Улаанбаатар 1c

ШУУРХАЙ ШТАБ: Иргэд тайван байх нь бидэнд хамгийн том дэмжлэг болоод байна

УОК-ын орлогч дарга П.Бадрал мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр 11 дэх тохиолдол бүртгэгдсэн. Бидний хувьд нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч манай шуурхай штабын ажилчид тулгарсан асуудлуудад цаг тухайд нь хяналт тавин ажиллаж байна.

Иргэдийн хүсэн хүлээсэн нэг мэдээлэл бол дараа дараагийн тусгай нислэгийн асуудал. Зайлшгүй шаардлагаар тусгай үүргийн онгоцыг түр зогсоосон байгаа. Гадаад Хэргийн Яамнаас өгсөн мэдээллээр дэлхий нийтэд тархан суурьшсан иргэдээс 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Элчин сайдын яам болон Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан хүргүүлсэн байна. Энэ тоо цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа.

Мөн бусад улс орнууд гадаадад оршин суугаа иргэдээ хэрхэн татаж авч буй мэдээлэл их чухал байгаа байх. Европын улс орнуудад цар тахлын тархалт огцом ихэссэнтэй холбогдуулан дэлхийн 100 гаруй улс иргэдээ бусад улс орнуудаас татаж авч байгаа. Австралийн засгийн газраас хусэлт ирүүлж, Монгол Улсад оршин суугаа зургаан иргэнээ өнөөдөр өглөө тусгай нислэгээр авсан. Түүнчлэн БНСУ-ын Засгын газар энэ амралтын өдрүүдээр манайд оршин суугаа 200 орчим иргэнээ татаж авах хүсэлтээ тавьсаны дагуу бэлтгэл ажил хангагдаж байна. Бид ч мөн адил 9000 гаруй иргэдээ татаж авах ажлыг эхлүүлээд явж байна. Нөгөөдөр өглөө буюу гуравдугаар сарын 28-ны өдөр ОХУ-аас иргэдээ татаж авах ажил зогсоно. Холбогдох байгууллагуудтай санал солилцсоны үр дүнд ойрын хугацаанд тусгай үүргийн гурван нислэгийг үйлдэх шийдвэрийг Засгийн газарт танилцуулсан.

  • Дөрөвдүгээр сарын 2-ны 08:00 цагт БНСУ руу
  •  Дөрөвдүгээр сарын 3-нд 01:00 цагт Япон улс руу
  • Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоцыг илгээнэ. Гурван удаагийн тусгай нислэгээр 750 гаруй иргэнийг эх оронд нь авчрах боломжтой гэж үзэж байгаа юм. Тэдний хамгийн багадаа 21 хоног тусгаарлана” гэлээ.

Харин ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Сөулээс эхний нислэгээр ирэх хүсэлт илгээсэн 800 орчим иргэдээс бидний тавьсан шаардлагуудыг биелүүлсэн мөн хүсэлт ирүүлсэн дарааллаар татан авна” гэж мэдэгдсэн бол МХЕГ-аас “Тусгай үүргийн нислэгийн талаар иргэдэд анхааруулж мэдээлэх асуудал бидэнд байна. Тусгай үүргийн нислэгийг МХЕГ-ын хоёр ажилтан, ЭАХХБ-ын улсын байцаагч нар дагалдаж явна. Эдгээр хүмүүс тус нислэгт хамрагдаж буй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, тодорхой асуумжуудыг асууж халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүрэгтэй. Иймд нислэгт хамрагдах иргэд тус дэглэмийг сахиж, асуумж мэдүүлэгт үнэн зав хариулж бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

Түүнчлэн Шуурхай штабын утсанд иргэдээс маш их бухимдсан дуудлага ирж байгаа. Тиймээс та бүхэн тайван хүлээцтэй байгаарай. Иргэд тайван байх нь бидэнд хамгийн том дэмжлэг” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид