Улаанбаатар 1c

Э.Тэргэл: Би сампингийн олон улсын багш болно

-МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ- 

Бид “Монголын гэрэлт ирээдүй” булангийнхаа энэ удаагийн дугаарт оюуны спортоор буюу соробан сампингаар хичээллэдэг Эрдэнэбаярын Тэргэл охиныг онцоллоо.Монгол хүүхдүүд соробан сампин, цээж бодолтоор эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлд гэхэд л олон улсын соробан сампин, цээж тоололт UCMAS тэмцээн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-8-нд Камбож Улсын нийслэл Пномпень хотод болсон. Дэлхийн 40 орны 4000 хүүхэд оюуны чадвараараа өрсөлдсөн тэмцээнд манай улсын 83 хүүхэд оролцсоноос 80 нь медальтай ирсэн юм. Тэдний нэг нь Э.Тэргэл охин. Гэхдээ тэрбээр тус тэмцээний гүнзгийрүүлсэн шатны буюу хамгийн дээд түвшний ангилалд улсаа төлөөлж оролцсон ганцхан тамирчин. Тэр бүү хэл оролцсон ангиллынхаа тамирчдыг хошуучилж, алтан цом хүртжээ.

Камбож Улсын нийслэл Пномпень хотод болсон. Дэлхийн 40 орны 4000 хүүхэд оюуны чадвараараа өрсөлдсөн тэмцээнд манай улсын 83 хүүхэд оролцсоноос 80 нь медальтай ирсэн юм. 

Тэрбээр “Оюуны тулга” дунд сургуулийн VIII ангид сурдаг. Мөн “Тояа” хүүхэд хөгжлийн академийн соробан сампингийн дугуйлангийн хамгийн дээд түвшин буюу гүнзгийрүүлсэн шатны ангийн анхны сурагч. Том алаг нүд, шонтгор хамар, урт хар гэзэг, туялзсан урт хуруутай энэ охин орос, англи, япон хэлээр төвөггүй ярьдаг гэнэ. Бидний яриа түүнийг сурагч болж байсан үеэс эхлэв. Хэвлүүхэн, хэрсүүхэн, өөртөө дэндүү итгэлтэй Э.Тэргэл охин таван настайдаа сурагч болж байжээ. Тэрбээр “Намайг таван нас хараахан хүрээгүй байхад сургуульд оруулж байсан. Эмээ маань багш болохоор танилынхаа сургуульд оруулсан юм. Гэтэл нөгөө сургуулийн захирал нь “Чи арай бага байна. Ядаж таван нас хүрээд сургуульд ор. Дараа жил манай сургуульд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би “Заавал энэ жил сургуульд орно” гээд зөндөө уйлсан. Бүр гурав хоног хүнтэй юм ярихгүй, хоол идэхгүй зөрүүдэлсэн гээд боддоо. Гэхдээ би тэр жилдээ сургуульд явж чадаагүй ээ. Харин дараа жил нь орос сургуульд элсэж, санаагаа амраасан даа” гэж том хүн шиг хуучилсан юм. Тэгснээ “Сургуулийн захирал намайг тэр үед сургуульдаа авсан бол би олон хүүхдэд соробан сампин зааж өгөх байсан юм” хэмээн гомдонгуй дуугарав. Өрөөнийхөө буйдан дээр суугаад, юм ярихаараа арван хурууныхаа дөрвийг нь харандаа байрлалаар барьж, үлдсэнийг нь  сампин бодох гэж байгаа юм шиг барьсаар бидний яриа сампингаар хичээллэж эхэлсэн үе рүү шилжив. Тэрбээр “Аав дүү бид хоёрыг II ангийн сурагч байхад сампингийн дугуйланд бүртгүүлсэн.

Анхны хичээл нь маш сонирхолтой байсан учраас би үргэлжлүүлэн сурч, дүү маань хэсэг явж байгаад больсон. Би бага байхдаа яг өттэй ямаа шиг хүүхэд байлаа. Нэг газар удаан сууж чаддаггүй, сахилгагүй, амархан бэртдэг, нэг тийм сонин хүүхэд байсан. Харин соробан сампингаар хичээллээд анхаарлаа төвлөрүүлж, хурдан бодож, сэтгэж сурсан. Намайг идэвх, чармайлттай байсан болохоор аав, ээж маань одоогийн сургуульд маань оруулсан” гэв. Харин одоо түүнийг харахад сахилгагүй, дүрсгүй гэхээргүй намбалаг бор охин болжээ. Э.Тэргэл охин “Оюуны тулга” сургуульд III ангиасаа сурч эхэлсэн бөгөөд эхний жилийн төлбөрийг нь аав, ээж нь төлсөн гэнэ. Харин дараагийн жилүүдэд нь сургуульдаа амжилттай суралцаж, Сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн тул хоёр жил 50 хувийн хөнгөлөлттэй сурах эрх авчээ. Түүгээр ч зогсохгүй VII, VIII ангидаа олон улсын тэмцээнд амжилттай оролцож, алтан цом авсан учраас сүүлийн хоёр жил үнэ төлбөргүй суралцаж байгаа аж. Дараа жил ч бас 100 хувь үнэ төлбөргүй сурах гэнэ. Эндээс бидний яриа асуулт хариултаар үргэлжилсэн юм.

-Чиний мөрөөдөл юу вэ? 
-Би олон улсын сампингийн багш болно. Ирэх арванхоёрдугаар сард болох олон улсын тэмцээнд дээд түвшинд нь оролцоод түрүүлвэл багшлах эрхээ хамгаална. Тэнцвэл аль ч улсад сампингийн хичээл заах эрхтэй болно гэсэн үг. Сургуулиа төгсөөд АНУ руу энэ чиглэлээрээ сурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Аав, ээж маань энэ талаар судалж байгаа гэсэн. Тэгээд олон улсад сампингийн хичээл заана гэж боддог. Бас аав маань уурхайд ажилладаг учраас гэртээ байх нь ховор. Гэр бүлээрээ хамтдаа байхыг мөрөөддөг. 

-Сампингаар хичээллээд шантарч байсан удаа бий юү?
-Тийм үе байхгүй. Сампингийн дүрэм нь их сонирхолтой. Хүүхдийн сэтгэхүйд тааруулж заадаг болохоор сонирхолтой байдаг. Тухайлбал, дөрөв дээр нэгийг нэмэхийн тулд найзыгаа ашиглана. Хурдан хөдөлгөөнтэй хүүхдүүд сурахад амархан. Харин удаан ойлгож, юмыг нухацтай бодож тунгаадаг хүүхдүүдэд бага зэрэг хэцүү байдаг юм билээ. Жишээлбэл, манай дүү удаан бодож, ямарваа нэгэн зүйлд нухацтай ханддаг учраас сампингаар хичээллэхэд хэцүү байсан. Юмыг удаан боддог учраас найман минутад 200 бодлого бодоход хэцүү байна гээд больсон. Харин одоо дүү маань шатрын спортоор хичээллэж байгаа. Харин надад шатрын спорт хэцүү санагддаг. Учир нь би хурдан, хурдан нүүдэл хийгээд, хожигдоод байна лээ. 

-Чи нэг минутад хэдэн бодлого бодож чадах вэ? 
-Эхлээд доод түвшинд найман минутад 200 бодлого бодохыг шаарддаг. Тэмцээнд оролцохын тулд энэ шаардлагад нийцдэг байх хэрэгтэй. Харин би 200 бодлогыг зургаа минутад боддог. Түвшин ахих тусам бодлого нь хүндрээд тоо нь багасдаг. Тухайлбал, дунд түвшинд үржих, хуваах, бутархайтай 150 бодлогыг найман минутад бодох ёстой байдаг.

-Сампингаар хичээллэсний давуу тал нь юу вэ? 
-Баруун, зүүн тархи хамтдаа хөгжинө. Аливаа зүйлийг цээжлэхдээ хурдан болно. Одоо би бараг сампин ашиглахаа больсон. Толгойдоо төсөөлөөд л сампингийн аргаар бодлого цээжээр бодчихдог. Математикийн багш маань сампин ашиглахгүйгээр хурдан бод гэж хэлдэг. Бас намайг их шахдаг. Хүүхдүүдэд гэрийн даалгавар өгөхдөө 30 бодлого өгсөн бол надад 50-ийг өгдөг. Хүмүүс сампингаар хичээллэдэг гэхээр математикийн хичээлдээ сайн гэж ойлгодог. Соробан сампин бол баруун, зүүн тархи хөгжүүлдэг учраас бүх хичээлдээ жигд сайн болдог. Сэтгэн бодох чадвар өндөр хөгждөг гэж ойлгож болно.  

-Олон улсын тэмцээнд оролцож байхад монгол хүүхдүүд гаднынхнаас юугаараа ялгардаг вэ? 
-Монгол хүүхдүүд өндөр сэтгэхүйтэй гэж яригддаг. Хурдан сурах, сэтгэх, бодох чадвартай гэж үздэг. Тэгээд л олон улсын тэмцээнд явахаараа олон медальтай ирдэг болсон. Багш нар маань чадвартай учраас хүүхдүүдийн авьяас хурдан хөгжиж байгаа байх. 

-Чи олон сампинтай юу?
-Олон бий.Байнга хэрэглээд байхаар сампин бас хурдан эвдэрдэг. Гэхдээ сүүлийн үед нэмж авахаа больсон. 

Соробан сампин бол япончуудын бий болгосон хүн хөгжүүлэх, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх том соёл, аргуудын нэг. Соробан сампингаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд бүх хичээлдээ амжилт гаргаад зогсохгүй, тэвчээртэй, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг болдог байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид