Улаанбаатар 1c

Үнсийг үнэд оруулъя

Манайх гэр хорооллын айл. Тийм ч учраас хотын нэлээд хэсгийг эзэлдэг эндхийн айл өрхийн амьдрах орчинг өөрчлөхсөн гэх бодол байсхийгээд төрнө. Унаж хэмхэрсэн сарайсан хашаа, хог нь овоорсон булан тохой, үнс нь хөлд бургисан эмх, замбараагүй гудамжууд. Навсайсан ийм л дүр төрхийг Улаанбаатарын гэр хорооллын хаанаас ч харж болно. Энэ бүхнийг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг шинэ үеийн улаанбаатарынханд хаягламаар байна. Гэр хороолол гэхээр л хуучинсаг, талаар нэг шидчихсэн шагай шиг хөглөрсөн, эмх замбараагүй байж боломгүй. Бид хэдэн үеэрээ үнсээр шуурсан хороололдоо амьдрах вэ. Миний аав ээжийн үед ч, өнөөдрийн энэ цагт ч айл бүрийн хашаанд үнс, хогоо бөөгнүүлж, хашиж, хураахад зориулсан тодорхой нэг булан байсаар л. Амьжиргаатайхан айл нь хогны машин иртэл ууталж, савлаад бөөгнүүлдэг бол анхиа  муутай, алмай, хойрго нь хашаагаа үнс нурам, хогийн цэг болгочихсон байдаг нь нууц биш. Задгай асгаж овоолсон үнс, хог дээр бага насны хүүхдүүд хээв нэг тоглож байх жишээтэй. Мэдээж гэр хороололд гэгээ татуулсан олон сайхан ажил өрнөдөг ч өрх айл бүрт ээлээ өгөх эцсийн шийдлүүд дутаад байна. Хашаандаа сайхан амьдрах боломж бийг таниулж, үнс, шороо бужигнасан гудамжуудыг ногооруулах сан, хашааг нэг стандарттай болгох сон. Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий дээ. Энэ нь хашаа бүхэнд хаус барь гэсэн санаа ер биш. Өөрчлөлтийг үүднээсээ хийчихвэл хоймор аяндаа цэгцэрнэ гэсэн санаа. Тодруулбал, хашаа дүүрэн үнсээ үнэд хүргэхээс энэ ажил эхэлнэ. Цас орохоор хальтиргаа дарах гэж үнсээ гаргаад гудамжиндаа асгадаг, шар усны үерт автахгүйн тулд үнсээр хашлага, хаалт босгодог, бороо оруут үерээс сэрэмжилж үүссэн шавар шавхай дээр нь үнс асгадаг, хаврын салхинд хийсэхийг нь тооцохгүйгээр овоолсоор байдаг үнсээ сардаа багтаж ирдэг хогийн машинд даатгаад орхидог баймааргүй. Үнсийг боловсруулъя. Үнэд оруулъя. Дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийе. Ийм боломж байна. Үнс бол үнэгүй түүхий эд. Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх аж төрж байгаа гэх тоо бий. Тэгвэл эдгээр өрхийн нэг өвлийн сайжруулсан, шахмал түлшний хэрэгцээ 600-700 мянган тонн гэдгийг "Таван толгой түлш" компаниас мэдээлж байсан.
Нийслэлчүүд өвлийг харьцангуй утаагүй өнгөрүүлсэн ч шахмал түлшний гол түүхий эд нь угаасан нүүрс. Агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулсан шахмал түлшийг нийтээр сайшааж байгаа ч үнсийг нь бид хогны машинд уут уутаар нь ачуулсаар л байгаа. Нийслэлийн төвлөрсөн хогийн цэгүүдэд буудаг энэ үнс эргээд хөрс, агаарыг бохирдуулах нь дамжиггүй. Ялангуяа, салхи, шуурганы улирал эхэлж байгаа энэ үед үнсийг боловсруулах бодлого хэрэгтэй байна. Энэ асуудалд шийдвэр гаргах түвшнийхөн анхаарч байж ажил хэрэг болох нь дамжиггүй. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, түүний баг хамт олонд энэхүү нийтлэлээ хаяглая. 

ҮНС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРЪЯ

Хэн хүнд чухал биш санагдах үнсийг ойлгож, ангилж, боловсруулж чадвал улс оронд төдийгүй, барилга, үйлдвэрлэлийн салбарт тун ч хэрэгтэй, үнэт түүхий эд байж болмоор барим тавим дүн мэдээ байна. Тиймээс үнс гэж юу болох, түүний физик механик үзүүлэлтийг тодорхойлсон  Барилга архитектур корпорацын нэгдсэн лабораторийн сорилт шинжилгээ, барилгын бүтээц, хийцэд тохирох эсэхийг шинжилсэн хариу гарсан байдаг аж. Хэрэв бид үнсээ хашаандаа ялгаж ангилаад, ахуйн хогноосоо салгаж сурахаас энэ ажил эхлэх юм шиг. Иргэдийн ангилсан цэвэр үнсийг хот тодорхой мөнгөөр худалдаж авдаг болчихвол эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй шийдэл энэ үйл явц дундаас гарч болмоор. Ингэж ангилсан үнсийг дахин боловсруулаад нэмүү өртөг шингэсэн барилгын хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж дүүрэн байна. Харамсалтай нь иргэд ч, төр ч үнсийг хог гэж хараад бөөгнүүлж, тодорхой цэгүүдэд асгаад байгаагаас болж үнс боловсруулах тухай шийдэл мухардаад байх шиг. Угтаа бол үнсийг судалдаг, шинжилж, физик, химийн шинжийг нь тодорхойлоод гаргаад ирсэн судалгааны дүн байна. Энэ дүн мэдээ нь чухам баялаг бүтээгчдэд хэрэгтэй эсэх, баталдаг, нотолдог байдлаар албажсан уу гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр юутай ч Барилга архитектур корпорацын нэгдсэн лабораторийн үнсний чанарыг шинжилсэн хариуг ишлэн онцлох нь зүйтэй болов уу. Тодруулбал, үнсийг үнэд оруулахад энэхүү хариу ихээхэн ач холбогдолтой байх биз ээ. 

ҮНС ГЭЖ ЮУ ВЭ  

Эхлээд бид үнсээ ойлгох нь зүйтэй болов уу. Үнс гэж чухам юу юм бэ. Тэгвэл учир мэдэх эрдэмтэд нь ийн тодорхойлжээ. “Нүүрсэнд агуулагдах шатдаггүй нэгдэл” гэж.  Тодруулбал, нүүрсэнд агуулагддаг дэгдэмхий хэсэг үнс болж үлддэг байна. Улаанбаатарын хүн амын нягтаршил, гэр хороолол тэлэлтээс шалтгаалан жил бүр үнсний хэмжээ ихсэж байдаг нь хэнд ч тодорхой. Цаашид ч ихэснэ. Өвлийн улиралд нийслэлийн нийт хог хаягдлын 50-иад хувийг үнсний хаягдал эзэлж байгааг албаныхан хэлж байна. Гэхдээ төдийгөөс өдийг хүртэл хогийн цэгт хүргэгдэж байгаа энэ их үнсийг хэн ч дорвитой анхаарч, үнэд хүргэх, түүхий эд болгох гэж ярихгүй, харахгүй байх шиг.  
Нийслэлчүүдийн одоо хэрэглэж буй сайжруулсан түлшний нийт жингийнх нь 20 гаруй хувьд шатдаггүй органик бус нэгдэл бий гэх тооцоо ч гарчээ. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний 20 гаруй хувь нь үнс гэсэн үг. Гэхдээ шахмал түлш ч гэлтгүй аль ч уурхайн түүхий нүүрсний үнслэг чанар дээрхтэй ижил бөгөөд үнсээ хэрхэн боловсруулах вэ, үнс боловсруулдаг үйлдвэрийг монголд нутагшуулж болох эсэх, айл өрхүүдийг үнсээ ахуйн хогтойгоо холихгүйгээр ангилдаг болох чиглэлд нэгдсэн бодлого хэрэгтэй байна.  Хэрэв үнсийг үнэд оруулах боломжийг өргөн хүрээнд боловсруулж, энэ чиглэлд бодлого, шийдвэр гараад эхэлбэл, гэр хорооллын 220 мянган өрх хаягдлаасаа орлого олох сайхан боломжтой болох нь. Үнсийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэн чухал түүхий эд болгож чадвал сүүлийн жилүүдэд яриад байгаа эко амьдрал, эрүүл орчин, хоггүй гэр хороолол бий болно. Үнсээ баялаг болгон хувиргавал цемент, шахмал блок, энгийн болон гоёлын хавтан, хөтөч хавтан, эко хавтан, замын хашлага, барилгын гипс зэргийг үйлдвэрлэн импортоо дэмжиж болмоор санагдах юм. 220 мянган өрхөөс гарах үсний овоолгоор хот бүхэлдээ дүүрч байгаагаас гадна цахилгаан станцууд, жижиг уурын зуух, аж ахуйн нэгжүүдээс гарч байгаа үнс нь хөрс, агаар, ус, орчны бохирдлыг нэмэгдүүлж байна. Нүдэнд үл үзэгдэх тоосонцор хэлбэрийн үнс агаар, орчинд дэгдсэнээр хүүхэд багачууд ч гэлтгүй хөгшид томчууд харшил, амьсгалын замын өвчлөлд өртөмхий болохоос гадна хоол боловсруулах замын эмгэг үүсгэж, уушги, арьсны өвчтэй болж байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Хэрэв үнсийг үйлдвэрлэлийн эргэлтэд оруулчихвал агаарт үүсэх үнсний тоосонцрыг бууруулахаас гадна агаар хөрсний бохирдолгүй болно. Төвлөрсөн хогийн цэг дэх хаягдлын хэмжээ буурна. Үйлдвэр, ажлын байр нэмэгдэх гэх мэт олон сайн талтай. Тиймээс үнсийг үнэд оруулъя. 

ИРЭХ ӨВЛИЙН ҮНСЭЭ ТӨВЛӨРСӨН ХОГИЙН ЦЭГТ БИШ ҮЙЛДВЭРТ ХҮРГЭХ СЭН

Улаанбаатарынхан ирэх өвөл ч сайжруулсан шахмал түлшээ түлнэ. Үнсээ хогны машинд ачуулдгаараа ачуулна. Тиймээс ирэх өвлийн нүүрснээс гарах үнсийг төвлөрсөн хогийн цэгт хүргэх биш үнс боловсруулах үйлдвэрт хүргэдэг болох сон. Хэрэв ингэж чадвал өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийж, эдийн засагтаа шинэ тутам үйлдвэр ашиглалтад оруулж, өрхийн болон улсын эдийн засагт ихээхэн нэмэр болно. Айл өрхийн тонн тонноор нь ачуулсаар байгаа үнсийг юм болгоход ихээхэн мэдлэг, хөрөнгө хүч, төсөв мөнгө шаардахгүй ээ. Монгол инженерүүд, шинэ үеийн залуусын мэдлэгийг ашиглая.  Оргүй хоосноос огторгүй бүтээд байхад шинэ мэдлэг, шинэ бүтээлийн санаа эрж гашилж яваа залуусын арга, ажлын туршлагаас үнс боловсруулах хэдэн арван үйлдвэртэй болох боломжтой ур ухаан ундарч л таараа. Хэрэв уншигч та санаж буй бол өнгөрсөн нэгдүгээр сард “Таван толгой түлш” компанийнхан нэгэн таатай ажил санаачилсан нь таван уут сайжруулсан түлшний үнсийг хоёр уут шахмал түлшээр сольж байсныг энд онцлоё. Энэ бол сайн ажил төдийгүй, үр дүнтэй санаачилга байв. Харамсалтай нь, энэхүү ажил урт хугацаанд үргэлжлээгүй, тэгсгээд больсон байх юм. Яг энэ үеэр Нийслэлийн захирагчийн албанаас үнсийг ашиглах, эцсийн бүтээгдэхүүн болгох тухай ганц нэг яриад тэгсхийгээд чимээгүй болсны шалтгааныг өдгөө хэн ч тайлбарласангүй ээ. Тэгэхээр  уул овоо шиг үнсээр барилгын болон хот тохижилтод хэрэглэх хэд хэдэн нэрийн бүтээгдэхүүнийг Монголдоо хийдэг болоё.     

ҮНСЭЭ ЯЛГАЖ АНГИЛАХ СОЁЛД СУРАЛЦЪЯ

Монголчууд бид нийтээрээ суурин соёлд суралцах цаг болжээ. Соёлыг хэн нэгнээс худалдан авч, хаа нэгтээгээс тээвэрлэх боломжгүй учраас өөрөө өөртөө соёлыг төлөвшүүлдэг болов уу. Энэ соёл ахуйгаас эхлэх бөгөөд гэртээ орохдоо гутлаа тайлах, хоолоо идэхийн өмнө гараа ухаах, өглөө босоод шүдээ угаадагтай л ижил соёлын нэг хэсгийг энд дурдах гэв. Юу гэвээс, хогоо хашаандаа ангилдаг болоё. Хэрэв уншигч та санаж буй бол нийслэлээс айл өрхөд хогны уут тараадаг байсан. Энэ бол хотын соёлыг төлөвшүүлэх гэсэн сайн оролдлого байсныг үгүйсгэж болохгүй ээ. Хогоо ногоон уутанд хийдэг байхад үнсийг нэг тусад нь, шил, лаазыг тусад нь, бусад төрлийн хогоо тусад нь гээд ангилдаг байсан. Яг үүн шиг айл өрх хашаандаа хогоо ангилдаг болчихвол үнс боловсруулах үйлдвэр барихад гашлах зүйлгүй болов уу. Гэтэл өдгөө бидний үнэн төрх юу билээ. Бүх төрлийн хогоо нийлүүлээд хашааныхаа нэг буланд асгачихдаг нь нууц биш. Ийм замбараагүй, бүхэн нь холилдсон хогийг ялгах боломжгүй учраас хог ачигчид бушуухан ачаалаад дараагийн хог руу явахыг бодох нь дамжиггүй. Тэгэхээр хот иргэдээс үнсийг нь худалдаж ав, иргэн нь хариуцлагатайгаар хашаандаа үнс, хогоо ялгаж ангилдаг болоё. 
                           
“Үнсийг ашиглаж болох уу” сэдвээр судалгаа хийж, хэд хэдэн эх сурвалжийн онцолж байгаа өнцөг, тэдний бодлыг энд дурдахыг хүслээ. Үнс бол үнэт түүхий эд гэдгийг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер О.Лхагвадорж хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Тодруулбал, аргал, мод, нүүрсний гээд үнс бүр ялгаатай ч барилгын материалд ашиглаж болдог. Хог хаягдал мэт боловч байгалиас бидэнд заяасан их үнэтэй түүхий эд. Цахилгаан станцуудаас гарч буй үнсийг тоосго, бетон зуурмаг, айл өрхүүдийн хашаа болох блок, цемент, хуурай хийц, керамзит зэрэг таван өөр чиглэлийн үйлдвэрт туршихад амжилттай болсон. Саяхнаас сайжруулсан шахмал түлшний үнсийг бид мэддэг боллоо. Гэр хорооллын айл өрхүүд дөрвөн төрлийн зууханд сайжруулсан түлшийг хэрэглэж байна. Төслийн болон уламжлалт, монгол инженерүүдийн бүтээсэн зэрэг дөрвөн төрлийн зуухаас өөр, өөр үнс гардаг. Галлагаа, соролтоос болж гүйцэд болон дутуу шатдаг үнснүүдээс дээж авч ШУА-ийн Хими, технологийн хүрээлэн шинжилгээ хийсэн. Тус хүрээлэн үнсний химийн найрлага, цацраг, физик механикийн шинжилгээ хийж хариу нь гарсан байгаа. Энэхүү судалгааны дүнгээр айл өрхүүдээс гарч буй үнсийг эхний ээлжид зам талбайд хэрэглэж болно гэдгийг тогтоосон. Харин орон сууцанд ашигладаг блок үйлдвэрлэхэд үнс нь дутуу шаталт ихтэй, үнс дотор шатаагүй нүүрс явж байгаа тул даацын химийн элемент хэрэглэх асуудлыг хойшлуулсан. Үнс гэхээр хүмүүс цацраг идэвхээс болгоомжилдог. Бүх материал тодорхой хэмжээний цацраг идэвхт бодис агуулдаг. ШУА-ийн Хими, технологийн хүрээлэнгээс хийсэн шинжилгээний хариугаар цацраг идэвхт бодис хамгийн бага хэмжээнд байгаа тул хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө байхгүй гэсэн дүгнэлт гарсан” гэжээ. Энэ бол үнсийг ашиглаж томоохон үйлдвэр барьж болохыг, боловсруулаад ажлын байр гаргаж болохыг, өрхүүд хог, хаягдлаасаа тодорхой хэмжээний орлоготой болж болохыг баталсан эрдэмтний яриа. Нэгэнт үнсийг хэдэн талаасаа лабораторийн аргаар шинжлээд материал, хийц хийж болохыг нь баталчихжээ. Тэгэхээр дараагийн алхам нь үйлдвэр барих ажил яагаад байж болохгүй гэж.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид