Улаанбаатар 1c

М.П.Сингх: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх зунаас эхэлнэ

Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй ярилцлаа.

-Та Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож ирээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Анх манай улсад ажиллахаар томилогдож ирээд байх үеийн болон одоогийн сэтгэгдэл хэр ялгаатай байна?
-Анхны дурсамж ой санаанд хамгийн тод үлддэг гэдэгт би итгэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам  Монголд ирээд анх төрж байсан сэтгэгдэл онгон зэрлэг, нүд булаам үзэсгэлэнт байгаль, гайхалтай тал нутаг, цасаар бүрхэгдсэн уулс, элсэн манхан, цэвэр тунгалаг нуурууд, буддын сүм, хийдүүдийн тухай дурсамжаар улам батжиж байна. Түүнчлэн монголчууд  ямар ч нөхцөлд инээмсэглэлээр угтаж чаддаг халуун сэтгэлтэй ард түмэн. Монголд томилогдон ирснээсээ хойших 12 сарын хугацаанд би манай хоёр улс буддизм болон соёлоор нягт холбогдсон гэдгийг илүү сайн ойлголоо. Гуравдагч төдийгүй оюун санааны хөршийн хувьд хоёр улсын харилцаа бэхжин, гүнзгийрч илүү сайхан ирээдүй биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Дэлхийн даяар коронавирусийн халдвар хурдацтайгаар тархсаар байна. Энэтхэгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Энэтхэг төдийгүй дэлхийн бараг бүх улс урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй коронавирус гэх  цар тахалтай тэмцэх хүндхэн үетэй тулгараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй тоо, баримтаас харахад Энэтхэгийн байдал харьцангуй тогтвортой, тайван байна. Түүнчлэн коронавирус илэрсэн бүс, нутагт хоёрдугаар шатны хөл хорио тогтоогоод байгаа. Үүнээс гадна Энэтхэгийн Засгийн газрын зүгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэвшүүлж буй таван захирамжийг  идэвхтэй баримтлан ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Одоогоор коронавирусийг эмчлэх эм, вакцин байхгүй тул халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж,  тархалтыг таслан зогсоох нь хамгийн үр дүнтэй арга болоод байна. Анхны тохиолдол бүртгэгдсэний дараа Ерөнхий сайд Нарендра Моди  яаралтай арга хэмжээ авч, 21 хоногийн буюу энэ сарын 14 хүртэл хөл хорио тогтоосон. Одоогоор Энэтхэгийн 1.3 тэрбум хөл хорионд ороод байна. Гэхдээ шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Түүнчлэн манай улсын Засгийн газраас бэлэн байдлыг сайжруулах, тахлын эсрэг тэмцэхэд шаардагдах эмнэлгийн нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэтхэг Улс вирусийн тархалтыг хүрээгээ тэлэхээс сэргийлэх бүрэн боломжтой. Гэхдээ ирэх өдрүүд маш чухал бөгөөд илүү их анхаарал шаардагдах нь тодорхой. Аливаа хямралын адил коронавирус ч гэсэн хүний хамгийн сайн, сайхан чанар болох өрөвдөх, хуваалцах, халамжлах, нийгмийн эв нэгдлийг бий болгож буйг тодотгох нь зүйтэй байх. Энэтхэг Улс  коронавирусийн халдварыг амжилттай даван туулна гэдэгт би эргэлзэхгүй байна.

-Хэчнээн монгол хүн Энэтхэгт, эсрэгээрээ Монголд хэдэн энэтхэг хүн амьдарч байна вэ?
-Яг тодорхой тоо хэлэхэд хэцүү. Гэхдээ визний мэдээлэл,  тэтгэлэгт хамрагдсан монгол оюутнууд, иргэд болон лам нарын тоог Дели дэх Монголын Элчин сайдын яамтай харьцуулж үзэхэд 1250 орчим монгол хүн Энэтхэгт бий гэсэн судалгаа гарсан. Харин Монголд 200-250 орчим энэтхэг хүн байна. Тэдний олонх нь IT, банк санхүү, уул уурхайн салбарт ажилладаг.

Энэтхэгийн гангийн үйлдвэрт коксжих нүүрсний найдвартай хангамж, сүлжээ хэрэгтэй болохоор байгаа юм. Тиймээс коксжих нүүрсний асар их нөөцтэй Монгол Улс Оросын зүүн бүсийн боомтуудаар дамжуулан нүүрсээ экспортлох боломжтой

-Коронавирусийн тархалт дэлхийн эдийн засагт нөлөөлөх нь тодорхой болоод байгаа. Тиймээс бодлого боловсруулагчид ч цаг алдалгүй арга хэмжээ авч эхлээд байна. Энэ удаагийн эдийн засгийн хямрал Энэтхэгийн эдийн засагт тэр тусмаа танай улсын Засгийн хөрөнгө оруулалтаар Монголд  босож буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хэрхэн нөлөөлөх бол?
-“Covid-19”  үүдэлтэй санхүүгийн хямрал урьд урьдынхаас  илүүтэйгээр эдийн засагт  сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм . Дэлхийн эдийн засгийн форумаас өнгөрсөн долоо хоногт гаргасан судалгаагаар, дэлхийн эдийн засаг 2022 оны гуравдугаар улирлаас сэргэхээр байгаа бол АНУ болон Европын орнуудынх нь 2023 оны гуравдугаар улирлаас сэргэх төлөв ажиглагдаж байгаа аж. Гэсэн хэдий ч Энэтхэгийн Засгийн газраас үр дүнтэй арга хэмжээ авч, хэрэгжүүлж чадвал эдийн засгийн хямралыг хэсэгчлэн нөхөж, нөхцөл байдлыг богино хугацаанд зохицуулах боломжтой. Энэтхэгийн эдийн засаг дэлхийн бусад орны нөхцөл байдлаас бус дотоодоосоо ихээхэн хамаардаг. Харин  манай улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монголд босох газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт тасалдалгүйгээр тохиролцсон хуваарийн дагуу үргэлжлэх болно гэдгийг би баталж байна.  Газрын тосны үйлдвэр барих 1.236 тэрбум ам.долларын төслийг шинээр үүссэн эдийн засгийн нөхцөл байдлаас ялгаж, салгах хэрэгтэй.  “Engineers India Limited”,   EXIM банкны болон газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцаж буй Монголын төлөөлөгчид тендер шалгаруулалтыг ойрын хугацаанд эцэслэж, ирэх зунаас бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа.

-Энэтхэгийн Газрын тос, байгалийн хий, гангийн сайд  Дармендра Прадхан өнгөрсөн нэгдүгээр сард Монголоос коксжих нүүрс импортлох талаар Монголын Засгийн газартай хэлэлцсэн талаараа дурдсан. Үнэхээр Монголоос коксжих нүүрс импортлох боломжтой гэж үү?
-Таныг энэ талаар асуусанд баяртай байна. Энэтхэг Улсын  2017 оны Үндэсний гангийн бодлогод тусгагдсан зорилтуудын дагуу манай улс ирэх арван жилийн хугацаанд гангийн үйлдвэрлэлээ 300 сая тоннд хүргэх зорилт тавьж байгаа. Тиймээс Энэтхэгийн гангийн үйлдвэрт коксжих нүүрсний найдвартай хангамж, сүлжээ хэрэгтэй болохоор байгаа юм. Тиймээс коксжих нүүрсний асар их нөөцтэй Монгол Улс Оросын зүүн бүсийн боомтуудаар дамжуулан нүүрсээ экспортлох боломжтой. Энэтхэгийн Газрын тос, байгалийн хий, гангийн сайд өнгөрсөн аравдугаар сард Монголд айлчлах үеэр гангийн үйлдвэрлэлийн холбогдох төлөөлөгчид дагалдаж ирсэн бөгөөд одоогоор тээврийн зардлыг судалж байна.  ОХУ-аас Монгол Улсад олгосон 66.4 хувийн тарифын хөнгөлөлтийн тухай хэлэлцээр нь Энэтхэг Улс руу коксжих нүүрсний экспорт хийх эдийн засгийн боломжийг судлах, цаашдын хөгжлийн ТЭЗҮ-ийн үндэс суурь болж магадгүй юм.

-Элчин сайдаар томилогдсоноос хойших нэг жилийн хугацаанд хийсэн онцлох ажлаасаа дурдвал?
-Томилогдон ирснийхээ дараахан Монголын үе үеийн ахмад удирдагчидтай уулзсан. Би зарим тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалтыг гаргасан. Үүнд, эдийн засаг, хамтын ажиллагаа, газрын тосны үйлдвэр болон Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, холбооны төв байгуулах нэмэлт санхүүжилтийг хэлэлцэх зорилго бүхий дээд түвшний уулзалтууд,  IT, “Fintech” болон  англи хэл, технологийн чиглэлд үзүүлж буй тусламжийг улам өргөжүүлж, Энэтхэг, Монголын харилцааны талаар олон нийтийн дунд илүү их мэдээлэл өгөхөд ач холбогдол өгөн ажиллаж, дээрх зорилт биелсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард Энэтхэгт айлчлахдаа Засгийн газар хооронд худалдаа арилжааны гурван чухал гэрээ байгуулсан. Үүнээс гадна Энэтхэгийн Газрын тос, байгалийн хий, гангийн сайд өнгөрсөн аравдугаар сард айлчлахдаа Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж,  нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн төслүүдийн талаар ярилцаж,  нэмэлт 236 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан. Мөн 20 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг газрын тосны чиглэлээр мэргэжлийн сургуульд суралцах, англи хэлний 1000 багшийг сургалтад хамруулах, Атал Бихари Важпайн нэрэмжит мэдээллийн технологи, холбооны төвийн барилгыг энэ зунаас эхлүүлэх зэрэг асуудлаар Монголын Боловсролын яамтай гэрээ байгуулсан. Манай хоёр улсын хамтын ажиллагаа, стратегийн түншлэл бүх салбарт өргөжин тэлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй байх. 

-Цаашид Монгол, Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд та юу хийхээр төлөвлөж байна?
-Энэ жил Энэтхэг, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа. Тиймээс энэ түүхэн үйл явдлыг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. 
Бидний зүгээс соёл болон эдийн засгийн түншлэлийг  өргөжүүлэх,  гүнзгийрүүлэх, төрөлжүүлэх, хоёр орны харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор 26 ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. 65 жилийн ойн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард “pan-Mongolian” уран зургийн уралдаан Элчин сайдын яамнаас Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 18 аймгаас 7-16 насны 976 хүүхэд бүтээлээ ирүүлсэн. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард соёлын тоглолт ч зохион байгууллаа. Хэдийгээр 2-4 сард хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас хойшлогдоод байна. Түүнчлэн ирэх зургадугаар сараас эхлэн “Эзэн Будда” хэмээх 55 ангитай цуврал монгол хэлээр үзэгчдийн хүртээл болно гэдгийг дуулгахад таатай байна. 
Энэ жилийн Олон улсын йогийн өдрийг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 
Энэтхэгийн кино өдрүүдийг зохион байгуулах, “Melody of River Ganga”  буюу “Ганга мөрний уянга” энэтхэг бүжгийн тэмцээн, буддизмын талаар семинар,  Болливудын алдарт дуучны монгол дууны цомгийг гаргах, Энэтхэгт Засгийн газрын тэтгэлгээр сурах оюутнуудын тоог нэмэх зэрэг ажлыг энэ жил хийхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах,  сүү сүүн бүтээгдэхүүнийг  боловсруулах чиглэлээр богино хэмжээний хоёр төсөл хэрэгжүүлэх, хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх талаар судалж байгаа. 

- Энэтхэг бол манай улсын мэдээлэл технологи, боловсролын салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч. Энэ салбарын харилцааг улам бэхжүүлэхийн тулд хийхээр төлөвлөж буй ажил бий юү?
- Энэтхэг Улс мэдээллийн технологи болон холбогдох салбарын чадавхийг дээшлүүлэхийн тулд  Монголтой хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ дахин хэлье. Монголын оюутнуудад болон мэргэжилтнүүдэд зориулсан ITEC буюу Энэтхэгийн техник эдийн засгийн хамтын ажиллагааны  тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсдын тоог нэмэгдүүлэхээс гадна 20 сая ам.долларын өртөг бүхий мэдээллийн технологи, холбооны төв удахгүй босно. Төвийг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд жил бүр 10 мянга орчим монгол оюутныг сургаж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар байгаа юм. Үүнээс гадна Кибер аюулгүй байдлын сургалтын төвийн төсөл эцсийн шатандаа явж байгаа.

-Өнгөрсөн жил та Жак Уэтерфордын "Genghis Khan and the Making of the Modern World” номыг уншиж байгаа тухайгаа дурдаж байсан. Харин энэ удаа ямар ном уншиж байна вэ?
- Жак Уэтерфордын "Genghis Khan and the Making of the Modern World” номыг уншиж дууссаны дараа түүний  “Монгол хатдын нууц товчоо”-г сонирхож уншсан. Харин одоо бол  Проф Шириндевийн "Даммапада" буддын сургаалыг  уншиж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид