Улаанбаатар 1c

Т.Мягмаржав: Буудлагын спорт сэтгэл зүй, мэдрэмжээс их хамааралтай

Буудлагын Улсын шигшээ багийн анхны тамирчин, Монгол Улсаа төлөөлөн Токиогийн 1964, Мехикогийн 1968, Мюнхений 1972, Монреалын 1976, Москвагийн 1980 оны олимпын наадамд оролцсон цөөхөн  тамирчны нэг нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав юм. “Дасгалжуулагчийн цаг” булангийнхаа энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат дасгалжуулагч  Т.Мягмаржав гуайг урьж ярилцлаа.

-Та аль нутгийн хүн бэ?
-Говь-Алтай аймгийн хуучин Баян сум одоо Шарга, Халиун гэж хоёр сум болж хуваагдчихаад байгаа юм тэнд төрсөн. Төмөр луу жил, ухаандаа өвлийн адаг сард, 1941 оны нэгдүгээр сард төрсөн хүн.  Билгийн тооллоор цагаан сарын өмнө төрсөн болохоор төмөр луу жилээр явдаг юм.

-Та хот руу хэдэн онд орж ирсэн бэ?
1951-1952 онд төмөр зам ашиглалтад ороход төмөр замын ажилчдыг хөдөө орон нутгаас татаж бэлтгэсэн юм билээ. Тэр хүмүүсийн дунд ээж, аав хоёр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөнд нүүж суурьшсан. Би Говь-Алтайд нэгдүгээр ангид ороод  шилжсэн юм. Түүнээс хойш хоёр, гурван сургууль дамжиж яваад XXI  дунд сургуулийн долдугаар анги төгссөн. Ингэж л хотын суугуул хүн болсон юм даа.

-Та  долдугаар ангиа төгсөөд техникумд орсон уу?
-Би долдугаар анги төгсөөд техникумд ороогүй. Ээж, аав хоёр Батсүмбэртээ л байсан. Би хотод айлаар дамжиж байж долдугаар анги төгссөн. Айлд байхын хүнд, хэцүүг туулсан шүү. Гэрээ санана, гэдэс өлсөнө. Хагас сайн өдөр болгон ачааны вагонд суугаад Батсүмбэр рүү, гэр рүүгээ явна. Гэртээ нэг хоночихоод буцаж ирнэ. Ээж, аав хоёр “Муу хүү минь айл, айлд сууж олон сургууль дамжаад, олигтой сурч чадахгүй бололтой” гээд намайг зургадугаар ангид ордог жил илүү гэрээ өглөө. Өвлийн түлш гэж нэг машин мод ачаад, САА-н  даргад хэлж байж ээж, аавын цалингаас урьдчилгаа болгон 100 төгрөг гаргуулж аваад хот руу ирсэн.  Айлын хашаанд гэрээ бариад ганцаараа амьдарч эхэлсэн. Долдугаар анги төгсөөд сургуульд орох гэж байснаа болиод аав, ээж хоёртоо нэмэр тус болж ажил хийе гэж бодлоо. Энэ тухайгаа нөгөө хоёртоо мэдэгдэлгүй  нууцаар ажилд оров.  Ажилд ороод хагас жил болсны дараа нэг өдөр  бага сургууль цуг төгссөн хүүхэдтэй гудамжинд таардаг юм байна. Тэгсэн тэр театрт дагалдан бүжигчин болчихсон. Манайх дагалдан бүжигчин авч байгаа.  Чи орооч гэж хэллээ. Тэр үед би Худалдааны трейстэд ачигч хийж байсан. 70 кг-тай хоёр шуудай гурилыг мөрлөөд гүйдэг болчихсон байсан үе л дээ. Түүнийг үгийг дагаад очиж шалгуултал тэнцчихлээ. Тэгээд дагалдан бүжигчин, балетчин болчихлоо. Тухайн үед мэргэжлийн сургууль төгссөн бүжигчид ховор байж л дээ. Жил гаруй хугацаанд театрт ажиллаж , суралцаж байгаад төгсөөд Ардын дуу, бүжгийн ансамбльд хуваарилагдсан.

-Олон жил бүжиглэсэн  үү. Хэдий үеэс буудлагын спорттой холбогдсон юм бэ?
-Тэнд хоёр жил бүжигчнээр ажилласан. Бид төлөвлөгөө норм биелүүлнэ гэж хөдөө урлагийн бригадаар их явдаг байлаа. Сүүн ферм, сумын төвөөр сар гаруй хугацаатай аялан тоглолт хийнэ. Хүүхэд, залуучуудын театр ашиглалтад ордог жил ээлжийн амралтаа авчихаад  ирсэн чинь театрын арын хашаанд модны нүх ух гэж байна. “Бүжигчин модны нүх ухдаггүй юм” гээд яваад өглөө. Хэд хоног явж байгаад ирсэн чинь “Ажил тасалсан, хөдөө бригадаар явахдаа зодооны хэрэгт холбогдсон. Тийм болохоор чамд шийтгэл ногдуулж хөдөө томилж байна”  гэхээр нь за гэж хүлээн зөвшөөрсөн болоод, ажлаа хаяад алга болсон. Тэгээд ажил хайгаад явж байсан чинь  гоё үнэр үнэртээд болдоггүй. Үнэр гараад байгаа  газар руу зүглэв. Тэгсэн тэр одоогийн  чихэр, боовны үйлдвэр байлаа. Тэнд пичень цехэд хэвлэгч машин дээр ажиллаж эхэллээ. Давхар мэргэжил эзэмшинэ гээд токарийн суурь машин дээр ажилладаг болов.Тэнд үнэхээр сайн ажилласан. Үйлдвэрээс төлөвлөгөө нормоо сайн биелүүлдэг гэж 40 мянгатад байраар шагналаа. 1962 оны намар нэг бүтэн сайн өдөр гадаа салхинд сууж байсан чинь буун дуу гараад байх юм, бүр гайхаж орхилоо . Тэгсэн манай подвольд буудлагын тийр байдаг юм байна. Тэнд нийтийн тэмцээн болж байлаа. Би гүйж ороод гурван төгрөгөөр 10 сум худалдаж аваад буудах эрхтэй боллоо. Гэтэл надад гар буу нь ногдож таарлаа. Бүх сумаа буудаж дууссан чинь  дасгалжуулагч нь “За, чи спортын гуравдугаар зэрэг биелүүлчихлээ. Маш сайн байна. Манай буудлагын секцэнд яваач”  гэж урьлаа.   Ингэж л буудлагын спорттой холбогдсон.

-Тэр нийтийн тэмцээний дараа ямар тэмцээнд орж байв даа?
-1962 онд буудлагын дугуйланд ороод Хайлаастад бэлтгэлийн полигон дээр бэлтгэл хийж эхэлсэн. 1963 оны хавар  УАШТ, оюутан, залуучуудын II их наадам, Монголын бүх ард түмний  II спартакиад, Улаанбаатар хотын анхдугаар спартакиад  боллоо. Эдгээр тэмцээнд орж, спортын мастерын болзол хангасан. Анхны медалиа хүртсэн. Тэгсэн 1963 оны намар Улсын шигшээ баг байгуулав. Шигшээ багийн анхны тамирчин болчихлоо. Тэгээд 1964 оны Токиогийн олимпод оролцсон юм.

-Буудлагын анхны клубийн  дасгалжуулагч хэн гэдэг хүн байсан юм бэ?
-Анхны  клубийн дасаглжуулагч Аюуш, Шадавцоодол нар няравтайгаа гурвуулаа  байж билээ. 40 мянгатын подвальд 25 м-ийн тийртэй байлаа.  Аюуш багш Монголын  буудлага спортын анхны мастер байгаа юм. Буудлага спорт Монгол Улсад анх 1958 оноос хөгжин, дэлгэрч анхны клуб байгуулагдсан байдаг.  Суурь үндэс нь 1955 онд тавигдсан юм билээ. Хятадын Бээжинд 1955 онд социалист орнуудын олон улсын тэмцээн болжээ. Тэр тэмцээний урилгаар  Хужирбулангийн зэвсэг, техникийн мэргэжилтнүүд, баг бүрдүүлэн оролцсон гэдэг. Эмэгтэй буудагчид нь офицеруудын гэр бүлийн хүмүүс. Тэд тус тэмцээнд байлдааны зэвсэгтэй очсон юм билээ. Харин гадны тамирчдын спорт буу нь тэдний огт харж, үзээгүй зүйл байж. Тэгж л анх спорт буудлагын буу гэж тусгай зориулалтын, өөр төрлийн буу байдаг гэдгийг мэдэхгүй байсан гэдэг. Тэр тэмцээнд дандаа цэргийн зэвсгийн мэргэжилтэн хүмүүс явсан болохоор спорт бууны маркуудыг бичиж, тэмдэглэж авч л дээ. Тэд буцаж ирээд армийн зэвсгийн захиалгад спорт бууны маркыг оруулж захиалсан түүхтэй. Тэр спорт буунууд ирэхэд БХЯ-ны дарга, офирцерууд ихэд гайхаж  “Энэ том буугаар чинь цэргүүд буудах юм уу. Ямар хачин, жигтэй буунууд вэ” гэжээ. Харин зэвсгийн мэргэжилтнүүд  энэ БХТН-ийн тамирчдын бууддаг спорт гэж тайлбарласан гэдэг. Ингэж анхны спорт буу Монголд орж ирсэн юм билээ.

-УБХТН-ийн  буудлага  спортын төвийн суурь нь танай клуб байжээ?
-1957, 1958 оны үед залуу жанжин Ж. Лхагвасүрэн  БТСУХ-ны дарга байсан юм. Ж.Лхагвасүрэн жанжин социалист орнуудын уулзалтад явж байхдаа  цэргийн техник, спортыг хөгжүүлдэг, армид тусалдаг сайн дурын нийгэмлэг байдгийг харжээ. Тэрийг жанжин Ж.Лхагвасүрэн гуай судалж ирээд, буудлага, шүхэр, радио, мото спортын клубүүд хөгжих, техник спортын төв УБХТН-ийг  1958 онд байгуулсан. Буудлагын анхны клубийн  багш  Аюуш  1958 онд Унгарт болсон тэмцээнд том калиберийн гар буугаар 548 онож, тэр үеийн ЗХУ, одоогийн ОХУ-ын спортын  I зэргийг биелүүлсэн байдаг. Тэр амжилтыг нь үнэлж, спортын мастер цол олгосон юм билээ. 1963 онд намайг спартакиадад орж байхад буудлагын   спортын мастер найман хүн байсан. Урт бууны дөрөв, гар бууны дөрвөн спортын мастер байв. Би 1963 онд спортын мастер болсон.

-1964 оны Токиогийн олимпын бэлтгэлээ хаана базаасан бэ?
-“Алдар” спорт хорооны тамирчдын орон тоон дээр таван хүний бүрэлдэхүүнтэй анхны Улсын шигшээ багийг байгуулсан.  Урт буунд Өвөрхангайн Цэрэндондовыг, Зургийн институтаас Тэхлээг, Багшийн дунд сургуулиас оюутан Батсүхийг, Цэргийн ангиас  Долгорсүрэнг,  Чихэр, боовны үйлдвэрээс намайг  шигшээ багийн бүрэлдэхүүнд авч олимпод  бэлтгэж эхэлсэн түүхтэй. 1964 оны өвөл бид Уу буланд  бэлтгэлд гарсан. Цэргийн платка барьчихаад үүдийг нь сөхөж 50 газар байгаа зоочихоод,  платка дотроо  зуух, яндан тавьж галлан дулаацсан болоод буудлага хийнэ. Эсгий гуталтай, хөвөнтэй хүрэмтэй. Гар буу их хэцүү. Бууны бариул гар барьж, судас боодог болохоор гар их даарна. Бид 4-5 сум буудахад хурууны үзүүр час хийгээд л  хайрагдана. Зуухныхаа тагийг авч буутай гараа галд дулаацуулсан болоод дахин бууддаг байлаа. Харин зун бид Шувуун фабрикийн хажууд байдаг их бууны ангид очиж бэлтгэл хангасан болсон. Ингээд л бид тав 1964 оны Токиогийн олимпод явсан.

-Та таван олимпод оролцсон байх юм аа?
-Монголчуудын анх оролцсон Токиогийн 1964 оны олимп, түүний дараа Мехико 1968, Мюнхен 1972 , Монреаль 1976,  Москва 1980 гээд таван олимпын наадамд оролцсон. Гэхдээ Москвагийн 1980 оны олимпын наадамд дасгалжуулагчаар оролцсон. Ер нь миний хар багаасаа хийж явсан ажлууд богино хугацаанд буудлагын спортоор амжилт гаргахад нөлөөлсөн. Ачигч хийж бие бялдрын хөгжил сайжирсан, бүжигчин болоод хөдөлгөөний эвсэл, орон зайн мэдрэмж хөгжсөн, слесарь хийгээд техникийн мэдлэг, чадвар сайжирсан зэрэг нь тамирчин болоход суурь болж өгсөн юм. Энэ бүхэн надад заяагдаж оногдсон хувь тавилан гэж боддог.  “Өгөөж” чихэр, боовны үйлдвэрийн хамт олондоо их баярлаж явдаг. Хэрэв намайг  байраар шагнаагүй байсан бол би буудлагын спорттой учирч таарахгүй байсан байж магад. Манай Чихэр, боовны үйлдвэрээс гурван гавьяат төрсөн байдаг юм билээ. Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Насанбуян, гавьяат жүжигчин, дуучин Цэрэндолгор, бид гурав.

-Та анхны Улсын шигшээ багийн тамирчны хувьд олон шинэ дээд амжилт тогтоож байсан биз?
-Тэрийг ярих хэрэг байна уу даа. Улсын рекорд амжилтыг 10-20 удаа тогтоож байсан. 1968 онд  олон улсын тэмцээнээс анхны медалийг нь авч байв. Манай улс 1970 оны үед анхны Азийн наадамд оролцсон. Тэр наадмаас би анхны хүрэл медаль  хүртэж байлаа. Одоо миний тогтоосон рекорд амжилтаас нэг нь эвдэгдээгүй байгаа. 50 м-ийн сонгомол буудлагад 558 оносон байдаг. Тэр гэхдээ их хатуу байсан. Нэрэмжит болон хотын аваргын тэмцээнд тогтоосон амжилтыг  тооцдоггүй байлаа. Харин олон улс, тив, дэлхийн тэмцээнд гаргасан рекорд амжилтыг тооцдог байсан юм. 1970 оны үед социалист орнуудын НАХЯ-ны  спартакиад, олон улсын тэмцээнд том калиберийн гар буугаар 590 онож, мөнгөн медаль авсан. Тогтоол байнд 30 сумнаас 298 онолоо. Дараа нь 30 сумын дүрсэн байнд буудах төрөлд 299 оноо авлаа. Ингэж 590 оноо авсан. Энэ рекорд амжилт мөн одоо хүртэл эвдэгдээгүй байгаа юм билээ.

-Та хэдий үеэс дасгалжуулагч болсон юм бэ?
-Би 1970 онд УБИС-ийн БТДС-ийн биеийн тамирын ангийг төгссөн. Тэр үед буудлагын Улсын шигшээ баг мэргэжлийн дасгалжуулагчгүй байсан үе л дээ. За тэгээд дээд сургууль төгсөөд буудлагын мэргэжлийн анхны дасгалжуулагч болж байлаа. Тэр үед миний тавьсан гол зорилго спортын зэрэгтэй тамирчдыг олноор бэлтгэн гаргах, буудлагын тийр талбайг олон улсын зэрэглэл, стандартад ойртуулах байв.  Ингэж чадвал тамирчдын өрсөлдөөн нягтарч, амжилт өснө гэж бодсон. Ингээд зорилгодоо хүрэхийн тулд аймгуудад очиж, буудлагын тийр байгуулж, илүү буу, сумаа өгч, клуб байгуулах нөхцөл боломж бий болгов. Үүний дараа 1976 онд идэрчүүдийн анхдугаар УАШТ зохион явуулсан. Тус тэмцээнд 23 байгуулагын 60 гаруй буудагч хүүхэд оролцож байлаа.  Тэр үед би буудлагын клубийн дарга, ерөнхий дасгалжуулагч байлаа.

-Гурвалжингийн гүүрний урд байгаа Техник спортын төвийг бариулахад таныг  чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг байх аа?
-Манай УБХТНТЗ-ийн дарга генерал Ж.Жамъян гуай байсан. Нэг өдөр Ж.Жамъян генерал дуудлаа. Очсон чинь Германаас хоёр ирсэн байв.  Тэр хоёр хүн Монголд буудлагын задгай тийр барихаар ирж. Зураг, төслийг үзэж, сонирхлоо. Тэгсэн 20 хүний зогсоолтой, задгай саравч байна. Би хэллээ “Генералаа, манайх Хайлаастын аманд 20 хүн зэрэг бууддаг саравчтай шүү дээ” гэлээ. Ж.Жамъян генерал “Хүн үнэ төлбөргүй бэлэглэж байхад чамлаж болохгүй” гэж байна. Генералаа  “Би энэ хүмүүстэй ярилцаад үзвэл ямар вэ” гэтэл ашгүй, генерал тэг гэлээ. Ингээд нөгөө хоёр Германыг  гэртээ урьж, бууз чанаж өгөөд “Би дөрвөн олимпын наадамд оролцсон хүн. Манайд, Хайлаастын аманд 20 хүн зэрэг бууддаг  саравч байгаа. Одоо харин бидэнд олон улсын стандартад нийцсэн  тийр хэрэгтэй байна” гэдэг санаагаа хэлж ойлгуулав. Тэр хоёр ч миний санааг ойлгоод нутаг буцлаа. Сар болоогүй байтал Германаас урилга ирлээ. Тэгээд би зургийн институтаас мэргэжлийн хүн дагуулаад Герман руу ниссэн. Бидэнд олон хотын буудлага спортын төв үзүүлж, танилцуулсан.  Тэгээд саналаа хэл гэлээ. Би  хэллээ, “Танай улс цаг агаар харьцангуй  дулаахан орон байна. Харин манай орон эрс тэс цаг агаартай, жилийн дөрвөн улиралтай. Тийм болохоор бидэнд хүйтэн үед бэлтгэл хийж болох битүү дээвэртэй, дулаан тийр хэрэгтэй байна”  гэсэн. Тэгээд нутаг буцаж ирээд зураг, төслөө гаргаж, урт бууны ОУХМ С.Адилбиштэйгээ Буудлагын спортын төвийн улаан шугамыг тавьж байлаа.  Энэ бүхэн генерал Ж. Жамъян гуайн буянаар бий болсон.

-Таны хүүхдүүдээс одоо буудлагаар хичээллэж байгаа хүн бий юү. Та 63 настайдаа МБАТ-ий XI спартакиадаас алтан медаль хүртэж байж ээ?
-Байхгүй ээ. Ер нь  хэнийг ч тамирчин бол гэж хүчилж байгаагүй. Харин манай эхнэр уулын спортын хүн. Би армийн ахмад цолтой. Гэтэл манай гэргий  дэд хурандаа цолтой хүн. 2004 онд, 63 настайдаа Монголын бүх ард түмний XI спартакиадаас алтан медаль хүртсэн. Тэр алтан медаль миний МБАТ-ий спартакиадаас хүртсэн  “отгон” медаль. Гэхдээ би 2008, 2013 онд дэлхийн мастеруудын тэмцээнээс медаль хүртсэн. Зардал мөнгөнөөс шалтгаалаад жил болгон явж чадахгүй юм. Буудлагын спорт нас харгалзахгүй хичээллэж болдог сайхан спорт. Хүмүүс харааны сайнаар сайн бууддаг гэж боддог. Яг үнэндээ бол буудлагын спорт сэтгэл зүй, мэдрэмжээс их хамааралтай. О.Гүндэгмаа сэтгэл зүй сайтай болохоор олимп, дэлхийн тэмцээнд  өндөр амжилтууд гаргаж чадаж байна шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид