Улаанбаатар 1c

М.Эрхэмбаяр: Дэлхийн аварга болох зорилготой

Монголын бодибилдинг фитнессийн холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн нэрэмжит Бодибилдингийн улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн “Монголын Мистер-2020” тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сарын 24,25-ны өдрүүдэд  болж өндөрлөсөн. Тус тэмцээний 180 см-ээс дээш өндрийн ангилалд “Тэргүүн байр”, зургаан төрлийн шилдгүүдтэй өрсөлдөж “Үнэмлэхүй аварга”–аар тодорсон Мэндээгийн Эрхэмбаярыг “Шинэ танил”-даа урилаа.

-Хэзээнээс фитнессээр хичээллэж эхэлсэн бэ. Ямар мэргэжилтэй вэ? 
- Би Шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2015 онд Үйлдвэр, технологи, дизайны чиглэлээр төгссөн. 2011 оноос фитнессээр хичээллэж эхэлсэн. Тухайн үед 67 кг жинтэй, туранхай, урт үстэй, амьд хөгжим тоглодог залуу байсан. Их сургуульд орсон жилээ бага зэрэг жин  нэмэх зорилгоор байрныхаа найзыг дагаад фитнесст явж байлаа.

 -Хүмүүс ганц хоёр сар фитнесст явж байгаад орхичихдог. Өөрийн чинь хувьд мэргэжлийн тамирчин болтлоо тууштай хичээллэхэд юу нөлөөлсөн бэ?
-Надад ч шантрах үе байсан. Ялангуяа, анхны тэмцээндээ ороод финалд шалгарч чадахгүй байх. Цаашлаад оролцсон тэмцээндээ зорьсон амжилтандаа хүрэхгүй байх үед их шантардаг. Гэхдээ хүнд зорьсон зорилго, хүсэл тэмүүлэл байхад тууштай байж чаддаг юм. Хүн өөртөө гарж байгаа багахан ч гэсэн өөрчлөлтийг хараад урам аваад сурчихвал илүү их хичээгээд ирнэ.

-Хэр удаан хичээллэж байж үр дүн гардаг вэ. Өөрийн чинь хувьд хэр хугацаанд эрүүл чийрэг, булчинлаг  биетэй болсон бэ?
-Би энэ спортоор хичээллээд есөн жил болж байна. Энэ бол цаг хугацааны спорт гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Анх хичээллэж байгаа хүмүүс тэр дорхноо 10-20 кг хасна, нэмнэ, тийм ч том булчинтай болно гэж боддог. Тэгээд бодсон шиг нь хурдан үр дүн гарахгүй болохоор шантраад орхидог. Ер нь үр дүн нь тухайн хүнээс шууд хамааралтай. Хэчнээн мундаг багштай, том фитнесст  явдаг байгаад өөрөө хичээхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Хувийн зохион байгуулалт сайтай, тэвчээртэй хүн л богино хугацаанд өөрчлөлт гаргаж чадна.

-Бид түгээмэл ашигладаг ч ялгааг нь сайн мэддэгүй юм шиг санагддаг. Фитнесс, Бодибилдинг хоёр юугаараа ялгаатай юм бэ? 
-Хоёр өөр зүйл шүү дээ. Фитнессээр хичээллэж байгаа хүн  өөрийнхөө ажил, амьдралын хажуугаар долоо хоногт 3-4 удаа фитнесст явж, хөдөлгөөнтэй эрүүл амьдарч байгаа юм. Харин бодибилдингийн тамирчин гэдэг өөрийнх нь ажил болсон байдаг. Өглөө өлөн дээр кардио дасгал хийнэ. Бүтэн өдрийн  турш хоолоо хэмжиж, граммаар хооллоно. Өдөр жижиг булчингийн дасгал хийлээ гэхэд орой нь том булчингийн дасгал хийнэ.

-Энэ спортоор хичээллэсэн хүн ямар давуу талтай болдог вэ? 
-Хүнд маш их тэсвэр тэвчээр, нөөц бололцоо байдгийг харуулдаг. Ус уухгүй усаа хасах, биеийн байдлаас шалтгаалдаг арьсны нимгэн, зузаан, өөхний хувьнаас шалтгаалж төмс огт идэхгүй байх гэх мэт дэглэм барих шаардлага гардаг. Хувийн зохион байгуулалт сайжирч, эрүүл амьдралын хэв маягтай болдог.

-Өдөрт хэд орчим цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ. Тамирчнаас гадна мэргэжлээрээ ажилладаг уу? 
-Одоогоор мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Өдөрт найман цаг бэлтгэл хийдэг. Гэхдээ бэлтгэл хооронд амралттай хийнэ. Бэлтгэл сургуулилтынхаа хажуугаар хувийн дасгалжуулалт хийдэг.  Зөвхөн дасгал биш хоол хүнс, биеийн байдал, сэтгэл зүйтэй ажиллана гэсэн үг. Сард 4-5 хүнд хичээл заадаг.  Бас хоол хийх дуртай учраас хүргэлттэй, эрүүл фитнесс хоол хийж борлуулдаг.Хүмүүс фитнесс хоол гэхээр амтгүй гэсэн ойлголттой  байдаг. Гэвч амттай бас эрүүл фитнесс хоол хийж болно гэдгийг харуулахыг зорьсон.

-“Монголын мистер–2020” тэмцээнээс “Үнэмлэхүй аварга” шагнал хүртсэн. Тэр үед ямар мэдрэмж төрж байв?
-Монголын мистер тэмцээнд 2015 оноос хойш тасралтгүй оролцсон. 2015, 2017 онд шагналт IV байр, 2018, 2019 онд хүрэл медаль хүртсэн. Харин 2016 онд амжилт гаргаж чадаагүй. Би амжилтаа ахиулж, тэргүүн байр эзлэхийг маш их хүсэж, хөдөлмөрлөсөн. Ингээд 2020 онд Үнэмлэхүй аварга болсон.

-Цаашид ямар амжилт гаргахыг зорьж байна вэ? 
- Би 2017 онд Бодбилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Энэ жил амжилтаа ахиулж, түрүүлэх зорилготой байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид