Улаанбаатар 1c

Халдваргүйжүүлэлт гэр хорооллыг ариутгаж чадах уу

Монгол Улсын нийт хүн амын 46 орчим хувь төвлөрдөг Улаанбаатар хотод коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь  нийтийн эзэмшлийн гудамж талбай, барилга байгууламж, автобусны буудлуудыг халдваргүйжүүлэх юм. Уг ажил энэ сарын 17-ноос эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 637 сая төгрөг төсөвлөсөн халдваргүйжүүлэлтийн ажил хэрхэн хэрэгжиж байгаа талаар бид сурвалжиллаа.

Улаанбаатар хотын 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая ам.метр нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжийг ариутгах юм. Өчигдрийн байдлаар есөн дүүргийн тавд нь эхний халдваргүйжүүлэлтийг хийсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн  зарим хэсэгт ариутгал хийж байсан юм. Энэ өдөр тус дүүрэгт гурван машин халдваргүйжүүлэлт хийхээр ирсэн байлаа. Тэд 10.00 цагт ажилдаа гарч, шатахуун, усаа дүүргэх зэрэг бэлтгэл ажлаа хангаж, ажилдаа гардаг гэнэ. Бэлтгэлээ хангасан машинууд 13.00 цагт “Саппоро” төвийн урдаас хороо тус бүрт хуваарилагдан хөдлөв. Тэд өмнөх өдөр нь тус дүүргийн 22 хороонд ажилласан бол энэ өдөр 21 хороонд халдваргүйжүүлэлт хийхээр ирээд буй нь энэ.

МАШИНЫ АРД ХЭСЭГТ БАЙРЛАСАН СЭНСТЭЙ БҮХЭЭГ 36 РАДИУСЫН ТОЙРОГТ ЭРГЭЛДЭЖ, УСАА ЦАЦДАГ

“Саппоро”-гоос хөдөлсөн гурван машин хуваарилагдсан хороо руугаа  хөдөллөө. Хот тохижилт үйлчилгээний газрын жолооч О.Баатар энэ өдөр дөрвөн хороонд ажиллахаар болжээ. Эхний зогсоол нь дүүргийн XXIX хороо буюу “Москва” хорооллын гудамж, талбай байв. Байрны голоор явж, тусгай төхөөрөмж бүхий машинаар ариутгалын бодистой усыг гудамж, талбайгаар цацаж харагдлаа.
Энэ талаар жолооч О.Баатар “Би найман тонн бодис бүхий машинаар халдваргүйжүүлэлт хийж байна. Бид энэ сарын 17-ноос үйлчилгээндээ явж эхэлсэн. Өдөрт 3-4 хороонд ариутгалын ажил хийж байгаа. Ариутгал хийхдээ төхөөрөмжийн хөдөлгүүрийг асааж, машины ард хэсэгт байрласан сэнстэй бүхээг 36 радиусын тойрогт эргэлдэж, усаа цацдаг. Салхины урсгалын дагуу зөв цацвал 100 метрийн зайд ус цацагдаж, ойр орчмыг цэвэршүүлэх боломжтой. Найман тоннын машиныг өдөрт 2-3 удаа усаар дүүргэдэг. Ингэхдээ хамгийн ойр худгаас усаа нөөцөлж байна. Гэр хорооллын дунд ажлаа гүйцэтгэхэд бага зэргийн хүндрэл гарч байна. Учир нь хэт өндөрлөг газарт машин хүрэх боломжгүй. Машины гол тоног төхөөрөмжүүд доод хэсэгтэй байрладаг учраас шороон зам дээр чулуу, шаварт цохичих гээд  хэцүү байдаг. Мөн цахилгааны утас унасан, зам хааж машин тавьсан зэрэг хүндрэл гарч байна. Тиймээс бид машинаар явж болох бүх газарт хүрч халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна. Тусгай төхөөрөмжийн машин манай улсад цөөн байдаг. 20 гаруй жил машин барьсан миний хувьд маш хариуцлагатай ажил болж байна” хэмээн ярилаа.
Ариутгалын ажил хийх талаар албаныхан хороодын хэсгийн ахлагч нарт тухай бүрт мэдэгджээ. Машин очих үеэр хэсгийн ахлагч нар зам зааж, халдваргүйжүүлэлтийн ажилд хяналт тавьж харагдав. Тэд замын орц гарцыг хаасан машиныг холдуулах зэргийг зохицуулж байсан юм.

МАШИН ОЧИХ БОЛОМЖГҮЙ ГАЗАРТ АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖӨӨР АРИУТГАНА

Машины бүхээгт жолоочоос гадна хоёр хүн томилогджээ. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас томилогдсон хөндөнгийн хяналт болон ариутгалын компанийн ажилтан үүрэг гүйцэтгэж байв. Халдваргүйжүүлэх бодисын талаар ариутгалын мэргэжилтэн Ц.Өнөрсайхан “Бид агаарын ариутгалын бодис болох клорсет/17 гэх бодисоор ариутгал хийж байгаа. Энэ бодис агаарт буй нян бактерийг устгах үйлчилгээтэй хүний биед сөрөг нөлөөгүй. ДЭМБ-аас зөвшөөрсөн 200 гаруй улсад ашигладаг. Гэр хороололд тоос, тоосонцор ихтэй учир бид байж болох дээд хэмжээгээр ариутгалын ажлыг хийж байна.  Мөн хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнээс хамааран бодисын хэмжээ харилцан адилгүй байна. Энэ нь өөрөө усанд хурдан уусдаг бодис учир 5-10 минутын дотор бүрэн шингэнэ. Бид нэг удаа хэчнээн хэмжээний бодис найруулах, хаана, ямар хэмжээтэй цацах зэрэгт чиглэл өгч ажиллаж байгаа. Бид өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн үлдсэн хороодод ажиллаж байна” гэв.
Мөн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хөдлөнгийн хяналтуудаа гаргаж, хаагуур хэрхэн ажиллах зааварчилгаа өгч байгаа аж.
Улаанбаатар хотын шинэ тусгай холбоо ТББ-ын тэргүүн Б.Жаргал “Би Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийг хариуцан ажиллаж байгаа. Халдваргүйжүүлэлтийн ажилд хот тохижилтын тав, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-ийн нэг, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ийн нэг нийт долоон машин үүрэг гүйцэтгэж байна. Гэр хорооллын мухар гудамж, машин хүрэх боломжгүй хэсгүүдэд автомат төхөөрөмжтэй хүмүүс явганаар явж, ариутгал хийж байгаа” гэлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нийслэлийн Засаг даргын А/373 дугаар захирамжийн дагуу Захирагчийн ажлын алба тусгай зориулалтын агаар чийгшүүлэх долоон автомашинаар хотын гудамж, зам талбай, гэр хорооллын замыг цэвэрлэж байна. Энэ сарын 17-ноос Төв талбайгаас ажлаа эхлүүлж, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт ариутгал хийж дууссан. Эхний халдваргүйжүүлэлтийн ажил дуусах шатандаа явж байна. Өнөөдөр (өчигдөр) Сонгинохайрхан дүүрэгт ариутгал хийгээд дууслаа. Пүрэв, баасан гарагт Баянзүрх дүүрэгт ариутгал хийнэ. Ирэх долоо хоногоос бүх газарт давтан халдваргүйжүүлэлтийн ажлаа хийнэ” гэлээ.
ДЭМБ-аас коронавирусийн халдварт хамгийн мэдрэг гэж тогтоосон бодисыг манайх хэрэглэж байгаа аж. Энэ нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас баталжээ. Бодисын нөөц хангалттай гэсэн.
Халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар иргэд хэдийн мэдээлэлтэй болжээ. Тэд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үр дүнг сайшааж байсан юм. Гэвч хотын алслагдсан гэр хороололд хүрэхгүй өнгөрчих вий гэх болгоомжлол ч байна. Халдваргүйжүүлэлт хийгдэх хамгийн чухал газар нь хөрсний бохирдол ихтэй гэр хороолол гэдгийг албаныхан мэдэж байгаа болов уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид