Улаанбаатар 1c

С. Ганболд: ДНХ-ийн шинжилгээ бол нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, Биологийн ухааны доктор, профессор, дэд хурандаа С.Ганболдтой ярилцлаа.

-ДНХ-ийн лабораторид ямар төрлийн шинжилгээнүүд хийдэг вэ. Жилд дунджаар хэдэн шинжилгээ хийж байна вэ?
-ДНХ-ийн лабораторид улсын хэмжээний иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдолтой асуудлыг шийдвэрлэх шинжилгээ хийдэг. ДНХ-ийн шинжилгээг эцэг, эх тогтоох, хэн болох нь тодорхойгүй цогцос таниулах, хүчингийн хэрэг, онц ноцтой гэмт хэргийн эзэн холбогдогчдыг нотлох, сураггүй алга бологчдыг тогтоох зэрэг тохиолдол бүрт хийж байна.  Энэхүү шинжилгээний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 133 шинжилгээ, 384 объект шинжилж байсан бол өнгөрсөн онд 2034 шинжилгээ, 7016 объект шинжилсэн. Энэ нь сүүлийн арван жилтэй харьцуулахад хандалт, шинжилгээ  18 дахин өссөн  үзүүлэлт юм. 

- Улсын хэмжээнд ганц ДНХ -ийн лабораторитой гэхээр ажлын ачаалал их байдаг уу?
-Ажлын ачаалал маш их. Улсын хэмжээнд 4-5хан албан хаагч энэ ажлыг хариуцаж байна. Шинжилгээний ажилбар 3-4 шат дамжлагатай. Ихэнх ажилбарыг гар аргаар хийдэг. Нарийн төвөгтэй, нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ажилбар олон. Шинжилгээний үр дүнг, харж, эцсийн хариуг гаргадаг. Үр дүн гараагүй нөхцөлд өөр арга, аргачлал, оношлуур сонгон дахин шинжилгээ хийдэг. Ингэж  оюун ухаан, мэдлэг чадвараа шавхан гаргаж авсан шинжилгээний үр дүн үнэн, зөв байх нь шинжээч бидний ажлын үр дүн, бахархал. Энэ бол шинжлэх ухааны гайхамшиг.  Түүнчлэн төрийн, зарим байгууллагын шийдвэртэй холбоотойгоор өмнө нь хийж байгаагүй, тооцоо судалгаанд ороогүй шинжилгээнүүд хийх болсон нь манай ажлын ачааллыг улам нэмж байгаа. Орон тоо,  боловсон хүчний асуудлыг төрөөс бодлогоор дэмжвэл ачаалал буурах боломжтой. 

-Тодруулбал ямар тушаал, шийдвэрийн зохицуулалт ачаалал нэмдэг вэ?
-Нэгдүгээрт, 2019 оноос улсын хэмжээнд 16 нас хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн эхийн хүүхдийн эцгийг тогтоох Улсын прокукорын шийдвэр гарсан. Хоёрдугаарт, өнгөрсөн жилээс талийгаач нөхөр, эсвэл хамтран амьдрагч нь хүүхдийн эцэг мөн болохыг шүүхийн шинжилгээгээр тогтоосныг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох тухай Нийгмийн халамжийн ерөнхий газрын даргын тушаал гарсан. Эдгээр шийдвэртэй  холбоотой шүүхийн шинжилгээний байгууллагын ачаалал эрс нэмэгдсэн.

-Шүүхийн шинжилгээний хариу удаж гардаг гэх гомдол үе үе гардаг. Энэ нь иргэд үйлчлүүлэгчдийн бухимдлыг төрүүлдэг. Хугацааны хувьд үнэхээр ингэж уддаг юм уу?
-Онц ноцтой гэмт хэргийн эд мөрийн баримт, олон жилийн өмнө гарсан гэмт хэрэгт холбогдох удаан, зориулалтын бус нөхцөлд хадгалагдсан биологийн дээжид шинжилгээ хийхэд цаг хугацаа их зарцуулдаг. Мөн лабораторийн нэмэлт ажилбар хийх шаардлага үүсдэг. Шинжилгээг цаг хугацаанд шахахгүйгээр, ул суурьтай, нухацтай хийх нь чухал. Дээр хэлсэнчлэн ДНХ-ийн шинжилгээний үр дүнг гарган авахад үндсэн дөрвөн шат дамжлага бий. Хамгийн түрүүнд шинжилгээнд ирүүлсэн объектоос ДНХ ялгаж авна. Ингэхдээ шинжээч объектын нөхцөл байдлыг үнэлэн ДНХ ялгах 23 стандарт заавраас аль тохирохыг нь сонгож, ДНХ-ийн тодорхой хэсгийг олшруулна. Хэрвээ муудаж бохирлогдсон, олон холбогдогчтой хүчингийн хэргийн, холилдож ирсэн тамхины иш гэх мэт объектыг шинжилбэл 2-3 өөр ДНХ оношлуур хэрэглэн урвал явуулж, үр дүнг харьцуулж, эцсийн дүнгээ бичнэ шүү дээ. Түүнчлэн тухайн сорьцын генотипийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, дүгнэлт бичиж баталгаажуулах гэх мэт олон шалтгааны улмаас шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хугацаа хоцрох, оношлуур, урвалж хэрэглээ байнга өсөх зэрэг нөхцөл үүсдэг.

-ДНХ шинжилгээ ямар ач холбогдолтой вэ?
-ДНХ-ийн шинжилгээний үр дүн хуулийн байгууллагын өмнө нэн ялангуяа, цагдаа, прокурор, шүүгчдэд холбогдох зарим хуулийн заалтыг хэрэглэж иргэн, эрүүгийн гэмт хэргийн асуудлыг эргэлзээгүй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх дүгнэлт гаргаж өгдөг тул  хариуцлагатай ажил, үйлчилгээ юм. Хөгжилтэй улс орнуудад Шүүхийн шинжилгээний байгууллагууд эрдэм, шинжилгээ судалгаа, практик шинжилгээ гэсэн  үндсэн чиглэлээр хөгжүүлж ирсэн байдаг. Бид ч энэ чиглэлээр ажиллах ёстой. Жишээлбэл, арваад жилийн өмнө ДНХ-ээр хүний гадаад дүр төрхийг тогтоох асуудал хөндөгдөж байгаагүй. Хэдхэн жилийн дотор хөгжингүй улс орнууд ДНХ-ээр хүний нас, нүдний, үсний өнгө, нүүрний хэлбэр дүрсийг ДНХ-ийн нэг нуклеотидийн олон хэлбэршил гэдэг генетик шинж тэмдгүүдээр тогтоох боломжтойг зарлалаа. Энэ чиглэлээр шинжлэх ухааны суурь судалгааг эрчимтэй хийж эхэлсэн байна. Хятад Улсад төрийн бодлогоор зарим бүс нутгийнхаа ард, иргэдийн гадаад төрхийн ДНХ-ийн мэдээллийн сан бүрдүүлээд  эхэлсэн. Цаашид ДНХ-ийн чиглэлээр хийх маш олон дэвшилтэт үйлчилгээ нэвтрэх нь тодорхой байна. Малын ДНХ-ийн шинжилгээ хийх, импортын өндөр үнэтэй оношлуурыг дотооддоо бэлтгэх, бусад салбарын байгууллагатай хамтран ажиллах, эрдэм, шинжилгээ, судалгааны ажил хийх  гэх мэт олон ажил биднийг хүлээж байна.  

-Манай ДНХ-ийн лабораторийн үйл ажиллагаа дэлхийн жишигт нийцдэг үү?  
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд арга зүй, гарын авлагатай болсон. Мөн шүүх ДНХ-ийн чиглэлээр гадаадын эрдэмтэн, судлаачид хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлж байна. Тэдний нэг бол ХБНГУ-ын “Qiagen” корпорац. Энэ корпорац ДНХ-ийн шинжилгээний тоног төхөөрөмж, оношлуур, хэрэглэгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд, төслийн удирдагч ноён Christian Starke манайд ДНХ-ийн мэдээллийн сан бий болгох тал дээр хамтран ажиллах санал тавьж байх жишээтэй. Бид 2020-2022 онд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын төслөөр ДНХ-ийн болон хар тамхи, дижитал шинжилгээний лабораториудын шинэчлэл, богино хугацааны сургалтууд хийнэ. Энэ жилийн тухайд “Ковид-19” вирусийн халдвар дэгдсэнтэй холбоотой уг ажил тодорхой хугацаагаар хойшлогдсон. Энэ төсөл, хөтөлбөрийн хүрээнд ШШҮХ-ийн шинжилгээний лабораториудын чадамж эрс шинэчлэгдэнэ хэмээн манай хамт олон урам зоригтой ажиллаж байна. Генетикийн шинжлэх ухаан өргөн цар хүрээтэй. Гэмт хэргийн эзэн  холбогдогчдыг тогтоох зорилгоор ашиглах нь энэ шинжлэх ухааны салбарын өчүүхэн хэсэг нь бөгөөд хүн амын генетик тогтоцоор тухайн үндэстэн, угсаатан, ястны генийн санг тогтоож, улмаар бусад улс орны хүн амтай гарал үүсэл, түүхэн хөгжил, нүүдэл, суурьшлыг тогтоох бүрэн боломжтой байдаг. Бид улс үндэстнийхээ түүхийг аль МЭӨ өмнөх үеэс л ийм аймаг, угсаатан байсан гээд бичиж ирсэн бөгөөд үүнийг орчин үед бодитой нотлох ганц арга хэрэгсэл бол эртний хүний ДНХ-ийг орчин үеийн хүний ДНХ-тэй харьцуулан судлах явдал юм.

-Гаднын орнууд улс үндэстнийхээ ДНХ мэдээллийн санг бүрдүүлээд эхэлсэн гэж байна. Манай улсад энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ бий юү? 
-Сүүлийн 20 гаруй жилд Казакстан Улс үндэснийхээ ДНХ-ийн судалгааг төрийн бодлогын хэмжээнд тавьж, хамгийн сүүлийн үед  нээгдсэн генетик маркераар томоохон хэмжээний судалгаа хийж байна. Бараг манай Чингис хааны өвөг казах угсаатан байсан гэх маягийн гаргалгаа хийсэн эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлүүлээд эхэллээ. Манай төрөөс бодлогоор дэмжээд өгвөл Монголынхоо хүн амд энэ чиглэлийн судалгаа хийх, арга технологи эзэмшсэн судлаачид байгааг хэлэх нь зүйтэй болов уу.

-ДНХ мэдээллийн сантай болох нь ямар ач холбогдолтой вэ?
-Ер нь хүний генетик тогтоцыг олон генетик маркераар тогтоох нь хамгийн наад зах нь тухайн хүн ямар өвчнөөр өвдөх магадлалтайг нарийвчлан тогтоох, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх зэрэг эрүүл мэндийг хамгаалах чиглэлд өргөнөөр ашиглах бололцоотой.

-Монголчуудын дунд цус ойртолт аюулын хэмжээнд хүрлээ гэх мэдээллүүд сонсогдох болж.  Та ДНХ-ийн чиглэлээр ажиллаж буй судлаач хүний хувьд энэ талаар тодруулж өгнө үү? 
-Сүүлийн үед зарим судлаач Монголын хүн амд төрөл ойртолт бий болчихсон, чухамхүү аюулын харанга дэлдэж байгаа мэтээр ярьж, бичих боллоо. Хүн амын төрөл ойртох нийгмийн нөхцөл байдал аль 30 жилийн өмнө буюу хүний амьдралын хугацаагаар бол 1.5-2 үеийн өмнө тун цөөн тооны сум, багийн хүн амд 3-4 дэх үеийн ах дүүгийн хүүхдүүд хоорондын гэрлэлтээс үүссэн төрөл ойртолтын түвшний хэмжээнд байгаа. Энэ нь алсдаа төрөл ойртолтын түвшин өндөрсөх хандлагатай байна гэж дүгнэхээр мэдээлэл.  Гэхдээ өнөөдөр Монголын хүн амд төрөл ойртолт бий болсон, цус ойртсон мэтээр ярих нь байж болохгүй асуудал. Яагаад гэвэл, сүүлийн жилүүдэд хийсэн судалгаа, шинжилгээ байхгүй. Хуучны хэдэн тоонд үндэслэж, иргэдийг цочроох нь буруу.  Харин төрийн бодлогоор тодорхой зорилго бүхий судалгааг хамгийн сүүлийн үед нээгдсэн олон янзын өргөн мэдээлэл бүхий генетик маркераар судалж, бодит үр дүнг гарган авч, үнэн зөв мэдээллээр хангах нь нэн чухал. 

Нийтлэлчид