрбээр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, зураач, сийлбэрч мэргэжилтэй нэгэн. Сурагч ахуй цагаасаа шүлэг найрагт дурлаж, бал цаастай нөхөрлөх болсон аж. Түүний төрж өссөн нутгийнх нь уул ус, дөрвөн улирлын ааш араншин, хөх бууцандаа малаа хотлуулах буурал ижий нь түүний яруу найраг, зургийнх нь гол сэдэв гэнэ.  Тэрбээр 2017 онд “Сэтгэлийн мөчирт” анхны шүлгийн түүврээ хэвлүүлж байсан бол өнгөрсөн онд  “Цаг хугацаа би чамд…”, “Дотоод бийрийн татлага” зэрэг яруу найргийн номоо хэвлүүлсэн байна. Өдгөө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд суугаа Гомбын Сэр-Одын шагналт Т.Батхүрэлтэй уншигч таныг уулзуулъя. 

-Яруу найргийг маш олон янзаар тодорхойлдог. Харин та яруу найргийг юутай зүйрлэх вэ? 
-Яруу найраг бол сэтгэлийн хөгжим юм. Амьдралын бүх өнгө, аялгууг яруу найргаас сонсож, мэдэрч, уярч, заримдаа үзэн ядах болно. Уянгалаг хийгээд ойлгомжгүй нот яруу найрагт байдаг.

-Хүмүүс яруу найргийг гуниглал, эмзэглэлээс төрдөг гэдэг. Таны хувьд ихэвчлэн ямар үед шүлэг бичдэг вэ?
-Яруу найрагчид их мэдрэмтгий хүмүүс. Өчүүхэн зүйлээс ч гуниглах, баярлах, омогших шалтгаан олж чаддаг. Миний хувьд намар болоод хавар шүлэг тэрлэмээр санагддаг. Тэр тусмаа ганцаараа, хөгжим сонсоод суух үедээ илүү их шүлэг бичдэг. Манай монгол аялгуунууд их сайхан. Сонсох бүрт тайтгарал, сэтгэлийн амар амгаланг олж, уудам талын дээгүүр жигүүр дэлгэн нисэх шиг л болдог доо. Ганцаардал бас ялимгүй гуниглал дунд сайхан шүлэг төрнө.

-Шүлэг бичих, зураг зурах мэдрэмж, хөглөгдөх мөч өөр үү ?
-Өөр, өөр. Зураг зурах бол цаг хугацаанаас чөлөөлөгдмөл зүйл. Харин шүлэг бичих бол цаг хугацааны хувьд чөлөөтэй биш. Бийрээ бариад зураг зурахад надад орон зай болоод гадаад орчин нөлөөлөхгүй. Үзгээ бариад шүлэг бичихийн тулд чимээ аниргүй орон зай бас ганцаардал хэрэгтэй. Мэдрэмжийн хувьд зураг зурах, шүлэг бичих хоёр хоёулаа ижилхэн баяр баясал, тайтгарал, сэтгэлийн цэнгэлийг надад авчирдаг. Миний хувьд өөрийнхөө амьдралын аз жаргалыг яруу найраг, уран зураггүйгээр төсөөлөх аргагүй. Миний сэтгэлийг утсыг хөглөгч хамгийн тансаг нотнууд юм.

-Яруу найрагч, зураач хүний эх орондоо хүргэж чадах хувь нэмэр юу вэ?
-Бид бүтээлээрээ ирээдүй хойч үедээ, үеийн залуусдаа эх оронч үзэл сурталыг төлөвшүүлэх ёстой юм. Улс гүрний тусгаар тогтнол, оршин тогтнохын нэг амин судас бол эх хэл. Монгол эх хэлний энхийн манаанд яруу найрагч бид зогсож, олон зууны үүх түүхийг үеийн үед үнэ цэнэтэйгээр өвлүүлэн үлдээх хэрэгтэй. Би эх орны, ээжийн тухай шүлэг голчлон бичдэг. Монголынхоо ялангуяа говийн байгалийн өнгийг бүтээлдээ буулгадаг. Миний эх орныхоо төлөө хийж чадах зүйл бол элсний ширхэг бүрийг нь магтан дуулж, дүрслэн зурах явдал юм. Бүтээлийг минь уншсан, харсан хүн бүрийн зүрхэнд эх орноо хайрлах, бахархах нэг ч гэсэн эд, эс суугаасай гэж боддог.

-Нутагтаа суугуул байдаг гэсэн.  Яагаад хөдөөг зорих болсон юм бэ?
-Хөдөө их сайхан шүү дээ. Цэв цэнхэр тэнгэрийн доогуур цэлийсэн уудам талын дээгүүр, хаврын зөөлөн салхи, намрын зүсэр бороон дундуур алхаад үзээрэй. Диваажин гэж үүнийг л хэлдэг байх гэж бодогдмоор. Бага нас минь хөдөө хурга, ишиг хариулж өнгөрсөн. Хөдөөдөө би хайртай. Миний сэтгэлийн амар амгалан энд л оршиж, эндээс л би бичиж туурвихын арвин их онгод олж авдаг юм. Энд амьдрал, аз жаргал минь байна. Тэгэхээр надад ийшээ, тийшээ тэмүүлэх жолоо алга даа. Цаг хугацааны уртад хот бараадаж магад. Гэхдээ тэнд тогтож чадахгүй, нутаг гүйсээр насыг барах биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Би
    Онгод хийморь олз бүгдийг хүсмой...Хөдөөнөөс бичээд байгаа болохоор тансаг мөртүүд ундрааж байж...Агуу их Нямсүрэн шиг аж төрөх болтугай
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Баярлалаа
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
  • Мундаг шүүү
    2020 оны 03 сарын 25 | Хариулах
Нийтлэлчид