Улаанбаатар 1c

Баатархуягийн авчирдаг торгууд гамбир, шинэхэн өрмийг хувааж идсээр гэр бүл болсон

Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг гэхээр уншигчид андахгүй. Түүнийг “Улс төрийн сонин”-ы тоймч, “MN 25-р суваг” телевизийн II сувгийн захирал, УИХ-ын гишүүний зөвлөх, АН-ын нарийн бичгийн дарга, “МОНЦАМЭ” агентлагийн захирал байснаар нь мэдэх хүн олон. 
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэгэн удаа сэтгүүлч Г.Уянгад “Уянга чи аянга шиг ниргэж байгаарай” хэмээх үгийг хаягласан юм гэнэ билээ. “МАНАН дундах Засаг төрд алсын хараа алга” хэмээн Монголын улс төрийг зад шүүмжилж, моодонд оруулж явсан сэтгүүлч Г.Уянга өдгөө Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх. “Хос багана” гэх шинэхэн булангийнхаа анхны зочноор А.Баатархуяг,  Г.Уянга нарыг урилаа. А.Баатархуягийнх гэх айлын хойморт уншигч та тухлан саатна уу. 

-Оюутны ширээнээс эхэлсэн та хоёрын амьдралд үр хүүхдэдээ хожмоо ном болгоод үлдээх нандин дурсамж олон байх. Хонхны баярынхаа үеэр цэцэг тэвэрч авахуулсан залуухан А.Баатархуяг, Г.Уянга хоёрын жаргалтай инээсэн зураг цахим орчинд үе үе харагддаг. Биенээ олж харж, үерхэж байсан дурсамжаа хуваалцаач?
А.Б: Бид Жамъяангаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийн төгсөгчид. Хожим “Их Монгол” дээд сургууль болж нэр нь өөрчлөгдсөн. Олон сайхан чадварлаг боловсон хүчин  энд бэлтгэгдсэн. Тэд бүгд өдгөө өөрсдийн амжилтыг бүтээж яваа. Тухайлбал, зохиолч Б.Наминчимэд, утга зохиол судлаач П.Батхуяг, төвөд судлаач Г.Ням-Очир, яруу найрагч Р.Эмүжин, доктор Х.Сүглэгмээ, “Өдрийн сонин”-ы Д.Мөнгөндалай, Л.Батцэнгэл, Б.Хишиг-Ундрал, за сүүлийн үеийнхээс нь “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага. Бахархмаар олон сайхан хүн манай сургуулийнхан. Бид академич Д.Цэрэнсодном, Төвөд судлаач Л.Хүрэлбаатар, яруу найрагч О.Дашбалбар, С.Баясгалан, М.Зулькафил, Б.Болд-Эрдэнэ, Ц.Дашдондов гэх мэт Монголын толгой сэхээтнүүдээр ном заалгаж байснаараа бахархаж, баярладаг. Сургууль маань утга зохиолын чиглэлийг   голчилон байгуулагдсан улсын сургууль байлаа. Биднийг элсэж ордог тэр жил С.Батмөнх багш маань сургуулийг хувьдаа авч сэтгүүлзүйн анхны  ангийг нээхэд бид элссэн хэрэг. 
Сэтгүүлзүйн манай курс 56 оюутантай. Ердөө хоёр эрэгтэй хүүхэд байсны нэг нь би. Нөгөө нь, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Н.Батбаяр. Анх сургуульд элсэх шалгалт өгч байхдаа Уянгааг харж байсан. Шалгалт өгөх үеэр нэг их том алаг нүдтэй, жижигхэн охин яваад л байсан.  Тэгээд нэг ангид орсон. Уянгаа нүүрэмгий, хичээлд мэриймтгий, гал цогтой, багш нар ч Уянгаад их хайртай. Манай хүн нийгмийн идэвхтэй, тэр нь надад ядаргаатай санагддаг байсан. Би болохоор эсрэгээрээ зожиг, хойрго, ном их уншина, олны дунд байх сонирхолгүй. Миний хувьд 2-3 жил ажиллаж байгаад оюутан болсон учраас бусдаасаа арай “муу санаа суучихсан” гэх юм уу даа, зав гарвал ном шагайгаад суучихдаг оюутан байлаа. Багш нартайгаа ач тач үзнэ. Түүх, хэл шинжлэл, утга зохиол судлал, Дорно, Өрнийн уран зохиол гэх мэт 6-7 хичээлд багш нар намайг сууулгадаггүй, чөлөөлчихдөг байсан. Заах гэж байгаа хичээлийг нь өмнүүр нь орж яриад, цэц булаалдаж маргалдаад төвөгтэй санагддаг байсан байх. Миний дүнг шууд гаргачихдаг байсан. 
Г.У: Хуягаа ангийнхнаасаа илт ялгардаг байсан. Дээд курсийн ах нартай ижил түвшинд харилцдаг, томоохон эрдэм шинжилгээний хурлуудад оролцдог, тал бүрийн мэдлэгтэй оюутан байсан. Гол нь тэр нь  миний анхаарлыг татсан. Манай хүн ээжтэйгээ Налайхад амьдардаг. Өглөө бүр нойтон өрөм, торгууд гамбир авчирна. Түүнийг нь хоёулаа хувааж иднэ. Нас ойролцоо учраас яриад суухад үзэл бодол нийлнэ. Манай хүн чинь Налайхын утга зохиолын нэгдэлд явдаг байсан учраас найзууд нь бидэн дээр ирж шүлэг, яруу найраг, ном зохиол, түүх, алдартай хүмүүсийн намтар ярина. Заримдаа Налайхад өнгөрүүлсэн хүүхэд насныхаа дурсамжийг ярьж инээлддэг байлаа. Хичээлээ хамт давтана. Бидний ингэж ойр дотно явааг манай багш нар бас их дэмждэг байсан. Ялангуяа Х.Лхагвасүрэн багш биднийг ойртоход их нөлөө үзүүлсэн. Нэгдүгээр курс төгсөхөд багш оюутнуудаа аваад археологийн малтлагад явдаг байсан юм. Нэг өдөр “Би археологийн ангийнхнаасаа гадна хоёр хүүхэд авч явна. Та хоёр надтай яваарай. Хөөрхөн мөнгө олчихдог юм. Та хоёр намар ирэхдээ сургалтынхаа төлбөрийг олоод ирнэ, хамт яв” гэж байна. Бид ч зөвшөөрлөө. “Маргааш “Улаанбаатар” зочид буудлын өмнө ир” гэв. Хэлсэн ёсоор нь хэдэн ч өглөө очоод багш бид хоёрыг ирж аваагүй. Тухайн үед өнөөдрийнх шиг гар утас байсангүй. Сүүлдээ багш ирэх, ирэхгүй нь ч сонин биш болсон доо. 

-Аравдугаар ангиа төгсөөд хэн хэн нь тодорхой хугацаанд ажил хийжээ. Ямар ажил хийж байв?
А.Б: Би Налайхын захиргаанд статистикийн тасагт ажиллаж байгаад оюутан болж байлаа. 
Г.У:Миний хувьд аравдугаар ангиа төгсөөд хүссэн сургуульдаа орж чадаагүй. Би жаахан охин байхаасаа л дипломатч болно гэж мөрөөддөг байсан. Гадаад харилцааны чиглэлээр сурах гэж хэд хэдэн удаа оролдоод болоогүй. Сүүлдээ аав надад “Миний охин дипломатчийн хүүхэд л дипломатч болдог юм. Жолоочийн хүүхэд хэцүү. Чи үнэхээр тасарч цойлоогүй л бол боломж хомс” гэдэг байсан. Аавын хэлсэн үг, өөрийн бодит боломжтойгоо эцэстээ эвлэрсэн. Тэгээд “Би ер нь юу хийж чадах хүн бэ. Нэгэнт хүссэн сургуульдаа орж чадаагүй учраас ажил хийе гэж шийдээд, хэдэн өдөр ажил хайсан. Ингэж яваад хороололд байршилтай, цэцэрлэгийн хажуу өрөөнд үйл ажиллагаа явуулдаг нарийн боовны цехэд туслахаар  орсон. Сарын цалин нь тухайн үеийн ханшаар 10 мянга орчим л төгрөг байсан санагддаг. Ингээд нарийн боовны цехэд бялуу хийж сурлаа. Хорооллын дэлгүүрүүдэд хийсэн бялуугаа өөрөө хүргэнэ. Нэг их том төмөр листэн дээр арваад торт тавьчихаад хорооллыг хөндлөн гулд явган туулж бялуунуудаа дэлгүүрүүдэд хүргэдэг байсан. Ажилд ороод 14 хоноход л бялуугаа өөрөө хийгээд сурчихсан. Дараа нь “Энэр” гэж нарийн боовны цехэд багын найз охидтойгоо ажилд орсон. Ингэж хэсэг ажиллаад зорилго минь өөр байсан учраас сэтгүүлчээр суръя гэж шийдээд, намар нь шалгалт өгч оюутан болж байлаа.  

-Та хоёрын оюутны амьдрал хэрхэн эхлэв. Мэдээж дутагдаж гачигдахын зовлон байсан байх?
Г.У:Манай Хуягаа ганц эгчтэй. Цэндээ эгч маань одоо Францад амьдарч байгаа. Цэндээ эгч биднийг тусад нь гаргах санаатай Баянхошууны Зүүнсалаанд айлын хашаанд гэр барьж өгсөн. Хуягаа ч Налайхаас ээжийгээ авчирлаа. Ингээд бидний амьдрал тэр гэрээс эхэлсэн. Тэр холоос сургуульдаа явах гэж 2-3 автобус дамжина. Цэндээ эгч байсхийгээд л бид хоёр руу ганц, хоёр уут нүүрс, жаахан аарц, мах явуулна.  
А.Б:Өвөл өглөө гэрээсээ гарч яваад орой ирэхэд данхтай цай, бидонтой ус овойгоод хөлдчихсөн байдаг. Уянгаагаа орон дээр суулгаж хөнжлөөр битүү хучиж дулаалчихаад галаа түлнэ. 
Г.У:Бид хоёр хашаа, байшин түрээсэлж, энд тэнд гэр барьж их удаан амьдарсан. Хоёулаа өөрийн гэсэн орон гэртэй болтлоо ширхэг халбага ч авахгүй гэж ярилцсан. Мөнгө олдог л юм бол хадгална. Тухайн үед бидэнд  хуучны модон ор, хувцасны шкаф, хар зурагтнаас өөр хогшил байгаагүй. Олон нүүдэл дунд өнөө хэд нь ая даахгүй, хэмхрээд дуусна. Орны мод хэмхэрчихээр нь модыг нь гаргаж хаячихаад матрасыг нь шууд шалан дээрээ тавьчихна. Нийлснээсээ хойш долоо найман жилийн дараа л өөрийн гэсэн оронтой болж байлаа.  

-Хорь хүрээгүй жаахан охин айлын бэр болоод очих ямар байв. Ээжийнхээ тухай дурсаач?
Г.У:Хадам ээж минь байсхийгээд эмнэлэгт хэвтдэг, хүндхэн цаг үед би бэр болсон. Миний хадам ээж Ховдын Булганы торгууд хүн. Ээж, Хуягаа бид гурав гэрийнхээ хоймрын явган бор ширээгээ тойрч суугаад цайлангаа ярилцана. Эхэндээ би ээжийн яриаг бараг ойлгодоггүй, үсрээд тал хувийг нь “барьж авдаг” байсан. Байсгээд л “Ээж, түр зогсоорой. Хуягаа,    ээж сая юу гэсэн бэ” гээд л асууна. Ингэж ойлголцсоор ээжийн дэргэд арваад хоноход би бараг өөрөө торгууд аялгаар ярих шахуу болчихно. Миний хадам ээж их сайхан хүн байсан. Нэг ийм дурсамж сэтгэлээс гардаггүй юм. Хуягаа бид хоёр ер нь л салж хагацаж чадахаа болиод, хамт амьдрах нь тодорхой боллоо. “Чи намайг гэртээ хэзээ аваачих хүн бэ” гэсээр нэг өдөр дагаад гэрт нь очихоор боллоо. Тэр үед ээж эмнэлэгт хэвтчихсэн байсан юм. Ээж намайг очих сургаар эмнэлгээсээ хоёр хоногийн өмнө чөлөө авч гараад гэр бараагаа цэвэрлээд, гаргаж хураасан хивсээ оруулж, ханандаа хадчихсан байсан. Цэндээ эгчийн хоёр охиныг дайчлаад хоол, унд зэхчихсэн идээ ундаа элбэгтэй ширээ засчихсан угтаж авсан. Өөрөө гэрийнхээ хойморт суугаад надтай яриа өрнүүлээд л. Намайг хүлээж авах гэж ээжийн ингэж их сэтгэлээ гаргасан нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тэр үед намайг хэн нэгэн хүн ингэж их л сүрхий сэтгэл гаргаж хүндэтгэж байгаагүй санагдсан. Ээжийнхээ тэр сайхан хандлагаас хүнийг хэрхэн хүндлэх талаар  их том ойлголт авсан. Ер нь хүн хүндлэх талаар суралцах чанар ихтэй сайхан хүн байсан. Хадам ээж минь ачаа дөнгөж л үзээд бурхны оронд явсан даа. 

-Том хүүгээ оюутан байхдаа төрүүлсэн гэдэг. Хүүхэдтэй болсноор оюутнуудын нуруун дээр хүндхэн хариуцлага үүрүүлсэн байх даа?
А.Б:Миний арван жилийн найз Төмөрхуяг гэж Цэргийн дээд сургуульд багшилдаг залуу байдаг. Найз дээрээ очлоо. Ажил төрөл хийхгүй бол амьдрал зогсох нь ээ гээд хэлчихлээ.  Төмөрөө “Хархорин” захын ардхан “Барилгачин” гээд зочид буудалд ресепшнээр ажилд оруулж өглөө. Ажил голох боломж байхгүй, хийхээс өөр аргагүй учраас өглөө нь хичээлдээ суугаад, орой нь цалинтай ажлаа хийж, амьдралаа хэсэг залгуулсан. Би ч сайн ажилласан, захирал нь Бат-Очир гэж их сайн хүн байсан. 
Г.У:“Барилгачин” зочид буудалд мөн ч олон очиж усанд орсон доо. Хадам ээж өвчтэй, бид хоёр хоёулаа оюутан, бага хүүхэдтэй. Бид хоёрыг ядарч явахад их нэмэр болсон. Тэндээс авч байгаа цалин хоёр оюутанд маш том нэмэр байсан. Мэдээж миний ээж намайг төрснөөс хойш өөрөө төрсөн юм шиг л хүүхдийг минь харж, арчилж, бид хоёрт сургуулиа төгсөх, ажилдаа гаршиж, карьер хөөх маш том боломж олгосон. Энэ үеийн тухай ярихаараа л бид  хоёр Бат-Очир захирлыг дурсдаг юм. 
А.Б:Сургуулиа төгсөөд 25 дугаар суваг телевизэд ажилд орсон. Тэгэхэд миний сарын цалин 60 мянган төгрөг байв. Уянгаа Ийглд ажиллаж байгаад тэндээс гараад Ардчилсан намд хэсэг ажилласан. Ингэж ажиллахдаа байрны гэрээ хийсэн. Гэтэл хамаг хогоо цэвэрлүүлчихээд амласан байраа ч өгөөгүй, хөгийн зан гаргацгаасан. Тэгэхэд ганцхан Э.Бат-Үүл намайг дуудаж уулзаж байсан. УИХ-ын гишүүний мэдэлд  байрны квот байдаг. Түүнийгээ та хоёрт өгье гэсэн. Бусад нь таг алга болсон. Энэ үед Н.Энхбаяртай жинхэнэ үзэлцдэг байсан үе байлаа. 

 МАНАН-ТАЙ ДАЙТСАН ОН ЖИЛҮҮД

-Мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн тухайгаа яриач. Телевизийн салбарт цахиур хагалж хурц, шүүмжлэлт нэвтрүүлгээрээ сэтгүүлзүйн хаалгыг зад өшиглөж орж ирсэн авьяаслаг, цөөхөн сэтгүүлчийн төлөөлөл нь та хоёр. Улс төрд нэр нөлөө бүхий эрх баригчдаас айхгүйгээр шүүмжилж чаддаг, тэдний өөдөөс чангардаг сэтгүүлч байсныг би тод санадаг. АН-ын захиалгат нэврүүлэг тухайн үед долоо хоногт нэг удаа явдаг, түүнийг нь үзэх сонирхолтой байж билээ. “Ийгл”-ийн Уянга гэхээр үзэгчид анддаггүй, бишгүй олон бишрэн шүтэгчтэй байсан болов уу?  
Г.У: Би гуравдугаар курст байхдаа “Ийгл”-д нэвтрүүлэгчээр шалгуулан ажилд орж, төгсмөгцөө тэндээ сэтгүүлчээр үргэлжлүүлэн ажилласан.Телевизийн дөрөвхөн сувагтай, одоогийнх шиг ийм замбараагүй, учир нь олдохгүй олон суваг байгаагүй. Тиймээс жинхэнэ өрсөлдөөн, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх бололцоо бидэнд байж дээ. 
Тэгээд 2000 оны сонгуулиар МҮАН УИХ-д ганц суудалтай, МСДН бүр нэг ч суудалгүй болж, үүний улмаас тэр жилийнхээ арванхоёрдугаар  сарын 6-нд ардчиллын төлөөх таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан юм. Тэр намын генсек Н.Алтанхуяг дарга, олон нийттэй харилцах албаны дарга С.Ламбаа гуай байсан. Тэр хоёр хөөцөлдөж байж хоёр долоо хоногт нэг удаа үндэсний телевизээр хорин минутын нэвтрүүлэг хийх эрх авсан байсан. Түүнийгээ хэнээр хийлгэх талаар намын удирдлагууд ярилцаж байгаад над дээр тогтсон юм билээ. Би тэр үед “Ийгл” -ээс дөнгөж гараад байсан үе. МАН (тухайн үеийн МАХН) -ын 72 гишүүнээс бүрдсэн УИХ намайг хэвлэлийн албандаа авна гэж, зэрэгцээд АН санал тавиад байсан. Нөхөр бид хоёр ярилцаад бидний орон байрны асуудлыг маргааш нь шийднэ гэсэн Тамгын газрыг биш УИХ-д ганцхан суудалтай, арай гудамжинд гарчихаагүй үлдсэн АН-ыг сонгосон юм. Ингээд энэ намыг дараагийн сонгуулийн ялалтад хүргэх томоохон үүрэг хүлээж ажлаа эхэлсэн.
А.Б:14 хоногт нэг л удаа гардаг 20-хон минутын нэвтрүүлэг маань нэлээд хүчтэй байсан тул эрх баригчид хөдөөгийн олон түмэнд үзүүлэхгүйн тулд цагийг нь 19:20 болгон хойшлуулсан. Учир нь энэ орой 18:00 цагаас сумдын дизель мотор унтарч зурагт гарахгүй болдог байсан. АН-ын ганц авралын од нь байсан цаг бий, манай хүнд. Амжилтад ч хүрсэн. Даанч хүний хичээл зүтгэл, үүрэг оролцоог өчүүхэн ч үнэлж,  хүндэлж мэддэггүй болохоос. 
Хоёулаа шинэ төгсөгчид учраас мэдээнд гүйнэ. Өдөр, шөнөгүй ажиллана. Завсраар нь хүнд юм бичиж өгнө, ном редакторлана, гээд хийж чаддаг бүх л зүйлээ хийж байлаа даа. Ингэж цаг наргүй зүтгэсний эцэст “Ялалт” кинотеатрын хойно ганц өрөө байртай болж байлаа. Тэгэхэд л өөрийн гэсэн гэр бараатай байхын сайхныг мэдэрсэн дээ. Тэгсэн АНУ-ас ирсэн Ц.Элбэгдорж дарга Хуягааг өрөөндөө дуудаад Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажилла гэсэн. Ингээд Хуягаа АН-ын нарийн бичгийн дарга болсон. 

 -“Монгол таймс” сонинг эрхлэн гаргаж байсан цаг үе хамгийн их шүүх, цагдаад дуудагдаж байсан гэдэг. Үнэхээр ийм улс төрийн хавчлага байв уу?
А.Б:Телевизийн салбараасаа гараад сонины гал тогоонд зүтгэж эхэллээ. Ингээд “Монгол таймс” сониныг өлгийдсөн. Улс төрийн нийтлэл, шүүмж бичдэг манай сониныг хаахын тулд Н.Энхбаяр тэргүүтэй АН, МАН-ынхан хамтран зүтгэж байлаа. Шууд хаачихаж болохгүй тул хэвлэдэг үйлдвэрүүдийг нь дарамталж сонин хэвлэхгүй болгосон. Тэр үед Ч.Куланда чөлөөт хэвлэл санд “Энэ сониныг битгий хэвлэ” гэж захидал бичсэн байдаг юм. Ил далд хавчиж, шахсаар “Монгол таймс” гэх нэрийг ашиглах боломжгүй болгож байлаа. АН, МАН нийлж байгаад манайхыг залгисан. Яг энэ хүнд үед Бал эрхлэгч нэг дугаар хэвлэж өгснийг нь мартдаггүй. Нөхцөл байдал ингэж муудангуут Уянгаа АНУ-ын Ерөнхийлөгчид захидал бичсэн. “Та дэлхий дээр шударга ёсны төлөө явж байгаа хүн бүхэн бидний найз нөхөр гэж хэлсэн. Гэтэл одоо Монголд хавар болж цас хайлахтай зэрэгцэн манай сонины хэмжээ ч мөн жижигрэн хайлж байгааг та харж байна. Монголд ардчилал ийм байдалтай байна...” гээд л. Хэвлэлийн амыг барьж эхэлж байсан энэ цаг үеийг үзэл санааны туг болсон хэдэн сэтгүүлч л үзэгнийхээ үзүүрээр зөв зүгт нь чиглүүлсэн юм шүү дээ гэж хэлэх дуртай. 
“Монгол таймс”-ыг хаалгасны дараа өөр нэр авахаар очиход “Сонины нэрэнд “монгол”, “таймс” гэдэг үг орж болохгүй” гэж байсан юм даа. Ингээд “Улс төрийн сонин”-г гаргах болсон. Бид сониноо цэвэр тэмцлийн хөдөлгүүр, иргэний хөдөлгөөнүүдийн үзэл санааны хөтөч, хамтын зохион байгуулагч байдлаар ашигладаг байсан. 
Г.У: Сониныг маань хэтэрхий шударга бусаар хүч хэрэглэн хааж байгааг эсэргүүцэж, тухайн үеийн ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ хүртэл оруулж байлаа. “Хулгай, булхайг нь илчлэн бичсэн сониныг хаах ядарсан арга хэрэглэж байна...” гэж хэлж байж билээ. Сэтгүүлчийн ажил бол нийгмийн ажил, энэ лав мөнгөний ажил биш. “Ялангуяа чөлөөт хэвлэлийн зам бол хүн чанарын зам юм” гэж бидний багш Ц.Дашдондов гуай хичээл болгон дээрээ л хэлдэг байж билээ. Эхлээд өөрөө үнэн, зөв, ёс суртахуунтай, шударга зарчимтай байх ёстой. Би “Ийгл”  телевизэд анх орохдоо цалингийнхаа хэмжээг асууж байгаагүй. Би цалин ярихаар юу хийж чадах билээ гэж өөрөөсөө эхлээд асуудаг байсан. Манай телевиз америк системтэй байсан учраас хэн нэгний цалинг асуусныхаа төлөө ажлаасаа халагддаг байв. Хожим 100 хувь Монголд ирсний дараа энэ систем алдагдсан. Тэр үед  хамгийн их ажил хийгээд хамгийн бага цалин авдаг байснаа мэдсэн дээ. Гэвч энэ чухал биш, ажил олгогч миний хөдөлмөрийг шулж байж, гэхдээ би ч бас бүр цалин авч байгаад маш их зүйл сурсан шүү дээ гэж бодож байлаа. Би чинь дөнгөж хорь гарсан, залуу байлаа шүү дээ. 

ТЭМЦЭЛД ТЭМҮҮЛСЭН НӨХӨД

-“Гудамжны тэмцэгч” гэх хаяг таныг дагадаг. Тухайн үеийн эрх баригчдаас та бүхэнд “зүүсэн” шошго. Энэ нэрэндээ та дуртай юу? 
Г.У: Эгэл ардын амьдрал гудамжинд л өрнөдөг, ордонд биш. Тиймээс энэ хоч тийм ч ичмээр юм биш. Нэр хоч өгөх нь бас нэг гаршсан технологи нь л доо. Сэтгүүлч байхад “шантаажчин” гэж хочилно. Хүн шантаажлах бол гэмт хэрэг. Гэтэл үүнийг хэн ч батлаагүй, баталж чадахгүй. Энэ хоч нь хол явахаа болихоор “гудамжны хүүхэн” гэж нэрлэж эхэлсэн. Энэ хочоор нь бараг бахархаад эхлэхээр бас больж “поп” болгосон. Тэр нь явахаа байхаар одоо ч бас нэг хоч бэлтгэчихсэн л байгаа байх даа.

-Тэмцлийнхээ хамгийн тод үеэс дурсвал? 
Г.У: 2008 оны долдугаар сарын 1-ний айхтар үйл явдал өрнөж байхад би нялх биетэй байлаа. Охин минь гуравхан сартай байхад хөхнийхөө сүүг гоожуулаад тэнд явж байсан хэрэг. Гэртээ байж байхад Дангаасүрэнгийн Энхбат ах манай хүн бид хоёрыг дуудсан санагдаж байна. Өдөржин бужигнаж даамжирсаар орой нь айхтар үйл явдал болсон. Тэгсээр хэд хоногийн дараа Ж.Батзандан, О.Магнай хоёрыг шоронд хорьчихсон. Би ТЕГ дээр өөрөө очиж “Хэрвээ энэ хоёрыг шоронд хийж байгаа бол намайг ч мөн хорих ёстой. Яагаад гэвэл тэдний оролцоо миний оролцооноос ямар ч ялгаагүй!” гэсээр хоёр найзаа өмөөрч явлаа. Хүн бүр айдаст автсан энэ үед Г.Баасан эгч, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд ах бид гурав “Монголчуудыг ингэж айлгахгүй, тэмцлийг ингэж нухчин дарахгүй. Дахиж цуглана, жагсана” гээд хэвлэлийн хурал хийсэн. Улаанбаатар хотын гудамж, танк, буутай цэргээр дүүрсэн тэр үед хэн ч хамраа цухуйлгахыг хүсэхгүй байхад бид гурав дахин жагсаалд уриалж байлаа. Энэ олон жилийн тэмцэл дундаас мөн чанараараа шалгарсан хүмүүс юм даа. 
Сэтгүүлчийнхээ ажлыг хийгээд зүгээр тайван амьдарч болдоггүй юм уу гэж ээжээс эхлээд олон хүн хэлдэг л юм. Худал хуурмагтай, хулгайтай хэзээ ч эвлэрч чаддаггүй бас дээр нь би үзэлцэхгүй бол өөр хэн гэж гэсэн байдлаар юм бүхэнд хандах гэдэг. Нийгмийн бохир, шударга бусыг нэг харчихаараа шумбаж орж үзэлцчих гээд, ер нь л тэмцэж, бурууг сөрж амьдрах нь миний мөн чанар ч юм шиг. Тэмцэл л амьдралыг минь үнэ цэнтэй болгодог байх. 

-Талбай дүүрэн хүн та бүхний дуу хоолойд итгэж цугласан байхыг харах ямар байдаг вэ?
Г.У: Ард түмний дэмжлэг гэдэг бол талбай дээр ирж байгаагаар хязгаарлагддаггүй. Тэмцэл бүхэн нийгмийн оюун санаанд үр нөлөөгөө үзүүлсээр л байдаг. Хүн овоо ирэх жагсаал байна, бүр ирэхгүй ч цуглаан болно. Жагсаалын эсрэг жагсаалыг ч эрх баригчид зохион байгуулдаг байлаа. Тэр бүхэнд гутарч байсангүй. Тэр үед одоогийнх шиг нийгмийн сүлжээ байсан бол уу... гэж заримдаа бодогддог юм. Эрх баригчдын бурууг хэлж чаддаггүй, нийгмээрээ айдас хүйдэстэй, эрх баригчид бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдаад авчихсан, тийм цаг үе байсан юм шүү. Энэ үед хэнээс ч айхаа больсон “Хаан”-ыг сөрж дуугарна, тэмцэж, шударга ёсны төлөө хамгаас чанга дуугардаг байлаа. Ёстой нөгөө нялх тугал бараас айхгүй гэдэг шиг л. Шүүх цагдаа, хавчлага, дарамтыг ч юман чинээ боддоггүй байж. Үнэн, зөвийн талд байгаагаа мэдэж байгаа л бол ер юунаас айна гэж. Айдас гэдэг үг үгийн санд минь байдаггүй ч байж. Одоо ч тэр дээ. 
А.Б: ”МАНАН” гэдэг нэршлийг бид л анх “Улс төрийн сонин”-доо бичиж гаргаж ирж байлаа. Эрх ашиг, хэтэвчээрээ нэгдсэн эрх баригчдыг жинхэнэ мөн чанараар нь нэрлэж, ичээж байгаа юм. Мөн нийгэм манантчихлаа. Иргэдэд ажиллаж, амьдрах, эрх ашгаа хамгаалуулах, сайхан амьдрах боломж харагдахаа байлаа. Бидэнд зөвхөн өнөөдрөө харах жаахан сиймхий л олгож байна гэсэн үзлээр МАНАН-г шүүмжилсэн. Тэгэхээр ийм нэр олж хадахаас нааш олон нийт түүнийг анхаардаггүй юм байна л даа. Хариуд нь “поп” гэдэг хоч хүртэж байгаа юм. Утгыг нь хөөгөөд үзвэл буруу нэр томъёо биш. Олон нийтийн санаа бодлыг илэрхийлэгч гэсэн утгатай үг. Харин эрх баригчид өөрсдөө олонхид таалагдах сайхан амлалтуудаар хуурч саналыг нь авчихаад араар нь хамаг баялгийг нь гадныхантай хамтарч хулгайлдаг. Поп гэдэг үгийг доромж утгаар бидэнд наах гэж оролддог нь өөрсдөд нь илүү зохимоор юм байгаа юм, уг нь. 
Г.У: Хүний мөн чанар цаагуураа зөв байхад ямар ч нэр хоч өгсөн дарж чадахгүй. Би ингэж л боддог. 

-Таныг зөөлөн суудалд очоод чимээгүй боллоо гэж шүүмжилдэг үү?
Г.У: Тэгж хэлэх хүн гарна аа. Гэхдээ тэмцэж үзээгүй хүмүүс юмыг даанч амархан дүгнэдэг. Гудамжинд жагсах, хэвлэлийн хурал хийх, сонинд юм бичих хавьгүй амархан тэмцэл. Жинхэнэ тэмцэл хаана эхэлдгийг мэдэх үү? Тэр бол их хуралд! Гудамжинд олуулаа жагсаж болдог бол их хуралд энэ тэмцэл маш хүнд, чамтай нэгдэх арван хүн ч олдохгүй. Жинхэнэ дайны талбар бол энэ. Гудамжинд багаж зэвсэг нь үзэг цаас, чанга яригч, туг далбаа, уриа лоозон байдаг бол их хуралд хууль, микрофон, санаа бодлоо хамгаалж чадах мэдлэг, чадвар, зориг, бас бусдыг ятгаж, ойлгуулж хамтарч чадах авъяас чадвар, бас бус “зэвсгүүд” хэрэг болно. Гудамжны зэвсэг ордонд орохоороо хэрэглэгдэх боломжгүй болно. Харин аль алинд нь хэрэгтэй чухал зүйл бол үнэн байх, бас олон түмний дэмжлэг. Улстөрчийг үүнээс нь л салгавал өөр ямар ч зэвсэгтэй байгаад нэмэргүй. Тиймээс худалдаж авах, үнэнээс нь салгах, олон түмний итгэлээс салгах гэж дайснууд нь байнга хичээж, оролдож байдаг юм.

БИ НЭР ДЭВШИНЭ

-Таны амьдрал бүхний нүдэнд ил. Нэг л мэдэхэд та УИХ-ын гишүүн болчихсон байв. Төдөлгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ирсэн. Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажил, үүрэг, ачаалал хэр байна вэ?
Г.У: Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор олон олон тэмцэгчид итгэл авчирсан. Х.Баттулга Ерөнхийлөгч болох нь тэмцлийн дараагийн шат, дараагийн боломж, нийгмийг өөрчлөх том итгэл найдвар гэж харсан учраас би түүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө сонгуулийн ажилд нь сайн дураараа ханцуй шамлан орсон. Намайг сонгуульдаа ажиллаад өг гэж Ерөнхийлөгч огтоос хүсээгүй. Харин Ерөнхийлөгч болоод намайг өөрийн багийн цөөхөн зөвлөхийн нэгээр сонгосон нь миний үзэл санаа, үйл ажиллагаа өөрийнхтэй нь дүйцнэ гэж итгэснийх гэж бодож талархахын зэрэгцээ итгэл, хариуцлагыг алдахгүйг хичээж явна. 
Гэхдээ нэг юмыг бас ойлгох хэрэгтэй. “Уянга  Ерөнхийлөгчийн дэргэд очоод чимээгүй болчихлоо” гэж ойлгодог шиг. Үгүй юм.  Ерөнхийлөгчийн институцийн үйл ажиллагаа Ерөнхийлөгчөөр л дамжиж нийгэмд харагддаг. Институцийн өөрийн нь онцлог ийм. Ерөнхийлөгчтэй олон нийтийн өмнө “суваг булаацалдах” шаардлагагүй. Бид, манай баг арын албанд бүгд л жигдрэн жагсаж байгаа гэсэн үг.  

-Таныг би туг бариад бусдыг уриалж тэмцэж чаддаг, УИХ-д орвол цаас, үзэг бариад кнопоороо үзэлцдэг, хэн нэгэнтэй баг болж нэгдвэл найдвартай ар тал болдог улс төрч юм байна гэж бодож сууна. Гэтэл таныг зөвхөн гудамжинд сэлэм эргүүлэх ёстой юм шиг ойлгодог, зөвхөн микрофоны дайчин мэт ойлгодог хүмүүс байх шиг. Одоо танд ямар нөөц боломж байна вэ. Та энэ удаа УИХ-д нэр дэвших үү?
Г.У:
44 нас бол ид нас шүү дээ, надад хангалттай нөөц, эрч хүч байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ аль намаас, аль  тойрогт дэвшихээ хараахан шийдээгүй байна. 

-2016 оны УИХ-д эмэгтэй гишүүдийн оролцоо ихээхэн хүчтэй байсан. Гэтэл энэ удаагийн парламентын эмэгтэйчүүд нэг л нам гүм сууцгаах юм. “Ангийнхаа охид”-ын талаар дурсаач. Ямар арга барилаар гар нийлж, дуу хоолойгоо нэгтгэж ажилладаг байв?
Г.У:
Таван намын 11 эмэгтэй 2016 оны парламентад суусан. Өөр өөрийн зовлон туулж, өөрийн өөрийн золиос хийж гишүүн болсон эмэгтэйчүүд. Бид хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийлэл гэх мэт эх хүний анхаарах ёстой асуудалд зангидсан гар шиг нэгддэг байв. Бусад улс төрийн асуудлууд дээр нам намаараа салчихдаг байсан. Энэ бүхэнд эмэгтэйчүүдээ нэгтгэж, нэг баг болгодог нь Эмэгтэйчүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг байсан. Бидний дуу хоолой яагаад тийм хүчтэй, эв санааны нэгдэлтэй байсан нь Л.Эрдэнэчимэг гишүүний зохион байгуулалттай салшгүй холбоотой. Тэр тун дажгүй зохион байгуулагч, эв нэгдлийг хангагч байсан. Нам намын эмэгтэйчүүд жил жилд ээлжилж эмэгтэйчүүдийн бүлгийг тэргүүлж авч явна гэж эхэндээ тохирсон байснаа, сүүлдээ бүгд зуун хувь санал нэгтэйгээр түүнийг дөрвөн жилээр сонгосон. Үзэлцэхдээ ч үзэлцэнэ, хуулиа ч батлуулна, дуу хуураа ч орхихгүй. Насаараа парламентад суусан эрчүүд хүртэл бидний зохион байгуулсан шинэ жилийн дараа “Парламентын түүхэнд ийм гоё шинэ жил болж байгаагүй” гэж толгой сэгсэрч байлаа. Манай охидын багийг эрчүүд байнга сайхнаар дурсдаг. Бас одоогийн эмэгтэй гишүүд хүртэл таарахаараа “Танай эмэгтэйчүүд ёстой гоё байсан гэсэн, манай эрчүүд бүгд магтан ярьдаг” гэж хэлдэг. Тэгэхээр их л сэтгэлд хүрсэн баг байсан шиг байгаа юм. Миний хувьд тэнд очоод хийх ажил нь л чухал байлаа, гэхдээ ихэрхэж, охидынхоо багийн арга хэмжээнээс хойш чангааж хоцорч байсангүй ээ. 

-Ерөнхийлөгчийн зөвлөхийн үүрэгт ажлаа хэр хийж байна вэ. Тэтгэврийн зээл тэглэлт, БНХАУ руу гэнэтийн айлчлал хийхэд зөвлөхүүд оролцоотой байдаг уу. Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллахдаа юуг илүү анхаарч байна вэ?
Г.У:
Асуудлыг Ерөнхийлөгч өөрөө эрэмбэлнэ. Шаардлагатай гэж үзвэл зөвлөхүүдийн саналыг сонсож оролцоог хангана. Нууцлах шаардлагатай бол өөрөөс нь өөр хэн ч  мэдэхгүй асуудал ч байна. Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг Ерөнхийлөгч өөрөө л мэдэж байсан, нууцын өндөр зэрэглэлтэй шийдвэр байсан. 
Ерөнхийлөгч өдөрт маш олон уулзалт хийдэг, өдөрт  дор хаяж 50 хүнтэй дор хаяж уулздаг байх. Оюуны болон биеийн ачаалал даах асар өндөр чадвартай хүн юм. Төрийн хүнд энэ чадвар ямар чухал байдгийг харж байна. Маш үг цөөтэй, санаагаа ганц хоёр өгүүлбэрээр ойлгуулчихдаг. Товч, тодорхой, цэгцтэй байдал нь өдөрт олон уулзалт хийж, олон ажил амжуулах боломж өгдөг шиг байгаа юм. Залуу хүмүүсийн суралцах ёстой чанарууд гэж л боддог. Дор нь ажиллаж байгаа хүний хувьд үүнээс илүүгээр олон нийтэд даргаа дүгнэх утгагүй. Зарчмын хувьд болохгүй. Ерөнхийлөгчтэй хамтарч ажилласан жилүүдийн тухай дурсамж бүүр хожим л гарах болов уу /инээв/. 
Зөвлөхүүд өөр өөрийн хамаардаг асуудлын хүрээнд тооцоо, судалгаа хийж, ажлын санал оруулна. Түүн дээр Ерөнхийлөгч илүү сайжруулж болох гарц, шийдэл хэлнэ. Хэрэв тийм саналгүй байгаад асуудлыг зөв гэж үзвэл харин шийдвэрлэхдээ маш шуурхай. Тухайлбал, Х.Баттулга Ерөнхийлөгч хүүхдийн эрхийн асуудалд ихээхэн анхаардаг. Ерөнхийлөгчийн шууд оролцоо, санаачлагаар хүүхдэд зориулсан төсөв дахин нэмэгдсэн байх жишээтэй. Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийн нь үйл ажиллагааны зардал, Тамгын газрын төсөв үнэхээр бага. Нэгэнт төр мөнгөгүй, төсвийн хуваарилалт бага учраас зарим нэг үйл ажиллагааны зардлаа өөрөө босгодог, зайлшгүй шаардлагатай гэж үзсэн төсөв, мөнгийг хувиасаа ч гаргаж байх шиг. Төсөвгүй гээд санаачилсан ажил зогсоож, болиулж байсангүй. Төрийн мөнгө иддэг биш, төрийн ажилд өөрөөсөө мөнгө гаргадаг хүн байх юм. 

-Та хоёроос гадна бага хүүгийн чинь влог, бичлэгийг сүүлийн үед олон хүн үздэг болжээ. Бэрхийн бичлэгээс танай гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжил шууд харагддаг. Их сайхан гэрэл гэгээ цацруулсан, хөөрхөн хүү байна билээ. Хүүхдээ яаж ингэж хүмүүжүүлэв ээ? 
Г.У:
 Хүүхдүүд цаанаасаа төрдөг гэж би итгэдэг. Бидний хүүхдүүддээ өгч чадах зүйл их бага. Элэг бүтэн зөв сайхан гэр бүл, эрүүл зөв орчин, эрүүл мэнд, суралцах боломж төдийхөн л юм шив дээ. Миний хүүхдүүд бүгд өөр өөрийн, цаанаасаа заяасан онцлог шинж чанартай. Бага хүү минь онцгой гэгээлэг хүү байгаа юм. Хөгжилтэй, сэргэлэн, хүнлэг зөөлөн. Хүнтэй танилцаж нөхөрлөхдөө дэндүү амархан. Бичлэгүүд бол өөрөө л “youtube” үзэж, үлгэр авч өөрийн нь хийж байгаа зүйл. Хүүгийнхээ сонирхлыг дагаад манай гэрийнхэн олон юүтүбэрийг мэддэг болоод байгаа. 
А.Б: Одоогийн хүүхдүүдийн орчин их өөр юм даа. Тэр орчноос нь бас хэтэрхий хөндийрүүлж хэрэггүй. Тоглоом тоглох интернэт хэсэх хугацааг нь жаахан хязгаарладаг ч бүрэн хориглож болохгүй. Мэдээллээ тэр сувгуудаас авч, ютүбэрүүдээсээ үлгэр авч байна. Зарим талаар надаас хамаагүй илүү мэдээлэлтэй байна.
Бичлэг хийдэг, нүүрэмгий хөөрхөн байдлыг нь хэвээр хадгалах юмсан гэж боддог. Гэвч том болох хэрээрээ өөрчлөгдөж магадгүй л юм. Миний ямар ч пост мянган лайк авч үзээгүй шүү дээ, гэтэл Бэрхийн бичлэг тавиад  мянган лайк. 
Г.У: Амьдралын ганц баяр баясгалан, гэрэл гэгээ бол үр хүүхэд юм. Нийгмийн сайн сайхны төлөөх тэмцэл бол явж явж тэдний ирээдүйн төлөө л тэмцэл юм шүү дээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Мэндээ
    УИХын гишүүн болоод тэмцлээ үргэлжлүүлээрэй. Амжилт хүсий. Гэр бүлд нь ч бас мөн адил амжилт хүсиеэ
    2020 оны 04 сарын 24 | Хариулах
  • Ц. Ядамсүрэн ойрадын дөрвөд .
    БИ ХУЯГААГ МЭДНЭ . ХАТТАЙ ДААЦТАЙ УГЛУУРГАДАЖ ЯРЬДАГ ХҮНЛЭГ ЖУДАГТАЙ ОЙРАДЫН УНАГАН ХҮҮ ГЭЖ. ХАРИН ҮНДНСХИЙ АРДАЧ ҮЗЛЭЭ МАН Д ШИНГЭЭЖ АЖИЛЛАХГҮЙ ЯАВ ДАА ГЭЖ ХАРАМСАН БОДДОГ Л БАЙЛАА. ХАРИН УЯНГААГ ЁСТОЙ ГУДАМЖНЫ ТЭМЦЭГЧЭЭР НЬ Л ОЙЛГОСООР УИХ ЫН ГИШҮҮН БАЙХАД НЬ ХЭЛСЭН ҮГ ХИЙЖ БУЙ ҮЙЛЭЭР НЬ ТАНЬ ЭХЭЛСЭН ЮМ . ЭНЭ ХОЁР ЗАЛУУ БИЕНЭЭ ОЛСОН МАНАЙ НИЙГМИЙН МАШ ТОМ "БАЯЛАГ" . ХЭНИЙГНЬ Ч АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ САЙН ТОЛГОЙНУУД. ЭНЭ ЯРИЛЦЛАГЫГ НЬ УНШААД ТА ХОЁРОО МАШ САЙН МЭДЭРЧ ХҮНДЭТГЭВ . ТА ХОЁР ҮГЭЭР БАЯЛАГ ТҮГЭЭГЧИД ТИЙМ БОЛОХООР ТА ХОЁРООР ЗҮЙ ЁСООР БАХАРХАХ ТАЛАРХАХ ЁСТОЙГ Ч ОЙЛГОЛОО. АМЖИЛТ ТА ХОЁРЫГ ДАГАЖ ЧВХА ХАРИН АШИГЛАГДАХ ХЭМЖЭЭНДЭЭ ТА ХОЁРЫГ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ БИ ОЛЖ ХАРЛАА. ТА ХОЁРЫН ҮР ХҮҮХДЭД САЙН САЙХАН АЗ ХИЫМОРЬ ЕРӨӨСҮ . ЗҮТГЭЭРЭЙ .
    2020 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин
    Одоо ганцаараа бие даагаад ч юмуу жижиг намыг дагаад сонгуульд оролцох амжилт муутай л даа Та 2 АНыг хэцүү үед нь туг нь болж явсан мундаг хүмүүс шүү би маш их үнэлднг нийтлэл бүрийг чинь уншдаг АНаас гарсан одоо энэ намаа муу хэлэх зэрэгт чинь сэтгэл дундуур бнаа Гишүүнчлэлээ сэргээвэл ямар вэ
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Zochin
    Ene yunga bol turd baival bc zugeer ymarch bcn ard tumenee gcn cetgel bdg l da
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Zochin
    yunga bol uh daichin hun l de anh temtsel hiij baihdaa l zuvhun ard tumenihee tuluu l ybvn uh hurald bc l 2 namig bc caihan bilegig chi buruu hj bn gj uh helcn 2 nan ter ugiin avch heleltseegui odoo ter hun mongold mash uh hohirol uchiruullad
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Бүхнийг өөрийн гараар бүтээх зарчимч мөн чанартай юм аа. Бэлэн байр алба тушаал, өсөх карьер урин дуудаж байхад уначихсан намын тугийг өргөх гээд зүтгэж байдаг тийм хүн байх уу. Тэгээд өчнөөн олон жил болов доо. Улс төрч хүний зарчимч, тууштай, шударга чанарт нэвтэрсэн улс юм. МАНАН-ын мөн чанарыг нь таньсан учраас эвлэрч чадахгүй одоо ч өөрсдийгөө золиосолсоор яваа нь зорилгодоо үнэнч яваагийн илрэл юм байна. Сайхан хосууддаа амжилт, аз жаргал хүсье. Төрөө түшилцэж, түмнээ залах эрх олж, ирээдүйгээ дархлах их үйлс нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе.
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Сайхан ярилцлага. Энэ сонгуульд заавал ялаарай. УИХ-д байх ёстой хүн шүү.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Radika
    Хамгийн оюунлаг сэхээлэг сайхан гэр бүл. Сайхан ярилцлага болжээ. Амжилт ялалтыг хүсье.
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Нэг ангид тохойгоо шүргэлцэн сууж байсан Б.Болормаа
    Сайн байцгаана уу оюутан цагийн найзууд минь ээ аз жаргалтай сайхан гэр бүл болжээ та 2 минь
    2020 оны 03 сарын 26 | Хариулах
Нийтлэлчид