Улаанбаатар 1c

Азиудыг үзэн ядах хандлага нэмэгдсээр байна

Коронавирусийн дэгдэлт улам эрчимжиж буй энэ үед америкчуудын азиудыг үзэн ядах хандлага улам нэмэгдэж байгаа талаар АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос мэдээлжээ.  Дэлхийн хүн амын дийлэнхийг хөл  хорионд оруулж, олон мянган хүний амийг  авч одоод буй коронавирус өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод анх дэгдсэн. Тиймээс АНУ-ын иргэд төдийгүй  Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад улс, орны удирдагчид вирусийг Хятад Улстай тэр тусмаа Уханьтай холбон мэдэгдэл хийж, мэдээлэх болсон билээ.

Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  хэвлэлийн хурал хийх үеэрээ  хэд хэдэн удаа “Хятад вирус” гэх нэр томъёог ашигласан юм. Түүний энэ үйлдлийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үзэл хэмээн олон хүн  шүүмжилж байсан билээ. Түүнчлэн вирус дэгдсэнээс  хойш  Франц, Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр  "Шар аюул", "Вирустэй хятад панда", "Хятад хүүхдүүд гэртээ үлд" зэрэг гарчигтай нийтлэлүүд гарч эхэлсэн.  Харин  азиудыг үзэн ядах хандлага нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн  хэдэн долоо хоногийн турш дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг нэвтрүүлгүүдийг англи хэлээр бэлтгэн  явуулж эхлээд байна.

Сан Францискогийн их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар коронавирустэй холбоотойгоор Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн холбогдолтой мэдээлэл 50 хувиар нэмэгджээ. Хойд Америкт 2009 онд бүртгэгдэж байсан H1N1 гахайн томуу, 1996 онд Шотландад дэгдэж байсан гэдэсний савханцарын үед азиуд болон бусад улс үндэстэн Европ тивийнхнийг ялгаварлан гадуурхаж, сөрөг хандлага гаргаж байгаагүй. Харин эсрэгээр шинэ төрлийн коронавирусийн нэгэн адил 2003 онд Азид анх дэгдсэн А хүрээний вирусийн халдвар, 2014 онд Африкт анх дэлгэрсэн эбола вирусийн үед африкчууд болон азиудыг үзэн ядах хандлага мөн л ажиглагдаж байв.

Эх сурвалж: https://abcnews.go.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид