Улаанбаатар 1c

Цар тахал далимдуулсан залилан гарсаар байна

“Боохой борооноор, хулгайч чөлөөнөөр”

Цар тахлаас урьдчилан сэргийлэх гэсэн нэгнээ шулж, ашиг олох залилан цөөнгүй гарчээ. Хөл хорионы үед амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс иргэдийн айдсаар тоглож, зовлонгоор нь ашиг хийсээр хэтэвчээ чамгүй зузаалсан байна. Тодруулбал, “Зах худалдааны төвүүд хааж байна”, “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомсдол үүслээ” зэрэг иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулан эрэлттэй байгаа бараа, бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн өөрийн нөөцөлсөн бараагаа өндөр үнээр, их хэмжээгээр зарж, борлуулах үйлдэл удаа дараа гарсан байна.  Мөн коронавирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх гэсэн иргэдийг ашиглаж, олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаягуудаар хямд үнээр амны хаалт, гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах болжээ. 

Хил дамнасан залилан

Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирус (COVID-19)-тэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан 25 дуудлага, гомдол ирснийг мөрдөн шалгаж байгаа аж. Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг, Монгол Улсын иргэн Д гэгч нь өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд “Их хэмжээгээр маск нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгосон байна. Улмаар иргэн Д урьдчилгаа мөнгө нэхсээр 8.4 сая төгрөг шилжүүлэн авч, залилжээ. Гадаад орнуудад ч мөн цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж, амны маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр барин улс дамнан залилах гэмт хэрэг гарсаар байна. Жишээлбэл, “Онлайн шоп”-оор амны хаалт худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь ХБНГУ-ын нэр бүхий компани руу энэ сарын 2-нд 117 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн боловч, залилуулжээ. 

цахим залилан газар авчээ

ДЭМБ болон ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг манай иргэд маш сайн биелүүлж байгаа. Мөн холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Тэгвэл тэдний нэрийг барьж хандивын аян нэрийдлээр залилан хийсэн тохиолдол ч бүртгэгджээ. Энэ талаар  ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа. 
Тэрбээр “Иргэд төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь бодит бус мэдээлэлд хэт итгэх, тухайн пост, постерын үнэн зөвийг нягтлахгүй шийдвэр гаргах, ойр дотны найз нөхдөдөө ташаа мэдээлэл, зөвлөгөө өгөх байдлаар бусдад залилуулж байна. Тодруулбал, олон нийтийн сүлжээ ашиглан хуурамч цахим хуудсаар амны хаалтны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах хэрэг цөөнгүй гарсан. Мөн ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж, иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх зэрэг үйлдлүүд бүртгэгдсэн байна. Үүгээр зогсохгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн иргэдийг залилах тохиолдол ч цөөнгүй гарсан. Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн талаар цахим орчинд нийтлэгдсэн 21 мэдээллийг шалгаж, зургаан иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 4.6 сая төгрөгөөр торгосон. Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, аливаа мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй” гэв.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид