Улаанбаатар 1c

Дүрвэгсдэд хэн туслах вэ

Дэлхий даяар тархаж буй коронавирусийн халдвар хүн төрөлхтөнд ёс зүйн шинэ хэм хэмжээг тулгаж байгааг шинжээчид онцолж байна. Гараа тогтмол угаах нь бүү хэл, уух цэвэр усгүй нөхцөлд хоёр тэрбум хүн амьдарч буй. Өөрсдийгөө бөөгнөрсөн олноос тусгаарлах ямар ч аргагүй, дүрвэгчдийн хуаранд амьдарч байгаа 70 сая хүн бий.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ дүрвэгчдэд туслах сан байгуулж, 1.5 тэрбум ам.доллар цуглуулах уриалга гаргав. Хүмүүнлэгийн хямралд байгаа дүрвэгчдийн хувьд наад захын хэрэгцээг хангахад нь туслах мөнгө боловч нөгөө талаас өвчин, хөл хорионы улмаас эдийн засаг нь хүндрэлд ороод буй орнуудын хувьд энэ нь том тоо юм.

Амны хаалт, бээлий худалдан авах боломжгүй хэдэн зуун сая иргэн Африкт байна. Гэнэтийн өвчин, тахлын үед гэр гэртээ байхыг уриалж байхад “Бидэнд гэр ч алга” гэсэн хариу хэлэх олон сая хүн одоо хэрхэн амьд үлдэх вэ гэж бодож сууна. Цаашлаад, эмнэлгийн хэвийн үйлчилгээ авч чадахгүй улс орны иргэд ч бий. 

Товчхондоо,  ДЭМБ-аас гаргаж буй уриалгыг дагаж чадахгүй, эмч мэргэжилтнүүдийн өгч байгаа зөвлөгөөг биелүүлж дийлэхгүй хүмүүс өөрсдийгөө аюулд оруулж, өрөөлд ч халдвар тарааж болзошгүй байгаа юм. Энэ сацуу хэдхэн сарын өмнө сонины хуудсуудаар дүүрч байсан дүрвэгчдийн асуудал, Палестиний хямрал, Төвөдийн хувь заяа, байгаль орчны доройтол ч  коронавирусийн дуулианд дарагдлаа. 

Зөвхөн дүрвэгчдийн нөхцөл байдлыг харвал, Европт хөл тавих боломж тэдний хувьд хэдийн хаагдсан. Туркийн Ерөнхийлөгч хилээ нээж, усан хилээр Грекийн арлууд руу очсон дүрвэгчид одоо ямар нөхцөлд байгаа нь тодорхойгүй. Өмнө нь бөмбөгдөлт, дайнаас дайжсан тэд Газар дундын тэнгис рүү Европын холбооны илгээсэн онгоцоор тусламж хүлээж авч, тэдний заримыг нь усан онгоцоор Ливийн эргийн харуулынханд хүлээлгэн өгч байсан. Харин коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш байдал хэрхэж байна вэ? Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдаагүй, олноороо хуарагнан амьдарч байгаа хүмүүсийг энэ нөхцөлд ямар ч улс хилээр нэвтрүүлэхгүй нь тодорхой. 

Коронавирус бидний эрүүл мэндэд заналхийлээд зогсохгүй, итгэлцэл, ойлголцол, хүлээн зөвшөөрөхүй дээр тулгуурласан ёс зүйн хэм хэмжээг өөрчлөн, ардчиллын үнэт зүйлийг ч эвдэж болзошгүй нь. Харь элгийн хүмүүсээр зогсохгүй ойр дотныхон ч халдвар тараагч байж болох нөхцөл үүсэхэд хүмүүс амьд үлдэх хар зөнгөөрөө олон асуудалд хандаж эхэллээ. Хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа их хэмжээгээр нөөцөлснөөр хомсдол нүүрлэж, болзошгүй үймээн, эмх замбараагүй байдлаас эмээгсэд галт зэвсэг худалдан авч, ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл, заналхийлэл газар авч буйгаас энэ бүхнийг харж болох нь. Хүнс, ус, бусад бүтээгдэхүүний хэмжээ хязгаартай, харин хөл хорио, өвчний тархалт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй энэ нөхцөлд зөвхөн өөрийнхөө төлөө байж, бусдын өмнө ямар ч хариуцлага хүлээх шаардлагагүй болж мэдэх нь. 

Өнгөрсөн долоо хоногт НҮБ дүрвэгчдэд туслах сан байгуулж, 1.5 тэрбум ам.доллар цуглуулах уриалга гаргав. Хүмүүнлэгийн хямралд байгаа дүрвэгчдийн хувьд наад захын хэрэгцээг хангахад нь туслах мөнгө боловч нөгөө талаас өвчин, хөл хорионы улмаас эдийн засаг нь хүндрэлд ороод буй орнуудын хувьд энэ нь том тоо юм. Дүрвэгчдэд туслах санд хэр хэмжээний хөрөнгө, хэзээ төвлөрөх нь одоогоор тодорхойгүй. Үүнтэй адил ундны усгүй, эмнэлгийн тусламж авах боломжгүй, хүнс нөөцлөх бүү хэл өлсөж буй хүмүүст ч хэн гар сунгаж, хэрхэн туслах нь тодорхойгүй байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид