Улаанбаатар 1c

Ч.Хүрэлбаатар: Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд төрийн байгууллагууд орохгүй

Эдийн засагт үүссэн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг авлаа.

-Коронавирусийн халдвартай холбоотой эдийн засагт сөрөг үр дагаврууд гарч, төрөөс тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Эдгээр ажлын талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Эдийн засгийн хүндрэлийн эсрэг бид дэлхийн бусад орон, түүний дотор Монгол Улсын худалдааны гол түншүүдийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийдвэрээ гаргаж байна. ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэг, манай улсын эдийн засгийн гол түнш БНХАУ-ын эдийн засгийг хоёр хувь гэж тооцсон байна. Бид коронавирусийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нэг жилээр тооцож, төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байгаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Эхний ээлжинд гурван багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэндийн асуудлыг нэн тэргүүний асуудал хэмээн үзэж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Ингэхдээ Улсын төсвийн хөрөнгө дээр тодотгох зохицуулалт хийж, 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийг салбарт олгосон. Үүнээс эмнэлгийн тоног, төхөөрөмж, эм, хамгаалах хэрэгсэлд есөн тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал зэрэг зардалд 6.5 тэрбум,  нэмэлт цалин хөлс, томилолтод 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Үүний дараа 20.6 тэрбум төгрөгийг гаднын зээл тусламжийн хүрээнд шийдсэн. Тухайлбал, Азийн хөгжлийн банкнаас 4.2 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Дэлхий банкнаас зургаан тэрбум төгрөгөөр 600 ширхэг тоног, төхөөрөмж худалдан авсан. Хоёрдугаарт, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд анхаарлаа хандууллаа. Гуравдугаарт, эдийн засгийг идэвхжүүлэх, тэлэх чиглэлээр ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах багц арга хэмжээний хуулийн төсөл боловсруулан баталлаа. Үүний санхүүжилтийг УИХ-аар батлуулна.

-Хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа вэ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 81.9 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдүүлнэ. Тус банк 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Дэлхийн банкнаас 47.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ хийж, УИХ-аар оруулах гэж байна. Нийт 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт зарцуулжээ. Шаардлагатай бол цаашид гэрээ, хэлцэл хийнэ.

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл, иргэдийн орлогын албан татварыг зургаан сар чөлөөлөх шийдвэр гаргасан. Төрийн алба хаагчид үүнд хамаарч байгаа юм уу?
-Энэ сараас аравдугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татварыг чөлөөлөхөөр болсон. Гэхдээ улсын төсвөөс цалин авдаг албан хаагчдын орлогын албан татварыг чөлөөлөхгүй. Мөн төр, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн алба хаагчид энэ хөнгөлөлтөд орохгүй. Түүнчлэн улсын төсвийн ажлыг гүйцэтгэж байгаа буюу тендер авсан аж ахуйн нэгжүүдийн ажилчид хамаарахгүй. Онцгой нөхцөл байдлын үед эдгээр алба хаагчийн орлого буураагүй учир ийм шийдвэр гаргаж байна. Үлдсэн бүх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бүрэн чөлөөлөгдөнө. Энэ арга хэмжээнд 526 мянган хүн хамрагдаж байгаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа хэчнээн аж, ахуйн нэгж байгаа юм бэ?
-Ажлын байр хадгалах зорилгоор аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд тэглэж байгаа. нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа 105 мянга орчим аж, ахуйн нэгж бий. Энэ нь нийт аж, ахуйн нэгжийн 96 хувь юм. Иргэд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл хоёрыг тусдаа гэдгийг ойлгож, эрүүл мэндийн даатгалаа төлнө гэж ойлгоорой. нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд мөн дээр дурдсан төрийн албаныхан орохгүй. 

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш орлого нь тасалдаж, хүндрэл үүссэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад 200 мянган төгрөг олгоно гэсэн. Энэ нь эдийн засаг хүндэрсэн энэ үед хэрэгжих боломжтой шийдвэр үү?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно. Энэ нь дотроо тодорхой хэмжээний ялгаатай. Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүдийн ажилчдад энэ мөнгийг олгоно. Мөн хичээл, сургууль амарсантай холбоотой тодорхой зардалуудыг хэмнэсэн. Боловсролын салбарт хэмнэсэн энэ хөрөнгөөс 18 хүртэлх насны бүх хүүхдийн тэтгэмжийг нэмж, 30 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг энэ сараас гурван сарын хугацаанд хэрэгжүүлнэ.

-Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй долоон арга хэмжээний хүрээнд нийт 5.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь улсын төсвийн 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө. Үүний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа юм бэ?
-Эдийн засгийг тэлэх арга хэмжээ авсан энэ үед төсвийн тодотгол хийх шаардлагагүй. Дэлхий бүх улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бид ч гэсэн хэрэгжүүлж байна. Зардлаа танаж байгаа нэг ч улс байхгүй. Эдийн засаг хүссэн, хүсээгүй агшиж байхад бид зардлаа танавал урт хугацаанд үргэлжлэх эдийн засгийн хямрал руу орно. Энэ оны улсын төсөвт 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил төлөвлөсөн. Худалдан авах үйл ажиллагааны тайлангаар 15 мянган аж ахуйн нэгж орж ирж байна. Үүнээс гадна туслан гүйцэтгэгч олон компани бий. Тэгэхээр бид ийм хэмжээний аж ахуйн нэгжийн ажлын байрыг байхгүй болгоно. Тиймээс Сангийн яам төсвөө тэлсэн учраас бодлогоо үргэлжлүүлэн явуулна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой олон улсын байгууллагууд санхүүжилтийн асуудлыг түргэвчилсэн хугацаанд шийдэж өгч байгаа. Энэ 5.1 их төгрөгийн 3.7 их наядыг гаднын эх үүсвэрээс санхүүжүүлж байна. Тухайлбал, эдийн засгийг дэмжих чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас төсвийн дэмжлэг болох 60 сая ам.долларын үлдэгдлийг авахаар ярьж байна. Европын холбооноос 47.1 сая ам.долларын тусламж авна. Үлдсэн хөрөнгийг төсөв дотроо холбогдох зохицуулалт хийж санхүүжүүлнэ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид