Улаанбаатар 1c

“Аюултай” Монгол

Дэлхийн жүдо бөхийн мэргэжилтэн,  спортын тайлбарлагчид сүүлийн жилүүдэд “Аюултай” Монгол гэдэг хэлц маягийн үгийг их ашиглах болсон. Бараг л тэдний амны уншлага шиг болчихсон  гэвэл дэгс болохгүй. Олимп, дэлхийн аварга бөхчүүдийг “Ангуучлан” ханаруулан ялж, үзэгчдийг шуугиулах болсон, Монголын авьяаслаг жүдоч С.Мияарагчаа, Л.Отгонбаатар, Ц.Цогтбаатар нарыг  “Аюултай” монгол гэж нэрлэх болсон. Тэд олимп, дэлхийн медальгүй хэрнээ топ фаворитуудыг ялж чадаж байгаа нь гайхамшиг болсон юм.
2009 онд “Хонгор нутаг” ТББ-ын тэргүүн, “Бридж” группын дэд ерөнхийлөгч Ч.Дорждэрэм Баянхонгор аймгаас ирсэн 12 настай нэгэн хүүг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн секцэнд оруулж өгсөн байдаг. Ч.Дорждэрэм тэр хүүг сайн жүдоч болох ирээдүйтэй, авьяаслаг хүү хэмээн хэлсэн нь талаар болоогүй юм. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн шавь болсон тэр жаахан хүү бол ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар байлаа. Тэрбээр хүүхдийн “Аваргын гараа”

үндэсний бөхийн тэмцээнд  барилдахаар аав, ээжийн хамт Баянхонгор аймгийн Хүрээмарал сумаас иржээ. Гэтэл тэмцээний бүртгэлээс хоцорч, бүртгэлийн хураамжийн мөнгө дутсанаас болоод барилдаж чадаагүй гэдэг. Ээж нь араас нь мөнгө авчирсан боловч тэмцээний бүртгэл хэдийн дуусчихсан байж. Тэмцээнд оролцож чадаагүйдээ хор шар нь буцалсан хүү Бөхийн өргөөний шатан  дээр уйлаад суучихжээ. Арга нь барагдсан аав, ээж хоёр нь  “Миний хүү битгий уйл. Бид хоёр чамайг бөхийн секцэнд оруулж өгнө. Чи бөх болоод олон тэмцээнд орно” гэж аргадан, урмын үг хэлжээ. Улмаар нутгийн хүмүүсээр дамжуулан Ч.Дорждэрэмтэй холбогдож хүүгээ бөх болгох зорилготой байгаагаа танилцуулсан гэнэ. Тэдний хүсэлтийн  дагуу “Бридж”-ийн Ч.Дорждэрэм, Ц.Цогтбаатарыг ОБЕГ-ын Ц.Шийрэв багштай холбож өгсөн түүхтэй юм билээ. Ингэж Ц.Цогтбаатарын жүдочин болох эхлэл тавигдсан байдаг. Жүдогийн секцэнд ороод удаагүй байхдаа клубүүдийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнд анх удаа 27 кг-д барилдаж хүрэл медаль авч байжээ. Түүний дараа Я.Доржийн нэрэмжит олон хотын тэмцээнээс алтан медаль хүртсэн байна.
Сайн багшийн шавь болсон, бөх болох хүсэл тэмүүлэлтэй, төрөлхийн унаган авьяастай хүү өөрийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд богино хугацаанд амжилт гаргаж эхэллээ. Эдгээр амжилтууд нь жүдогийн мэргэжилтэн нарын анхаарлыг татаж, дэлхийд нэр алдраа цуурайтуулж чадсан юм. Түүнд өөрийгөө таниулж, дэлхийн энтэй тамирчин болох ирээдүй бий гэдгээ харуулахад ердөө таван жилийн хөдөлмөр хангалттай байв. Энэ хугацаанд тэрбээр жүдо бөхийн өсвөр ДАШТ-ээс Монгол Улсдаа анхны хүрэл медалийг авчирсан байдаг. Улмаар 2014 онд 17 настайдаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медалийг авч чадлаа. Дараа жил нь 2015 оны залуучуудын ДАШТ-д дахин өмнөх жилийн амжилтаа давтаж мөнгөн медаль хүртэв.
2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-д 17 настай хүү амжилттай барилдаж ОУХМ Г.Хэрлэн, Д.Баярмагнай нарыг ялж хүрэл медаль хүртэж, цахиур хагалах хүү хэмээн нэрлэгдэж бөх сонирхогчдын танил болсон билээ. Түүний дараа жил Ц.Цогтбаатар насанд хүрэгчдийн УАШТ-д мөн л 60 кг-ын олон шилдэг бөхийг ялж шуугиан тарин медаль хүртэж олны анхаарлын төвд хүч түрэн орж ирэв. Тэрбээр ОУХМ Г.Хэрлэнтэй улсын аваргын төлөө барилдаж мөнгөн медалийн эзэн болов. 2015 онд Казахстаны Астана хотноо явагдсан ДАШТ-ий 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатарын хамт оролцон барилдав.  Цогоо нэгдүгээр тойргийн барилдаанд Швейцарийн жүдочин Людовик Чаммартиныг үүрэх мэхээр цэвэр ялсан юм. Хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриковыг хожсон. Улмаар наймны нэгийн барилдаанд Өмнөд Солонгосын бөх Ким Вон Жинтэй барилдав. Үндсэн цагт тэр хоёр үнэлгээ авалцаагүй учир нэмэлт цагийн барилдаан хийхээр болов. Нэмэлт цагт Цогоог хутгах мэх хийхэд түүнийг анаж байсан Ким Вон Жин дагаж эргэн базари үнэлгээ авч хожсон билээ. Хэрэв Цогоо Ким Вон Жинийг хожсон бол медаль хүртэх бүрэн боломжтой байсан юм. Ким Вон Жин Цогоог ялж дэлхийн аваргаас хүрэл медаль авсан.
2016 оны насанд хүрэгчдийн УАШТ-д Ц.Цогтбаатар дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг буулган авч амжилтаа улам бүр баталгаажуулсаар анх удаа улсын аваргын алтан медалийг хүртэж, “Рио-2016”-д барилдах болзлоо хангасан.  Рио-2016 олимпын наадамд түүнийг 60 кг-д барилдуулахаар сонгоход олон хүн эсэргүүцсэн. Ц.Цогтбаатар туршлага багатай. Сахилга бат муу, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хэт яаруу, хий, салхи ихтэй. Жин их хасдаг гэж дургуйцсэн байдаг.

Энэ бүх яриа нь Цогоод сэтгэлийн дарамт болчих шиг болсон. Тэрбээр “Дэлхийн аварга Г.Болдбаатар гэж мундаг жүдоч байхад яагаад намайг сонгосон юм бол. Болдоо ах олимпод явбал медаль хүртэх боломж байгаа” гэж гайхан, эргэлзсэн бодолтойгоор олимпод зодоглосон байдаг.  Риогийн олимпын нэгдүгээр тойргийн барилдаанд Пан Америкийн аваргын мөнгөн медальт Гватемалийн бөх Х.Рамосыг, хоёрдугаар тойрогт Финландын Ж.Реинваллыг ялсан.  Ингээд дараагийн тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Өмнөд Солонгосын Ким Вон Жинтой дахин таарч базари үнэлгээ алдан ялагдал хүлээж барилдаанаа дуусгасан. Харин Ким Вон Жин олимпын хүрэл медальтан болсон билээ.  Олимпын дараа Цогоо ярихдаа “Би олимпоос өмнө дэлхийн олон шилдэг бөхтэй барилдаж үзсэн. Гэтэл олимп гэдэг тэс өөр уур амьсгалтай юм билээ. Би санасан, хүссэн хэмжээгээрээ чөлөөтэй хөдөлж, барилдаанаа гаргаж чадаагүй. Риогийн олимпод ялагдсаны дараа маш их сэтгэлээр унасан” гэсэн байдаг. 

Ц.Цогтбаатар өрсөлдөгч тамирчнаа  хүлээж барилддаггүй. Хурц  дайчин шийдэмгий барилдаан гардаг. Дэвжээнд сонгодог жүдо гэдгийг харуулж чаддаг. Түүний зогсолтгүй довтолгоон, шийдсэн салхитай барилдаан нь зарим өрсөлдөгч бөхчүүдэд хялбар өгөөш болох нь бий. Дэлхийн шилдэг бөхчүүд Цогоотой барилдахдаа түрүүлж мэх хийдэггүй. Харин Цогоогийн хийсэн мэхийн алдааг ашиглах гэж анаж барилддаг. Цогоо Риогийн олимпын дараа 60 кг-аасаа дээш жин өгсөн 66 кг-ыг алгасан 73 кг-д барилдах болсон нь олон хүнийг гайхахад хүргэсэн. Яагаад 66 кг-д барилдахгүй шууд 73 кг болчихвоо. Түүнд 66 кг яг таарна. Илүү амжилт гаргах боломж бий гээд шуугилдсан. Гэвч түүний сонголт  73 кг-ын жин байлаа.  Ц.Цогтбаатарыг  2015 онд  Самсуны гранпри тэмцээнээс медаль хүртэхэд IJF- ийн ерөнхийлөгч Мариус Визер шагнал гардуулахдаа “Баяр хүргэе. Чи шилдэг нь байсан. Амжилт хүсье” гэж хэлжээ.  Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч тэр том хүнээс тийм сайхан үг сонсоод урам орсон гэдэг. Тэр тэмцээнээс хойш Цогоо гранпри, гранд сламаас тасралтгүй шахам медаль хүртсэн. Түүний эдгээр амжилт нь дэлхийн шилдгүүдийн зүрхэнд “шар ус” хуруулах болсон билээ.

2017 онд Парисын их дуулга буюу “Бага дэлхийн аварга”-д Цогоо урамтай сайн барилдсан. “Рио-2016” олимпын аварга Италийн жүдочин Фабио Басилег буулган авч сенсаци дэгдээсэн. Улмаар Буркино Паосо, Молдав, Израйлийн бөхчүүдийг ялж хэсгийн аваргын төлөө “Лондон 2012” олимпын аварга Гүржийн Лаша Шавдатуашвилиг буулган авч дахин шуугиан дэгдээсэн. Хагас шигшээ барилдаанд Косовогийн Акил Гжаковаг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө дэлхийн аварга Японы бөх Сочи Хашимотод хожигдон мөнгөн медаль зүүсэн.  Ер нь Цогоо олимпын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын бөх Беслан Мудранов, дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны бөх Игар Мушкиев,  дэлхийн аваргын хүрэл медальт Гүржийн Амиран Папинашвили зэрэг шилгүүдийг ялчихаад байгаа.
Цогоо ДАШТ-д жаахан од муутай барилдаад байгаа билээ. Энэ нь түүний хор шартай, хэт “шатаж” барилддаг сэтгэл зүйтэй холбоотой байж магадгүй. Шилдгүүдтэй маш сайн барилддаг хэрнээ залуу бөхчүүдэд ялагдах нь бий. 2018 оны Бакугийн ДАШТ-д олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Рустан Оружавыг нутгийн дэвжээн дээр нь буулган авсан ч, дараагийн тойрогт  хүрэл медалийн төлөөх барилдаанд  алдаа гаргаж ялагдал хүлээсэн. Харин 2019 онд Арабын нэгдсэн Эмиратын Фужайра хотноо явагдсан АТАШТ-ий алтан медалийн төлөө дэлхийн аварга Өмнөд Солонгосын бөх  Ан Чан Римтай урамтай сайн барилдаж түүнийг цэвэр ялж, Ази тивийн аварга болсон. Улмаар 2020 оны эхний тэмцээн Парисын их дуулга тэмцээнд амжилттай барилдаж дэлхийн хошой аварга Японы тамирчин М.Эбинүмаг хожиж хүрэл медаль хүртээд байна.

Ц.Цогтбаатар  Ц.Шийрэв багшдаа их баярлаж явдаг юм билээ.  Тэрбээр багш “Яг аав шиг минь надад ханддаг. Намайг өдий зэрэгт хүргэсэн хүн” гэж бахархан ярьж байлаа.  Арга ч үгүй байх. Бөх болох сонирхолдоо хөтлөгдсөн жаахан хүүд жүдо бөхийн мэх, арга техникийг бүрэн эзэмшүүлж дэлхийн шилдгүүдийн эгнээнд оруулж чадсан ачтан гэвэл түүний багш Ц.Шийрэв. Гэхдээ Цогоогийн  дэлхийн шилдгүүдийн эгнээнд орсон, амжилт, ялалтын зам дардан шулуун байгаагүй. Ялагдал, бэртэл гэмтэл, туршлага, аз дутсан, алдаа гаргасан, нугачаа давааг туулж яваа. Орон гэрээсээ хол, өмсөх кимоногүй, өвөртөө мөнгөгүй, өлсөж, цангах бэрхшээл саадыг тэр давж, туулаад л гарсан.  Тэрбээр 2015 онд Абу Дабигийн их дуулгаас мөнгө, Улаанбаатар, Самсуны гранпригээс хүрэл,  2017 онд Гаагаас хүрэл, 2018 онд Парисаас хүрэл, Екатеринбургээс алт, Хөх хотоос хүрэл, 2019 онд Парисаас мөнгө, Азийн аваргаас алт, 2020 онд Парисын их дуулгаас хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байгаа. Одоо түүнийг Токио-2020 олимпын наадам  хүлээж байна. “Аюултай” Монгол Ц.Цогтбаатар олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргах нь дамжиггүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид