Улаанбаатар 1c

Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсан ч хэрэгжихгүй байна

Коронавирусийн халдвартай холбоотой манай улсын эдийн засагт хүндрэл гарч, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Үүнээс шалтгаалан банкны салбарын зээлийн эргэн төлөлт доголдох болжээ. Иймд Төв банкнаас тодорхой арга хэмжээ авч, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах талаар албан ёсоор мэдэгдсэн. Уг шийдвэрийг энэ сарын 19-нд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Засгийн газрын хуралдааны үеэр “Арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос хэрэглээний зээл авсан иргэд үндсэн зээл ба зээлийн хүүгээ хугацаандаа төлөх боломжгүй бол гурван сарын хугацаанд хойшлуулах боломжтой” хэмээн танилцуулсан юм
Манай улсын нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй гэх судалгаа бий. Үүнд, ипотек, цалин, тэтгэвэр болон бусад зээл хамаардаг. Шийдвэр гараад долоо хоносон ч өнөөдрийг хүртэл уг шийдвэр хэрэгжээгүй байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.  

НЭГ САРЫН ДОТОР ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ 0.6 ХУВИАР ӨССӨН

Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин “Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1.5 сая иргэн хэрэглээний зээл авсан. Арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 17.2  их наяд төгрөг, үүнээс 8.4 их наяд нь хэрэглээний зээлд хамаарч байна. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрвэл ангиллыг нь бууруулахгүй гэх шийдвэр гарсан. Шийдвэр гарсны дараа буюу энэ сарын 19-нд арилжааны банкуудад энэ саналаа хүргүүлсэн. Одоогоор саналын хариуг бидэнд ирүүлээгүй байна. Арилжааны банкууд дотоод зохион байгуулалтаа хэлэлцэж байгаа гэсэн. Манайхаас актив ангиллын журам хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой заалтууд тусгасан ч хэрхэн хэрэгжүүлэхээ сайн мэдэхгүй байх шиг байна. Зээлийн хугацаа хэтэрвэл чанаргүй зээл рүү шилдэг 15 хоногийн хугацааг 90 хоног болгож сунгасан учраас банкуудад хүндрэл үүсгэхгүй.

Гурван сараар зээлийн хугацааг хойшлуулбал хугацаанд нь тулгаад зээл авсан зээлдэгчийн гэрээ зөрчигдөнө. Энэ харьцааг эхний ээлжид зохицуулах хэрэгтэй

Нөгөө талдаа  бид зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байгаа. Урьд нь зээлийн гэрээнд ойрхон өөрчлөлт оруулбал ангиллыг нь бууруулчихдаг байсан юм. Үүнийг нь бид долдугаар сарын 1 хүртэл зогсоож байгаа. Ингэснээр банкуудад ирэх ачаалал ч багасах юм. Бид аль аль талд нь боломжтой хувилбар дэвшүүлсэн. Харин хэрэгжих үйл явцад салбарын эдийн засагчид ойлголт багатай байх шиг байна. Хоёрдугаар сарын байдлыг нэгдүгээр сартай харьцуулахад хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 12.4 хувиар өссөн бол чанаргүй зээлийн хэмжээ нэг сарын дотор 0.6 хувиар нэмэгдсэн. Энэ нь цаашид банкны салбарт хүндрэл үүсгэж, чанаргүй зээлийн хэмжээ өсөх эрсдэлтэйг харуулж байна. Хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалах арга хэмжээг Банкны тухай хуулийн дагуу Монголбанк хариуцдаг. Тиймээс 90 хоногийн хугацаанд зээлээ хэтрүүлэх боломжийг зээлэгчдэд олгосноос биш арилжааны банкуудын үйл ажиллагаанд оролцож болохгүй. Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргахдаа манайх тодорхой тооцоо судалгаанд үндэслэж гаргасан. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах нэгдсэн зөвлөлөөс гаргасан шийдвэр учир нэгдсэн байр суурь гэж ойлгож болно. Зарим эдийн засагч зээлийн хүүг бууруулах, төлөлтийг царцаах олон улсын жишигтэй харьцуулж ярьж байгаа ч манайд хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдмал. Учир нь, олон улсын жишигт Засгийн газар нь Төв банкнаасаа үнэт цаас худалдаж аваад хүүг нь царцаах арга хэмжээ авч байгаа. Гэтэл манайд үнэт цаасны арилжааг зогсоочихсон. Иргэд зээлийн эргэн  төлөлтөө хойшлуулахдаа заавал ногтлох шаардлага байхгүй. Банкуудад иргэдийн орлого зарлагын мэдүүлэг байдаг. Тэгэхээр орлого зарлага нь тасарч байгаа эсэхийг шууд мэдэх боломжтой. Арилжааны банканд гарч болох нэг хүндрэл бий. Энэ нь зээлийн гэрээ шинэчлэхэд бага зэргийн ачаалал үүсэх магадлалтай. Үүнийг зохион байгуулалтаараа шийдвэл асуудал гарахгүй” гэлээ.

МОНГОЛБАНКНЫ ШИЙДВЭРИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АРИЛЖААНЫ БАНКУУДАД ХҮНДРЭЛ ГАРЧ БАЙГАА ГЭВ

Энэ талаар арилжааны банкуудын төлөөллөөс тодруулсан юм:
“Голомт” банкны мэргэжилтэн “Манайд Монголбанкнаас хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах талаар санал ирсэн ч одоохондоо бид шийдвэр гаргаагүй байна. Бид энэ талаар хэлэлцэж байгаа. Шийдвэр гаргасны дараа бид Монголын Банкны нэгдсэн холбоонд мэдээллээ өгнө. Хэрвээ банкны салбараас нэгдсэн шийдвэр гарвал зээлээ төлөх боломжгүй иргэд салбар нэгжид очиж гэрээгээ шинэчлэх юм. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна” гэв.
Монголын банкны холбооны эх сурвалж “Банкууд энэ талаар хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар (өчигдөр) эцсийн шийдвэр гаргаагүй байна. Нэгдсэн мэдээлэл гарахаар албан ёсоор өөрийн цахим хаягаараа мэдээлэл хүргэнэ. Хамгийн гол нь иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Банкуудын саналыг харгалзаж шийдвэр гаргана. Бид гишүүн байгууллагынхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй” гэх тайлбар өглөө.
Арилжааны банкуудын мэдээлж буйгаар Монголбанкнаас шийдвэр гаргасан ч үүнийг хэрэгжүүлэхэд банкуудад хүндрэлүүд гарч байгааг ийнхүү тайлбарлаж байна. Тухайлбал, хэрэглээний зээл нь тодорхой хэмжээний хязгаартай бөгөөд хугацаа болон хэмжээндээ тулгаад зээлээ авсан харилцагчдад хүндрэл үүсэж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Гурван сараар зээлийн хугацааг хойшлуулбал хугацаанд нь тулгаад зээл авсан зээлдэгчийн гэрээ зөрчигдөнө. Энэ харьцааг эхний ээлжид зохицуулах хэрэгтэй гэдгийн албаны эх сурвалж мэдээлсэн юм.

ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ШИЙДВЭР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Энэ талаарх иргэдийн байр суурийг сонслоо:
Иргэн А.Хонгорзул: Би Төрийн банканд 30 сая төгрөгийн зээлтэй. Үйлдвэрлэл эрхлэх гэж зээл авсан. Сар болгоны 23-нд төлөлтөө хийдэг юм. Уг нь зээлийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулна гэсэн мэдээлэл гарсан ч банкнаас хойшлоогүй, зээлээ хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. Ингээд эгчээрээ зээл авахуулж, зээлээ төлсөн.  Зээл, зээлийн хүүг гурван сараар хойшлуулах тухай мэдэгдлийг би улс төрийн “шоу” гэж харж байна. Ард түмэнд хүрсэн бодитой шийдвэр болж чадахгүй байна. Уг нь энэ шийдвэр хэрэгжээд эхэлбэл хувиараа бизнес хийдэг бидэн шиг хүмүүст дэмтэй шүү дээ. Коронавирусийн халдвар гарсантай холбоотой бид ямар ч орлогогүй байгаа. Хоёр идэхгүй хоосон хонохгүй бүсээ чангалаад л зээлээ төлж байна.
Иргэн Д.Цэвэлмаа: Хөл хорио тогтоосноос хойш бид ажилгүй, гэртээ сууж байна. Ажил хийхгүй учраас өрхийн орлого байхгүй болсон. Би “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас машины зээл авсан юм. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна гэсэн мэдээлэл гарсны дараа зээлээ төлөлгүй хэд хоног явсан. Гэтэл хойшлуулаагүй гээд алданги тооцоод эхэлсэн байна лээ. Ингээд зээлээ хойшлуулах санаатай өчигдөр банк бус байгууллагад очсон. Гэтэл “Тийм зүйл байхгүй. Манайд энэ шийдвэр хэрэгжихгүй” гэсэн тайлбар өгсөн. Долоон сард дуусах байсан зээлээ түр хойшлуулаад 10 сард дуусгана гэж би ойлгосон. Ажилгүй, орлогогүй байгаа энэ үед алданги тооцохгүй байвал бидэнд хэрэгтэй л байна. Хойшлуулах шийдвэр гаргалаа гэж мэдэгдчихээд хэрэгжихгүй байгааг ойлгохгүй байгаа. Уг нь тодорхой судалгаанд үндэслэж, гаргасан байлгүй. Энэ асуудлаа шийдэж нэг талд нь багтаамаар байна. Иргэдийн дунд  хүлээлт их байгаа шүү дээ.
Иргэн А.Шоовдор: Боломжтой бол төлөөд явах нь зөв. Зээлээ хойшлуулж байгаа болохоос хүүг нь буруулаагүй шүү дээ. Сүүлд сонссон мэдээллээр Монголын банкны холбооноос шийдвэр нь гараагүй гэж байсан. Боломжтой байгаа дээрээ зээлээ төлөхгүй бол дараа нь ачаалал үүсэх эрсдэлтэй юм билээ. Энэ шийдвэрийг би ямар ч судалгаагүй гарсан гэж харж байгаа. Ингээд банкны дүрэм журмаар  зохицуулагдаагүй учраас гацаанд орчихсон юм болов уу. Би Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авсан. Нэгэнт Засгийн газар иргэддээ дэмжлэг үзүүлэх гэж байгаа бол банкуудтайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Засгийн газар шийдвэр гаргачихаад байхад банкууд нь хэрэгжүүлэхгүй гэх үл ойлголцол гарах ёсгүй.
Гудамжинд зогсох захын хүнээс асуухад зээлтэй гэх хариултыг өгнө. Орлого нь хаагдаж, банкны хүүнд дарлуулж буй иргэдэд бодит шийдвэр хэрэгтэй байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид