Улаанбаатар 1c

Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүд-VI

Ёс юм шиг байн байн гал гарч, тэр бүртээ хэл ам дагуулдаг ч тэгсхийгээд дарагддаг хэрэг бол “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан хэд хэдэн удаагийн гал түймэр. Тус захад сүүлийн долоон жилд таван удаа том, жижиг гал гарчээ. 2013 оны наймдугаар сард л гэхэд хүнсний зах нь тэр чигтээ шатаж, нэг эмэгтэй харамсалтайгаар амиа алдаж байв. Галын улмаас 300 орчим түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирч, тэдэнд нийт 12.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарч байлаа. Холбогдох албаныхан хэргийн газарт 50 гаруй удаа үзлэг, шинжилгээ хийж, улмаар хохирсон иргэдийн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монголбанктай хэлэлцэж, зарим иргэний хохирлыг барагдуулж байсан түүхтэй. Шатсан захын суурин дээр хоёр жилийн дотор 300 тэрбум орчим төгрөгийн  хөрөнгөөр “Баялаг ундраа” төвийг барьж, ашиглалтад оруулсан байдаг. Гэтэл гуравхан сарын дараа Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” худалдааны төв шатсан. Энэ галд 28 лангуу өртөж, 10 гаруй павильон бүрэн шатсан гэдэг.  2014 онд “Нарантуул”-ын хоёр чингэлэг, 2015 онд нийтийн бие засах газар галд өртсөн. Харин хамгийн сүүлд буюу өдийгөөс дөрвөн жилийн өмнө, 2016 оны гуравдугаар сарын 3-нд тус захад мөн л гал гарч, бөс барааны лангууны 60 орчим хувь нь шатаж, 80 гаруй лангуу галд автаж, тэдгээрт байсан бүх бараа үнс болон хувирсан. Нийслэлийн онцгой байдлын газрын 100 гаруй алба хаагч хоёр цаг гаруй ноцолдож байж энэ галыг унтрааж байлаа. Мөн цагдаагийн 70 гаруй алба хаагч худалдааны төвийг бүхэлд нь хамгаалалтад авч, хэнийг ч дотогш нэвтрүүлэлгүй ажилласны хүчинд азаар эрдэнэт хүний амь эрсдээгүй. Хэрэв тэгээгүй сэн бол тус захад лангуу түрээслэгчид бараагаа авч үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн байсан юм. Тухайн үед цагдаа, онцгой байдлын алба хаагч болон шинжээчдийн хамтарсан баг хэргийн газарт үзлэг хийж, бөс барааны хэсгийн 5700 орчим ам.метр талбайгаас 2500 орчим нь галд  өртжээ гэсэн дүгнэлт гаргаж байв. Мөн энэ хэрэгт холбогдуулан “Нарантуул” захын хамгаалалтын албаны гурван ажилтан, энгийн хоёр иргэнийг баривчилсан гэх мэдээлэл ч гарч байлаа. Зарим эх сурвалж галыг санаатай тавьсан байж болзошгүй гэж мэдээлсэн. Мөн галын дуудлагыг анх тус захын хамгаалалтын албаныхан бус, замын эсрэг талын “Монсуль” шатахуун түгээх станцаас өгсөн нь хамгаалалтын албаныхныг хардах үндэслэл болж байсан юм. 

Харин дараагийн удаа гал гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Дахиад л галын шалтгааныг олж тогтоолгүй, энгийн ажилтнуудад ажлын хариуцлага алдсан нэрээр тохоод байх хэрэг үү, хууль хяналтынхаан

Дээрх галууд голчлон шөнө дунд гарсан байдаг бөгөөд дийлэнхийх нь шалтгаан өнөөг хүртэл оньсого хэвээр байна. “Нарантуул”-ын эзэд хамгийн сүүлд гарсан галын талаар “Галыг санаатайгаар тавьсан. Бидний бизнесийг санаатайгаар харлуулах гэлээ” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гал гарсан шалтгааны талаар иргэд хэд хэдэн таамаг дэвшүүлж байлаа. Түрээслэгчид “Сайхансамбууг чадахын тулд гал тавьсан. Үүнээс болж энгийн иргэд бид хохирлоо. Мөрөөрөө хөдөлмөрлөж, хоногийн хоолтойгоо залгадаг биднийг хөлдөө чирлээ” хэмээж байсан бол Нийслэлийн онцгой байдлын газар гал гарахаас өмнө тухайн захад шалгалт хийхэд галын аюулгүй байдал хангагдаагүй байсан учраас торгууль тавьж, зөрчлөө арилгах үүрэг өгсөн гэдэг. Өөрөөр хэлбэл, тэд галын шалтгааныг аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөөгүйгээс болсон хэмээн үзэж байв. Гэтэл өөр нэг хэсэг нь түрээслэгчдийг тухайн газраас шахан зайлуулахын тулд зориуд санаатайгаар гал тавьж, лангуу байсан газарт шинэ байр барьж, түрээсийн үнэ нэмэхийг санаархаж байна гэж хардаж байсан юм. Харин тус худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу “Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай” хэмээн жиргэсэн.

Мөн тэрбээр “Нарантуул” зах шатаж байгаа нь анхны тохиолдол биш. Өмнө нь гарсан гал түймэр бас л үүрээр гарсан. Энэ бол хэн нэгний явуулга, санаатай хэрэг гэж үзэж байна. Энэ хэргийг хэн хийдэг, хорлон сүйтгэгчийг би мэдэж байгаа. Гэтэл цагдаагийнхан тэр этгээдийг олохгүй, ажлаа хийхгүй байна. Би өөрөө яваад гүйгээд ямар ч нэмэр тус алга. Харин түрээслэгч, худалдаачдын хохирлыг барагдуулах боломжгүй. Учир нь манайх тэдэнтэй хийсэн ямар ч гэрээ байхгүй. Хийж ч байгаагүй. Би тэдэнд бараагаа гадаа битгий тавьж бай гэж хэлдэг байсан” хэмээсэн юм. Ийн тэрбээр хоног алдалгүй түрээслэгчдээс сар бүр мөнгийг нь авдаг хэрнээ хариуцлага хүлээх болохоор зугтсан тайлбарыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан хийсэн юм. Галын шалтгаан өнөө хэр тодорхой болоогүй бөгөөд эрхэм УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу ч хариуцлага хүлээсэн, иргэдийн хохирлыг барагдуулсан талаарх мэдээлэл гараагүй. Харин тус хэрэгт “Нарантуул” захын инженер, харуул хамгаалалтын ажилтнуудыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс шалгаж, дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд, “Нарантуул” захын инженер болон эрх бүхий бусад албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөн. Мөн харуул хамгаалалтын ажилтнууд бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгтээ хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцон Амгаланбаатар нарт 2-3 жил хорих ял ногдуулжээ. Ингэхдээ уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул тэнсэн харгалзахаар болсон юм. Түрээслэгчдэд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулах шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан юм. 

8000 гаруй хүнд газраа хувааж түрээсэлчихээд тэднийг даатгалжуулаагүй, аюулгүй байдлыг нь хангадаггүй, бараа, материалыг нь найдвартай газар хадгалж, хамгаалаагүйгээрээ хамгийн түрүүнд түрээслүүлэгч эзэнтэй хариуцлага тооцох ёстой баймаар. Гэтэл тус төвийн эзэн Ш.Сайхансамбуу “Нарантуул” худалдааны төвд зохион байгуулалттайгаар удаа дараа гал тавиад байгаа эздийг мэдэж байгаа гэсэн хэрнээ ямар нэгэн хариуцлага тооцож чадахгүй байгаа нь зүгээр л өөрийнхөө арьсыг хамгаалах гэсэн арга байв. Үнэхээр хэн нэгэн гал тавиагүй, Ш.Сайхансамбуугийн хариуцдаг байгууллагынхны буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болсон бол түүнд хариуцлага тооцох ёстой. Гэтэл энгийн ажилтнууд ажлын хариуцлага алдсан болж хариуцлага хүлээгээд, галын шалтгаан замхраад өнгөрсөн нь харамсалтай. “Нарантуул” захад гарсан эдгээр галын ихэнхэд түрээслэгчид л хохирч үлдсэн бөгөөд эзэд нь хариуцлага хүлээсэн удаа байхгүй. Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг хууль хяналтын байгууллага, хянаж, шалгадаг газар нь юу хийж байна вэ.  “Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галын шалтгааныг олж, тогтоож, гарсан эрсдлийг хариуцагч эзэнтэй нь тооцдог болмоор байна. Үүний тулд түрээслэгчид ч эрх зүйн орчноо сайн бүрдүүлж, өөрсдөдөө эрсдэлгүй орчин бүрдүүлэхийн тулд шаардах, хүсэх зүйлээ илэрхийлж, хариуцлагажмаар байна. Үгүй бол иргэд хохирч, эзэд юу ч болоогүй мэт үлдсээр байдаг жишиг тогтох нь. 
Хэрэг хуучирдаггүй гэдэг. “Зах хязгаар нь үл харагдах зүйлийг зах гэнэ. Зах дээвэргүй, задгай байх ёстой” хэмээх хошигнолын жинхэнэ жишээ болсон “Нарантуул” түрээслэгчдийнхээ эрх ашгийг гэхээсээ ашиг олохыг урьтал болгон үйл ажиллагаа явуулсаар олон оныг үдэв. Цаашид ч ийм байдлаар үйл ажиллагаа явуулсаар байх бололтой. Харин дараагийн удаа гал гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Дахиад л галын шалтгааныг олж тогтоолгүй, энгийн ажилтнуудад ажлын хариуцлага алдсан нэрээр тохоод байх хэрэг үү, хууль хяналтынхаан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид